Нүүрс ус: Амттай юм идэхэд таргална гэгдэх шалтгаан

Та бүхэндээ өмнөх 5 сарын нийтлэлдээ шим тэжээлийн үндсэн таван бодисын нэг болгож нүүрс усыг танилцуулж байсан билээ. Тэгвэл энэ удаагийн нийтлэлдээ уг нүүрс усны талаар дэлгэрэнгүй тайлбарлахаар бэлтгэлээ.

Нүүрс ус гэж юу вэ?

Нүүрс ус буюу сахарид гэдэг нь байгаль дээр их хэмжээгээр өргөнөөр тархан орших органик бөгөөд ургамлын хлоропластад фотосинтезээр нийлэгжиж, өөх тос, уураг, нуклейн хүчил, гликосид зэрэг бусад органик бодис нийлэгжих урвалын түүхий эд болно1. Нүүрс ус гэгдэх нэрний утга нь анх цэвэр хэлбэрээр гаргаж авсан моносахарид болох глюкоз нь химийн томъёо C6H12O6-оор илэрхийлэгдэж, C6(H2O)6 гэсэн усжсан нүүрстөрөгч гэж бодогдож байсан тул ийнхүү нэрлэгджээ. Дараа нь усжсан нүүрстөрөгч биш гэдэг нь тодорхой болсон ч уг нэр нь үлдсэн юм2. Бас нэгэн номон дээр нүүрс усны талаар дэлхий дээр орших амьд биеэс гаралтай бодис дотроос жингээрээ хамгийн их орших бөгөөд бүх амьд нийлэгжүүлэх чадвартай ч тал хувь нь фотосинтезээр нийлэгждэг гэж тэмдэглэгджээ. Фотосинтез гэдэг нь нарны энергийг химийн энерги болгох урвал бөгөөд ногоон ургамал, замаг, зарим төрлийн бактерт явагдана3.

Нүүрс ус нь хаана оршдог вэ?

Нүүрс ус нь энергийн болон энерги хадгалах, бүтцийн гэсэн үүргээр бүх амьд биед оршино. Амьтны элэг, булчинд гликоген, ургамлын үндсэнд цардуул хэлбэрээр энерги хадгалах үүргээр оршино. Мөн ургамлын бие, ялангуяа ишийг хатууруулж, бэхжүүлэх целлюлоз, модны хатуу шинжийг гаргах лигнин, шавжны гадуурх хатуу бүрхүүлийг үүсгэх китин нь мөн адил нүүрс усны нэг төрөл юм. Та бидний эргэн тойрон ч тэр чигээрээ нүүрс ус гэхэд болно. Танай гэрт байгаа модон эдлэл, цүнхэнд байгаа ном, дэвтэр, гал тогоонд байгаа элсэн чихэр, гурил, будаа, төмс ногоо нь тэр чигээрээ нүүрс ус гэхэд болно.

Нүүрс усны ангилал

Нүүрс усыг гинжин хэлхээнийх нь уртаар нь моносахарид, олигосахарид, полисахарид гэж ангилагдана. Моносахарид гэдэг нь (CH2O)n гэсэн ерөнхий томъёогоор илэрхийлэгдэх бөгөөд n нь ерөнхийдөө 3-6н хоорондох натурал тоо байх ч 9 хүрэх тохиолдол ч байна3. n=3-г триоза, n=4-г тэтроза, n=5-г пентоза, n=6-г хексоза гэнэ. Мөн химийн талаас нь альдехид бүлэг агуулах моносахаридыг альдоз, кетон бүлэг агуулахыг нь кетоз гэнэ. Моносахаридэд амьд биеийн энерги болгон ашиглагдах глюкоз альдохексоз, фруктоз кетохексоз, ДНХ-н хэлхээнд орох рибоз альдопентоз зэрэг багтана. Эдгээр моносахарид нь ихэвчлэн цагираг хэлбэрийн бүтцэд орно. Жишээ нь глюкоз нь цагираг хэлбэрт орохдоо α-глюкоз, β-глюкоз гэсэн 2 өөр бүтцэд орох бөгөөд энэ нь доор дурдагдах полисахаридын шинж чанарт чухал нөлөөтэй юм3.

