Витамины тухай ойлголт : Витамин Ц

Энэ удаагийн эрүүл мэндийн нийтлэлээрээ Ц витамины тухай та бүхэндээ хүргэе гэж бодлоо. Ерөнхийдөө бол витамин гэж амьд биед хэрэгтэй нүүрс ус , өөх тос , уургаас бусад эрдэс бодисыг хэлэх юм.

Эдгээрийн дундаас витамин Ц хүний биед ямар ач холбогдолтой болох тухай таниулахыг зорьлоо. Ц витамин нь колаген гэх уурагт бодисыг үүсгэхэд чухал нөлөөтэй байдаг. Колаген гэдэг нь биеийн эс хооронд орших бодис бөгөөд хүний ясыг бүрэлдүүлэх чухал бодисуудын нэг. Өөрөөр хэлбэл колаген байхгүй бол яс үүсэхгүй ба витамин Ц байхгүй бол яс бүрэлдэхгүй гэсэн үг юм. Сонин байгаа биз. Түүнчлэн витамин Ц нь төмрийн шингэцийг сайжруулдаг бөгөөд цус багадах өвчнөөс сэргийлдэг байна. Ганц цус багадалтаар зогсохгүй элдэв янзын хавдар болон ханиаднаас биеийг тань сэргийлж байдгийг санаарай. Яаж хамгаалдаг юм бол гэж бодогдож байгаа байх. Учир нь эс хооронд орших Ц витаминууд нь ханиадны вирусны үйлчилгээг даран цаашлаад ажилгааг нь хорих чадвартай байдаг байна. Дээрээс нь ханиаднаас болж мөхсөн эсийг ахин сэргээх онцгой чадвартай юм.  Стрессний эсрэг сайн хамтрагч тань ч болно гэдгийг мэдээд авахад илүүдэхгүй биз. Дээрхээс дүгнэвэл Ц витамины дутагдалтай болон дутагдсан хүн цус багадалттай , хялбархан ханиад хүрчихдэг , хурдан стрессддэг хүмүүс байдаг байна. Эдгээр хүмүүс доорхи хүнсний ногоон болон хоол хүнснээс Ц витаминаа авч болох юм.

Ц витамины агууламж өндөртэй жимс ногоо : аньс, гүзээлзгэнэ, лимон, илжгэн чих, жүрж, цэцэгт байцаа, цагаан цэцэгт байцаа болон жирийн байцаа.

Харин одоо Ц витаминыг хэрхэн хоол хүнсэндээ зөв хэмжээгээр тохируулан хэрэглэх тухай болон сонирхолтой мэдээллүүдийг хүргэе.

Ц витаминыг бид бүхэн өдөр бүр хүнсний ногоо болон салад зэргээр авч байдаг юм байна гэж бодвол бас эндүүрэл болох нь. Учир нь бидний ногооны саладанд хэрэглэдэг ногоон байцаа, сонгино, редиск, улаан лууван зэрэгт Ц витамин тун бага агуулагддаг байна. Харин дээр дурьдсанчлан өнгөт ногоон ургамалд ихээр агуулагддаг гэнэ. Монгол шиг хүнсний ногооны ангилал муутай оронд өнгөт ногоон ургамал гэхэд ойлгоход бэрхшээлтэй байж магадгүй. Япончуудын хэлдгээр өнгөт ногоон ургамал (緑黄野菜)гэдэгт нь хулуу, яншуй, улаан лооль, сармис, сармисны иш, базилик, цэцэгт байцаанууд, ногоон шар чинжүүнүүд гэх мэт багтдаг байна. Харин жимс жимсгэний хувьд төдийлөн бүх жимсэнд агуулагддагүй ба ихэнхдээ цитрус жимснүүд (исгэлэн лимон болон жүржний төрлийн жимснүүд ) -д агуулагддаг билээ. Хэдий тийм ч Ц витамины хэрэгцээгээ хангах гэж зорилгоор жимс ихээр идэх нь чихрийн шижингийн эхлэл болох ч тохиолдол байдаг юм шүү. Учир нь мэдээж жимсэнд агуулагдах чихрийн агууламжтай холбоотой юм. Ц витамин нь өөрөө тун эмзэг витамин бөгөөд хурдан исэлдэж, усанд амархан уусдаг бөгөөд халууны тэсвэр муутай витамин юм. Тиймээс дээрх хүнсний ногоонуудыг хэрэглэхдээ удаан хугацаагаар халуун усанд байлгах, буцалгах нь хүнснээс Ц витаминыг  нь устгачихдаг ба тийм хоол хүнс идэхэд Ц витамингүй хүнс хэрэглэж байгаатай ялгаагүй болдог юм шүү. Үүний нэг том жишээ бол халуун лимонтой цай юм. Тас халуун усанд лимон хийгээд удаавал Ц витамин нь үхчихдэг учраас ямар ч ханиадны эсрэг нөлөөгүй болж байгаа л гэсэн үг. Тэгэхээр халуун усанд удаалгүйгээр хурдан уух юм уу эсвэл бүлээн усанд лимоноо хийж уух нь илүү үр дүнтэй юм шүү.

Витамин Ц та бидний амьдрал ахуйд ямар их үр нөлөөтэйг тайлбарлахыг оролдлоо. Мэдлэгт дусал нэмэр гэгчээр эдгээрийг толгойдоо хийгээд авахад эрүүл амьдрахад тань жаахан ч гэсэн хэрэг болно гэж бодож байна. Дараагийн нийтлэлээрээ витамин Д -н тухай мэдээлэл хүргэе гэж бодож байна.

2014.5.29

 Б.Оргил

Эх сурвалж :

澤 賀津子 / 石田 けい 『ビタミンB・O・O・K』平成13年 Сава Кацүко / Ишида Кэи 『Витамины ном』2001 OH

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles
IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*