Ургамал хэрхэн яаж хооллодог вэ?

Энэ удаагийн нийтлэлдээ ногоо тариалдаг, эсвэл ногоо тарих сонирхолтой хүмүүстээ зориулж бордооны талаар бичье гэж бодлоо. Ерөнхийдөө бордоо нь ургамлын хоол л гэсэн үг юм. Ургамал нь бордооноос өөрийн хэрэгтэй бодисыг шингээж аваад, өөрийнхөө бүтцэд оролцох бодисыг нийлэгжүүлнэ. Ургамлыг эсийн түвшинд харах юм бол та бидэнтэй бараг л ижилхэн уураг, нүүрс ус, өөх тос зэргээс бүрдэнэ. Бид эдгээр бодисыг органик хэлбэрээр шингээж авдаг бол ургамал нь органик бус хэлбэрээр шингээж аван нийлэгжүүлж, органик бодис болгон хэрэглэдэг байна. Ургамлын бие нь нүүрстөрөгч, устөрөгч, хүчилтөрөгч, азот, фосфор, кали, хүхэр, кальци, магни зэрэг ургамалд их хэмжээтэй хэрэглэгддэг макро элемэнт, маш бага хэмжээтэй хэрэглэгддэг микро элемэнт болох төмөр, манган, зэс, цайр, молибден, бор, хлор, никель гэсэн 17 элемэнтээс тогтоно. Ургамал болон эдгээр 17 элемэнтийн хэрэглээний талаар дурдъя.

  1. Нүүрстөрөгч, устөрөгч, хүчилтөрөгч
    Эдгээр гурван элемэнтийг ургамал нь нүүрсхүчлийн хий, ус хэлбэрээр шингээж аван, нарны энергээр химийн урвалд оруулан глюкоз буюу органик бодисыг нийлэгжүүлдэг байна. Энэ урвалыг фотосинтез гэнэ. Доорх зурагт харуулав.

2Ингэснээр ургамал нь органик бодисын анхдагч үйлдвэрлэгч болж та биднийг хоол тэжээлээр тэтгэдэг байна. Мөн энэ урвалаараа хүчилтөрөгч ялгаруулах тул агаарыг цэвэрлэж өгдөг урвал гэж хэлж болох юм.

2. Бусад макро элемэнт

  • Азот нь ургамлын уургийн найрлагад ордог элемэнт юм. Ургамал нь азотыг NH4+, NO3 хэлбэрээр хөрснөөс шингээж хэрэглэнэ. Азот дутагдваас ургамлын навчны өнгө нь бүдгэрч, үндэс нь уртасна. Ихэдвэл эсэргээрээ навч нь тод ногоон өнгөтэй болж, үндэс нь жижигрэнэ.
  • Фосфор нь ДНХ, РНХ зэрэг генийн мэдээлэл хадгалах бодис болон эсийг бүрхэн орших мембран бүрхүүлийн найрлага юм. Дутагдваас навчны өнгө нь тодорч үндэс нь уртасна. Муудвал навч нь нил ягаан өнгөтэй болно. Ихэдвэл навч нь шарлана.
  • Кали нь ургамлын анаболизм буюу сахарыг цардуул болгох, амин хүчлийг уураг болгох урвалыг тэтгэнэ. Кали дутагдвал доод талын навчнаасаа толботой болно. Мөн амархан вирус зэрэгт өртөн өвчилдөг болно.
  • Кальци нь эсийн ханыг бэхжүүлж ургамлыг илүү бат бөх байлгахад туслана. Дутагдвал тагжгар болж шинэ навчнаасаа эхлээд өвчилнө.
  • Магни нь ургамлын 20%-ийг эзлэх хлорофилын найрлаганд орох бөгөөд уургийн нийлэгжилд  туслана. Дутагдвал хуучин навчнаасаа эхлээд шарлана.
  • Хүхэр нь амин хүчлийн найрлага болох метионин, цистейний найрлаганд орно. Дутагдвал доод навчнаасаа хатаж, шарлана.

3. Микро элемэнт

  • Төмөр нь ургамлын олон төрлийн урвал явуулах энзимийн бүтцэд орно. Дутагдваас ургамлын навч шарлана.
  • Манган нь фотосинтезийн урвалыг явуулахад туслана. Дутагдвал навчны өнгө бага зэрэг бүдгэрч, ихэдвэл доод навчинд нь бор толбо үүснэ.
  • Зэс нь төмрийн адил ургамлын энзимэнд агуулагдана. Дутагдвал навчны өнгө бүдгэрч, цагираг үүсгэн дугуйрна. Мөн үрлэхгүй болно. Ихдвэл төмрийн дутагдалтай ижил шинж тэмдэг үүснэ.
  • Цайр нь нуклейн хүчлийн нийлэгжил болон задралыг тэтгэдэг байна. Дутагдвал шинэ навчных нь өсөлт муудна.
  • Бор нь эсийн ханыг бэхжүүлэхэд оролцоно. Дутагдвал ургамлын иш хорчийж амархан өвчилдөг болно.
  • Молибден, хлор, никель нь энзимын найрлагад орно. Маш бага агуулагддаг тул дутагдал бараг ажиглагддаггүй.

