Энди Уархолтой цуг 15 минут

Энди Уархолтой цуг 15 минут : Таны урлагийн боловсролд

Саяхан Токиогийн Мори урлагийн музейд зохиогдсон Энди Уорхал (Andy Warhol (1928-1987)) хэмээx уран бүтээлчийн үзэсгэлэнг үзэж сонирхсон юм. Энэ нэр урлагаар суралцдаг, сонирхдог, урлагт хайртай хүн бүрийн мэдэх нэр бөгөөд хайр хүндлэл бахархлын дээд цэгт оршино.


Энди Уорхалын амьдрал, уран бүтээл

   11-224x300

“Поп артын эцэг”, “Tом ах” гэж нэрлэгдэх тэрээр Словак гаралтай бөгөөд 1928 оны 8 сарын 6-ны өдөр Америкийн нэгдсэн улсын Пэнсилвани мужийн Питтсбург хотноо Андрю Вархолагийн дөрөв дэx хүүхэд болон мэндэлжээ. Аав нь бага байхад нь нас барж, өөрөө өвчний улмаас гэртээ хэвтэрт олон цагаар байдаг байсан учраас бусад хүүхдүүдтэй тоглож наадан сургууль дээр цагаа өнгөрөөхөөс илүү гэртээ зураг зуран бага насаа өнгөрөөжээ.  Аав нь түүний их авъястайг нь үнэлж, ирээдүйд алдартай нэртэй хүн болно гэдэгт нь үргэлж итгэж урам зориг, хүч хайрладаг байсан учраас аавынх нь нас эцэслэсэн явдал түүнд маш хүндээр тусчээ. Гэвч тэрээр шантралгүй 1949 онд Питтсбург хотын Карнегийн технологийн сургуулийг /одоогийн Карнегийн Меллон их сургууль/ зураач мэргэжлээр төгсөөд Нью-Йорк хотод ирж ажил амьдралынхаа гарааг эхлүүлжээ.

2-298x300

Энди бараа бүтээгдэхүүний шошго, сурталчилгааны хуудас зурсаар 1956 онд бие даан зураачдын клуб байгуулан ажиллах болов. 1962 оны 7 сарын 9-нд Лос Анжелес хотноо “Файн арт” чиглэлээр туурвисан бүтээлүүдийн үзэсгэлэнгээ толилуулан урлагийн салбарт танигдах болсон бөгөөд түүнээс хойш улаан лоолийн “Кэмпбелл” соус, “Коко Кола” ундаа зэрэг олон бүтээгдэхүүний шошго, түүнчлэн Мэрлин Монро, Элизабет Тейлор, Элвис Пресли нараас авахуулаад урлаг соёлын алдартнуудын хөрөг зургийг зурах болжээ. 1962 онд Манхэттэн дүүрэгт хөгжим болон киноны “The Factory” студээ байгуулсан үеэс эхлэн кино урлагт хүч сорин найруулагч, продюсер болсон ба шинэ залуу хамтлаг дуучдын урлагийн замналыг нь нээн өгөх тал дээр ч анхаарах болжээ. Мөн зар сурталчилгааны бизнесийн салбарт олон олон шинэ санаануудыг цааснаа буулгасаар байсан юм.

31-300x290

Та бидний сайн мэдэх “Velvet Underground|” хамтлагийн продюсэр байсан тэрээр, хүн бүхний сэтгэлд үлдсэн бананан хэлбэртэй хамтлагийн логог зохиож байсан юм. Түүний гол онцлог гэвэл юуг ч байсан урлаг болгож хувиргаж чаддагт байсан гэлцдэг. Амьтдын зургийг зуран төрөл бүрийн өнгөнд хувиргаж дараалуулан хэвлэж гаргах зэргээр тухайн үедээ хэний ч харж бодож сэтгэж чадаагүй өнгө үзэгдэл дүрсүүдийг гаргаж ирж тухай үеийн америк орныг тэр чигээр нь эргэлдүүлж байж.

Тэрээр ижил хүйстнээ сонирхогч байсан бөгөөд энэ нь түүний бүтээл туурвил амжилт ололттой салшгүй холбоотой хэмээн урлаг судлаачид үздэг байна.

1970-аад оноос эхлэн нийгэм, улс төр, бизнесийн салбарын хүмүүсийн хөрөг зургийг зурах тал дээр анхаарлаа хандуулах болсон ба Ираны шейх Мохаммед Реза Пехлевигийн гэр бүлийнхэн, Роллинг Стоунз хамтлагийн гоцлол дуучин Мик Жаггер, жүжигчин Лиза Миннелли, Дайана Росс, Брижит Бардо, Битлз хамтлагийн дуучин, хөгжимчин Жон Леннон, дуучин Майкл Жексон нарын хөргүүдийг бүтээжээ. Энэ мэтчилэн олон хөрөг зурсны дотроос хамгийн алдартай нь 1973 онд бүтээсэн Хятадын коммунист удирдагч Мао Зэдуний хөрөг юм. Түүний зурсан бүтээлүүд өндөр үнээр эзэддээ очдог байсан гэдэг. Найман Элвис нэртэй Элвис Прэслэйгийн хөрөг гэхэд л 100 сая ам.доллар хүрч, амьдарлынхаа сүүл үеэр зурсан өөрийнх нь хөрөг 38.4 сая ам.долларт хүрч байжээ.

