EUROPE VS RUSSIA

Энэ удаагийн нийтлэлээрээ Eвропын Холбоо (EU=EUROPEAN UNION) болон Оросын эдийн засгийн нөхцөл байдлын талаарх статистикийн дүн мэдээг ашиглан тайлбарлахаар боллоо. Өнөөгийн Орос болон Украйны түвэгтэй байдал нь 2 орны хоорондох асуудал мэт харагдавч цаанаа эдийн засгийн утгаараа олон орны эдийн засаг, тусгаар тогтнолд нөлөөлөхүйц хэмжээний том үйл явдал болж байгаа юм.

Эдийн засгийн нөхцөл байдлаас экспортын хэмжээнээс нь харан тайлбарлая. 8 сарын 18-нд Eвропын Холбооны Статистикийн Хорооноос гаргасан EвроСтат-с үзвэл Eвропын Холбооны гишүүн 28 орнуудын 2014.1-6 сарын экспортын хэмжээ өмнөх жилийн мөн үетэй харьцуулбал 5 хувь унасан байна. 2014 оны 5 сарын экспорт өмнөх жилийн мөн үетэй харьцуулбал 9 хувь буурч, 6 сарын үзүүлэлт ч мөн адил 2 хувь буурсан байна.

Eвропын эдийн засгийн экспортыг дэмжиж ирсэн нь Хятад болон Солонгос юм. Eвропын Холбооны 2014.1-5 сард Хятад руу гаргасан экспорт нь өмнөх үетэй харьцуулбал 10 хувиар өсч амжилт тогтоов. Мөн Солонгос руу гаргасан экспорт нь 8 хувиар өссөн байна. Хэдийгээр эдгээр хоёр улсын ачаар эдийн засаг тулж босч чадаж байгаа ч Оросын харилцаанаас болж асар их эдийн засгийн хохирол амсаж байгаа юм. Eвропын Холбооны Орос руу чиглэсэн экспорт 2014.1-5 сарын хооронд өмнөх үетэй харьцуулбал 12 хувиар буурч, импорт нь 8 хувиар унасан байна. Eвро бүсийн (мөнгөн дэвсгэрт нь Eвро ашигладаг улс орнууд=EA=Euro Area) 18 орнуудын Орос руу гаргасан экспорт 14 хувиар буурч, импорт нь 7 хувь буурсан байна. Eвроп болон Оросын холбооны харилцаа муудсанаас болж ийм нөхцөлд ороод байна. Өнөөдөр эдийн засгийн хориг арга хэмжээ улам чангарснаас болж хоорондын итгэлцэл алдагдаж, эдийн засгийн хамтын ажиллагаа нь улам алдагдах хүнд аюулд учирч байна.

 “Eвро бүсийн BIG 3” болон Хойд Eвропын эдийн засаг

 2014 оны 6 сарын экспортын хэмжээг нь өмнөх сартай харьцуулбал сөрөг үзүүлэлттэй гарсан улсуудыг графикаар үзүүлэв. “Eвро бүсийн 3 том улс BIG3” болох Герман, Франц, Итали болон харьцангуй эдийн засгийн тогтвортой түвшинд байсан Швед, Денмарк, Финляндын экспорт ч буурж эдийн засгийн тогворгүй байдалд орох аюул байна.

Eвропын Холбооны 28 улс орнуудын экспортын хэмжээ нь дунджаар 0.3 хувиар буурсан бөгөөд графикаас харвал бүгд дунджаас доогуур үзүүлэлттэй байгаа юм.

Герман

Eвропын эдийн засгаараа хамгийн хүчирхэг орон болох Германы экспорт 2 хувиар унасан. Сүүлийн жилүүдэд Герман нь Eвропын эдийн засгийн чиглүүлэх хүч хэмээх байр сууринд байгаа ч өсөлтийн хурд нь бага багаар саарсаар байна. Эсрэгээрээ чиглүүлэх биш ухраах хүч болох ч эрсдэлтэй байгаа юм. Германы экспорт унасан нь гол зах зээл болох Eвроп болон Азийн эрэлт суларснаас болж байгаа. EвроСтат-ын үйлдвэрлэлийн хэмжээг үзвэл Германы үйлдвэрлэл ихээр буурсан. 2014 оны 6 сарын үйлдвэрлэлийн хэмжээ мөн үеийнхтэй харьцуулбал 0.4 хувиар буурсан байна.