Ургамал нь эдгээр бодисыг ион хэлбэрээр газраас шингээж авдаг болохоор үрээ тариад усалвал, ургаад л гараад ирнэ. Энэ нь хөрсөнд дээрх бүх бодис агуулагдаж байгаа болохоор юм. Намар болж ургамал шарлаад унахад, хөрсөн дэх бактер, шавьж зэрэг нь үүнийг задалж эргүүлээд бодис болгон хөрсөнд буцаах тул дараа жил нь дахиад ургамал ургах боломжтой болно. Гэвч газар тариалан эрхлээд ургасан ургамлыг нь аваад байвал юу болох бол? Хөрснөөс шингээгдсэн бодис нь та бидний ширээн дээр ирж, хоол болсноор хөрсөндөө буцахгүй гэсэн үг юм. Тиймээс хөрсөн дэх тэжээл муудаж дараа жил тариалангийн ургалт, гарц муудна.

Тиймээс бордоо шаардлагатай болно. Бордоо нь химийн болон органик гэсэн 2 төрөл байдаг юм. Янз бүрийн мэдээллээс сонсоод байхад хүмүүсийн дунд химийн бордоо нь хортой, аюултай, хэрэглэж болохгүй гэж үзэх хүн цөөнгүй байдаг бололтой. Энэ хоёрын ялгаа нь тухайн бордоо нь хөрсийг тэжээхдээ органик байдлаар уу эсвэл органик бус байдлаар уу гэдэг л байгаа. Химийн бордоогоор бордож байгаа тохиолдолд ямар бодисоор, хэр хэмжээтэй хэрэглэхээ зохицуулж чадах тул ургамал болон хөрсний талаар мэдлэгтэй хүний хувьд ашигтай байдаг биз. Органик бордооны хувьд бүх төрлийн бодисыг нэг дор өгж чадах болон хөрсөн дэх бичил биетнийг тэжээдэг тул хөрсийг илүү шим тэжээлтэй болгоно. Мөн амархан хийж болно гэсэн сайн талтай юм. Нүх ухаж байгаад дотор нь малын өтөг бууц, хоолны үлдэгдэл зэргийг хийж байгаад шороогоор булан битүүлнэ. Тэгээд орхивол хөрсөндөх бичил биетэн дотор нь ороод задлаад боловсруулаад өгнө. Гэхдээ органик бордоо хийжийнэ гээд боловсруулаагүй өтөг бууц хэрэглэх нь эсэргээрээ хөрсөнд муугаар нөлөөлөхийг анхааруулъя.

3Бордооны асуудлыг энэ хүргээд, байгаль орчны тал дээр бага зэрэг дурдъя. Ургамал нь хөрсөн дэх шим тэжээлийг шингээж, шингээсэн ургамлыг нь авчихаар уг шим тэжээл буцахгүй болно. Тиймээс хөрсний шим тэжээл муудна. Үүнтэй яг ижил үзэгдэл мал аж ахуй дээр яригдана. Хээрийн хөрсөн дэх шим тэжээл өвсөнд шингээгдэж, түүнийг нь үхэр мал идээд, тэрийг нь бид иднэ. Тэгэхээр жил ирэх тусам хээрийн өвс тагжийж, цөлжилт газар аваад байгаа нь аргагүй ч юм шиг. Олон жил шим тэжээлээ соруулсан Монголын хөрс шим тэжээлгүй болж, ургамал нь ургахаа больсны улмаас цөлжилт газар авч байж ч болох юм. Тиймээс газар тариалангийнх биш байсан ч хөрсөндөө шинжилгээ авч үзсэн нь дээр бизээ.

Үүнтэй яг ижилхэн асуудал Улаанбаатар хотод дурдагдана. Нэг хэсэг сургуулиараа баахан зэрлэг зулгааж байгаад, нэг дор нь бөөгнүүлж байгаад шатаадаг байсан, сүүлийн үед зэрлэг нь ч харагдахаа болиод, ямар ч ургамал ургадаггүй тоос боссон л газар болжээ. Аргаа барсан хүмүүс нь гол горхины сав газраас ургамлыг хөрстэй нь авиачаад тавьчих юм. Ямар ч асуудлыг өнгөн дээр нь л шийдвэрлээд орхих юм. Миний бодлоор хөрснөөсөө эхлээд шинжлээд, тэндээсээ эхлээд асуудлыг шийдвэрлэвэл арай л өөр зүйл хийх байсан бизээ.

Ө. Нарандулам

2014.6.6

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*