Иргэний нийгмийн философийн түүх ②

Иргэний нийгмийн филофосийн түүхийн үргэлжлэлд Jean Jack Russo, Thomas Hobbes, David Hume, Adam Ferguson, John Locke нарын дэвшүүлсэн, өнөөгийн нийгмийн үндэс суурь тавигдахад гол нөлөөг үзүүлсэн гэж хэлж болох эдгээр хүмүүсийн Иргэний нийгмийн талаарх үзэл санааг юун түрүүнд тайлбарлана. Түүний дараагаар Төрийн бус байгуулга (ТББ), Ашгийн бус байгуулга (АББ), мөн түүнчлэн Нийтийн эрх ашиг буюу Public Profit (Public Good) гэсэн өнөөдөр манай нийгэмд тодорхой зүг чигээ олоогүй хөдөлгөөн нөхцөл байдалд онол шинжлэх ухааны талаас дүгнэлт хийн эргэлзээ эргэцүүлэл таамаг “хамтдаа” дэвшүүлэх нь бичиж буй миний туйлын зорилго болох юм.

 Дээр дурдсан хүмүүсийн нэрсийг ахлах сургуулийн нийгмийн сурах бичигт түлхүү хэрэглэгддэг Д.Буян гуайн “Нийгмийн тухай мэдлэг” (2011) номноос дуулсан биз ээ. Яг үнэндээ тэр ойлголтыг тухайн үед ахлах сургуулийн сурагч бидэнд арай л ахдсан байсан санагдах юм. Одоо л нэг зах цухаас нь ойлгох гэж хуйхаа маажиж байгаа надад тэгж бодогдох юм.

