Тарган уу, туранхай юу гол биш!

 Зургаадугаар сар улс төрийн хүрээнд жинхэнэ утгаараа чимээ шуугиантай, яриа хөөрөөтэй, “маргаантай” сар болж байна. Юу болоод байгааг ойлгомжтой тайлбарлаад хэн нь, аль нь буруу бас юу нь зөв зүйтэй вэ гэдгийг ялгаж салгах цэгцтэй, зөв логик гаргалгааг залуус бид хийх шаардлагатай. Хэн нэгний хэдхэн үгийг дагаад зоргоор дарвиж болохгүй.

 Үндсэндээ бол “төмөр зам”-тай холбоотойгоор хаанаас ямар шуугиан эхэлсэн бэ гэвэл Го.Бадарч гуайн найруулсан Б.Батзориг гуай түүхийн талаас бичиж, Х.Баттулга гишүүн ерөнхий зохиолыг нь бичсэн “Зуун Чухал Сэдэв – Тусгаар тогтнол” нэвтрүүлгээс эхтэй. Үүний дараагаар “масс” хоёр талд шууд хуваагдсан. Нэг талд ийм утгагүй, балай нэвтрүүлэг хийж ард түмэн хагаралдууллаа гэж дургүйцсэн хэсэг бүлэг, нөгөөтэйгүүр муусайн Хятадууд, үндэсний аюулгүй байдал минь гэж уулга алдсан нэг хэсэг. Мөн нөгөө талд нарийн ч бай бүдүүн ч бай ялгаагүй дээ гэсээр холоос ажиглаж суугаа хэсэг бүлэг цөөнх ч бий.

 Нэвтрүүлгийн хувьд муу хэлэлтгүй, судалгаа сайтай сайн нэвтрүүлэг болсон. Яг үнэнийг яриад байгаа юм шиг үнэхээр сайн хийсэн. Түүн дотор зарим нэг мэдүүштэй түүхийн болоод шинжлэх ухааны гаргалгаа цөөнгүй байлаа. Суралцууштай! Гэтэл түүхчид түүхийг хэт гуйвуулан ярих нь хэр зөв асуудал вэ? “Богд хааны үед төмөр замын лут бодлого байсан гэнэ. Ямар юмных нь бодлого байсан юм ?! Тэд чинь анх удаа галт тэргэнд сууж үзсэн хүмүүс. Их л сайндаа ямар лут юм бэ гэж л бодоо биз.” гэж судлаач Д.Ганхуяг гуайн хэлдэг үнэн. Үүний дараагаар Го.Бадарч гуай Л.Мөнхбаясгалан тоймчийн 2-р суваг телевизээр “Цензургүй яриа” ярилцлагад оролцож байдлыг илүү баттай сэтгэл хөдлөм болгож, сэтгэл зүйн тоглолт хийлээ. Го.Бадарч гуай “эрэн сурвалжлах сэтгүүл зүй” байсан болохоор л би энэ үйлд оролцсон гэж хэлсэн. Үнэхээр эрэн сурвалжлага сэтгүүл зүйн хэм хэмжээнд мэдээллийг чанартайгаар дэлгэн гаргасан болов ч нэг талыг хэт барьсан байсан нь “алдаа” байлаа. Сэтгүүл зүйн үндсэн зарчим бол тэнцвэртэй мэдээллийг хүргэх байдаг. Эсрэг талын дүрийг дайсан мэт харуулснаар Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан Д.Дамба гуай хөгийн амьтан болон хувирч гомдолтойгоор “Би улстөрчдийн биш уурхайчдын өмнөөс ярьдаг” гэж шуугианы дараахан ярилцлага өгч. Би эдгээр хүмүүсийг аль аль талдаа муу муухай зүйл ярьсан гэж огт бодоогүй. Үнэхээр үнэний ортой, бодит асуудлыг “өөрсдийн” талаас гаргаж тавьсан. Эрдэмтэд, судлаачид эх орныхоо төлөө гэсэн зүрх сэтгэлтэй гэдэг нь харагдсан, амтагдсан. Гэхдээ угаас манайхны цусанд байдаг “новшийн Хятад ална аа” гэдэг үзэл дээр тулгуурлан улс орныг хагаралдуулж байгааг та зөв гэж бодож байна уу? Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч гэсэн цаг орчим энэ талаар Х.Баттулга гуайг хажуудаа суулган ярина билээ. Ярьсан ярианы хувьд бол бага зэрэг нуршсан ч оновчтой хэлсэн зүйл олон байсан.

