Улс төржсөн эдийн засаг

Эдийн засаг ч бай, улс төр ч, би чи бид өрөөлийн хийх ажлыг хийж байгаа нэрээр бусниулах булингартуулах гай төвөг болох гэдэг нь өнөөдөр бидэнд ямар их асуудал тарьж байна вэ? Аягатай сайхан халуун цай уугаад сууж байхад өөрийнхөө урдаа буй цайгаа хөргөж хаячихаад миний халуун цайг уух гээд байдагтай төстэй хэрэг л дээ. Манай улс төр хэрхэн зах зээлд эмх замбараагүй хутгалдаж, чөлөөт гэгдэх өнөөх эдийн засаг маань хэрхэн улс төржөөд байгааг ялгаж салгах хэрэг аль аль талдаа бий болж. Бидний нийгмийн хэлбэр хэв шинж гурван том сектор буюу бүтцээс бүрддэг. Төр, хувийн хэвшил, иргэний нийгэм. Гурвуул өөр өөрийн зорилготой, уялдаа холбоотой, бие биедээ хяналт тавьж, бие биенийхээ болоогүйг болгож, нөхөж, оёж “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гээд эргэлдэх учиртай.

 За тэгвэл олон нийтийн эдийн засаг буюу улс төрийн эдийн засаг гэж юу вэ? Нийгэм улс төрийн нийтлэл тул эдийн засгийн гүн онол ярилгүй, нэг талыг барин бичих хэдий ч хэт нэг талыг барих бас асуудалтай учир тодорхой хэмжээнд дурьдах хэрэг гарах болов уу.

 Зах зээлийн эдийн засаг гэдэг маань өрсөлдөөн. Ашгийн төлөө бялуу хувааж идэх өрсөлдөөн. Хэн нь бялуунаас том зүсэм идэх вэ гэдэг ерөөсөө л хамгийн том гол зорилго. Өрсөлдөөн хэрхэн явагдах вэ гэвэл тодорхой дүрмийн дагуу, түүгээ яг таг баримтлахгүй бол тоглоомоос хасагдана. Тэр дүрэм маань бидний мөрдөх үүрэг хүлээсэн хууль юм. Мэдээж өрсөлдөөн дунд, өөрөөр хэлбэл ашиг хонжоо хайгчдын ширүүн өрсөлдөөн дундаас арчигдсан мөн хэрхэв ч өрсөлдөж үл чадах, ер нь ч өрсөлдөх боломж түүнд анхнаасаа байхгүй хэсэг бүлэг хүмүүс бялууг холоос харан суух маш эмгэнэлтэй хэрэг учир энд төр гэдэг том сектор гарч ирнэ. Нийгэм тэр чигээрээ өрсөлдөөн бол өрсөлдөж байгаа секторууд анхаарлаа яавч хандуулах учиргүй (ашгийг тэргүүн эгнээнд тавина гэж үзвэл) ажлыг төр хийх үүрэгтэй. Төр маань бас бүрэн гүйцэд сайхан нийгэм бүтээх болов уу гэхээр бас эргэлзээ төрсөн учир иргэний нийгмийн сайн дурын сектор бүлэглэл үүсэх юм. Ийнхүү харилцан нөхөлцөж гурван том хэсэгт нийгмийн хэв шинж хуваагдан бүрдэнэ.

