Дэлхийн диваажин Дубайн хөгжлийн нууцаас

1364646217_photo017

Дубай хот бол Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби-гийн дараа орох 2 дахь том хот юм. Персийн булангийн өмнөд эрэгт оршдог, өөртөө засах засаглалтай, Дубай улс ч гэж нэрлэгддэг. Дубай нь аялал жуулчлал, худалдааны төв бөгөөд газар зүйн хувьд ашигтай байрлалд байрладаг. Эрт дээр үеэс Дубайг худалдаачдын хот гэж нэрлэдэг. 150 жилийн тэртээгээс Дубай нь Персийн булангийн хамгийн чухал боомт хот болон хөгжсөн юм. 1966 онд газрын тосны томоохон орд нээгдэж Дубай болон Катарын эмират Персийн булангийн орнуудад хэрэглэгдэж байсан мөнгийг сольж шинэ мөнгөн тэмдэгт нэвтрүүлжээ. Газрын тосны зах зээл нь гадаад орны ажиллагсад ихээр ирэх нөхцөлийг бүрдүүлэн маш богино хугацаанд Дубай хот өргөжин тэлсэн түүхтэй.

Эдийн засаг
Дубай хотын дотоодын нийт бүтээгдхүүн нь 2012 онд ойролцоогоор 82,8 тэрбум ам.доллар байв. Дубайн эдийн засгийн эх үүсвэр нь газрын тос бөгөөд өдөрт 50000-70000 баррель үйлдвэрлэдэг байна. Дубай нь гол бүтээгдхүүнээ Энэтхэг, Швейцар,Саудын Арабт экспортлодог. Мөн Энэтхэг, Иран, Ирак зэрэг орнууд нь Дубайн реэкспортын гол цэгүүд юм.Дубай Эмиратын гол импортлогч нь Энэтхэг, БНХАУ,АНУ байна.

Үндэсний орлогын эх үүсвэр нь анх газрын тос байсан бол одоо аялал жуулчлал, үл хөдлөх хөрөнгийн бизнес, банк, санхүүгийн үйлчилгээ орлогын ихэнхи хэсгийг эзэлж байна.

Хөгжлийн хурдац саарахгүй цаашид улам эрчимтэй хөгжиж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс очих баячуул, аялагчид очих тоолондоо дахиад ямар шинэ зүйл хийгдэж хамгийн хамгийн гэсэн ямар зүйл гарч ирснийг үзэхийн тулд очдог тийм түвшинд хүрч чаджээ.

Дэд бүтэц болон Барилга байгууламжууд

Дубай нь мэдээллийн технологи,санхүүгийн чөлөөт зах зээлийн гол төв. Их хэмжээний үл хөдлөх хөрөнгийг байршуулах томоохон төслүүд хэрэгжиж тэнгэр баганадсан сүрлэг байшин, маш том байгууламж баригдаж байна. Тэдгээрээс Эмиратын цамхаг, Бүрж Калиф,Дал модны арал, Бүрж Ал Араб зочид буудал, Дубайн санхүүгийн зах зээл зэргийг дурьдаж болно.

Цөл дотор байгуулсан, нэг дор 1500 хүн хүлээж авах багтаамжтай Ски Дубай (Ski Dubai) цанын баазын битүү дээвэртэй хиймэл цасан уул руу лифтээр очих боломжтой. Нийт уртаараа дэлхийд 2-рт орох анхны автомат (жолоочгүй) метро хийснээрээ асар өндөр хөгжлийн хурдацаас болж үүссэн хотын хөдөлгөөний түгжрэлийг хурдан шийдвэрлэж чадсан. Хуурай газартай холбогдсон хиймэл арал руу нэг замтай (монорэйл) түргэн галт тэргээр хоромхон хугацаанд хүрч болно.