 Оршил дэндүү урт болсон тул ерөөсөө шууд Russo гуайн Civil (иргэн) гэж тэмдэг нэр болгон ашигласан үг маань улс төрийн ухаантай шууд холбоотой гэдгийг юуны түрүүнд цохон тэмдэглэх хэрэгтэй. Учир нь Аристотелийн “Улс төр судлал”-аас иргэн гэх ойлголтыг дэлгэрүүлсэнтэй нягт холбоо бий. Руссо 1755 онд “Хүн төрөлхтний тэгш бус байдлын учир шалтгаан” гэх гайхалтай сэтгэлгээний дэвшил бүхий бүтээлдээ “Хаа хамаагүй нэг газар шугам тойруулж татаад энэ бол миний газар хэмээн тунхаглан түүндээ бат итгэчихдэг гэнэн хүмүүсийг анзаарч олж харсан этгээд нь “Төр=Иргэний нийгэм” La Société civile гэх ойлголтын жинхэнэ үндсийг суулгагч юм.” Руссогийн гол хэлэх гэсэн санаа нь Локкийн төрийн тухай ойлголтын талаарх агуулгатай нийцэж байгаа. Тиймээс Локкийн тухай сонирхуулахад, түүний гол үзэл баримтлал нь “газар эзэмших эрх”-ийг маш чухалд тооцож байж. Тэрээр “Two Treatises of Government” номондоо тайлбарлахдаа “Улс төрийн нийгэм (Political Society) дотор оршин байх эзэмших эрхийг Property хадгалж, түүний төлөө тухайн нийгмийн хүмүүсийн үйлдсэн гэмт хэргийг шийтгэх эрх мэдэлтэй болоогүй л бол, арай хийж оршин тогтнож ер нь цаашид ч оршин тогтнож чадахгүй учир, улс төрийн нийгэм оршин тогтнох гэдэг маань ердөөсөө түүнийг бүрдүүлэгч гишүүн бүр (иргэн) нь “байгалийн хуулийг сайн дураар биелүүлэх болно” гэх байгалиас олгогдсон эрхийг халж, нийгмээ хадгалж үлдэхийн тулд улс төрийн нийгэм үүсэн бий болсон хууль эрхзүйг сэжиглэж чадахгүй тийм нөхцөл бүрдэхгүй байх л юм бол community-н гарт даатгах боломжтой юм”. Маш урт ганц уншаад ойлгох боломжгүй энэ утга учир бүхий Локкийн хэлсэн өгүүлбэрийг задалж ойлгохоос нааш төсөөлөл буухгүй болов уу. Локк хэд хэдэн нөхцөл тавьжээ. Нэг ёсондоо иргэний нийгэм буюу иргэдийн сайн дурын нэгдэл хөдөлгөөн маань “Байгалийн хууль” гээчийг мартах хэрэгтэй, нийгэмд эрх чөлөөт байх орчин нөхцөл бүрдсэн байх бөгөөд нэг чухал хэсэг нь шийтгэх эрх эдлэх эрхгүй байх ёстой юм. Заавал гэсэн үг биш, энэ нь ердөө Локкийн үзэл бодол билээ. Гэхдээ Жон Локкийн үзэл суртал өнөөгийн Европийн нийгэм тур дундаа Английн нийгмийн өнгө төрхийг тодорхойлсон билээ. Хэд хэдэн маш ойлгомжгүй үг гарч ирсэн болов уу гэж бодож байна. Тэр дундаа “байгалийн хууль” гэж өөрөө яг юу юм бэ? Эртний Грекийн гүн ухаанд бий болж, дараагаар Христийн шашны хуулиар тайлбарлагдаж 13-р зуунд Thomas Aquinas нэмэн дэлгэрүүлснээр орчин үеийн “байгалийн хууль” Natural Law ойлголтын хувьд бий болсон билээ. Яг үнэндээ маш барьцгүй ойлголт бөгөөд сэтгэгчид их олон янзаар тайлбарлах нь толгой эргүүлчихдэг юм. Тиймээс Аристотель болон орчин үеийн ойлголтоор хоёр талаас нь өнгийж нэг төсөөлөл бий болгоё. Аристотель “Байгалийн хууль”-ийг баруун солгой гэж хүн байдаг ч дийлэнх нь баруун байдаг шиг, бага зэрэг зөрсөн үйлдэл байхад ихэнхи хүмүүс түүнийг хүлээн зөвшөөрөн хэрэгжүүлдэг үйлийг хүн төрөлхтөнд нийцэж байна гэж бодохоос өөр замгүй гэж үзжээ. Үүнд, хүн төрөлхтөнг оюунлаг гэж үзвэл “Оюунлаг үйлдэл” нь “Байгалийн үйлдэл” болно гэж шууд холбочихсон. Тэр оюунлаг гэх зүйл маань “зөв замнал-orthos logos” эсвэл “дадлагажсан оюун билиг-phronēsis (ухамсар, зөн билиг, оюун ухаан) гэж хэлнэ. Орчин үеийн байгалийн хуулийн тухай дэвшүүлэгч Хоббс үзлээр бол, хүн болгон хувь хувьдаа өөрийн дураар байна. Үүнд хувь хүн өөрийн оршин тогтнолын төлөө энх тайвныг бичигдээгүй хуулиар хамгаалах болно. Локкийн хувьд бусдын “амь нас, эрх чөлөө, эд хөрөнгө”-нд халдахгүй байх гэсэн үндсэн зарчмийг ойлгох нь чухал. Ингэснээр харилцан бие биедээ халдахгүй байх нөхцөл бүрэлдэх юм. Байгалийн хууль гэдэг маань маш энгийн жишээгээр тайлбарлаваас, нэг хөл бөмбөгийн хэмжээний талбай байлаа гэж бодъё. Тэр талбайд зуун хүн байх бөгөөд ерөөсөө ямар ч хууль үйлчлэхгүй. Тэгвэл тэр хүмүүс хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах гэж цаг хугацааг хүн төрөлхтөн дөнгөж үүсэн бий болж байх үеийг төсөөлөн бий болгож нийгмийн үүслийг тодорхойлох зорилготой нэгэн аргачлал юм. Та тэр зуун хүний нэг байвал яах вэ? би лав хамгийн түрүүнд өөрийнхөө амь насыг хамгаалахын тулд яах вэ гэж бодох юм. Үүнтэй адил өнөөдөр Монголын нийгэм нэгэн хэлбэрийг олох гэж байгаа энэ явцад бид энэ байгалийн хуулийг ашиглан суурьшмал нийгэм хэрхэн үүссэн юм бэ гэдэг ойлголтыг олж авахад чухал хэрэгтэй билээ. Нүүдэлчдийн хууль бол Грек Европоос ангид ойлголт юм. Тиймдээ ч иргэний, улс төрийн, зах зээлийн ниймийн дунд зөрчилдөөд үл ойлголцол гарах нь олонтаа ажиглагдах билээ. Эдгээр зөрчилдөөнийг сэргэн мандалтын үед тухайн үеийн сэтгэгчдийн үзэл санааны дэвшлээр суурин нийгмийн хөгжил эхэлсэн билээ.

