Обама Японд хандан юу гэж хэлэв?

 Сайн байна уу? Уншигч таны энэ өдрийн амар амгаланг эрж байна. Энэ удаагийнхаа нийтлэлээр олон улсын түвшинд анхаарал татаад буй Америк Япон 2 улсын хоорондох ТРР хамтралын талаар АНУ-ын ерөнхийлөгч Обама болон Япон улсын ерөнхий сайд Абэ нарын уулзалтын талаарх ерөнхий мэдээлэлийг хүргье хэмээн бодлоо.

 Өнгөрөгч долоо хоногийн Лхагва гарагт буюу энэ сарын 23-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгч Обама, ТРР хамтралын талаар уулзалт хийхээр Япон улсад айлчилсан билээ. Энэхүү айлчлал нь ерөнхийлөгч Обамагийн 3 дахь удаагийн айлчлал байсан боловч, албан ёсны төрийн хэмжээний хамгийн анхны айлчлал байсан билээ. Энэ удаагийн айлчлал дээр Тэргүүн хатагтай Мишээл Обама хамт айлчлаагүй бөгөөд, ерөнхийлөгч Обама нь төрийн айлчлалын ордонд хоноглохгүйгээр Америкийн элчин сайдын яамны ойролцоох зочид буудалд бууна хэмээн төрийн хэмжээний айлчлалд хамаарагдах зарим нэгэн заалтыг үл ойшоосон нь олон хүний гайхшрал сандралыг төрүүлж байлаа. Гэсэн хэдий ч 25-ны өдрийг хүртэлх уулзалтанд ямар нэгэн асуудал гаралгүй өнгөрсөн юм.

 4.24-ний өдөр 2 талын албан ёсны уулзалт болсон ба энэ удаагийн уулзалтаар ТРР-н хамтралын асуудлыг цааш үргэлжлүүлэн, чухал асуудлуудыг урагшлуулан шийдэх замыг баталсан байна. Түүнээс гадна Хятад Японы хоорон дахь Сэнкакүшёо аралын асуудал дээр Америк улсын зүгээс япон улсад хандах аюулгүй байдлын гэрээг хэрэгжүүлэхээ илэрхийлсэн юм.

 Ерөнхийлөгч Обамагийн энэхүү мэдэгдлүүдээс Абэ ерөнхий сайд, “Япон Америк 2 орны хувьд шинэ харилцааны эхлэлийг нээсэн явдал боллоо” хэмээн үнэлсэн байна. Ерөнхийлөгч Обама нь уулзалтын үеэр 2 улсын хамтын харилцааны талаар болон аюулгүй байдал, энх тайваны асуудлаар “Япон Америкийн хамтын харилцаа нь зөвхөн Ази номхон далайн бүс нутагийн аюулгүй байдлын суурь бус, цаашлаад бүх бүс нутагийн аюулгүй байдлын суурь нь болж байгаа. Бид олон хэцүү асуудалтай тулгарч, түүний дотор Хойд Солонгосын цөмийн зэвсгийн аюулыг таслан зогсоон шийдвэрлэхгүй бол болохгүй . Манай 2 улсын хоорондын хүчтэй харилцаа холбоогоор энэхүү асуудлыг шийдвэрлэх нь нааштай байх болно гэдэгт итгэж байна” хэмээн илэрхийлсэн юм. Түүнчлэн тэрбээр ”Манай 2 улсын харилцаа холбоо нь зөвхөн цэрэг армийн харилцаа холбоогоор хязгаарлагдалгүйгээр, эдийн засгаараа дэлхийд тэргүүлэгч 3 орны, 2 улсын хувьд Ази номхон далайн бүс нутаг дахь эдийн засгийн хамтралыг бий болгон нээлттэй, шинэ бөгөөд хүчтэй бодлогыг бүрдүүлэн явах боломж олдож байгаа” хэмээн дурьдсан юм.

 Ийнхүү Америк Япон 2 улсын энэ удаагийн уулзалт нь амжилттайгаар дууссан бөгөөд ерөнхийлөгч Обама нь 25-26-ны өдрүүдэд Солонгос улс, 28-29-ний өдрүүдэд Филиппин улс, 26-28-ны өдрүүдэд Малайз улсуудаар төрийн айлчлал хийх хуваарьтайгаар 25-ны өдөр Япон улсаас Солонгос улсыг зорин ниссэн юм.

 Япон Америк 2 улсын хооронд шийдвэрлэх ёстой чухал асуудлууд нь шийдвэрлэгдсэн ч, Сэнкакүшёо арлаас үүсэлтэй Япон болон Хятад улсын хоорондын хамтын харилцааг хэрхэн шийдвэрлэх нь бас л асуулт болон үлдсэн юм.

 Дээрх мэдээлэл нь Япон улсын телевизийн хэвлэл мэдээллээр цацагдсан баримттай мэдээлэл юм. Гагцхүү сонссон зүйлээ цаасан дээр буулгаж буй учир, ур чадвар дутмаг байж, дутуу тайлбартай байгаадаа уншигч таниас түмэнтээ хүлцэл өчъе. Дараагийхаа нийтлэл дээр уг асуудал дээр суурилсан мэдээллийг, улам илүү тодорхой олон анализ, дүгнэлт хийсэн байдлаар гаргахаа амлаж байна.

Б.Амина
Токиогийн олон улсын их сургуулийн оюутан
2014.4.30

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles

Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*