Үндэсний нийт аз жаргалын индекс

Хүн төрөлхтөн үүсч мэндэлсэн цагаасаа эхлэн баялаг хэрхэн бүтээх, бий болгоход суралцсаар ирсэн билээ. Илүү их баялгийг бүтээж илүү баян эдийн засгийг цогцлоон бий болгох нь хүн бүрт аз жаргал авч ирэх алтан дүрэмд тооцогдсоор ирсэн билээ. Эдийн засгийн хөгжил ямагт нэгдүгээрт тавигдаж, түүнийг урагшлуулж хурдасгахын төлөө маш их зүйлүүдийг золиосонд гаргахаас буцахгүй, золиосонд гаргасаар ч ирсэн билээ. Нэгэн цагт хүн төрөлхтөн баялгийг бүтээж эзэмшихийн төлөө нэг нэгнийгээ боолчилж, өөр хоорондоо дайтаж үй олноор нь хүний алтан амийг авч одох ч үе байсан билээ. Өөрсдийн гэр болох эх дэлхийгээ гэмтээж, шархлуулах үеүд ч олон байсан билээ. Одоо ч энэ бүгдийг давтсаар байгаа улс орон цөөнгүй билээ. Манай Монгол орон ч гэсэн харамсалтайгаар түүний тоонд орно гэдэгтэй маргахгүй биз.

Чухам юуны тулд ийм их зүйлийг золиосонд гарган байж баялаг гэдгийг бүтээж нэмэгдүүлэх ёстой юм бол? Энэ бол мэдээж улс орны хөгжил, ард иргэдийн сайхан амьдралын төлөө гэдгийг хүн бүр мэднэ. Улс бүр тус тусын арга замаар хөгжлийг бүтээж, ард иргэд нь сайхан амьдарч болох сайхан нийгмийг цогцлооё гэдэг нь л баялаг бий болгох утга учир нь билээ.

Одоогоор дэлхий дээр улс орнуудын хөгжлийг тухайн орны Дотоодын нийт бүтээгдэхүүн гэсэн индексээр хэмждэг билээ. Энэ нь тухайн оронд бүтээгдэж буй баялгийн тоо хэмжээ нь хөгжлийн гол үзүүлэлт болно гэсэн үг бөгөөд энэ нь БАЯЛАГ=ХӨГЖИЛ гэсэн ойлголтын төрүүлнэ. Улмаар хөгжингүй нийгэмд хүн илүү аз жаргалтай сайхан амьдарч чадна гэж үзвэл БАЯЛАГ= ХӨГЖИЛ =АЗ ЖАРГАЛ болно гэсэн үг. Ийм учраас л бид баялгийг бүтээхийн тулд үхэн хатан зүтгээд байгаа юм байна шүү дээ.

Гэхдээ зөвхөн эд зүйлийн баялаг байдал нь үнэхээр аз жаргалыг авч ирж чадах уу? Хөгжлийг зөвхөн эдийн засгийн өсөлтөөр хэмжиж болох уу? Эд зүйлийн баян тансаг байдлаас өөр илүү чухал хүчин зүйлүүд бий шүү дээ гэсэн үзэл бодлоос, хөгжлийн хэмжих хэмжүүрийг зөвхөн эдийн засгийн өсөлт хөгжил, эд зүйлийн баялаг бус ард иргэдийн сэтгэл зүйн баялаг, амьдралаас аз жаргалыг хэр их мэдэрч буй зэрэг дээр төвлөрч авч үзье гэсэн Үндэсний нийт аз жаргалын индекс гэсэн ойлголт гарч ирсэн юм. Энэ ойлголт нь 1972 онд Бутаны хаант улсад анх гарч ирсэн бөгөөд нийт ард иргэдийн аз жаргалыг үзүүлдэг индекс юм. Энэхүү үзүүлэлтийг гаргахын тулд сэтгэл зүйн байдал, эрүүл мэнд, соёл боловсрол, өөрийн улсын төр засагт сэтгэл хангалуун байгаа эсэх зэрэг олон зүйлүүдийг судалдаг байна. Дэлхийн улс орнуудыг энэхүү үзүүлэлтээр жагсаахад ихээхэн сонирхолтой жагсаалт гардаг. Жишээлбэл та бидний мэдэх эдийн засгийн хамгийн хүчирхэг орон АНУ 16-р байранд, түүний удаах эдийн засгийн их гүрэн Хятад 81-р байранд, цаашлаад Япон 88-р байранд ордог юм байна. Хамгийн гайхалтай нь манай Монгол орон 57-р байранд орсон байна. (2007 оны байдлаар) Дэлхийд тэргүүлэх эдийн засагтай 2 том орны хүмүүсээс илүү манай Монголын маань ард иргэд аз жаргалтай амьдарч байна гэж бодохоор үнэхээр баярлууштай сайхан мэдээ байна. Энэхүү жагсаалтнаас харахад хичнээн их баялагтай улс орон ч гэсэндээ түүнээс хамааралгүйгээр аз жаргалын индекс бага байгаа нь эд баялаг болон аз жаргал нь шууд хамааралгүй гэдгийг ойлгож болно. Энэ нь насаараа мөнгө хураасан ч хураасан мөнгөний хэрээр заавал ч үгүй аз жаргалтай байна гэсэн үг биш бөгөөд харин ч эд зүйлийн баялаг байдал гэдэг аз жаргалд гэр бүл, сэтгэл хангалуун байдал зэрэг өөр бусад зүйлээс сул байр суурь эзэлдэг гэсэн үг юм.

Иймд илүү аз жаргалтай, өөрийн улс орондоо сэтгэл хангалуун амьдарч буй ард иргэдээр дүүрэн Монгол орныг бүтээхийн тулд бидэнд зөвхөн эдийн засгийн өсөлт төвтэй хөгжлийн бодлогоос өөр бодлого, өөр зорилго зорилт шаардлагатай гэж бодож байна.

Ц. Баасандорж
Иватэ их сургууль
2014-07-22

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles

Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*