1963-1968 онд Энди 60 гаруй уран сайхны кино, 500 гаруй богино хэмжээний кино бүтээжээ. Түүний алдартай киноны нэг нь “Sleep” хэмээх кино юм. Энэхүү кинонд нэгэн залуу зургаан цагийн турш унтаж буйг харуулдаг.
Түүний кино урлагт авьяастайг олон нийтэд батлан харуулсан өөр нэгэн кино бол “Чельсигийн охид” хэмээх кино ажээ. Энэхүү кинонд хоёр өөр түүхийг өгүүлдэг байна.

Мөн түүнчлэн тэрбээр америкийн шилдэг “Interview” сэтгүүлийг үүсгэн байгуулагчдын нэг юм. Энди олон алдартай хүмүүстэй амьдрал, уран бүтээлийн талаар ярилцлага хийж, хэвлүүлж байжээ. Мөн өөртөө зориулж “A Gold Book”, “Wild Raspberries”, “Holy Cats” зэрэг номыг цөөн хувиар хэвлүүлэн гаргаж байв. Энэхүү номуудаа хамаатан садан, найз нөхөддөө бэлэглэдэг байжээ. Тэрбээр олонд нэр хүндтэй болж эхэлснийхээ дараа олон нийтэд зориулж ном туурвидаг болсон аж. Тухайлбал, “The Philosophy of Andy Warhol (From A to B & Back Again)”, “Popism: The Warhol Sixties” зэрэг номыг хэвлэсэн нь олны унших дуртай бүтээл болж чаджээ.

Уорхол 1987 оны 2 сарын 22-нд зүрхний доголдолд хүргэдэг “аритим” өвчнөөр нас барсан юм.


“Andy Warhol, 15 minutes eternal” үзэсгэлэн
(Токио хот, Мори урлагийн музей 2014.2.1-5.6)

41-300x288

Түүнийг нас барсны дараа ч алдар нэр нь дэлхий даяар түгсээр байсан ба Азийг хүртэл байлдан дагуулж байсан байна. Тэр ч утгаараа энэ удаагийн Токиод болсон үзэсгэлэн нь Мори Урлагийн музейн 10 жилийн ойн цуврал үзэсгэлэнгүүдийн тоонд зүй ёсоор багтаж буйгаас гадна Азийг тойрсон үзэсгэлэн нь Сингапур, Хонгконг, Шанхай, Бээжин, Токио хотуудад гарсан юм.
“15 minutes eternal“ хэмээх нэр нь түүний хэлсэн алдарт ”In the future, everyone will be world-famous for 15 minutes”  үгтэй холбоотой ба, зар сурталчилгаа, урлаг, медиаг ямар хүчтэй болохыг тодорхойлон үлдээсэн мэт санагдана. Энэхүү үзэсгэлэн нь түүний кареараа эхэлснээс хойш амьдралынх нь сүүлийн жилүүд хүртэлх 700 орчим уран бүтээл, хувийн архивуудаас бүрдсэн байлаа. Энэ утгаараа японд тавигдаж буй Энди Уорхалын хамгийн том үзэсгэлэн болсон байна.
Энэ үзэсгэлэнд заавал үзэх ёстой хэмээн 8 зүйлийг нэрлэсэн байна.

  1. Кэмпбелл соус 1968, цаасан дээрх скринприн     т 88.9*58.7 см
  2. Warhol and celebryties, алдарт хүмүүсийн хөрөг
  3. Топ загварын сэтгүүлүүдэд гарч байсан түүний зургууд (Vogue, Harper`s Bazaar, Glamour)
  4. Уорхалын поп артын бүтээлүүд (Brillo угаалгийн нунтагны хайрцаг, Хэйнз кэтчупийн сав зэрэг)
  5. Уорхалын эксперимэнтал кино дүрсүүдийг дэлгэцээр үзэх (Empire 1964, 16 mm film, хар цагаан, дуугүй, 8 цаг 5 минут )
  6. Jean-Michel Basquiat тай хамтарсан бүтээл
  7. Түүний алдарт бүтээлүүд төрөн гарсан фактори студийг бодитоор мэдрэх
  8. Түүний хувийн архивт байсан японтой холбоотой цуглуулж байсан зүйлс

5-298x3006-300x193Түүний ертөнцөөр аялсан хэдхэн хором бахархал бахдал, гайхал биширлээр дүүрэн өнгөрч агуу мөрөөдөл, хайр, эрх чөлөөг мэдрүүлж байлаа. Энэ бүхний багахан хэсгээс ч болов та бүхэнтэй хуваалцаж буйдаа баяртай байна. Нийтлэлийг маань анхаарал тавин уншсан та бүхэндээ баярлалаа.

 

Обирин их сургууль
Д.Дуламсүрэн
2014.5.7

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles
IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*