 Англид 1767 онд “Иргэний нийгмийн түүх” номыг Адам Фергусон хэвлүүлснээр иргэний нийгэм гэдэг ойлголт маань өргөн дэлгэрэх юм. Фергусоны гол гаргасан шүүмж нь Локк болон Руссогийн байгалийн хууль, натурал байдал (natural state)-д хандан эсрэг байр сууриа бичсэн юм. Тэр нь “Хүн төрөлхтний мөн чанарыг гол үндсийг илрүүлье гэж, байгаль болон урлагийн хоорондын хязгаарыг онцлохыг зорьсон сэтгэгчид маань, анхны натур байдалд байгаа хүнийг ердөө л амьтан гэж харахаас хэтрэхгүй байна. Хүн төрөлхтөн мангас биш илүү чадварлаг оюун ухааны олон талын чадвартай, улс төрждөг, сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг, тэр ч байтугай дуу хоолой гар биеэрээ ойлголцож чадах дэврүүн сэтгэлтэй гэж тодорхойлохын оронд дайнд явсан хүн шиг л харах юм” гэдэг нь маш сонирхолтой сэдэл өгч байгаа юм.

 За тэгэхлээр хүмүүс ганц ганцаар амьдрах биш ерөөсөө олуулаа хамтдаа амьдрардаг. Хамт байхаараа л асуудал гараад байдаг болохоор тэр асуудлуудыг шийдэх гээд л дээрх хүмүүс маань шаналж янз бүрээр тодорхойлж түүндээ шийдэл эрж хайсаар ирсэн. Энэ бүх ойлголтуудыг энд нийтлэл болгон бичиж та бүхэнд танилцуулдаг нь Иргэний нийгэм гэж яриад буй барьцгүй ойлголтыг ойлгох нь, өнөөдөр бид өөрсдийн өмнө буй асуудлаа шийдэхэд маш чухал юм. Шийдэх аргачлалын нэг нь төрийн бус байгууллага (ТББ), ашгийн бус байгууллага (АББ) юм. Манайд иргэний сайн дурын байгууллага гэхээр л ТББ гэсэн тодотголтой байдаг. Гэтэл энэ маань өөрөө АББ-ын нэгэн хэлбэр л юм. Non-Profit Organization (NPO)гэж олон улсад түлхүү хэрэглэгддэг.  Non-Government Organization (NGO) гэдэг маань улс төрөөс тусдаа шүү гэдгээ л онцолж, илүү түүнийгээ хүчтэй төрийн хамаарлыг тодотгож байгаа юм. Гол нь АББ, ТББ-даа биш. Яагаад ашгийн, төрийн бус гэж онцолж байгаад учир байгаа юм. Ашгийн болон ашгийн бус гэдгийг бодоод үзвэл тун ярвигтай. Ашгийн гэвэл их ойлгомжтойгоор хувийн хэвшил гэж хэлж болно. Ашгийн бус гэдэг маань харин яахаараа ашгийн бус болчихдог билээ? Мөн Нийтийн эрх “ашиг” гэж хэрхэн ангилаад байгааг ойлгох нь тэр тусмаа өнөөдөр их бүрхэг байгаа юм. Ашиг гэж өөрөө юу юм бэ? яагаад заавал нийтийн эрх ашиг, ашгийн бус юм байхгүй бол болохгүй байгаа юм бэ? Яах аргагүй нийгмийн халамж, боловсрол бол ашгийн бус байж хүртээмжтэй байх болно. Америкийн эмнэлэгийн 60 хувь нь хувийнх, мөн их дээд сургуулийн дийлэнх нь мөн хувийнх. Хувийнх гэхдээ АББ буюу NPO гэсэн хуулийн этгээд юм. Японд эсрэгээрээ 80-90 хувь нь улсынх байдаг. Хувийн байх, улсын байх ялгаа юундаа байна вэ? Үүнд “Public” гэсэн том ойлголт гарч ирэх юм. Иргэн (civil)-н бүрдэл болох олон нийт гэдэг нийгмийн хэв шинж болох олон нийт. Нийтийн ашгийг тодорхойлох туйлын хэцүү, арван эрэгтэй оюутны нийтлэг ашиг нь юу байж болох вэ гэвэл бас тодорхойлох боломжтой зүйл. Гэтэл гурав орчим сая хүний бүгдийн сэтгэлийг бялхаах ашиг гэж тодорхойлж болох зүйл бий юу? Тэр зүйлийг олбоос Монгол улс тэр байтугай дэлхий тэр аяараа хөгжих болно.

