Мухар олгой хэрэггүй эрхтэн гэж үү?

Мухар олгойн цочмог үрэвсэл гэвэл манай Монголчууд бараг л анддаггүй билээ. Зун болоод самар их идэхээр 2 төрлийн өвчин их дэлгэрдэг билээ. Нэг нь мэдээж алдарт шар, нөгөө нь мухар олгойн үрэвсэл. Мухар олгой нь хоолны харшил болон цагаан хорхой, мухар олгойд гадны биет орох, ходоод гэдэс цөсний өвчний үед цочирдох(1) зэрэг шалтгаанаар үрэвсдэг байна. Манай уламжлалт нэг арга байдаг гэж сонсож байсан ч дэлхий даяар нэг л эмчилгээний аргатай ба тэр нь мэс заслын аргаар хэрчиж авах. Түргэн хугацаанд тасдаж авахгүй бол идээ үүсч хүнд хэлбэрийн цочрол өгдөг тул үүнээс өөр эмчилгээ байдаггүй байна. Ер нь тасдаж авлаа гээд ямар нэгэн асуудал үүсдэггүй бөгөөд, харин ч ямар учраас ийм эрхтэн хүний биед байгааг анагаах ухаан өдийг болтол гайхсаар иржээ. Тэгвэл мухар олгойн ач холбогдлыг бага багаар ойлгосоор ирж байна.

Мухар олгойн үрэвсэл нь маш хүчтэй өвдөлтийг үүсгэдэг. Хэрчиж авахгүй бол хагарах аюултай. Мухар олгой гэдэг нь бүдүүн гэдэсний үзүүрт унжиж байрладаг 5-10 см урттай эрхтэн юм. Өвсөн тэжээлтэн амьтдад бол ургамлыг боловруулж задлах зорилготой бактерийг тэжээж, тэр бактер нь хоол буюу өвс ургамлыг задалж өгдөг байна. Гэвч, хүний биеийн хувьд энэ бүх хугацаанд ямар ч үүрэггүй эрхтэн байсаар иржээ.

Гэтэл, 2014 оны 4 сарын 10нд нийтлэгдсэн “nature communications” сэтгүүл дээр энэхүү олон жилийн бодлыг няцаасан хариуг Осака их сургуулийн анагаах судлалын тэнхимийн профессор Киёши Такэда болон түүний судалгааны баг гаргажээ.

  • Гэдсэн дэх бактерийн тэнцвэрийг хадгалагч мухар олгой

Киёши Такэда нарын судалгааны баг нэгэн туршилтыг хийсэн байна. Мухар олгойг нь авсан хулгана ба аваагүй хулгана 2-ийг харьцуулжээ. Тэгтэл, мухар олгойг нь авсан хулганы гэдсэнд, гэдсэн дэх бактерийн өсөлтийг бууруулдаг IgA гэдэг эсрэг биеийг (эсэргүүцэгч бие) үүсгэдэг IgA үүсгэгч эсийн өсөлт муу байгааг анзаарчээ. Мөн, мухар олгой нь энэхүү IgA эсрэг биеийг үүсгэгч эсийг төрүүлдэг эрхтэн бөгөөд энэхүү эсрэг биет нь нь бүдүүн болон нарийн гэдэс рүү шилждэг гэдгийг олж мэджээ.

Ерөнхийдөө IgA эсрэг бие нь гэдсэн дэх бактертэй нийлэн, зарим нэг бактерийн өсөлтийг зогсоосноор, гэдсэн дэх бактерийн тэнцвэрийг хадгалдаг үүрэгтэй юм байна. IgA нь өсөхөөс нь өмнө мухар олгойг нь тасдсан хулгана ба тасдаагүй хулгана 2 дээр туршилт хийхэд ийнхүү том ялгаа гарчээ.

Хүний гэдсэнд гэхэд 1000-аас олон бактер оршин байдаг. Бүдүүн болон нарийн гэдсэн дэх бактерийн тэнцвэр нь хадгалагдаж байж сая нэг эрүүл байдаг. Гэтэл, аливаа нэгэн бактер нь хэт өсөх зэргээс шалтгаалж бактерийн тэнцвэр алдагдсанаар, хоолны хордлого, таргалалт, гэдэсний үрэвсэлт өвчин зэрэг үүсдэг байна.

Мухар олгойн дотор IgA эсрэг биеийг үүсгэхэд шаардлагатай эсүүд цугларсан Lymphatic tissue (Монголоор тунгалаг булчирхай гэх болов уу?) байдаг. Үүн дотор IgA биеийг үүсгэхэд шаардлагатай эс болон гэдсэн дэх бактерийг цуглуулах зэрэг үйлчлэл явагддаг байна. Мухар олгой дох бактерийн бүтэц нь бүдүүн гэдсэн дэх бактерийн бүтэцтэй илүү ойролцоо байгааг мөн анзаарчээ. Үүнээс үүдэж, мухар олгойн тунгалаг булчирхайд IgA нь нэн ялангуяа шаардлагатай гэгддэг бүдүүн гэдэснээс мэдээлэл ирдэг гэсэн таамгийг дэвшүүлж байгаа юм байна.

№

  • Гэвч аль хэдийн авхуулчихсан бол?

Аль хэдийн олгой нь үрэвсээд (манайхан ургаад ч гэдэг) авхуулчихсан бол яах вэ? Тийм хүмүүс энэ удаагийн бичвэрийг уншаад төдийлөн санаа зовох хэрэггүй бололтой. Одоогийн байдлаар авхуулчихсан байлаа гээд, муу нөлөөтэй гэж ШУ нотолчихоогүй л байна. Такэда багш хэлэхдээ “Мухар олгойг тасдсан ч гэсэн, тасдахаас өмнө нь IgA-ийн үүсгэгч эс нь гэдсэн дотор байгаа гэж бодогдож байна. Айхтар нөлөө бол байхгүй байх. Нэгэнт мухар олгой нь үрэвссэн тохиолдолд авхуулчихсан нь л дээр гэж бодож байна” гэжээ. Ямартаа ч мухар олгой нь зүгээр нэг хэрэггүй олгой биш, хэрэгтэй нэгэн эрхтэн юм байна…

Хэрэглэсэн материал
1. http://emch.mn/blog/2014/03/10/muhar-olgoi/
2. Newton сэтгүүл, 2014 оны 6-р сарын дугаар

Зураг
http://www.webmd.com/digestive-disorders/picture-of-the-appendix дээрх зургийг өөрчилсөн.
http://www.reasons.org/articles/the-human-appendix-what-is-it-good-for нийтлэлийн зураг

И. Өгөөмөр

2014.07.25

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles

IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*