 “Урд хөрш рүү чиглэсэн төмөр зам нарийн царигтай байж болохгүйн албан ёсны шалтгаан нь Монголын баялгийг хяналтгүй урсаж одохоос хамгаалж буй юм байна. Чухам л өргөн царигтай байж гэмээ нь удирдлага хяналттай болох юм байх” гэж аль 2013 оны нэг сард  Б.Сарнай нийтлэлч Баабар.мн-д царигийн талаар их л шүүмжлэлтэйгээр бичиж байсан байх юм. Бүдүүн нарийн хоёрын хооронд хэдхэн миллиметрын асуудал байдаг биш бололтой. Нэг талаараа Х.Баттулга гуайн ярих Сайншанд дахь аж үйлдвэрийн парк барих төсөл, тэнд бүх баялгаа нэг цэгт цуглуулан нэмүү өртөг шингээж дэлхийн зах зээлд нийлүүлэх төсөл их амттай, сайхан л сонсогдож байгаа юм. Бодитоор харвал аж үйлдвэрийн парк барихад дор хаяж 10-н жил, асар их хөрөнгө оруулалт мөн хамгийн чухал нь түүнд таарсан “нөхцөл” хэрэгтэй. Энэ том аж үйлдвэрийн паркийг барих нөхцөл бүрдсэн үү? Хүнд үйлдвэрүүд усыг жинхэнэ үрэн таран хийдэг салбар. Сайншанд бол энэ шаардлагыг нэгдүгээрт ерөөсөө хангаж чадахгүй! Хэмжээг цар хүрээгээр харьцуулбал дөрвөөс таван Эрдэнэт хотын дайтай юм болох гээд байна аа даа? Тийм хэмжээний ажиллах хүч манайд байгаа болов уу, яадаг бол. Эрдэнэтэд лав 5967 хүн ажилладаг. Тэгвэл шинэ аж үйлдвэрийн паркад ойролцоогоор 30,000 хүн хэрэг болох нь ээ дээ? Ажиллах хүч Их Хянганы нуруунаас өмнө зүг байрлах тул угаас үзэн ядах “эрхэм” ажилчид ирж ажиллах нь лавтай. Ажилчид ч яахав боллоо гэж бодъё. Түүнээс ч чухал асуудал нь барих мөнгө байна уу? Манай гадаад өр 2013 оны гуравдугаар улирлын байдлаар 19 тэрбум доллар болсон. Өрөө яая гэж байдаг, тэгсэн хотын захаар нэг ядарсан ард иргэдтэй, хөдөө орон нутагт байгаа хүмүүсийг бол бүр яриад ч нэмэргүй. Ахиад зээл авах уу? Хэрэггүй байлгүй дээ. Хөрөнгө оруулагчид зугтсан, арга мухардсан. Тийм ч учраас популистууд мөнгө босгох аргаа олон талаас бодоод байх шиг байна. Аж үйлдвэрийн парк барихад яагаад холимог царигтай байж болдоггүй юм бол? Яагаад заавал Сайншанд юм бол? гэсэн маш том эргэлзээ надад бий. “Үйлдвэр, эрчим хүч, орд, зам зэргийг нийлүүлж байж боддог, тооцдог болохоос замыг дангаар нь зурдаг тэнэг юм гэж байхгүй” гэж судлаач Д.Ганхуяг гуай маш ширүүн хэлсэн. 2012 оноос хойш манай төр хоёр ч том алдааг гаргасан болохыг НҮБ-ын эдийн засгийн асуудал хариуцсан ажилтан Ц.Батболд гуай тодотгосон. Их энгийн л зүйл бөгөөд нэгдүгээрт дэлхийн зах зээлийн эрэлтийн мөчлөгийг дагах биш эсрэг үйл ажиллагаа явуулах хэрэгтэй байж, хоёрдугаарт макро эдийн засагт тэлэх биш эсрэгээр нь хумих бодлого барих ёстой байжээ гэдгийг дурьдсан. Тус дүгнэлт бол  шуугиан дэгдэхээс хамаагүй өмнө  буюу энэ оны 1-р сард шүү дээ!

