Чухал хүн Чухал үйлчилгээ…

 Та бүхэнд өглөөн, өдрийн,оройн мэндийг хүргэе! Элдэв янзын үйлчилгээний газарт ажилладаг хүмүүс их л анзаардаг байх. Чухал хүнд яалт ч үгүй чухал үйлчилгээ л очоод байгаа юм. Энэ удаагийн нийтлэлдээ ер нь чухал хүнд чухал үйлчилгээ үзүүлээд байгааг ажиглаад төрсөн сэтгэгдлээ тухайн үеийн үйл явдалтай нь бичье гэж бодлоо. (Анхааруулга: Хүн бүрт чухал хүн гэдэг тэс өөр юм. Мэдээж бид бүгдийн хувьд найз нөхөд гэр бүлийнхэн маань чухал хүмүүс, Гэхдээ энд дурьдагдаж буй “чухал хүн” нь нийгэмдээ чухал статус эзэлж буй хүнийг дурьдаж буйг ойлгож хайрлана уу.)
Би бээр жилийн өмнөөс нэгэн Япон маягийн зочид буудалд(рёкан) цагийн ажилчнаар орсон билээ. Хийх зүйлс нь ор засах, ор хураах, хоол зөөх бас хураах гэх мэтийн зүйлс байсан юм. Ингээд үйлчлүүлэгч хоол идэж эхлэх үед би болон манай хамтрагчид тухайн үеийн үйлчлүүлэгчдийн тооноос хамааран, яаран яаран ороо засан байдаг чадлаараа гүйдэг байлаа. Бидний хувьд ороо ерөнхийд нь алдаа багатай цэмбэгэр засах явдал юм(ерөнхийд нь шүү). Бас буудал маань нилээд хуучны үеийн буудал бөгөөд бас чиг тийм өндөр орлоготой байгаагүй учир зарим өрөөний хулсан шал буюу татами нь жаахан муудчихсан байдаг байж билээ. Ингээд ажлын талаар ерөнхийд нь товч бөгөөд тодорхой тайлбар хийвэл ийм байна.