 Дээрх гурван томын нэг том болох “Төр” гэдэг зүйл өнөөдөр Монголд яагаад ажлаа сайн хийхгүй байна вэ гэдгийг онолдох гэж үзье. Төр гэдэг маань өнөөдөр дарангуйлагч хэлбэрийг аль эрт орхиж. Төр бол үйлчилгээний байгуулга. Улс маань гадаад улс оронтой дипломат харилцаа хийхэд төр маань л бидний өмнөөс хийж өгнө, эрүүл мэндийн салбар, халамж даатгал, аюулгүй байдал, цагдаа цэрэг, зам засвар, ус, тог, боловсрол, байгаль орчин, цахилгаан холбоо гээд түмэн ажил байна. Энэ бүхнийг заавал төр хийх ёстой юм уу? Бид нараас янз бүрийн татаас татвар аваад л хийдэг энэ зүйлийг хувийн хэвшилд даатгачихаж болохгүй юм уу? Төр ер нь байх хэрэг байна уу? гэвэл бас болохгүй болоод байна. Эрх чөлөөний улс Америкт л гэхэд эрүүл мэндийн салбар нь хамгийн үйлчилгээ муу, хувиарлалт шог салбарт тооцогддог. Дэлхийн хамгийн шилдэг технологи, эмчилгээний арга тэнд хөгжсөн хэдий ч хүн бүрт хүртээлтэй биш байдаг. Арга ядаад хорьдугаар зууны сүүлээс улсын нэрийн дор хэдэн эмнэлэг төр нь эзэмших болж. Нийт эрүүл мэндийн салбарт 20 хувийг л төр эзэмшилдээ байлгадаг гэнэ. Үлдсэнийг хувийн сектор болон ашгийн бус сектор бүрдүүлдэг. Харин Японд эсрэгээрээ 100 хувь улсын өмчинд байдаг байна. Япон Америкийг харьцуулбал эрүүл мэндийн салбар ард түмэндээ хүрч үйлчилж чадаж байгаа нь яалт ч үгүй Япон юм. Мөн Скандиновын улсууд, Европийн зарим улс мөн Австрали эрүүл мэндийн салбараа авч явж чадаж буй төрийн жишээг харуулж байна. Тиймээс яах ч арга үгүй төр PUBLIC олон нийтийн төлөө тэгш хэмтэй хувиарлалт хийх гэдэг асар том ажил хүлээж авч байна. Хувиарлалтыг ерөнхийд нь шууд болон шууд бус хэмээн ангилж болно. Шууд төрийн оролцооны нэг энгийн бөгөөд муухан жишээ нь халамжийн үрэн таран бодлого. Энэ асуудлыг шүүмжлээд л ирсэн, шүүмжилсээр ч байгаа би дээр нь олон юм яриад яахав. Хүрэх ёстой  хүндээ хүрч байна уу гэхээр үнэхээр хүрч байгаа юм. Гол нь асуудал юунд байна вэ гэхээр, бэлэн урсгал шууд бэлнээр хил даваад явж байгаа явдал юм. Үүний талаас илүү хувийгдотооддоо шингээн дахин эргэлтэнд оруулж байвал тийм ч тоогүй бодлого бас биш л дээ.

 Төрийн үйл ажиллагааны нэг том чиглэл бол, ашгийн төлөө буюу for-Profit сектор үйл ажиллагааны явцдаа хэд хэдэн удаа том бүтэлгүйтдэг. “Төр аливаа зах зээл, эдийн засгийн салбаруудын үйл ажиллагааг зохицуулахдаа хамгийн түрүүнд зах зээлийн зохицуулалтанд садаа болохгүй байх, “зах зээлийн бүтэлгүйтэл” гэх зүйл бодитойгоор болоод байгаа эсэхийг нягтлах, түүний дараа тухайн зах зээл, секторт бараг зохицуулалт хэрэгжих боломжтой эсэхийг сайтар нягтлан төрийн зохицуулалт хийх эсэх шийдвэр гаргах ба энэ нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хэрэгжих гэдгийг хатуу мөрдлөг болгох ёстой.” хэмээн ИЗННиргэний зориг ногоон нам-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсанаар Монгол хэлнээ тайлбарлагдсан ойлгомжтой хэсэг өгүүлбэр болох юм. Зах зээлийн бүтэлгүйтэл гэдэг маань эрэлт нийлүүлтийн граффик буюу Паретогийн граффик дээр үл дүрслэгдэх үзэгдэл учир бүтэлгүйтээд байдаг юм л даа.

1. Шудрага бус өрсөлдөөн монополи, олигополи 2. Эдийн засгийн гадаад асуудал (externality) 3. Мэдээллийн харилцан тэнцвэргүй байдал 4. Нийтийн өмч эрэлтэд нөлөөлөх нь 5. Бодитой бус, тодорхой бус байдал гээд олон жишээг татаж болно. Жишээ тус бүрт тайлбар хийвэл маш нурших шаардлага гарах учир Market Failure гэх холбоос үгээр англи хэл дээр дэлгэрүүлж унших хэрэгтэй болов уу. Монгол хэл дээр тодорхой тайлбар тун ховор олдоно.

 Энэ бүтэлгүйтэлд төр хэр хамаатай вэ гэхээр, олон нийтийн талыг төлөөлж буй учир нийтийн эрх ашгийн төлөө бүтэлгүйтлийн үр дүнг шийдэх хэрэгтэй юм. Манайд үүний олон тод жишээ бий болж байна. Хонгор сум, Улаанбадрах сум, Сүлжээний бизнес, Олигархи бизнес бүлэглэл гээд дурьдвал олон.

