Украйныг тойрсон эдийн засгийн сонирхол

Ukrainian crisis

Дэлхийд бас нэгэн цочрол өгөөд байгаа мэдээ бол яах аргагүй Украйн улсад дэгдээд байгаа асуудал юм. Украйны асуудалд Америк, Оросоос эхлээд олон улс орнууд шууд ба шууд бусаар оролцож байгаа. Эдгээр улсуудын оролцоог эдийн засгийн ашиг сонирхлын талаас нь дүгнэн үзье.

Халуун цэг болох Украйны эдийн засаг

Украйн эдийн засгийн хувьд  хүндхэн нөхцөл байдалтай тулгараад байгаа улс юм. Украйны засгийн газрын нийт өр нь 70 тэрбум долларыг давсан бөгөөд 2014 онд багтааж 10 тэрбумаас илүү долларын өрийг буцааж төлөх ёстой байгаа юм. Энэхүү эдийн засгийн хүндхэн байдал нь Украйны эрх баригчидын томоохон асуудал болж байгаа. Улмаар Украйн Европын холбоонд нэгдэх аргаар их өрөө шийдвэрлэхийг оролдсон нь ард иргэдийн дунд хагарал үүсгэж өнөөгийн байдалд хүргэх эхлэлийг тавьсан. Хагарал үүссэн гол шалтгаан нь Украйн үндэстэн дотроо 2 том хэсэгт хуваагддагт оршино. Европ талдаа ойрхон буюу баруун Украйнчууд ба Оростой ойрхон зүүн Украйнчууд. Баруун Украйнчууд нь Украйн хэлээр ярьдаг бөгөөд Европтой сайн харилцаатай. Харин зүүн Украйнчууд нь Орос хэлээр ярьдаг ба өөрсдийгөө одоог хүртэл Оросын нэг хэсэг гэж боддог. Украйны ерөнхийлөгч асан Яникович Европын холбоонд орохгүйгээ мэдэгдэхэд баруун Украйнчууд энэхүү мэдэгдэлд дургүйцэн бослого гарган Яниковичын засгийн газрыг унагав. Үүнд зүүн Украйнчууд ч эсэргүүцэн дайрч ард иргэдийн дунд хагарал үүсгэсэн юм. Хамгийн их эсэргүүцэж дайрсан нь Крымын Автономит Бүгд Найрамдах Улсын ард иргэд юм.  Улмаар байдал улам хүндэрч 2014.03.16 нд Крымын ард иргэдийн дунд “Оросод орох уу?, Украйнд үлдэх үү?”-г шийдэх олон нийтийн санал асуулга явагдаж Крымын ард иргэдийн 96.77% нь Оросод орохыг дэмжин албан ёсоор 2014.03.18-нд Орос руу орсон юм.

Оросын байр суурь

iiiiiiiiiiiiiiiipouuuuuuuuuuuuuuОросын хувьд Украйны газар зүйн байрлал маш чухал юм. Нэгдүгээрт,  Оросын тэнгисийн цэргийн бааз Украйны Крымын хойг дахь Севастополя хэмээх газар байдаг бөгөөд энэ газар нь өвлийн улиралд далайд гарцтай гэдгээрээ их чухал газар юм. (Орос улсын бусад далайн гарц нь өвлийн улиралд хөлддөг. Гэвч Севастополя хэсгийн далай нь өвөл хөлддөггүйгээрээ онцлог.) Хоёрдугаарт, Орос Европыг холбосон байгалийн хийн хоолой Украйныг дамжин өнгөрдөг. Орос хүнсний хэрэглээнийхээ 50-с илүү хувийг Европоос импортолдог. Эсрэгээрээ Европ нийт байгалийн хийнхээ 30-с илүү хувийг Оросоос импортолдог. Финлянд л гэхэд байгалийн хийгээ 100% Оросоос импортолж авдаг. Орос, Европыг холбосон байгалийн хий дамжуулах гол суваг Украйнаар дамждаг тул Орос Украйныг өөртөө нэгтгэж чадвал Оросод маш ашигтай болж байгаа юм.

 Европын холбооны байр суурь

Европын холбооны хувьд шинэ гишүүнээ Оросод алдахаас гадна байгалийн хийн импортын хувьд Оросоос бүрэн хараат болох аюултай юм. Украйн Оростой нэгдэхэд Европ эдийн засгийн хувьд хамгийн хэцүү байдалд орохоос гадна одоо ч гэсэн түгшүүртэй байдалд байгаа. Украйн   Оросод 2.2 тэрбум долларын байгалийн хийн төлбөрийн өртэй бөгөөд өдийг болтол төлөөгүй байгаа. Орос улс Европ руу байгалийн хийн нийлүүлэлтээ зогсоохгүй гэж хэлж байгаа ч Украйн улс байгалийн хийн төлбөрөө төлж чадахгүй бол Украйныг дамжин өнгөрөх байгалийн хийн нийлүүлэлтийн хэмжээг багасгана гэж мэдэгдэл хийсэн. Хэрэв байгалийн хийн нийлүүлэлт багасвал энэхүү хоолойноос байгалийн хийг авдаг Австри, Герман, Чех гэх мэтийн улсуудын эдийн засагт хүнд цохилт болох юм. Улмаар Европын холбооны эдийн засагт ч сөргөөр нөлөөлөх юм. Дээрх улсуудын хувьд Оросын байгалийн хий нь хямдхан бөгөөд нийт байгалийн хийн импортынх нь 30%-г Орос дангаараа эзэлдэг байна.