8 1364646279_photo022

Хөгжлийн нууцаас…

  1. Одоогийн шейх Мохаммед Бин Рашид Аль-Мактумын хэрэгжүүлсэн ‘’Top-Down’’ арга буюу Дээрээс доошоо чиглэсэн захиргаадалтын арга. Өөрөөр хэлбэл дээд түвшний удирдлагаас ерөнхий чиг хандлагыг боловсруулж, доод түвшнүүдэд нь уг чиг хандлагын дагуу үйл ажиллагаагаа төлөвлөдөг захиргаадалтын арга юм. Дубайн агуу удирдагчын доорх төр засаг болон эдийн засгийн интеграчлал(нэгдмэл байдал) нь энэхүү аргын үр шимийг бий болгож байна.
  2. Гадаад иргэдийг ашиглаж байгаа байдал нь тун чадварлаг. Гадаадын компани пүүсүүдын спонсор нь болж газраа зээлдүүлэн, гадаад ажилчидыг олноор эх орондоо оруулж ажиллуулдаг. Мөн гадаадын бизнесмэнүүдийг бизнесийн тав тухтай орчиноор хангадаг.
  3. Аюулгүй байдлын тал маш их хүчин чармайлт гаргадаг. Хүн амд ногдох цагдаагийн ажилтны хувиарлалт нь Япон улсад 500 хүнд 1 цагдаа оногддог бол, Дубайд 60 хүнд 1 цагдаа оногддог байна. Өдөр тутмын амьдрал дээр тэр болгон анзаарагддаггүй ч гэсэн маш нарийн хяналтын доор байдаг.
  4. Япон шиг эрэлт хэрэгцээний хариуд нийлүүлэлтийг бий болгох бус, дэд бүтцээ шинэчлэн сайжруулчихвал эрэлт хэрэгцээ нь өөрөө бий болдог гэсэн санааг хэрэгжүүлдэг.
  5. Хамгийн гол Баялаг бол хүн гэдэг үзэл санаа. Дубайн жилийн нийт зардлын 35 хувь нь боловсролын салбарт зарцуулагддаг байна. Дубайн их бага сургуулиудын барилга байгууламж нь дээд зэрэглэлийн бөгөөд, хамгийн сүүлийн үеийн сургалтын тоног төхөөрөмж ашигласан хичээлүүд ордог. Англи хэл болон IT компьютерийн сургалтыг голчилдог бөгөөд, жишээ нь бага сургуулийн 1-р ангийн хүүхдүүд хичээл дундуур англи хэлээс өөр хэл огт хэрэглэхгүй байхаар тусгагдсан байдаг. Үндсэн хэл нь Араб хэл ч гэсэн Метрополи(Том хот)-г зорилгоо болгож буй Дубайн ард иргэдийн хувьд Англи хэл гэдэг бол маш чухал зүйл юм. Гэхдээ Дубайн ямар ч сургуулийн захиргаа нь өв уламжлалаа дээдэлж цаашид хойч үедээ өвлүүлэн үлдээх тал дээр анхаарч их нарийн ажилладаг байна. Асар хурдтай хөгжиж буй Дубайн хувьд үндэснийхээ айдэнтити(identity), онцлог, өв уламжлалаа алдахгүй гэсэн улсын үзэл баримтлал нь хүчтэй тусгагдсан байдаг.
  6. Дубайн хөгжлийн хамгийн агуу нууц гэж хэлж болох арга бол Дубайн дотоодын нийт бүтээгдхүүний 25 хувийг эзлэх ‘’Freezone’’ хэмээх арга юм. Freezone буюу чөлөөт зах зээлийн бүс гэдэг нь гадны пүүс компаниудад гаалийн татвар, орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн татваргүйгээр мөн валютын зохицуулалтгүйгээр үйл ажиллагаа явуулахыг 50 жилийн хугацаатайгаар зөвшөөрдөг бүсийг хэлдэг.  Анх тусгаар тогтсоныхоо дараа үед бол Холбооны засгийн газраас Худалдааны тухай хуулиндаа гадаадын пүүс компаниуд заавал тухайн газар нутгийн аж ахуй эрхэлдэг Араб хүнтэй хамтарч үйл ажиллагаа явуулах ёстой гэсэн заалтыг тусгасан байсан байна. Харин Дубайн шейх нь чөлөөт худалдааны зарчимыг барин, энэхүү санаагаа хэрэгжүүлэхийн тулд анх юу ч байхгүй далайн эргийн бүс нутагт Джебель али хэмээх асар том боомт барьж, 1985 онд тэр хавийн газар нутгийг чөлөөт зах зээлийн бүс болгосон байна. Одоо энэхүү бүст дэлхийн улс орнуудаас нийт 6500 гаруй пүүс компани үйл ажиллагаа явуулж байна. Ойрын ирээдүйн зорилтдоо Джебель али боомттой холбогдсон асар том хэмжээтэй онгоцны буудал барьж, агаарын болон тэнгисийн худалдааны үйл ажиллагааг холбосон чөлөөт зах зээлийн бүс болгохоор тусгасан байна.