German GDPГерманы ДНБ 4-6 сарын мөн үетэй харьцуулбал 0.2 хувиар буурч сөрөг үзүүлэлттэй гарсан. Германы эдийн засгийн бууралт 2012 оноос хойш анх удаагаа сөрөг өсөлттэй гарч байгаа нь энэ юм.

Германы эдийн засгийн хүнд байдал нь хувьцааны индекс болох DAX–ын уналтанд ч нөлөөлж байгаа юм.

DAX

Франц

France GDPГерманы хувьд хамгийн том экспортын зах зээл болох Францын эдийн засаг ч 4-6 сарын дундуур зогсолтонд орж 0 хувийн өсөлтийг үзүүлсэн байна. Үүнээс болж Мишель Сапан сангийн сайд 2014 оны ДНБ өсөлтийн урьдчилсан тооцоог 1 хувиас 0.5 хувь руу болгон бууруулж, улмаар төсвийн алдагдлыг ДНБ-тэй харьцуулахад 3.8 хувьд бууруулах зорилгодоо хүрэх нь бүтэхгүй болж байгаа юм. Тус сайд хэлэхдээ “Зорилгодоо хүрч чадахгүй нь Eвропын төв банкны гай”-аас болсон гэв.

Итали

Eвро бүсийн 3 дахь орон Итали ч уналтын байдалд ороод байгаа юм. 2 дахь улирлын ДНБ Германтай адил 0.2 хувиар унасан. Нэгдүгээр улиралд 0.1 хувийн өсөлт үзүүлэн эдийн засгийн сулралд орж байгаагаа албан ёсоор хүлээн зөвшөөрсөн ч 4-6 сарын үзүүлэлт нь байдлыг улам хүндрүүлж орхив

inflation rate

Эдийн засгийн төлөв тооцоо нь улам хүндрэх хандлагыг үзүүлж байгаа. Инфляцийн түвшин ч өсөх хандлага ажиглагдахгүй байна. 7 сарын Eвро бүсийн инфляцийн түвшин нь 0.4 хувь болж ECB зорилго болох 2 хувь хүрэхгүй хэмээх түвшингийн дөрөвний нэгт нь ч хүрэхгүй байгаа юм.

Eвропын холбоог түгшүүрт унагаж буй Оросын эсрэг эдийн засгийн хорих арга хэмжээ

Eвропын Холбоо АНУ-ын араас орон Оросын эсрэг эдийн засгийн хорих арга хэмжээг авч байгаа. Энэхүү хориг арга хэмжээг авсан улсууд нь АНУ, Eвропын Холбооноос авахуулаад Канад, Австрали, Норвеги юм. Үүний хариуд Орос нэг жилийн хугацаанд эдгээр улсуудаас мах болон загас, хүнсний ногоо, жимс, сүүн бүтээгдэхүүний импортыг хориглох арга хэмжээ авч байгаа.

Sanction Энэхүү арга хэмжээ нь анхнаасаа Оросыг хүнд байдалд оруулах төлөвлөгөө байсан боловч эсрэгээрээ Eвроп болон Украйныг улам хүнд нөхцөлд оруулаад байгаа юм. Хориг арга хэмжээнээс болж хамгийн их хохирол амсаж байгаа нь Eвропын тариаланчид. Мах, усны аж ахуйн болон түүхий эд материал үйлдвэрлэдэг хүмүүс их хэмжээний хохирол амсаж байна. Eвропын холбооны худалдаа нь Оросын махны импорттой асар их хамааралтай. Eвростат-с үзвэл Eвропын холбооноос Орос руу гаргасан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийт дүн 2013 онд 15.8 тэрбум доллар ба нийт экспортын дүнгийн 10 хувьд нь тэнцэх мөнгөн дүн юм. Хориг арга хэмжээ цуцлагдахгүй л юм бол энэ дүн улам л багасах юм.

Герман, Польш, Норвеги, Нидерланд нь Оросын махны импортын хоригоос болж эдийн засгийн хүнд цохилтонд ороод байна. Оросын хөрш орнууд болох Финлянд, Литуан, Латви зэрэг улсууд ДНБ-ын томоохон хэсгээ алдаж байгаа юм.