 Долоон зам зэрэг бариад баялгаа юу юу үгүй сүр сар ууттай элс цоолж байгаа мэт урсгаад бол хэрэггүй. Бодит байдал дээр тийм амархан урсгаж ч чадахгүй! Оронд нь шат дараалалтай байх хэрэгтэй. Таван Толгойгоо ч юм уу аль нэгийг нь стратеги төлөвлөгөөтэйгөөр нарийн царигаар юу ч гэсэн холбочихъё л доо. Яахав мөнгө олъё. Гадаад өрөө дарая, ядарснаа тэтгэе, хувиарлая, цалин тэтгэвэр нэмье. Тэгээд аж үйлдвэрийн паркаа барьцгаая гэдэг дээр одоо харин ярьж болж байна. Харин үлдсэн хэдэн уурхайгаа урагш шууд шууд холбох уу, нэг цэгт нийлүүлэх үү гэдэг нь дараагийн асуудал. Харин энэ чухал үед “лай” болоод байгаа ашиг сонирхлын зөрчлөө хойш тавих хэрэгтэй. Давхар дээл л гэнэ, дан дээл л гэнэ, хүн төвтэй хэрүүл одоо дуусмаар. Түүнээс гадна геополитикийн дайн, танк зөөгөөд учиргүй эзлэгдчих гээд байгаа талаар сэнсаци болгон ярих ямар ч хэрэг байхгүй. Олон нийт түүнийг нь бадраан улам дэвэргэх дуртайг нь яана. Тэр муу хятад л гэнэ, хольцтой л гэнэ, найруулгатай л гэнэ. Хүн, танк яахав ээ, цаана чинь бодлого гэж том юм байна.  Энэ бүгд маань маш “буруу” хийрхэл юм. Ц.Бат гуай  “Эх орончдод өгөх зөвөлгөө” өгүүлэлдээ “Хамаг ажлыг хятад, хамаг бодлогыг гадаад зөвлөхүүд, хамаг цалинг мөн л тэд аваад байхад яахаараа Монголчууд бид бурууддаг байнаа гэх асуулт гарах нь гарцаагүй. Хариулъя. Зах зээлийн хатуу хууль биднийг хүссэн хүсээгүй харийн хараат болгоод байна.” гэж бичвэрийнхээ эхэнд өгүүлдэг. Цааш нь залуус дэлгэрүүлэн уншаасай.

 “Таван Толгой гоожоод дуусах аюул бий юу? Байгаа. Гэхдээ нэг тоог бодоорой. Монгол Улс жилдээ хамгийн дээд талдаа 20 сая тонн нүүрс гаргаж байсан түүхтэй. Түүнийг 30 сая болгоод зөвхөн Таван Толгойн 6.5 тэрбум тонныг зөөхөд наад зах нь 200 жил шаардлагатай. Эхний үед орж ирсэн мөнгийг бид ухаалгаар зарах л үүрэгтэй.” гэж Ч.Ганхуяг гуай фейсбүүк хуудастаа бичсэн. Уул уурхайн баялгийн үр өгөөж хаана хэнд байх ёстой юм бэ. Баялгаар тэтгэгдсэн “азтай” улс орнууд үүнийг тэгш, замбараатай хувиарлалт хийхийг хүсдэг ч тэр болгон хүсэл биелээд байдаггүй нь харамсалтай. Латин Америкийн олон ч улсын баялаг өнөөдрийн Европыг бүтээж өгсөн. Мэдээж бид Африкийг мартаж үл болно. Гэвч Австрали, Канад суурь бааз бодлого сайтай улсууд өөрсөддөө ач тусыг нь хүртэж чадсан түүхтэй. Тэгвэл  Монголд? “Олсноо хил давуулаад шидэхэд л урдаас ууттай мөнгө давуулаад л шидэх эдийн засгийн таатай гадаад орчин дэлхий дээр 2012 он хүртэл үргэлжилж билээ. Бид олборлосон баялгаа хил дээрээ яаж хүргэх талаар маргалдсаар, мэтгэлцсээр, цэцэрхсээр, хийрхсээр бараг л баялгаасаа ч илүү үнэтэй ховор цаг хугацаагаа хийсгэн алдаж орхив.” гэж Ц.Бат гуай “Эрлийз цариг” гэсэн нийтлэлдээ мөн дурджээ. Дэлхийн хэмжээний том том ордууд Өмнөговь аймагт бий. Гэвч энэ янзаараа улс төрийн болоод санхүүгийн тогтворгүй байдалтай, хувийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьсан төртэй байхад төмөр зам “тарган” ч бай “туранхай” ч бай  ашигт үйлийн коэффициент ТЭГ байх вий! Аж үйлвэрийн парк барьсан байлаа ч олборлолт дуусах үед цаашид ард иргэд нь амжиргаатайгаа, амьдралтайгаа, байгальтайгаа үлдэх тэр системийг бид давхар тооцоолох нэн шаардлагатай. Эс тэгвэл орон нутаг хоосорч Өмнийн сайхан говь нутаг маань өм цөм нутаг болно. “Оюу Толгой” ажилчдаа хуу хамахад хэчнээн хүн хот руугаа буцаж ирсэн билээ? Иргэний агаарын тээвэр нь хүртэл дагаад “ойччихдог” ийм л хэврэг байхад  баялаг байгаад ч яах юм гэж бодогдох.