Дубайн хөгжлөөс санаа аван хэрэгжүүлэх боломжууд…

Онгоц буудал.

Агаарын тээвэр эрчимтэй хөгжиж агаарын хөлгүүдийн аюулгүй байдал, даацын чадвар улам бүр дээшилж байгаа орчин үед дэлхийн агаарын тээв­рийн томоохон урс­галыг дамжуулан өнгөрүүлж байгаа манай улс ачаа болон зорчигч тээврийн олон улсын бас нэг зангилаа болох бүх боломж бий. Дубай нь яг ийм боломжоо гайхамшигтэй сайхан ашиглаж чадсан. Элсэн цөлийн дээгүүр нь хэдхэн жилийн өмнө нисээд өнгөрдөг байсан Дубай хотын онгоцны буудал өнөөдөр хэдэн арван сая зорчигч, онгоц сэлгэн дайрдаг, гаалийн татваргүй, асар том худалдааны төвтэй зочид буудал болжээ. Боломжоо ашиглах гэдэг бол энэ.Монгол орны бараг ихэнх нь цэлийсэн тал. Дэлхийн бүх онгоц буугаад ирсэн ч буулгаж чадах талбай байна…

12354

Аялал жуулчлал.

Манай орон зуны улирал дэлхийн аль ч орны жуулчдыг татдаг хэрнээ өвөл нь харийнхны өмнө хаалга хаалттай байдаг. Өвөл уулын цанаар гулгаж болох хачин сайхан уул хангай манайд уг нь жинхэнэ цастайгаа дүнхийлдэж байгаа. Гаднаа нэмэх 40, 50 хэм хүрч байхад, онгоцны буудал дотроо уулын цанын бааз байгуулчихсан гулгаж байдаг амралтын газрыг Дубайд барьчихсан байна. Дубайн хиймэл цасан дээр гулгах биш байгалийн цасан дээр гулгах нь манайхаас урагш амьдардаг олон зуун сая хүний мөрөөдөл…

Skipark-360°-indoor-Ski-park-3

 Боловсрол.

Газар доорх баялаг бол хязгаартай баялаг. Хэзээ нэгэн цагт шавхагдаж дуусна. Тэр үед бид юугаа зарж идэх вэ?

Монгол хүн бол монголын шавхагдашгүй баялаг. Дубай яагаад жилийн нийт зардлынхаа 35 хувийг боловсролд зарцуулж байна вэ? Тэдний газрын тос мөн л адил хязгаартай, шавхагдашгүй баялагаа хүн гэдгийг маш сайн ойлгож байгаа учраас тэр байх…

Улаанбаатар хот Дубай шиг болж чадах уу?

kempinski-hotel-khan-palace-location

 Чадахгүй. Яг үнэндээ Улаанбаатар хотын бүх барилга байгууламж дэд бүтцийг нураан дахин төлөвлөлт хийх боломжгүй.

Харин Дубай шиг хот шинээр барих боломжтой гэж боддог. Жижигхэн Монголын хөрсөн доорхи байгалийн баялгийн нөөц нь нэг их наяд долларын үнэ хүрнэ гэж үздэг. Зөв ашиглаж чадвал бидэнд асар их боломж байгаа.

Бид газраа биш гавлаа ухвал Дубайгаас ч илүү хөгжинө…

 

Н.Баянмөнх

Нийгата их сургууль, Архитектур барилгын инженер

2014-4-30

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles
IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*