Ялагдашгүй

“Бидний хамгийн гүн айдас бидний сул дорой байдал биш. Бидний хамгийн гүн айдас бид хэмжээлшгүй хүчирхэгт оршдог. Чи өөрийгөө дутуу үнэлснээр дэлхий ертөнцөд туслахгүй. Чи өөрийгөө доошоо дарснаар хэн нэгэн чиний хажууд айдас түгшүүрийг мэдрэхээ болино гэж үгүй. Бид бүгдээрээ гялалзаж байх хувь заяатай, яг л хүүхдүүд шиг. Бидний дундаас хэн нэгэнд нь биш, бид бүгдийн дотор тэр гэрэл бий. Доторх гэрлээ гадагш цацруулснаар, бид өөрсдөө ч мэдэлгүй, бусдад өөрсдийн гэрлийг цацруулах зөвшөөрлийг өгч байдаг. Бид өөрсдийн айдсаас чөлөөлөгдсөнөөр, бидний сүр бараа өөрийн мэдэлгүй бусдыг айдсаас нь чөлөөлж байдаг.” 

Мариане Виллиамсон

(“Дасгалжуулагч Картер” киноны хэсгээс…)

БИ СПОРТОД ХАЙРТАЙ. Ингэж хэлэх хүн та бүхний дунд хэр олон байгаа бол? Мянга мянгаараа байгаа байх гэж би бодож байна. Яагаад вэ гэж үү? 2008 оны Бээжингийн зуны олимпоор Монгол хүн анх удаа Олимпын алтан медаль энгэртээ мандуулахад таны нүдэнд баярын нулимс хураагүй гэж үү? Арлын Японд аавын хөвгүүд удаа дараалан аварга цолонд хүрсээр байхад, таны дотор огшдоггүй гэж үү? Энэ нь спорт гэдэг зүйл хэрхэн бид бүхний сэтгэл зүрхэнд нөлөөлж байдгийг илтгэж байгаа юм. Энэ удаагийнхаа нийтлэлээр хүн төрөлхтөнд спорт яаж нөлөөлж ирснийг, эдийн засгийн хямрал нүүрэлсэн, зовсон, сарнисан Монголыг спорт хэрхэн нэгтгэж, аварч чадах талаар, баримт, нотолгоотойгоор, зүрх сэтгэлтэйгээр тайлбарлахаар миний бие шийдлээ.

Дэлхийн улс орнууд спортыг хөгжүүлэхийн төлөө дор бүрнээ маш их хүчин чармайлтыг гаргаж байна. Манай улс ч мөн адил сүүлийн үед, энэ тал дээр сайн ажиллаж байгаа гэж би хувьдаа бодож явдаг. Ялангуяа 2008 оны зуны Олимпод Монгол хүн түүхэндээ анх удаа алтан медаль авснаас хойш манай Засгийн Газар спортын хөгжлийг улам ихээр дэмжиж эхэлсэн нь харагдаж, Монголын ирээдүйн аваргууд бэлтгэгдсээр байна. Гэхдээ спортын ач холбогдол гэж энэ зүйлийг төгс тайлбарлахын тулд дэлхийн хамгийн хүчирхэг орон АНУ-ын спортын талаар дурдая гэж бодлоо. АНУ-д Сагсан бөмбөг, Америк хөлбөмбөг, Бэйсбол, Хоккей гэсэн үндэсний 4 том спорт хамгийн ихээр хөгжсөн байдгийг бид мэднэ. Эдгээр спортуудын утга учир зөвхөн тоглоом гэдэг зүйлээс хальж, тэдний ард маш том бизнес өрнөж, тамирчид нь дэлхийн хэмжээний одод болон гялалзаж, хүүхэд залууст үлгэр дуурайлал болж байгааг бид харж байна. Жишээ болгон Сагсан бөмбөгийг энд авч үзье. Хойд Америкын үндэсний сагсан бөмбөгийн холбоо (NBA) дэлхийн сагсан бөмбөгийн хөгжлийг тодорхойлж, 30 багийн дундаас хамгийн үнэтэй баг 1.4 тэрбум ам.доллараар (NY Кnicks/2014/Forbes) үнэлэгдэж, хамгийн өндөр цалинтай тоглогч зөвхөн сагсан бөмбөг тоглосныхоо төлөө жилд 30 сая ам.долларыг (Kobe Bryant/2014/Forbes) авч байна. Их тоо харахаараа л Монголынхоо жилийн төсөвтэй харьцуулдагаа больё, дэлхийн хамгийн баян хүн Билл Гэйтсийн нийт хөрөнгө 76 тэрбум ам.доллар(2014/Forbes) гэж үнэлэгджээ. Маш том бизнес, маш том зах зээл биш гэж үү? NBA-г болъё, их сургуулиуд нь хүртэл маш их хэмжээний хөрөнгийг сагсан бөмбөгийнхөө програмд зарцуулж, тэр хэмжээгээр ихийг олж байна. Монголоор бол оюутны лиг нь болох, NCAA-н хамгийн өндөр үнэтэй сагсан бөмбөгийн програмаар Луйзвилл Кардиналс 39.5 сая ам.долларын үнэтэйгээр орж байна. Энэ том бизнесийн өрсөлдөөний хажуугаар, тамирчид нь ч маш өндөр түвшинд бэлтгэгдэж, тив дэлхийн тэмцээнд АНУ-ын үндэсний шигшээ баг аварга болох нь аксиом болжээ.