 Гэвч баялагтай байснаараа заавал хохирох ёстой гэсэн үг биш. Иймээс л бид сонголт хийхээс өөр аргагүй байдалд ирчихээд байгаа юм. Тэгэхээр юу гээч? Хоёр царигийг харьцуул гэх юм бол би лав “эхний ээлжинд” өргөнөөсөө илүү нарийн нь ашигтай гэж хэлмээр байна. Төмөр зам, үйлдвэр, баялаг, хэрэглэгч, эрчим хүч гэсэн цогц бодлогоо тодорхой дэс дараатай, төлөвлөгөөтэй, өргөн нарийнаа зохицуулах том бодлого шаардагдаж байна. Арга ядахдаа аль нэг уурхайгаа юу ч гэсэн шууд холбоод жоохон хөрөнгөжиж, макро эдийн засгаа тэлэх биш тогтворжуулж, банк санхүүгээ дархлаатай болгочихоод улсын хэмжээний өргөн, босоо тэнхлэг барихаа ухаалгаар шийдмээр санагдах юм. Мэдээж уншаад өнгөрөх шиг энэ зүйл маань амар, хурдан хэн нэгний хэлснээр шууд болчихдог зүйл биш.  Гэхдээ эх орноо хөгжүүлэхийн тулд бид энэ бүхнийг яриад байгаа биш гэж үү?

 Би бүх хүмүүсийг улс орныхоо төлөө гэсэн сэтгэл зүрхтэй гэдэгт “аймшиггүйгээр” итгэдэг. Гагцхүү олон талаас нь л хараад байгаа юм. Шуудайнд хийсэн эвэр шиг “би” гэсэн омголон бодлоор л хандаад байгаа юм. Бүдүүн цариг тавьлаа гээд тэд нар муу хүн болчихгүй, нарийнийг тавьлаа гээд ч тэд новш болчихгүй. Тусгаар тогтнол, муусайн Хятадууд гэсэн талаас нэг нь харж байна, эдийн засгийн үр ашгаа бодоод мөнгөтэй болчихъё гэж нөгөө нь харж байна. Шийдэл нь л өөр байгаа биз? Бүр тодруулбал бид нэг ижилхэн шоог зургаан өөр талаас нь л хараад байна. Мэдээж олны дуу хоолой чухал. Тиймдээ ч залуусын дунд үүнийг ярианы гол сэдэв, мэтгэлцэх, анхаарах асуудал болгон оруулж ирсэн уг нэвтрүүлэгт талархах нь зүйтэй. Гэвч шоог зөв талаар нь буулгаж ялахын тулд бид анхнаасаа ямар тоон дээр тогтохоо баг дундаа шийдэх хэрэгтэй байна. Яг одоогийнх шигээ, хэлэлцэж, хэлэлцүүлж, мэтгэлцэж, маргалдах хэрэгтэй байна. Гэхдээ залуус аа! Хүн төвтэй бус “бодлого”, рационал, цэгцтэй сэтгэлгээгээр эвтэй найртай маргаан хийе л дээ. Нэг баг ийм л байдаг биз дээ?

Б.Тэлмэн
Кочи их сургууль

Ашигласан материал:

2014.6.20 “Зуун Чухал Сэдэв – Тусгаар тогтнол” https://www.youtube.com/watch?v=X386vXt2ecQ
2014.6.23 Л.Мөнхбаясгалан “Цензургүй яриа”- Го.Бадарч https://www.youtube.com/watch?v=oaXClcOy6Rg
2014.6.26 Д.Ганхуяг Үйлдвэргүй зам http://ganaa.mn/2014/06/26/akfishsh/
2013.1.21 Нарийн царигийн өргөн ач холбогдол Б.Сарнай http://www.baabar.mn/content/4759.shtml
2014.1.12 Jargal de Facto – Ц.Батболд https://www.youtube.com/watch?v=PAfZfsl66b4#t=84
2014.6.22 Ц.Бат “Эрлийз цариг”  http://batengineer.blogspot.jp/2014/06/blog-post.html
2014.6.28 Ц.Бат  “Эх орончдод өгөх зөвөлгөө” http://batengineer.blogspot.jp/2014/06/blog-post_28.html
2014.6.25 Ц.ЭЛБЭГДОРЖ, УИХ гишүүн Х.Баттулгатай уулзав http://youtu.be/t3MqSl1Agr4
2013.5.16 Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилчдын тооны эх сурвалж http://mn-nhrc.org/index.php?newsid=5351
2014.6.23 Д.Дамба: Би улстөрчдийн биш уурхайчдын өмнөөс ярьдаг http://economy.news.mn/content/182883.shtml
Зургийг http://www.keepcalm-o-matic.co.uk/p/keep-calm-and-think-rational/

2014.6.30

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles

Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*