Украйны эдийн засгийн байдал

Украйны Орос руу гаргаж буй экспорт нь 2014 оны эхний хагаст өмнөх үетэй харьцуулбал гуравны нэг болтлоо буурав. Украйны бүтээгдэхүүний эсрэг авч буй Оросын сөрөг хориг арга хэмжээнээс болж улам л байдалд хэцүүдэх төлөвтэй. Энэ оны 7 сард Украйны үйлдвэрлэлийн хэмжээ өмнөх үетэй харьцуулбал 12.1 хувиар унасан байна. Өдгөө машины үйлдвэр, махны үйлдвэр зэрэг аж үйлдвэрүүдээ зогсоож эхлээд байна.

GAZPROM

Украйн нь Орост газны мөнгөө төлөөгүйгээс болж газны импортоо зогсоогоод байгаа. Украйн нь энэхүү өр болон бусад өрөө буцаахын тулд Олон Улсын Валютын Сан (IMF), Олон Улсын Төлбөр Тооцооны Банк (BIS), Eвропын Нөхөн Сэргээлт Хөгжлийн Банк (EBRD), Eвропын Хөрөнгө Оруулалтын Банк (EIB)-ээс санхүүжилт болон тусламжийн мөнгө авч байгаа боловч Оросын газны компани Газпромд өрөө төлөөгүй байгаа аж. Ард иргэд нь энэ өвлийг дулаалгагүй өнгөрөөх аюултай тулгараад байгаа юм.

Энэ чигээрээ санхүүжилт хүрэлцэхгүй бол Украйн улс дампуурах буюу дефолтонд орох уу эсвэл эдийн засгийн сүйрэлд унах аюултай тулгараад байна.

Германы Канцлер Ангела Меркел 8 сарын 23 нд Украйнд зочилж ерөнхийлөгч болон ерөнхий сайдтай нь уулзсан. Петро Прошенко ерөнхийлөгч Меркeлд “Герман нь Украйны найз” мөн юм гэдгээ онцолж Германаас санхүүгийн тусламж авахаар болсон. Гэвч Герман үнэндээ бол тусламж үзүүлж чадахаар хэмжээний нөхцөл байдалд биш байгаа.

Оросын нөхцөл байдал

Орост бараа бүтээгдэхүүний үнэ өсч, Оросын инфляцийн түвшин нэмэгдэн, нефть, газ, метал, уул уурхай зэрэг Оросын голлох салбарууд хүнд байгаа хэмээн хүн бүр үзэж байгаа ч үнэндээ тийм биш юм.

Үнэндээ Орос нь Eвропоос импортоо зогсоосон ч оронд нь Хятад, Энэтхэг зэрэг Азийн орнууд, Бразил, Латин Америк, Өмнөд Африк, Турк зэрэг дэлхийн бусад зах зээлээс бүтээгдэхүүнээ авахаар үзэж байна. Нөгөө талаас ч Орос хэмээх том зах зээлийг гартаа оруулахыг шинээр хөгжиж буй орон хэн нь ч хүсч байгаа нь ойлгомжтой. Туркээс авахуулаад бусад улс орнууд Оростой чөлөөт худалдааны гэрээ хийхээр эрмэлзэж байна.

Eвропын холбооны хагарал ч хурдсах аюул нүүрлэв

Eвропын холбоон дотор улс орнууд тус тусдаа бодлого явуулан уг нөхцөл байдлаас гарахыг эрмэлзэж байна. Жишээлбэл, Норвеги яргай загасыг Чилийн компаниар дамжуулан Оросын зах зээл рүү гаргахаар төлөвлөж байна. Финлянд Eвроп, Америкийн эдийн засгийн хориг арга хэмжээнд оролцохгүйгээ мэдэгдсэн. Финлянд болон Орос нь 1300 км газар нутгаар хиллэж хоёр улсын хооронд түүх соёлын нарийн холбоо бий.

Үүн шиг Eвропын холбооны улс бүгдээрээ Оросын эсрэг арга хэмжээнд дуу нэгдэн оролцож байгаа биш юм. Зүүн болон Өмнөд Eвропт тариалан болон усны аж ахуй эрхлэгчид Eвропын холбооны тугийг шатаан бослого гаргаж буй. Энэ байдал даамширвал Eвропын холбоо задрах ч аюулыг дуудчихаж ч мэднэ.

О.Баярсайхан
2014 оны 9 сарын 1 өдөр

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles
Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*