Уг цагираг хэлбэрийн моносахарид нь хоорондоо гликосид холбоогоор холбогдож, гинжин хэлхээ үүсгэнэ. Хоёр моносахарид холбогдсоныг дисахарид гэх бөгөөд малтоз, целлобиоз, лактоз, сахароз зэрэг орно3.

nitlel2

Мөн 2-20 ширхэг моносахаридын хэлхээг олигосахарид, 20-с дээш гинжин хэлхээг полисахарид гэнэ2,3.  Полисахаридыг шим тэжээлийн талаас нь шингээгддэг, шингээгддэггүй гэж 2 ангилна. Шингээгддэг нь  глюкозын α1-4 холбоогоор холбогдсон гинжин хэлхээ байх бөгөөд үүнд амьтны элэг, булчинд энерги хадгалах үүрэгтэйгээр орших гликоген, ургамлын үндсэнд мөн адил үүрэгтэйгээр орших цардуул багтана. Шингээгддэггүй нь глюкозын β1-4 холбоогоор холбогдсон гинжин хэлхээ бөгөөд зарим төрлийн бактераас бусад хүн амьтан уг холбоог задалж чаддаггүй тул тэжээл болгон шингээж чаддаггүй байна. Тиймээс эдгээр нь ходоодонд шингээгдэлгүй, өтгөн болон гарна. Энэ үедээ ходоод, гэдсэндэх хортой бодисыг шингээж цэвэрлэдэг тул эрүүл мэндэд тустай юм. Үүнд ургамлын эсийн хананд оршиж, ургамлын бат бөх байдлыг хадгалах цэллюлоз, лигнин, шавжны гадуурх хатуу бүрхүүлийг үүсгэх китин зэрэг багтах өгөөд эдгээрийг хоолны мяндас гэнэ1.

Хоолоор идсэн нүүрс ус нь хаашаа явах вэ?

Шингээгддэг нүүрс ус болох цардуул, гликоген болон сахарын төрөл нь α-амилазэ, α-глюкокшидазэ зэрэг задлагч энзимээр задран, моносахарид болоод нарийн гэдэсний ханаар шимэгдэж, судсанд орно. Цусны судсанд ороод бүх биеэр тархаж, эд эсийн энергийн хэрэгцээг хангана. Энергийн хэрэгцээ нь бүрэн хангагдсан ч үлдсэн тохиолдолд өөхний эдэд очиж, өөх тос болон хадгалагдан, дараа нь хэрэглэхээр нөөцөлдөг байна. Иймэрхүү байдлаар амттан доторх сахаридын төрөл нь өөх тос болдог болохоор таргалалтанд нөлөөлдөг юм. Гэхдээ цусны эс, мэдрэлийн эс, тархины эс нь зөвхөн глюкозыг энерги болгон ашигладаг тул идэхгүй байж болохгүй ч, хэтрүүлж идвэл таргалалтанд нөлөөлөх юм.

Ө. Нарандулам

2014.9.21

Эх үүсвэр:
1.  Хүнсний тэжээл судлахуй  「わかりやすい食品機能栄養学」 吉田 勉、 三共出版(株)、 2012
2. Органик хими 「マクマリー有機化学-生体反応へのアプローチ」 柴崎 正勝ら、 (株)東京化学同人、 2009
3. Биохими 「ホートン生化学(第4版)」 鈴木 紘一ら、 (株)東京化学同人、 2008

Хуваалцах

2 Trackbacks / Pingbacks

  1. Эрүүл амьдралын эгэл нууц | ИХ НҮДЭН
  2. Үл үзэгдэх ертөнцийн гайхамшиг цуврал №1- “Эс бол микро үйлдвэр”- – ИХ НҮДЭН

Leave a Reply

Your email address will not be published.


*