5 дугаар сарын өвчин ба сэтгэл гутралд орсон Япон залуус

Дөрвөн сар буюу хаврын ханш нээхтэй зэрэгцэн Японд сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлтүүд болдог. Яг л манай 9 сарын 1 гэдэг шиг, Японд 4 сар гараад л сурагч, оюутнууд анги дэвшин, шинэ сургуульдаа орцгоодог. Япон орны газар нутаг хэдий жижиг мэт харагдавч тоймгүй олон хотууд байхын дээр улсын хувийн гээд олон олон их дээд сургуулиуд байна.Тэр дунд төрсөн гэрээсээ холдон өөр хотруу их сургуульд элсэн орох оюутан залуус элбэг таарна.

Хавар гэдэг бол сайхан улирал. Бүх л хүн энэ улиралд дуртай. Гэхдээ дургүй хэсэг бас байна…Манай Монгол орон нь өндөрлөг газарт байдгаас хуурай, хур тунадас багатайн дээр борооны улирал гэх мэт ойлголтоос бол бүр ч хол хүмүүс. Гэтэл бидний хол ойлголттой байдаг борооны улирал гээч нь Японд хавар болдгоос болоод, зарим Япон хүмүүс хаврын улиралд маш дургүй болох, түүгээр ч үл барам энэ улирлаар сэтгэл санааны гүн хямралд унан амиа хорлох хүмүүсийн тоо ихээр нэмэгддэг.

Сэтгэл санааны гүн хямралд ордог хүмүүсийн дийлэнх нь шинээр оюутан болж өөр газар шилжин ирсэн, гэрээсээ холдоод удаагүй байгаа залуус байдаг байна. Тэдний огцом сэтгэлээр унахад нөлөөлдөг хүчин зүйлд байнгын бороотой бүрхэг өдрүүд, шинэ орчиндоо дасаж чадахгүй байгаа байдал зэрэг нь шууд холбоотой байдаг юм байна. Үүнд мөнгө төгрөг, эдийн засгийн гачигдлаас үүсэх стресс зэрэг нь бараг хамаагүй байдгийг хэлэх нь зүйтэй.

Тэгвэл юунаас болоод гутрав?

Хүмүүс шинэ газарт очихын өмнө ихэнхдээ маш том хүлээлт, найдлагыг дотроо бий болгосон байдаг бөгөөд бодит байдал дээр хүлээлт найдлага нь бий болохгүй, гарч ирэхгүй болонгуут маш ихээр сэтгэлээр унадаг. Түүнээсээ болоод бусдыг аль эсвэл өөрийгөө үзэн ядах байдлаар сэтгэл гутралд өртөж эхэлдэг байх юм.

Шинэхэн оюутнууд нутгаасаа гарахаас өмнө бүх л зүйлсийг шинэ мэтээр төсөөлөн өөрийнх нь амьдарч ирснээс хэд дахин хөгжилтэй сайхан, амар хялбар амьдрал намайг хүлээж байгаа гэж найддаг. Харин жинхэнэ амьдрал дээр бол нэг их өөрчлөгдсөн зүйл байхгүй байдаг. Харин ч төрсөн гэртээ байснаас нь ч илүү уйтгартай, завгүй, хэцүү ганц бие амьдрал хүлээж байдгаас болоод л уйтгарлаж эхлэн, цаашлаад амьдрах хүсэл зоригоо мохоож эхэлдэг байна.

Нэн ялангуяа Япон хүмүүсийн уламжлалт соёлын онцлог гэгдэх уураа барих хэрэгтэй, хүнд гомдоллох хэрэггүй, бага ярих нь зөв, бодол санаагаа тэвчих хэрэгтэй, өөрөөсөө эхлээд буруугаа заавал хайх ёстой гэх зэрэг бичигдээгүй боловч цусанд нь байдаг хатуу дүрмээс болоод тэд сэтгэл гутралаа хэрхэн тайлахаа мэдэлгүй байсаар эцэстээ гэртээ бүгэн хүмүүсээс зайгаа барих, эсвэл амиа хорлох зэрэг замыг сонгодог байх юм.

Мэдээж Японы 127,6 сая хүмүүс бүгд энэ мэт сэтгэл гутралд өртдөггүй нь ойлгомжтой. Туйлын сэргэлэн цовоо, өдөр бүрийг гайхалтай сайхан эрч хүчээр дүүрэн өнгөрүүлэх хүмүүс дийлэнхи хувийг эзэллэх боловч нийгмийн залуу давхрагынхны дунд нилээд асуудал болоод байгаа 5 сарын өвчин буюу энэ сэтгэл гутралын сезон нь Японы нийгмийг багагүй санаа зовинуулж байна.

Үүний эсрэг Япон залуусын дунд хүсэл мөрөөдөл, зорилго гэдэг үгийг моод болгох гэсэн оролдлогуудыг сонин сэтгүүл, гадуур байрлах ханын сонин, телевиз, реклам гээд төрөл бүрийн медиагаас харж болно.

Чи чадна!
Чиний мөрөөдөл биелнэ!
Урагшаа Япон орон!
Өөрийнхөө хүсэж байгаа БИ г бий болгохын төлөө!
Өнөөдөр ч гэсэн хичээгээд үзье!
Чиний төсөөлж байгаа чадварлаг нэгэн гэдэг бол ЧИ өрөө !….гэх зэрэг…

Залууст аль болох дарамт учруулахгүйгээр хэрхэн яаж тэднийг эрч хүчтэй байлгаж, 5 дугаар сарын өвчин зэрэг хиймэл стрессээс болоод алдахгүй байх вэ гэдэг дээр улс өөрөө анхаарлаа хандуулж байна. Япон улсаас, улсын бус аль нэгэн Япон албан байгууллагаас тэтгэлэг аван суралцахаар ирж байгаа оюутнууд тэр бодлогын үр дүн. Гадаадын шигшигдсэн, шилэгдсэн, сурах хүсэл эрмэлзлээр дүүрэн залуусыг хараад Япон залуус суралцаасай, эрч хүч аваасай, 5 сарын өвчинд бүү нэрвэгдээсэй гэсэндээ олон орны залуусыг амьдрах сурах зардлыг нь даан Японд суралцуулсаар байна. Япон улс залуу үеэ хамгаалах гэж хичээж байна.

Харин үүний хариу үр дүнд залуу үеийнхний бодол санаа, хүсэл зорилгын оч хэр их зүлгэгдэн, өнгөлөгдөж байгаа бол оо гэдэг нь та бидэнд сонирхолтой санагдаж байгаа болов уу…Надад ч бас…

Сэтгэл гутрал гэдэг зүйл бол хүсэл зорилго гэдэг үгийн эсрэг тал юм шиг харагдаж байна. Сэтгэл санаагаар унан амьдрах эрчээ алдана гэдэг бол зорилгогүй, ямар нэгэн тэмүүлэлгүй байгаа л хүний аж байдал. Гарт баригдаж нүдэнд харагдахгүй ч энэ зорилго гээч, сэтгэл гээч зүйл чинь өөрөө амьдралын гоё сайхныг, муу муухайг нүдэнд харагдуулж, гарт баригдуулаад байдаг юм байна. Залуус бидэнд зөв амьдралын хэв маяг, зөв зорилго хэрэгтэй шүү!

 

2014 он 05 сар 14 өдөр
Г.Чимэдлхам
Обирин их сургууль

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles
IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*