 Дээрх асуудал болон, үндсэн ойлголтын талаар суурь мэдээлэл өгсөний үндсэн дээр өнөөдөр бидэнд хамгийн хурцаар тавигдаж буй “ядуурал” гэдэг зүйлийг хэрхэн шийдэх талаар арга замыг залуус бид эрж хайх хэрэг байна. Ядуурал гэхээр танд ямар төсөөлөл бууж байна? Наад захын хэрэгцээгээ хангах чадваргүй, өвчин зовлонтой хүмүүс юм уу? Ядуурлыг хоёр аргаар тодорхойлж болно. Зайлшгүй ядуурал, харьцангуй ядуурал. Зайлшгүй гэдэг маань үнэхээр гарах гарцгүй мэт үгүйрэлд орсон хүн. Харьцангуй гэдэг маань тухайн нийгмийн дундаж эдийн засгийн үзүүлэлт, нийгминй хэрэгцээгээр харьцуулж гаргах зүйл юм.

 Бидний дунд орших ядуурал гэдэг ойлголт харьцангуй “шинэ” ойлголт хэмээн авч үзэж болно. Ардчилсан хувьсгал ялахаас өмнө ядуу хүн байгаагүй гэдэг. Одоо эргээд харахад бүгд маш ядуу байж ээ гэдэг. Гэтэл өнөөдөр бидний дунд ядруу ядуу гэх хүмүүс бага биш ихээхэн хувийг эзэлж байна. Аймшигт хар эргэлтэнд орохоос өмнө бид зогсоох учиртай. Хар эргэлт өнөөдөр дөнгөж эхлээд явж байгаа болов уу. Ядуу өрхөөс гарсан хүүхэд, түүний үргэлжлэл мөн ядуу хэвээр гэсэн хар бараан аймшиг хар эргэлт эхлэх юм бол шийдвэрлэхэд тун ярвигтай болох юм. Энэтхэг, Хятад, Африкийн улсуудын ядуурлыг шийдэх хэцүү байдгийн бас нэг учир нь энд байдаг. Шийдэх цорын ганц гарц гэж байдаггүй бололтой. Орон байрных нь асуудлыг шийдчихээд, одоо хоол хүнс, аюулгүй байдал, за дараагаар нь боловсрол  хэмээн хэсэгчилж шийдвэл хэзээ ч үр дүнд хүрэхгүй. Бүгдийг нэг дор асуудал бүрийг цогцоор шийдэж байж ядуурал өөрөө зогсоно.

 Төр хэт их эдийн засагтай хутгалдсанаас болж ийнхүү олон сөрөг үр дагаварыг гаргаж байна хэмээн би боддог. “Том төрөөс ухаалаг төр лүү” хэмээн Ц.Элбэгдорж ерөнхийлөгч зүгээр ч нэг популист яриа болгон хэлээгүй болов уу. “Төр нь баялаг руу дайрдаг улсад иргэд нь ядуу л байх болно. Төр өрмийг нь авдаг, иргэд нь хумсыг нь хамдаг байж болохгүй. Эдийн засаг өсөөд байгаа ч иргэд нь ядуураад байгаагийн нууц бол тэр өсөлтийг төр булааж авч буйд оршино” гэж хэлсэн эрхэм ерөнхийлөгчийн үгсээс ишлэл болгон задаргаа авч үзье. Мэдээж үүнд улс төрийн популист хэв шинж бүхий ПР буй. Гэхдээ энд хэлсэн хамгийн гол чухал хэсэг нь “…Тэр өсөлтийг нь төр булааж авч байна…” гэж. Аливаа зүйл байдаг бол шингэж алга болдог. Замхарч алга болох зүйл мөнгөний нэгжид даан ч байхгүй. Хаа нэг тийш ээ урсаад алга болсон байж таарах нь. Хаашаа вэ гадагшаа. Гадагшааг цааш задлах хэрэг алга. Гадагш урсах урсгалыг тогтоох нь чухал. Төр нь хууль эрх зүйн орчинг үйлчилгээний шугамаар ухаалгаар тогтоон гаргаж, зах зээлд нь даатган өгвөөс дотоодын эдийн засаг муудахгүй биш сайжрах учиртай. Эрүүл мэнд, боловсрол, халамжийн салбарыг шууд бус хувиарлалтаар хувиарлах юм бол үр дүн гуравхан сая ард түмэнтэй бидэнд дороо илт гарч ирэх болов уу?

Б.Тэлмэн
Кочи их сургууль

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles

Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*