Эрүүл нийгэм

 Бид танихгүй хэн нэгэнтэй харц тулгарсан үедээ “Сайн байна уу та” гэж мэндэлдэг билүү. Мэндлэхээсээ илүү муухай хараад зөрөх нь олонтаа болсон ч юм шиг. Эрт дээр үеэсээ л Монголчууд бид эелдэг найрсаг ард түмэн байсан. Замд таарсан захын айлд ороход л идээ будаагаа өрж, халуун дотно найрсаг яриа өрнүүлээд гаргадагсан. Харин одоо бол танихгүй бүү хэл таньдаг нэгэнтэй харьцахад хэцүү болж. Капитализмийг магтан дуулах үг орчин үеийн энэ нийгэмд бид нөгөө үл үзэгдэх гараар нь хөлжиж байж болох ч, өөр нэг гараар нь хүн чанараар хулгайлуулаад байх шиг.

 Марксаар эхэлж Ленин, Сталингааар боловсронгуй болсон социализмийн харанхуй үеийг бодвол, капитализм бидэнд олон сайхам зүйлийг өгсөн. 1776 онд Адам Смит бидний ашгийн төлөө гэсэн аминчхан үзэл, баялагийг зөв хуваарилж, эдийн засгийг тэтгэх болно гэж хэлэхдээ, амиа бодсон атгаг санаагаар баялгаа бүтээ гэж хэлээгүй байлтай. Нэмж хэлэхэд Адам Смит өөрийн өрсөлдөх чадвартай чөлөөт эдийн засгийн загвараа зохиохдоо ёс суртахуун болон шудрага байдлийг дурдхаа мартаагүй юм. Тэгэхээр бид капиталист эдийн засгийг зөв замаар хөгжүүлж чадахгүйм гэж үү.

 Бидний амьдрал 1992 оноос хойш олон зүйлээр өөр болсон. Сайн тал гэвэл Материалист орон зай элбэг дэлбэг болсон. Гар утас, компьютер, машин техник, байр сууц гээд л мөнгө л байвал та юуг ч худалдаж авч болохоор болсон. Муу тал нь бидний шунал улам хязгааргүй болж, хүн чанар, сайхан сэтгэлийн үнэ цэнэ мартагдаж эхэлсэн. Ингэж болно гэжүү. Хүн чанар сайхан сэтгэлээ алдвал бид амьтнаас ямар ч ялгаагүй болно шүү дээ. Эдийн шуналтай болж болохгүй, хүн хүнээ хайрлах хэрэгтэй хэмээн бид эртнээс ийм хүмүүжлээр хүмүүжиж ирсэн. Хэрвээ одоо байгаа шигээ байвал бид машин унаж, гар утсаар ярьдаг хэдэн сармагчин л болчих юм биш үү. Яг үнэнийг хэлэхэд сармагчин биднийг бодвол мөнгөний төлөө нэгнээ барьж идэхгүй гэдгээрээ биднээс илүү ч байж магад. Бидэнд яг юу хэрэгтэй вэ.

 Бидэнд эрүүл нийгэм юу юунаас илүү хэрэгтэй. Нийгэм ямар байна, иргэд яг тийм байдаг. Тиймээ иргэд ямар байна, нийгэм мөн л тийм байдаг. Гэхдээ төр ямар байгаагаас нийгэм шалтгаална гэсэн баталгаа байхгүй. Тиймээс бид өөрчлөлтийг өөрсдөөсөө эхэлж, эрүүл сайхан нийгмийг бүтээх хэрэгтэй. Ер нь төр засаг улс орныг хөгжүүлээд мандуулаад явсан түүх хаана ч байхгүй шүүдээ. Төр нь улс орноо атгасан социалист орнууд он цагийн аясыг даалгүй нуран унасаар ирсэн билээ. Бодит жишээ гэвэл та Xойд Солонгосыг хар. Дайны дараахан гэхэд Өмнөд Солонгостой харьцуулахад бүх талаараа л давуу байсан. Харин одоо бол дэлхийн хөгжлөөс хэдэн арван жилээр хойш явна. Гэтэл бид чөлөөт ардчилсан нийгэмд амьдарч байж, төрийн гар харж, царай алдаж сууна. Ямар ч үед нийгмийн бүтээгчид нь ард иргэд байсан шиг, нийгмийг чиглүүлэгч нь ард иргэд л байх болно. Тиймээс материалист үзэлд хэт автагдалгүй, хүн чанар сайхан сэтгэлээрээ гоёж, Эрүүл бөгөөд шудрага нийгмийг та өөртөө цогцлоогоорой.

М. Алтанбагана
Ямагата их сургууль, Япон
2014.8.4

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles

Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*