Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй: Монголын нүүрснээс үйлдвэрлэгдсэн шатахуун

Энэ удаагийн шинжлэх ухааны мэдээнийхээ буланд нүүрсний шингэрүүлэлт буюу шингэн нүүрсний талаар сонирхуулж байна. Энэ нь энгийнээр хэлвэл нүүрсийг хэрэглэж шингэн түлш, шатахуун гаргаж авах аргачлал юм гэдгийг сонсонгуут л та бидэнд Монгол минь нүүрсний баялгаа хэрэглэн, дотооддоо шатахуун үйлдвэрлэдэг болчихвол гэсэн бодол төрөх бизээ. Үнэнийг хэлэхэд иймэрхүү бодол надад аль дунд ангид байхаас л төрдөг байсансан. Над шиг оюутан л сэтгэчихээд байхад, аль хэзээний ийм арга байлгүй л яахав дээ. Байдаг байсныг нь интернэт гэдгийг ч мэддэггүй тэр үе д яахан мэдэх билээ.

Тэгэхээр зарим хүмүүс мэддэг байж болох юм. Гэхдээ дийлэнх нь яг сайн мэддэггүй байх гэж бодож байна. Нүүрсийг шингэрүүлж түлш болгон ашиглах гэдэг нь тийм ч шинэ мэдээ, сүүлийн үед нээгдсэн арга биш юм байна.

Тодруулбал, аль зуугаад жилийн тэртээ 20-р зууны эхэн үеэс нүүрсний шингэрүүлэлт нь судлагдаж эхэлжээ.  Дэлхийн 2-р дайны өмнөх үеэс Герман улсад анх нүүрсний шингэрүүлэлтийн талаар судалгаа хийгдэж байжээ. Одоо бол дэлхийн хөгжингүй улс орнуудад хэрэглэгдэж, ялангуяа Австрали, Канад, Хятад гэх зэргийн нүүрсний баялаг ихтэй улс орнууд ихэд сонирхон гүнзгийрүүлж судалж байна.

За тэгэхээр түүх нэг иймэрхүү, одоо харин гол танилцуулгадаа оръё.
Нүүрсний шингэрүүлэлт(石炭液化、coal liquefaction)нь дээр дурьдсанчлан нүүрсийг шингэрүүлж түлш болгож ашиглах арга юм. Энэ нь хэд хэдэн боломжит аргатай бөгөөд хамгийн түгээмэл нь шууд болон шууд бус арга гэсэн хоёр хэсэгт ерөнхийдөө хуваагдана.

n C + (n + 1) H2  CnHn + 2

Шууд шингэрүүлэлт

3

Шууд арга нь одоогоор тогтоогдоод буй хамгийн их гарцтай арга юм. Тохирсон нөхцөлдөө 70%ийн гарцтай байдаг байна. Хэдийгэээр шууд аргаар гаргаж авах маш олон янзын хувилбар, урвал, урвалжууд байдаг ч ерөнхий аргачлал нь маш өндөр даралт, температурт их хэмжээний нүүрсийг уусмалд уусгаад катализаторийн оролцоотойгоор устөрөгчтэй урвалд оруулж гаргаж авах юм.

Шууд бус шингэрүүлэлт

 4

Шууд бус арга буюу Фишер-Тропшийн урвал нь шууд аргаас гарц багатай ч нотлогдсон аргын нэг юм. Энэхүү арга нь нүүрсийг 950 градус цельс болтол халааж задрал явуулснаар ууршсан нүүрсний бүтцээс нүүрсчтөрөгчийн монооксид болон устөрөгчийн хийн холимог үүснэ. Улмаар энэ хийн холимог нь кобалт эсвэл ямар нэг металлын катализаторын тусламжтайгаар тохирох температурт урвалд орж хүссэн шингэн түлшээ (урвалд орох катализатор болон температураасаа хамаарч керосин, газрын тос, дизел түлш гэх мэт түлшний төрлүүд) гаргаж авах арга юм.

Нүүрсийг шингэрүүлэх аргын сул тал нь их хэмжээний нүүрсхүчлийн хийг ялгаруулах болон усыг их хэмжээгээр ашиглана. Мөн урвалыг явуулах орчин (өндөр даралт, температур)-г бүрдүүлэхэд маш их хэмжээний энерги шаардагдах юм.
Давуу тал нь ийнхүү синтезээр гаргаж авсан түлш нь байгаль дээрх түлшнээс цэвэрхэн буюу илч сайтай байдаг юм байна.

За тэгээд Монгол улс маань нүүрсээрээ түлш үйлдвэрлэдэг болчихвол адаглаад л хойд хөршөөс царай алдахгүйн дээр улс орны эдийн засгийн тал дээр ч гэсэн ямар их ачтай юм болох билээ.
Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй ээ гэж, Монголын нүүрснээс үйлдвэрлэгдсэн шатахуун түлшийг хэрэглэх өдөр хурдан ирэх болтугай гэсэн ерөөлөөр энэ нийтлэлээ өндөрлөе.

Г.Гэрэл
2014.5.1

Эх сурвалж:  http://www.wvcarb.org/tech-background.php
http://en.wikipedia.org/wiki/Coal_liquefaction
http://www.rist.or.jp/atomica/data/dat_detail.php?Title_No=01-05-02-02

 

 

Хуваалцах
Gerel.G
About Gerel.G 9 Articles
2015~ Tokyo Institute of Technology, Chemistry Engineering faculty

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*