Тараг ба түүний ач холбогдол

Тараг ер нь хаанаас үүссэн юм бол? Энэ талаар гадаадын орнуудад ч, Монголд ч олон янзаар домогт тусган өгүүлсэн байдаг. Миний санаж байгаа нэг домогт бол саахад сүү биш тараг гардаг үнээнээс үүдэлтэй гэж гардаг юм. Мэдээж домог юм болохоор тийм үнээ байгаагүй нь лавтай. Энэ асуултын хариулт нь домогт биш, тарагт өөрт нь байгаа юм.

1

Тэгвэл тараг гэж юу вэ? Японы нэгэн толин дээрээс харвал тараг гэдэг нь сүүнд сүүний хүчлийн бактерийг хийж, исэлдүүлснээр үүсдэг бага зэргийн исгэлэн амттай хүнсний бүтээгдэхүүн гэж байна. Өөрөөр хэлвэл та бидний хөрөнгө гээд таргандаа хийдэг зүйл нь сүүний хүчлийн бактер гэгдэх глюкозыг сүүний хүчил болгон исэлдүүлдэг бактер юм. Уг бактер нь маш олон төрөл байдаг бөгөөд ихэнхи төрлийн сүүн бүтээгдэхүүний боловсруулалтанд ашиглагддаг байна. Японы таргийг ажиглахад үйлдвэрээсээ шалтгаалан өөр өөр төрлийн сүүний хүчлийн бактер хэрэглэдэг бөгөөд бактерийн нэрээр нь бүтээгдэхүүний патентаа авсан байдаг бололтой. Мөн бактерийн төрлөөсөө шалтгаалан амт чанар нь ч өөр санагдсан. Тэр дундаа булгариус гэгдэх бактерийг хэрэглэсэн таргийг сонирхож судалж байсан юм. Миний сонирхлыг татсан шалтгаан нь уг тараг нь Токухо гэсэн марктай байсан юм. Уг марк нь “Эрүүл мэндийн тусгай зориулалттай хүнсний бүтээгдэхүүн” гэсэн үг бөгөөд энэ маркыг авахын тулд хүний эрүүл мэндэд эергээр нөлөөлөх тусгай ач холбогдолтой гэдгийг батлах судалгаа хийгдсэн байх шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл эрүүл мэндэд ач тустай гэдэг нь батлагдсан гэсэн үг юм. Уг тараг нь эрүүл мэндэд тустай гэсэн 3 шалтгаан гаргасан байсныг доор дурдъя.

1. Тарганд агуулагдах сүүний хүчлийн бактер нь гэдэсний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Хүний гэдсэнд олон төрлийн бактерууд орших бөгөөд тэдгээрийг ерөнхийд нь эерэг, сөрөг, саармаг гэж 3 ангилж болно. Эерэг нь хүний биед сайнаар нөлөөлөх бактер бөгөөд сөрөг нь эсэргээрээ муугаар нөлөөлөхийг хэлнэ. Саармаг нь эрүүл мэндэд ямар нэгэн нөлөө байхгүй бактерийг хэлнэ. Энэхүү эерэг бактерт нь Lactobacillus bifidus гэгдэх сүүний хүчлийн бактер орно. Энэ бактер нь гэдсэн дотор сүүний хүчил үүсгэж, гэдэсний хүчиллэг орчинг хадгална. Хүчиллэг орчинд ихэнхи төрлийн бактерууд амьдарч чаддаггүй тул сөрөг бактер болох өвчин үүсгэгч бактерийн үржлийг саармагжуулдаг байна. Хэрвээ уг бактерын үйл ажиллагаа доройтвол өвчин үүсгэгч бактер нь идэвхжин хэвийн бактер нь ч сөрөг болж хортой бодис үйлдвэрлэн хоолны хордлого зэрэг гэдэсний өвчний үндэс болдог байна. Энэ үед тарганд агуулах сүүний хүчлийн бактер нь эерэг бактерын үйл ажиллагааг дэмжин гэдсийг хүчиллэг орчинтой бол гоход туслан, гэдсийг илүү өвчинд тэсвэртэй хүчтэй болгодог тустай юм.

2

2. Тараг нь шингээлт сайтай. Энэ нь сүүнд агуулагдах том хэмжээний уурагнууд сүүний хүчлийн бактерын үйл ажиллагаагаар жижиглэгдэн хуваагдаж илүү хурдан шингээж болохуйц болсон байдагтай холбоотой юм.

3. Тарганд кальци их хэмжээгээр агуулагдана. Сүүнд кальци агуулагддагийн адилаар тарганд ч мөн агуулагдана. Кальци нь ясанд агуулагдах эрдэс бодис бөгөөд хүүхдийн өсөлт, ясны бэхжилт зэрэгт сайнаар нөлөөлнө.

Эдгээрээс гадна ч өтгөн хаталт, арьсны эрүүл мэнд зэрэг олон төрлийн эерэг нөлөөтэй юм.

Гэхдээ энд иймэрхүү зүйлийн талаар судалж байхад нэг харамсалтай юм нь монголчууд бид өөрсдийнхөө хамгийн их хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнийг мэддэггүй гэдэгт байгаа юм. Мэддэг юмаа гэхэд хэрэглэж чадаагүй юм болов уу. Уул нь бол сүүн бүтээгдэхүүний чиглэлээр дэлхийд тэргүүлэх ёстой орон нь манайх шүү дээ. Эрт дээр үеэс хэрэглэж ирсэн, олон янзын аргаар боловсруулах заншилтай, олон ч бүтээгдэхүүнтэй. Японы номын сангийн сүүн бүтээгдэхүүний талаар жагссан номын дунд зоолттой 2-оос 3н Монголын сүү, сүүн бүтээгдэхүүн гэсэн ном байдаг. Гэхдээ Монголын сүү, сүүн бүтээгдэхүүн нь гадаадын олон оронд танигдаж алдаршсан юм байхгүй юм. Энэ л миний ганц харамсдаг зүйл юмдаа.

Эргүүлээд анх ярьж байсан тарагны үүслийн яриандаа оръё. Тараг нь сүүнд сүүний хүчлийн бактер өсгөвөрлөсөн идэх юм. Тэгвэл эрт дээр үед сүүгээ таглаагүй тавьсан байсан чинь дээрээс нь сүүний хүчлийн бактер орж сүүг тараг болгосноор үүссэн гэвэл домгоос илүү итгэж болохуйц юм. Эцэст нь таргаа өдөр тутам ууж гэдэснийхээ эрүүл мэндийг хадгалж байгаарай гээд энэ удаагийн нийтлэлээ дуусгая.

Эх үүсвэр:

  1. 明鏡国語
  2. http://www.meijibulgariayogurt.com/

Ө.Нарандулам
2014.08.22

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*