Тэгвэл яагаад эдгээр спортууд АНУ-д ийм өндөр түвшинд хүртлээ хөгжиж чадав? Энэ асуултанд би “Яагаад гэвэл тэд спортын ач холбогдлыг, ялалтын үнэ цэнийг яс махандаа шингэтлээ ойлгосон учраас.” гэж хариулах болно. Дэлхийн спортын түүхэнд, нэг ялалт үндэстнийг өөрчилсөн, нэгтгэсэн, хүчирхэгжүүлсэн жишээ олон байна. Америкчуудыг ч тойроод биш дайраад гарсан учраас тэд одоо ийм хүчирхэг байгаа юм. Ийм гайхалтай түүхүүдийг кино болгон мөнхөлсөн бүтээлүүд олон байх ба тэдний дундаас өөрийн дуртай 3-г би энд онцолмоор байна.

  1. Ялагдашгүй (Invictus 2009)

Клинт Ийствудын найруулж, Морган Фриман, Матт Дэймон нарын амилуулсан энэ кино нь Өмнөд Африкын БНУ-ын агуу удирдагч Нелсон Мандела болон түүний орны гайхалтай Рагбигийн шигшээ багийн түүх юм. Мандела 1990 оны 2 сард амьдралынхаа 27 жилийг хоригдож өнгөрөөсний эцэст Виктор Вэрстэрийн шоронгоос суллагдаж, түүнээс 4 жилийн дараа ӨАБНУ-н анхны хар арьст ерөнхийлөгчөөр сонгогдож байжээ. Түүнийг ерөнхийлөгч болох үед ӨАБНУ гэмт хэрэгт идэгдсэн, хар цагаан арьстан хоорондын зөрчил хирээс хитэрсэн тийм улс байлаа. Бие хамгаалагчид нь хүртэл хар, цагаанаараа ялгарч, хоорондоо эв түнжингүй байдаг байв. Мандела энэ нөхцөл байдлыг эргүүлэхийн тулд спортыг чадамгай ашиглаж чадсан юм. 1995 он буюу Манделаг ерөнхийлөгч болсноос 1 жилийн дараа ӨАБНУ-д Рагбигийн ДАШТ зохион байгуулагдах байлаа. Тухайн үеийн ӨАБНУ-н шигшээ баг ард түмнийхээ итгэлийг бүрэн хүлээж чадаагүй, өөр улсын багтай тоглоход хөгжөөн дэмжигчдийн дийлэнх буюу уугуул Африкчууд нь тэднийг бус өрсөлдөгчийг нь дэмждэг тийм баг байв. Магадгүй багийн бүрэлдэхүүнд ганцхан хар арьст тоглогч байсан нь шалтгаан байж болох юм. Энэ багийг Мандела тусгайлан авч үзэж, жилийн хугацаанд дэмжиж, маш том итгэлийг хүлээлгэсэн юм. 1995 он ч ирлээ ДАШТ ч эхэллээ. Хэсгээсээ гарахаас хэтрэхгүй гэж таамаглагдаж байсан ӨАБНУ-н шигшээ баг таарсан өрсөлдөгчдөө удаа дарааллан хожихын хирээр цэнгэлдэх хүрээлэнд хуран цугларсан ард иргэд нь дуу нийлүүлэн тэднийг дэмжиж, эцэст нь ӨАБНУ-н Рагбигийн шигшээ баг тухайн үедээ ялагдашгүй хэмээгдэж байсан Шинэ Зеаландын шигшээ багийг 15-12 оноогоор хожсон юм. Уг тоглолтын дараа Йоханесбург хотын замаар хар цагаан ялгалгүй хөгжөөн дэмжигчид нь бөөгнөрөн бүжиглэж, тэдний ялалтын дор улс үндэстнээрээ нэгдэж чадсан юм гэдэг.

