Дотроос гарж ирсэн урвагч- Хавдар

Анх биологийн хичээл дээр эсийн талаар сурч байхдаа амьд биеийн бүтэц, тогтолцоо ямар гайхамшигтай юм бэ? Хуваагдана, хооллоно, өснө, энерги  үүсгэнэ гээд ямар нарийн бүтэц, тогтолцоотой юм гэж биширдэг байлаа. Гэхдээ энэ үед маш том андуурч явснаа хожим нь ухаарсан юм. Амьд организм нь маш нарийн бүтэц, тогтолцоотой ч тэр нь ямар ч алдаа гаргалгүй ажилладаг зүйл биш гэдгийг мэдэрсэн юм. Эсийн тэр нарийн тогтолцоонд алдаа гардаг, бүр байнга гардаг гэж хэлж болно. Гэхдээ алдаа гарах болгонд эс нь түүнийгээ засах арга хэмжээ авдаг байна. Арга хэмжээ аваад бүтэхгүй бол өөрөө өөрийгөө устгах шийдэлд хүрнэ. Үүнийг эсийн үхэл гэнэ. Энэ үед эс өөрөө өөрийгөө устгаж чадалгүй алдаатай хэвээрээ цаашдаа хуваагдаад явбал энэ нь хавдар болдог байна. Үүнийг бодоход хүний бие гэдэг нэгэн томоохон тогтолцоо дунд нэг урвагч гарч ирээд тэр том тогтолцоог дотроос нь нурааж байгаа мэт санагддаг юм. Энэхүү эс эхэндээ ганцаараа болохоор та бидэнд мэдэгдэх ч үгүй тэнд оршин тогтносоор байна. Гэхдээ ганцаараа болохоор сул дорой юм. Гэвч  тэрээр маш хурдтай олширч томрон дийлдэшгүй болдог юм. Мөн тэрээр ямар ч тохиолдолд үхэхийг хүсдэггүй болохоор үхэхгүйн тулд бүх арга хэмжээг авдаг юм. Тиймээс хүний бие дэх хамаг тэжээллэг зүйлийг өөр рүүгээ татаж бусад эсийг сул дорой болгодог юм.
Мөн тэрээр бусдад мэдэгдэхгүйн тулд бусдаас холбоогоо тасалж эс хоорондын холбоо цусны эргэлтэнд ороод судсаар дамжин өөр эрхтэн дээр очоод үрждэг байна. Тэрээр та бидний биеэс гаралтай ч бараг л гаднаас ирсэн харийн зүйл гэж хэлж болно. Энэ зүйл олширч томрохоороо дийлдэшгүй тул бага байхад нь оношилж эмчлүүлбэл зүгээр юм. Амархнаар тайлбарлавал нэг иймэрхүү зүйлийг хавдар гэнэ. Үүнээс бага зэрэг нарийнаар тайлбарлая.
Хавдрын эс нь хүний биеийн энгийн эснээс гаралтай ч, бусад эснээс нилээн ялгаатай бараг л өөр зүйл гэж хэлж болохоор юм. Эсийн энэ бүх шинж чанарыг тодорхойлж байдаг зүйл нь ДНХ буюу генийн мэдээлэл юм. Ген нь эс дэх бүх зүйлийг зохицуулж байдаг гол зүйл бөгөөд та бидний тархи л гэсэн үг юм. Эс нь хүний биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж бөгөөд ерөнхийдөө  өөрийн бүтэц үйл ажиллагаагаа хадгалан оршин тогтнодог ч зарим нөхцөлд хуваагдаж олширох шаардлагатай болдог байна. Ялангуяа хүүхдийн өсөлтийн үе болон шархдаж гэмтсэн үед эрчимтэй явагдана. Иймэрхүү үед эсэд өсөх шаардлагатай байна гэсэн дохио ирж, ДНХ үүнийг хүлээж авна. Эндээс ДНХ эсэд “хуваагд” гэсэн тушаал өгөн эс хуваагдах бэлтгэлээ хийж эхэлнэ. Энэ үед ДНХ ч мөн адил хуваагдах ёстой тул өөрийгөө олшруулна. Үүнийхээ дараа ДНХ нь өөрийн зөв олширсон эсэхийг шалгана. Алдаа гарсан байвал эсийн хуваагдлын бэлтгэл ажлаа түр зогсоож засварлах арга хэмжээ авна. Засварлаж чадахгүй бол дээр дурдсаны дагуу эсийн үхэл буюу апоптосис явагдана. Энэ нь өөрийнхөө бүтцийг жижиглэн хувааж байгаа үзэгдэл бөгөөд үүнийг нь эргэн тойрны эс нь шингээж ашигладаг байна. ДНХ-д алдаа гараад засаж чадахгүй үед генээс апоптосис явуул гэсэн дохио өгч чадахгүй дохио өгөх ген эвдэрсэн үе гарна. Энэ тохиолдолд алдаатай гентэй  хэвээрэй эс хуваагдан буруу үйл ажиллагаатай эс үүсэх юм. Энэ буруу үйл ажиллагаатай эс нь хавдар юм. Гэхдээ хавдар зөвхөн ганц ген эвдрээд болдог зүйл биш, бас ямар ч хамаагүй ген эвдрээд ч болчихдог зүйл биш юм. Энэ нь хэд хэдэн онцлог ген ямар нэгэн шалтгаанаас үүдэн ажиллагаагүй болсноор анх хавдар болно. Энэ ген нь эсийн хуваагдлыг хянах болон түүнийг зогсоох, мөн эсийн үхлийг явуулах ген юм. Тиймээс хавдар нь үхэж мэдэхээ байсан, эсийн хуваагдлаа зогсоож мэдэхээ больсон эс гэж хэлж болно. Гэхдээ хавдрын нэг төвөгтэй тал нь томрохоороо нарийн бүтэцтэй болдогт байгаа юм. Энэ нь яг л нэг бүтэн эрхтэн мэт цогц бүтэцтэй бөгөөд нэг төрлийн бус олон төрлийн эсээс тогтдог болдог тул эмчлэхэд бэрхшээлтэй болдог юм.

 

 

2014.5.9
Ө. Нарандулам

       

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*