 Бид ашиг гэх зүйлийг олон аргаар хөөн олох боломжтой. Ашиг гэж тодорхойлох нь хэт махчилсан тодорхойлолт болоод байгаад эмзэглэж байгаа учир “буян” гэдэг үг гүн ухааны хувьд хамгийн таарч тохирхох үг билээ. Буян гэхээр шууд шашны үзэл суртал бодогдоод эхлэх байх. Бид энэ үгийг Буддын шашинд хэрэглэдэг. Буддын шашинд хамаг амьтны тусын төлөөх есөн цагаан буян гэж бий. Шашин гэхээс илүүтэйгээр гүн ухаан гэж авч үзвэл буян гэж хэрэглэх нь ашиг гэж бохир хэрэглэхээс илүү нийцэж байна. Нийтийн эрх ашиг, нийтийн буян хэрхэн биелэлээ олох талаар хоёр хамгийн том үзэл санааны дэвшүүлсэн санааны нэг нь, Платон “нийтийн буян” бол “зөв үйлдэл хийх” энэ нь аз жаргалыг авчирна. Энд парадокс үүсч байгаа юм. Зөв гэж юу вэ? гэвэл ахин шашны ярианд буцаж орох болно. Европийн улс төр, нийгмийн хөгжил нь Христийн шашинтай маш нягт холбоотой явж ирсэн. Зарим үед Христийн шашин төрийн удирдлагыг авч явж ч байсан. Одоо ч шашны нөлөө маш их бий. Шашны ярианаас буцаж гараад нөгөө нэг дэвшүүлсэн том санаа нь Адам Смитийн “Хувь хүнд буян гэж байвал, “Бурхны үл үзэгдэх гар” үйлчилж нийгмийн буян сайн сайхан цогцлох болно” гэсэн.

 Үүнээс авч үэх юм бол, бидний цогцлоох нийгмийн сайн сайхан юунаас эхлэх вэ? Иргэний нийгэм, түүний “зөв” үйлдлээс эхлэх юм. Улс төрийн нийгмийн харилцаанд иргэн, иргэн иргэнийхээ эрх ба үүргээ ухамсарлан ойлгох, Ашгийн бусаар ашгийн төлөө нийгмийн харилцааг бий болгосноор эхлэх юм болов уу. Маш олон ярвигтай ярианаас иймхэн дүгнэлтэд хүрч байгаа юм уу гэж гайхаж магадгүй юм. Үнэндээ дүгнэлт хийх дэндүү амаргүй юм. Харин эргэцүүлж, үүнээс таамаг дэвшүүлж шинэ сэдэл олж, иргэний нийгмийн талаар ойлгож уншигч та хувийн бодол дүнэлтээ хуваалцвал нийтийн эрх ашигт хувь нэмэр болох буй заа.

Ашигласан материал:

Walter W.Powell and Elisabeth S.Clemens, ed., Private Action and Public good, Yale university press/New Haven & London, 1998
『岩波哲学思想事典』岩波書店1998年
『はじめて学ぶ西洋思想ー思想家たちとの対話ー』ミネルヴァ書房2005年 植村邦彦(2010)
『市民社会とは何か』平凡社新書

Б. Тэлмэн
Япон улс, Кочи хот, Кочи их сургууль 4-р курс
https://www.facebook.com/telmenb
http://btelmen.blogspot.jp
https://twitter.com/telmen_mgl

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles
IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*