  1. Гайхамшиг (Miracle 2004)

 Энэхүү кино нь хүйтэн дайны үеийн Америкт маш том урам зоригийг өгсөн, 1980 оны Лэйк Плэйсидийн өвлийн Олимпын аварга АНУ-ын хоккэйн шигшээ багийн тухай түүх юм. Тухайн үед АНУ нь тив дэлхийн тэмцээнд коллежийн шилдэг тамирчидаа илгээдэг байсан бөгөөд цаг үедээ босоо байсан Зөвлөлтийн хүчирхэг шигшээ багийг ялж чадна гэж хэн ч таамаглаагүй байсан юм. 20 залуу эх орныхоо төлөө амьсгаа нийлүүлэн зүтгэж, хагас шигшээд эцсийн мөч хүртэл тэмцсэний дүнд Зөвлөлтийн багийг 4:3-р хожиж, алтан медалийн төлөө Финляндын багийг ялж Олимпын аваргууд болсон энэ гайхамшиг, хүйтэн дайны балгаар сөхөрч доройтоод байсан ард түмэнд урам зориг, зовлонг даван гарах хүчийг хайрласан билээ.

  1. Алдрын зам (Glory Road 2006)

Жэймс Гартнерын найруулсан уг бүтээлд, 1966 оны Америкын коллежийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний аварга Баруун Техасын коллежийн багийн гайхамшигтай замналын түүх оршдог юм. Сагсан бөмбөгийн програмдаа мөнгө зарцуулах боломжгүй, ядуу Баруун Техасын Коллежийн багийг охидын ахлах сургуулийн багийн дасгалжуулагч байсан Дон Хаскинс дасгалжуулахаар ирсэн байв. Тухайн цаг үеийн Америкын нийгэмд арьс өнгөөр ялгаварлах үзэл хүчтэй зонхилж байлаа. Түүний сүүдэр спортыг ч нөмөрч, сагсан бөмбөгт хар арьстнууд төдийлөн үнэлэгддэггүй байв. Харин дасгалжуулагч Дон сагсан бөмбөгтөө мөнгө зардаггүй коллежийнхоо багт бараг л гудамжнаас гэж хэлж болохоор, хар арьст залуусыг элсүүлнэ. Цаашлаад эцсийн бүрэлдэхүүндээ 7 хар, 5 цагаан тамирчныг сонгосноор олонхын дургүйцлийг хүргэсэн юм. Үүнийг үл харгалзан, тэдний талбай дээрх амжилт гайхалтай байж улирлыг 23-1 амжилттайгаар дуусгажээ. Ингээд хасагдах шатанд улсдаа 3-т эрэмбэлэгдэн орох боловч, нөгөө л арьс өнгөний үзэл тэднийг дагасаар байв. Аялан тоглолтоор явж байхад нь, нэг хар арьст тоглогчийг нь нэвширтэл зодож, дасгалжуулагч Доны гэр бүлийг айлган сүрдүүлсэн байлаа. Гэсэн ч энэ бүгдийг үл харгалзан, тэд хамтдаа тэмцэж шигшээ тоглолтонд одоо ч сагсан бөмбөгийн програмаараа алдартай Кэнтаккигийн зэрлэг муурнуудын эсрэг таарчээ. Зэрлэг муурнууд нь тухайн үедээ дан цагаан арьст тоглогчдоос бүрдсэн, улсдаа хамгийн зохион байгуулалттай гэгддэг баг байсан ба, тэдний ахлагч нь алдарт Пэт Райли байлаа. Аваргын тоглолтын өмнө дасгалжуулагч Дон арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг зоригтойгоор сөрж, тус тоглолтонд 5 хар арьст тоглогчоо гараанд гаргаж, 2 хар арьст тоглогчоороо сэлгэж, 5 цагаан арьст тоглогчоо огт тоглуулахгүй байх шийдвэрийг гаргасан юм. Энэ явдал Америк орныг цочроож, тэдний баг хүчирхэг Кэнтаккигийн багийг гал гарсан тоглолтын эцэст ялсан юм. Хэний ч төсөөлөөгүй Баруун Техасын коллежийн баг ганцхан жилийн дотор оргилд хүрч, арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг дуу хоолой болон, үндэстнийг цочроож чадсан АЛДРЫН ЗАМ-н түүх болсон юм.

