Япон улс сансарт нарны цахилгаан фарм барихаар бэлтгэж байна

Дэлхийн дулаарал, нефтийн хомсдол, Фукушимагийн АЦС(атомын цахилгаан станц)-н осол гээд байгаль, нийгмийн олон асуудлуудаас үүдэн энергийн шинэ эх үүсвэрүүдийг нээж олох, ашиглаж эхлэх олон ажлууд өдгөө дэлхийн өнцөг булан бүрт яригдаж, хэлэлцэгдэж, гүйцэтгэгдэж байна. Ялангуяа байгаль орчинд хийгээд, хүн төрөлхтөнд учруулах эрсдэл бараг үгүй Сэргээгдэх эрчим хүчний хувьсал хүчтэй давалгаалан орж ирж байна. Манай орон ч дэлхий дахинтай хөл нийлүүлэн алхаж буйг, Салхитын салхин фармын бүтээн байгуулалт хийгээд бас бус сонсогдох Говийн нарны цахилгаан фармын төслүүдээс мэдэрч болно. Тэгвэл энэ удаагийнхаа нийтлэлээр инженер, техникийн хөгжлөөр дэлхийн чиг хандлагыг тодорхойлогч Япон улсын эрчим хүчний өнөөгийн нөхцөл байдал болон саяхан зарлагдсан нэгэн сонирхолтой төслийн талаар товчхоныг уншигч авхай тандаа хүргэе ээ.

 Япон улс нь 2011 оноос өмнө, нийт эрчим хүчний хэрэглээнийхээ гуравны нэгийг атомын цахилгаан станцаас үйлдвэрлэдэг, 50 гаруй эрчим хүч үйлдвэрлэгч цөмийн реактортой, цөмийн эрчим хүчний томоохон хэрэглэгч орон байлаа. Манай орны нийт эрчим хүчний хэрэглээний 70%-ийг нүүрсний ДЦС(дулааны цахилгаан станц) үйлдвэрлэдэгтэй харьцуулахад, Япон хамаагүй илүү төрөлжсөн системтэй боловч, АЦС-н тогтвортой үйл ажиллагаа, хямд өртгөөр их хэмжээний эрчим хүч үйлдвэрлэдэг зэрэг онцлогийг авч үзвэл, цөмийн эрчим хүч Японыг хамгийн ихээр гэрэлтүүлж байсан гэдэг дамжиггүй юм. Харамсалтай нь 2011 оны 3 сард нөгөө айхтар Зүүн эргийн асар том газар хөдлөлт болж, үүнээс үүдсэн Фукушимагийн АЦС-н осол үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн нь, Японы эрчим хүчний салбарыг орвонгоор нь эргүүлж, ард түмний эсэргүүцэл тэмцэл зэргээс үүдэн Засгийн газраас цөмийн эрчим хүчийг хэрэглэхээ болих тогтоолыг гаргаж байсан юм. Үүний дүнд, өдгөө нөгөө 50 гаруй реактороос ердөө 2 нь л унтрах өдрөө хүлээн ажиллаж байна. Ингээд богинохон хугацаанд эрчим хүчнийхээ бүхэл бүтэн 30 хувийг алдсан Японд шинэ шийдлүүд, гарцууд зайлшгүй хэрэгтэй болж байлаа. Тухайн үеийн нөхцөл байдлыг эргэн нэг санахад, яг л 70-аад оны нефтийн хямралын үеийн Францын дүр зураг бууж ирэх болно. Бүхий л албан байгууллагууд эрчим хүчний хэмнэлтийн горимд шилжин, хаа сайгүй эрчим хүчийг хэмнэх уриа, шторкууд цууриатаж, зуны халуун, өвлийн хүйтэнд сэрүүцүүлэгч, халаагуурын температурыг тогтсон үлбэгэр түвшинд барина гэдэг наад захын асуудал байлаа. Улс оронд гай зовлон тохиоход, яаж нэгдэж, хамтдаа тэмцдэгийг тэр үед ёстой нэг харах шиг л болж байв. Энэ мэтээр Японы ард түмэн, засгийн газар хамтдаа тэмцэж, цөмийн энергийг орлох эрчим хүчний шинэ үүсвэрийг цогцлоох ажилд ханцуй шамлан орж байсан юм. Ялангуяа Сэргээгдэх эрчим хүчинд анхаарлаа хандуулж, нар салхинаас эрчим хүч үйлдвэрлэх аж ахуй нэгж, айл өрхийг дэмжиж, тэдний үйлдвэрлэсэн эрчим хүчийг ЗГ худалдан авч байв. Энэ бүх хичээл зүтгэлийн үр дүнд, одоо Япон эрчим хүчээр дутагдаагүй, харин ч эрчим хүчийг хайрлах, гамнах сэтгэлгээтэйгээр урагш тэмүүлж байна.

 Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг шиг, 130 сая хүн амаа эрчим хүчээр дутаахгүйн тулд тууштай хайж, эрэлхийлж, хөдөлмөрлөж буй Японы, цааш цаашдын бүтээн байгуулалтууд нь төлөвлөгдөн гарч ирсээр байна. Саяхан л гэхэд Японы сансар судлалын агентлаг (JAXA)-аас улсынхаа эрчим хүчний асуудлыг хэдэн арван жилээр нь шийдэж болохуйц томоохон төлөвлөгөөгөө дэлгэсэн байна. Энэ нь дэлхийн орбитод нарны цахилгаан үүсгүүрэн хавтангуудыг байрлуулж, энерги хуримтлуулах төсөл юм. Танд яг л ШУ-ны зөгнөлт зохиол уншиж байгаа мэт санагдаж байж магадгүй ээ. Гэхдээ энэ бол бодит ажил юм шүү. Японы сансар судлалын агентлагаас мэдэгдэж байгаагаар уг фарм нь сансарт байрлах хавтангууд болон газарт байрлах хавтангууд гэсэн 2 хэсгээс бүрдэх бөгөөд, сансрын хавтангууд нь нарны энергийг шингээж, газрын хавтангууд руу микродолгион хэлбэрээр дамжуулан, эцсийн бүлэгт эрчим хүч эх дэлхий дээр үйлдвэрлэгдэх ажээ. Энэхүү ажлыг тэд одоогоос 25 жилийн дотор бүрэн дуусгаж чадна гэж үзэж байгаа ба угсралт, тавилтын ажил нь 2020 оноос эхлэх төлөвтэй байгаа юм байна. Мөн уг бүтээн байгуулалтын талаар агентлагийн ахмад судлаач Сасаки Сүсүми ийн өгүүлжээ.

-“ Энэхүү ажлыг гүйцэтгэхэд маш хэцүү бөгөөд үнэтэй байх болно. Гэвч түүний үр ашиг улам их байх ба зөвхөн эдийн засгийн хувьд ч биш юм. Хүн төрөлхтний түүхийн хэлхээнд, энергийн шинэ үүсвэр бүхэн, модноос гал гаргахаас авахуулаад, нүүрс, тос, хий болон цөмийн эрчим хүч гээд бүгд бидний амьдралын хэв маягийг өөрчилж байсан. Хэрвээ хүн төрөлхтөн сансрын цахилгаан станцыг бүтээж чадах аваас, орбит дахь хавтангуудын хэлхээ хязгааргүй их эрчим хүчийг үйлдвэрлэж , дэлхийн энергийн эх үүсвэрийн хамгийн том асуудлыг шийдэж өгч чадна. Түүнчлэн, сансар огторгуйд энэ мэт үйлдвэрлэлийг өрнүүлснээр бид, дэлхийн гадна ч үр ашигтай, энх тайван амьдралыг цогцлоож эхлэх юм.”

 Уншигч таны танин мэдэхүйд зориулан, Сансар дахь нарны цахилгаан станц гэж чухам юу болох талаар хийгээд түүний давуу болон сул талыг цухас дурьдан үлдээе. Сансарт нарны цахилгаан фармыг байгуулах тухай судалгаа анх 70-аад оны үед эхэлж байжээ. Уг системийн ажиллагааны зарчмын хувьд дээр дурьдсанчлан, сансарт шингээсэн нарны энергийг дэлхий рүү микродолгион хэлбэрээр дамжуулж, дэлхий дээр шулуун гүйдэл болгон хувиргах явдал юм. Мөн түүний давуу болон сул талын талаар Хүснэгт №1-т тусгав.

Хүснэгт №1: Сансар дахь нарны цахилгаан фармын давуу болон сул талууд.

                                                    Сансар дахь нарны цахилгаан фарм
Давуу тал Сул тал
Сансар огторгуйд агаар, түүний мандал дахь хий, үүл зэрэг байхгүй тул дэлхийн үр ашгийн 144%-тай тэнцэх хэмжээний чадалтайгаар нарны гэрлийг шингээж чадна. Хавтангуудыг сансарт хөөргөх үед маш их зардалтай.
Засвар болон нэмэлт сайжруулалт хийхэд хүндрэлтэй. Сансрын нисгэгчдийн баг илгээхээс өөр аргагүй ба зардал өндөр.
Нарны гэрлийг өдөр шөнийн зааггүй 99% шингээх ба зөвхөн хавар, намрын өдөр шөнийн давхцлын үед л тус бүр ердөө 75 минутыг турш сүүдэрт халхлагдана. Ажиллагаанаас гарсныхаа дараа, сансрын хог болон үлдэх магадлалтай.
Сансрын орчин маш эрс тэс тул, хавтангууд дэлхий дээр байхаас даруй 8 дахин их элэгдэнэ.
Эрчим хүч харьцангуй хэрэгцээтэй бүс нутгууд руу хурдан хугацаанд дамжуулалт хийх боломжтой. Сансрын хог хаягдалтай мөргөлдөх аюултай.
Долгион хүлээн авах станцын хэмжээ том ба хүлээн авах процессын өртөг өндөр.
Ургамал, амьтны биосистемд сөрөг нөлөөгүй. Микродолгион дамжуулалтын үед, өөр хиймэл дагуулын долгионы нөлөөг авах магадлалтай.

Эцэст нь энэхүү нийтлэлийг маань уншаад, уншигч та дэлхийн шинжлэх ухааны хөгжил хэрхэн хурдацтай хөгжиж байгааг өчүүхэн ч гэсэн мэдэрч чадвал, нийтлэлч миний зорилго биелэх нь тэр. Дээр өгүүлсэн Сансарт нарны цахилгаан фарм барих төлөвлөгөө бодит ажил болж чадвал, бишээ заавал бодит ажил болон хэрэгжиж, байгаль орчин хийгээд хүн төрөлхтөнд сөрөг нөлөөгүй, үр ашигтай энергийн эх үүсвэр болон эх дэлхийн ирээдүйд тодоос тод гэрэл болон асна гэдэгт би итгэж байна.

Ашигласан материал

1. http://venturebeat.com/2014/05/04/japan-wants-to-build-a-space-based-solar-energy-farm/#comments
2. http://spectrum.ieee.org/green-tech/solar/how-japan-plans-to-build-an-orbital-solar-farm

2014.05.21

Э.Өнөболд

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*