Америкын байр суурь

Америкын хувьд Европын холбоотой хамтран Оросын эсрэг байр суурьтай байгаа.  Эртнээс нааш өшөөтөн байсан Оросод өөрийн хүчирхэг гүрний байр сууриа алдахгүйн тулд Америк Оросын гаргаж буй авирыг хатуу шүүмжилж байгаа. Крымыг Оросод нэгтгэсэн нь ард түмний цэвэр санал асуулга бус Оросын цэргийн дарамтны нөлөөгөөр болсон гэж үзэн Оросыг буруутгаж буй. Орос 3 сарын эхээр Крым руу цэрэг оруулж цэргийн хяналт тавьсан нь олон улсын хууль дүрмийг зөрчсөн хэрэг хэмээн үзэж байгаа юм.

Бусад улс орны чиг хандлага

Япон, Орос хоёр улс Курилын арлаас болж удаан хугацаанд муу харилцаатай байгаа. Гэвч саяханаас Японы ерөнхий сайд Абэ, Оросын ерөнхийлөгч Путин хоёр байнга уулзан сайн харилцаа тогтоож байгаа. Курилын арлын асуудал нааштайгаар шийдэгдэж болзошгүй гэж Японы тал горьдож байгаа юм. Нөгөөтэйгүүр Япон Америктай харилцаагаа муутгахгүйн тулд яалт ч үгүй Оросын эсрэг байр суурийг барихгүй бол болохгүй байгаа.

Хятад улсын хувьд дорвитой алхам үл хийн төвийг сахьсан байдалтай байгаа. Учир нь Хятад улс дотроо  Уйгар, Төвд зэрэг үндэстний тусгаар тогтнолын хөдөлгөөн ид явагдан үймээнтэй байгаа тул энэ удаад Оросыг дэмжвэл Хятадад халтай юм. Оросыг дэмжвэл тусгаар тогтнолоо олохыг хүсч буй үндэстэнгүүд Крым шиг ард түмний санал явуулан Хятадын харьяанаас гарах боломж олгох тул түүнээс сэргийлэн Оросыг дэмжиж чадахгүй байгаа юм. Эсрэгээрээ Хятад Америкийн талыг дэмжих нь Хятадын хувьд амар зүйл биш юм. Хятад Америк хоёр том гүрний бодлого он удаан жилийн хугацаанд хоорондоо зөрчилдөж ирсэн тул энэ удаад тийм ч амар бие биендээ тал засах нь амаргүй зүйл. Ухаантай бар хоёр арслангийн зодолдохыг харж суудаг хэмээх Хятадын мэргэн үг байдаг. Яг л түүнийгээ Хятад хийж байгаа юм.

 Оросын эсрэг олон улсын хориг

Оросын явуулж буй үйлдэлд олон улс орнууд хатуу шүүмжилж эхнээсээ эдийн засгийн хориг арга хэмжээг авч байна. Наад захын жишээ нь гэхэд Оросын “Их Наймын Уулзалт”-д оролцох эрхийг нь хассан. Үүнээс гадна улс орон бүр тус тусдаа Оросын эсрэг хориг арга хэмжээ авч байгаа. Америкын хувьд, Оросын засгын газрын албан тушаалтнууд болон Америкад үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн байгууллагуудад хөрөнгө оруулалтын хязгаарлалт, Америкт зорчих эрхийг нь хасах арга хэмжээг авч байна. Европын холбооноос Орос иргэдийн Европын холбоо руу визгүй зорчих эрхийг хориглов.

Хэдийгээр Оросын эсрэг олон улс эдийн засгийн хориг тавьж байгаа ч хүчтэй хориг тавьж чадахгүй байгаа юм. Дээрхээс үзвэл Европын холбоо болон Японы Орост тавьсан хориг нь визны хязгаарлалт төдий л юм. Хүчтэй эдийн засгийн хориг тавьбал хориг тавьж буй орон нь өөрсдөө эдийн засгийн хүндхэн байдалд орох тул чанга хориг тавьж чадахгүй байгаа юм.

Э.Энххулан
2014.04.22

Эх сурвалж:

  1. ウクライナを巡ってアメリカとロシアは対立か?:厳しいウクライナ経済http://newclassic.jp/archives/9116
  2. 池上彰解説塾レギュラー番組2014.4.14

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles
Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*