Энэ мэтчилэн спорт гэдэг зүйл, тэр дундаа ялалт, хүн төрөлхтний түүхэн дэх хүнд хэцүү үеүдэд бодитоор эв нэгдэл, урам зориг, эрч хүчийг бэлэглэсээр иржээ. Уг ач холбогдлыг яс махандаа шингэтэл ойлгосон учраас Америкчууд спортыг асар өндөр түвшинд хүртэл нь зогсолтгүй хөгжүүлж, ялалтын төлөө тэмцэж байна. Тэгснээрээ ч улс орон нь хөгжин цэцэглэж байна. Би уг тайлбараараа яг юу хэлэх гээд байна вэ гэвэл, бидний Монголыг ч гэсэн спорт гэж энэ зүйл аварч чадна гэдгийг хэлэх гэсэн юм. Олон сайхан тамирчид маань голдуу хувийн спортын төрлөөр тив дэлхийн тэмцээнд амжилт гаргаж ард олон бидэндээ урам зоригийг хайрлаж байна. Тэднийхээ хүчин чармайлтыг үгүйсгэх гэсэнгүй, дутуу үнэлэх гэсэнгүй. Гагцхүү эдийн засгийн хямралд орсон, ядуурал тоймоо алдсан, баялгаа зохистой эзэмшиж чадахгүй байгаа бидний Монголд, урам зориг, эв нэгдэл, эрч хүчийг өгөх нэгдсэн спортын баг, тэдний ялалт хийгээд, тэднийг дэмжих итгэл хэрэгтэй байна. Монгол хүн багийн ажиллагаа муутай, багаар хол явахгүй ээ гэж та дотроо бодож байна уу? Тэгвэл та тэр бодлоо яг одоо хая! Иймэрхүү өөрсдийгөө доош нь хийсэн, дутуу үнэлсэн үзлийг бид хаях хэрэгтэй. “Бидний хамгийн гүн айдас бидний сул дорой байдал биш. Бидний хамгийн гүн айдас бид хэмжээлшгүй хүчирхэгт оршдог.” Америк ч бай, Ази ч бай, хар ч бай, цагаан ч бай бид бол хүн төрөлхтөн хэмээх нэгэн төрөл зүйл. Боломжгүй зүйл гэж бодолгүй, хүчирхэг, нэгдсэн багийн спорттой болохын тулд бид айдсаа давах ёстой, эхнээс нь ч бай хамаагүй бүгдийг судалж, бүтээх ёстой. Ингэснээр бид сайхан Монгол орныг цогцлоох үйлст нэгэн хувь нэмрийг оруулж чадна.

Нийтлэлийнхээ төгсгөлд өөрийн нэгэн мөрөөдлийг дэлгэмээр санагдлаа.

“Монголын үндэсний сагсан бөмбөгийн шигшээ баг олимп, дэлхийн аваргын дэвжээнд багаараа талбай дээр зогсох тэр мөчид миний мөрөөдөл биелэх болно.”

Холбоос:

  1. Invictus- http://youtu.be/RZY8c_a_dlQ?list=PL3CDA27214C664A15
  2. Miracle- http://youtu.be/v64ofT1rGOw
  3. Glory road- http://youtu.be/fXWiCWnW304

 

Э.Өнөболд
2014.8.15

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*