Детройт хот – The Motor city

АНУ -ын Детройт хот гэхээр хүмүүс андахгүй биз. Миний хувьд нэгэн цагт дэлхийн авто машины төв байсан энэ хотыг Эминэмийн өссөн газар гэдгээр нь л мэддэг байлаа. 1950 -иад онд энэ хот жинхэнэ цэцэглэн хөгжиж байсан юм билээ. Харин саяхан буюу 2013 оны 7 дугаар сард энэ хот дампуурлаа зарлав. Энэ хотод яг юу болсон бэ гэдгийг өөрийнхөө хэмжээнд тайлбарлах гээд үзье.
Женерал моторс, Крайслер, Форд зэрэг дэлхийн аварга том автомашинуудын компаний өлгий нутаг гэгдэх энэ хот нь 1950 оны үедээ автомашины дэлхийн төв байсан байгаа юм. Тухайн үедээ хотын оршин суугчид нь 1.8 сая болж оргил үедээ хүрч байсан бол өнөөдөр энэ хотод 700.000 хүн амьдарч байна. Өнөөдөр ч гэсэн оршин суугчид нь хотоо орхин гарсаар байгаа. Гэмт хэргийн гаралт, ажилгүйдлийн түвшингээрээ АНУ -даа тэргүүлэх эгнээнд явна. Форбес сэтгүүлийн гаргадаг АНУ -ын хамгийн аюултай хотуудыг 4 жил дараалан тэргүүлсэн нь гэмт хэрэг ямархуу түвшинд байгааг харуулж байгаа бизээ. Youtube.com -д Детройт хотын талаар хийсэн баримтат кино сэлт зөндөө байдаг юм байна. Боловсролын салбарын үзүүлэлт нь АНУ -даа хамгийн бага гэх мэтээр жинхэнэ сүйрч байгаа газар байна лээ.

Тус хот нь 1950 -иад оны үеэс эхлээд санхүүгийн алдаатай бодлогуудыг хийсээр ирсэн байна. Хотын удирдлагууд төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд шинэ шинэ татварын бодлогуудыг гаргаж ирж байсан. Төсөвтөө мөнгө хуримтлуулахын тулд 1971 оны үнэт цаасны татвар, 1999 оны казиногийн татвар гэх мэт татварын бодлогуудыг шинээр гаргаж ирсэн ба мөн олон янзын татваруудын хувь хэмжээг нэмсэн нь ямар ч үр дүнд хүргээгүй. Харин ч эсрэгээрээ хотын оршин суугчдад дарамт үүсгэж гадагш нүүх болон бизнес эрхлэгчдийг хаалгаа барьж хотоос гарахаас өөр аргагүйд хүргэсэн байна. Үйлдвэрүүд хаагдаж эхэлсэнээр ажилгүйдэл үүссэн. Мөн тэтгэвэр, цалингийн урамшуулалд маш их мөнгө буюу 1 тэрбум ам.долларыг зарцуулж байсан нь тухайн хотын хэт үрэлгэн байсныг харуулж байгаа юм. Хотын удирдлагууд их хэмжээний төсвийн алдагдлыг бууруулахын тулд усны хоолой хийх болон ус зайлуулах хоолой барих төслийн хүрээнд 2012 онд 6 тэмбум ам.долларын бонд гаргасан байна. Энэ нь хотын өрийг 8 тэрбум доллар буюу 2 дахин их болгосон байна. Үндсэндээ энэ хот нь одоогийн 8 тэрбум, ирээдүйд бий болох тэтгэвэр болон өндөр настны халамж, бондын хүү гэх мэтээс болоод 18 -20 тэрбум ам.долларын өртэйгээр дампуурлаа зарлажээ.

Орхигдсон байшин ба цаад талд нь харагдах Женерал Моторс компаний төв оффис. Наана харагдах орхигдсон байшин Детройтод 10.000 -аас илүү байдаг гэнэ дээ.

Өнөөдөр тус хотын татварын орлого нь 1963 оны зөвхөн үл хөдлөх хөрөнгөнөөсөө авдаг байсан татварын хэмжээнд ч хүрдэггүй юм байна. Домог мэт яригдах хойд америкт ч хүртэл ийм юм байх л юм даа. Хот дампуурч байна гэхээр нэг л сонин санагдсан учраас үүнийг бичиж байгаа минь энэ. Төсөвт нь мөнгө байхгүй учраас ажилчид гэж байхгүй, бүр ажлаа явуулъя гэсэн ч цаас байхгүй гэсэн итгэмээргүй зүйл сонсогдох. Өнөөдрийн байдлаар хотын оршин суугчдын 73 хүн тутмын нэг нь л ажилтай байна гэнэ шүү. 60 -хан жилийн өмнө Америкийн бэлгэ тэмдэг хотуудын нэг байсан энэ хот нуран унасан нь ганцхан өр ч биш олон шалтгаантай байгаа нь мэдээж. Гэхдээ улстөрчдийн өнөө маргаашдаа хүнд таалагдаж байвал болох юм шиг үзэл нь эцсийн эцэст бүхэл бүтэн хотыг дампууруулж байна. Татвараа нэмэгдүүлж төсөвтөө их хэмжээний мөнгө хураана гэсэн горьдлого, үл хөдлөх хөрөнгөний хамгийн өндөр татвар зэрэг нь хөрөнгө оруулагчид болон үйлдвэрлэл эрхлэгчид зэргийг хөөж гаргасан. Манайх энэ түүхийг давтахгүй л байх. Гэхдээ ийм юм болоод өнгөрснийг бид мэдэж л байх хэрэгтэй.

Т.Цэлмэг
Оберин их сургууль
2013-10-31

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles

Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*