  Нэг өдөр манай мужийн хөлбөмбөгийн багийн нэгэн тамирчин манай буудалд ирсэн гэдэг мэдээ ирэв ээ. Түүний тухай “Tэдэн номертой тоглогч гэсэн, эхнэрийг нь сая харав уу, жаахан хөгшин л юм, яг эхнэр нь мөн байсан уу…” гээд л манай зочид буудлын хоолны тасгийн эмээ нар яриж өгөв. Би ч ороо засдгаараа засаад явж байсан, санаандгүй учирлаар аз тааран миний засах орны тоонд хөлбөмбөгийн тамирчны ор таардаг юм байна. Ингээд засах гээд өрөөнд нь ортол нэг л өөр буудлын өрөөнд ороод ирчихсэн юм шиг болчихдог юм байна. Яасан бэ гэхлээр шал нь шив шинэ болчихсон бас нэг л саруулхан нэг тийм гоё орчинг бүрдүүлсэн өрөө байлаа. Ингээд ороо заслаа. Намайг хариуцсан ахлах маань над дээр ирж хамт ор зассан юм. Засахдаа нилээд чамбай засаж, зассаныхаа дараа хүртэл төгс ор засалт болсон үгүйг байн байн шалгаж байв. Ингээд орой нь бид өглөөний хоолны бэлтгэлийг хийхэд мөн л бүх зүйл төгс болсон эсэхийг ахлах болон хамтран ажиллагчид маань шалгасаар байв. Тэр өдөр ер нь цагийн ажлын маань уур амьсгал нилээд сайхан байсан ба хүн бүр хийж буй ажилдаа бахархалтай байв. УЧИР нь тэр өдөр манай буудлын хамт олон чухал хүнд чухал үйлчилгээг үзүүлж байсан учраас юм. Ингээд ажлаа дууссаны дараа чухал хүнд үйлчилгээний газрын үйлчилгээ түүний нийгэм дэх статустай нь адил чухал ханддаг юм байна гэдгийг ойлгож авлаа. Ер нь яагаад чухал хүнд чухал үйлчилгээ үзүүлээд байгаа тухай бодоод үзлээ л дээ. Тэгэхлээр эхлээд чухал хүн таалагдсан газраа чухалчилж үзэн байн байн ирэх магадлал өндөр юм. Мэдээж буудлын орлого нэмэгдэнэ. Түүний дараачаар чухал хүний найзууд мөн л чухал хүн байх магадлал өндөр учир нэг чухал хүн олон чухал хүнийг дагуулж ирэх боломжтой. Өчигдөр оройн хоол идэнгээ найзтайгаа ярьж байгаад бас нэгэн санааг нэмж гаргаж ирсэн юм. Чухал хүнийг ер нь нийгэм нь байнга, барагтаа л хоногийн 24 цаг ямар хүнтэй болзож байгаа, ямар хувцас өмсөж байгаа, хоолоо хаана идэж байгаа тухай санаа тавьдаг билээ. Үүнээс үзвэл чухал хүнд таалагдсан үйлчилгээний газрыг тухайн хүнийг чухал гэж үзэх нийгмийн тодорхой хэмжээний хүрээллийн  сонирхлыг маш өндрөөр татах боломжтой. Өөрөөр хэлвэл чухал хүнд таалагдсан бол нийгмийн харааг татах юм. Саяхан Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч Барак Обама Японд нөхөрсөг айлчлалаар Наран улсын ерөнхий сайд болох Абэ Шинзо гуайтай зангиагүй уулзалт хийсэн билээ.Тэр 2 нэгэн жижигхэн сүши буюу бийж хэлбэрт оруулсан будаан дээр түүхий загас тавьж иддэг Япон үндэсний хоолны газар орсон ба Барак Обама тухайн газраас гарахдаа ””Миний амьдралдаа идсэн хамгийн амттай сүши байна”  гэж хэлээд гарсан юм. Ингээд интернэт дүүрэн тухайн сүшиний газар амттай эсэхийг асуусан асуулт, болон очиж үзсэн сэтгэгдлээ бичсэн хүмүүсийн бичвэрээр дүүрсэн байлаа. Мэдээж тухайн сүшиний газрын орлого хэд дахин нэмэгдсэн биз ээ. Чухал хүн болон түүнийг дагалдах орлогын бас нэгэн тод жишээ нь зарим үйлчилгээний байгууллагууд болон бүтээгдхүүнүүд сурталчилгаандаа нийгэмдээ нэр хүнд сайтай олонд танигдсан хүмүүсийг хамруулах явдал билээ. Ингээд тухайн үйлчилгээний газар чухал хүндээ сайн үйлчилж, таалалд нь нийцэж чадвал орлого жирийн үйлчлүүлэгчтэй харьцуулахад хэд дахин нэмэгддэг бололтой юм.
Нөгөө талаас хөлбөмбөгийн тамирчин ирсэн өдрийн ажлын уур амьсгалаас үзэхэд чухал хүнд үйлчилж байгаа хүн ч мөн өөрөө чухал хүн болсон мэт ажлаа бахархалтайгаар хийдэг бололтой.  Дүгнэлтэнд нь нийгэмдээ хийсэн бүтээсэн зүйлтэй, тодорхой хэмжээний нэр хүндтэй байна гэдэг тухайн хүн төдийгүй нийгэмдээ тустай зүйл юм. Нийгэмдээ тустай биш юмаа гэхэд хүмүүст танигдаж чадахгүй байгаа сайн үйлчилгээний газруудыг олонд таниулж буян болдог юм шиг. Ер нь чухал хүн болно гэдэг аль аль талдаа л ашигтай юм. Миний хувьд дээр дурьдсан ажлын өдөр ирээдүйн өндөр зорилгод минь том эрч хүчийг өгсөн юм. Учир нь өөрийгөө чухал хүн болоод чухал үйлчилгээ авч байна хэмээ төсөөлсөн хэрэг.
Чухал хүн больё гэвэл бүх хүнд боломж байгаа. Гол нь чухал хүн болох явц хүнд юм. Гэхдээ хүнд хэцүү болохоос биш БОЛОМЖГҮЙ зүйл яагаад ч биш юм. Энэ чухал хүн гэдэг зэрлэг нөхрөөр Монголын нийгэм ч мөн дутагдаж байна. Ингээд нийтлэлээ Чухал хүн болохын төлөө! гэсэн уриагаар өндөрлөе. ЧУХАЛ ХҮН БОЛОХЫН ТӨЛӨӨ!

Таныг хүндэтгэсэн Шиншюү их сургууль 2-р курс М.Э

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles

IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*