Тайванд төрсөн бодол

Миний бие хэсэгхэн хугацааны өмнө Ази тивийн зүүн өмнөд хэсэгт орших “Формоса” буюу “Тайван” орноор жижигхэн аялал хийх боломж тохиосон юм. (Формоса гэдэг нь португаль хэлээр “Үзэсгэлэнт арал” гэсэн утгатай бөгөөд европын улс орнуудад Тайван нь эрт үеэс эхлэн ингэж нэрлэгддэг байв.)
1000px-LocationTaiwan.svg
10603793_778771302190752_4346939708311317801_n

Эдийн засгийн ухаанаар суралцаж байгаа оюутны хувьд аль болох хүмүүсийн аж амьдрал ямар түвшинд байдаг, ямар аж ахуй голлож байгаа зэрэгт нь бага ч гэсэн анхаарч явахыг хичээсэн юм. Тайваны арал дээр хөл тавьсан эхний өдрөөс л гайхашрал төрүүлсэн нь аялагчдын тоо төсөөлж байснаас хэт олон байсан юм. Түүхэн дурсгалт газар болон байгалийн өвөрмөц тогтоцтой газрууд, Тайван үндэсний том том ресторанууд зэрэг аялал жуулчлалын гол цэгүүдэд маш хөл хөдөлгөөнтэй байсан бөгөөд хөтөч эмэгтэйн ярианаас сонсоход энэ их аялагчдын цуваа нь бүтэн жил тасардаггүй гэсэн юм. Захын дэлгүүрт ороод японоор юм асуухад дөнгөхөн ойлголцоод, хятад, англи, солонгос, япон дөрвөн хэлтэнгүүд рестораны зөөгч хийж байхтай олонтаа таарч байлаа. (өөрийн хэрэглэж чадах хэлийг бусдад мэдэгдэхэд амар байдлаар тухайн улсын далбааг энгэрийн тэмдэг болгон зүүсэн байсан учир 4 хэлтэнгүүдийг хараад танихад амар байв.)

pic_casetG29

Энэ нь аялал жуулчлал хөгжсөн том орнуудаар явж юм үзээгүй миний хувьд ихээхэн сонирхол татаж аялал жуулчлал гэдэг салбар нь эдийн засагт хэрхэн үр өгөөжөө өгч болох талаар бодоход хүргэсэн юм.

Аялал жуулчлалын салбар гэж чухам ямар салбар болох, ямар ач холбогдолтой болох талаар хамгийн энгийнээр бодоод үзвэл гадаадаас ирсэн зочид хоол унднаас эхлээд хоноглох байр, тээврийн хэрэгсэл гэх зэрэг үйлчилгээ авсаныхаа төлбөр болгож дотоодын бизнес эрхлэгчдэд орлого оруулах юм. Өөрөөр хэлбэл гадаадаас ирсэн зочин маань өөрийн орондоо ажиллаж олсон орлогоо манай оронд ирээд тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулна гэсэн үг юм. Ингээд бодвол аялал жуулчлал нь жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын хувьд томоохон ач холбогдолтой бөгөөд олон тооны ажлын байр бий болгоход ихээхэн хувь нэмэр болох нь дамжиггүй. Мөн улс орны өвөрмөц шинж чанарыг илтгэсэн урлаг соёлын хөгжилтэй шууд холбоо хамааралтай чухал салбаруудын нэг билээ. Монголын уламжлалт зан заншил, соёл урлагийн өвийг хамгаалж цаашид улам хөгжүүлэхэд энэ салбарын гүйцэтгэх үүрэг голчлоно. Ийм учраас л улс орнууд гадаадын аялагчдыг татахын тулд хичээдэг учиртай байх нь.

Манай орны аялал жуулчлалын салбарын хувьд 2012 оны байдлаар 476 мянга орчим жуулчид ирж 286,5 сая ам.долларын ашиг олж чаджээ. Харин Тайваны аялал жуулчлалын салбарын хувьд 2013 оныбайдлаар нийт 8 сая жуулчид зорчиж, 12 тэрбум 320 сая ам.долларын орлого олж чадсан ба энэ нь урьд өмнө гарж байгаагүй өндөр үзүүлэлт юм байна.

Үүний нэг томоохон шалтгаан нь ойрын жилүүдэд Тайван-Хятадын харилцаа нэлээд сайжирч 2008 оноос эхлэн Хятадын иргэд Тайванд чөлөөтэй зорчих эрхтэй болсноос Хятадаас Тайван руу аялах аялагчдын тоо огцом өссөнтэй холбоотой хэмээн үзэж байна.

Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэн энэхүү салбараас олох орлогыг нэмэгдүүлэхийн тулд юуг анхаарах шаардлагатай вэ? Энэ асуултанд хариулахын тулд юуны өмнө жуулчид юуг чухалчлан харж аялах орноо сонгож байна вэ гэдэг талаар бодож үзэх нь зүйтэй.

Тухайлбал:

  1. Аюулгүй байдал
    Амь насаа дэнчин тавин байж аялахыг хүсэх хүн мэдээж байхгүй биз. Энэ утгаараа хамгийн түрүүнд анхаарал хандуулах нь тухайн улсад зорчиход аюулгүй аялаад ирж чадах эсэх юм. Иймээс аялагчдын аюулгүй байдлыг хангах нь хамгийн чухал асуудал.
  2. Аяллын агууламж
    Юу үзэж юу хийх вэ гэдэг маш чухал. Монголынхоо чухал гэсэн аялал жуулчлалын цэгүүд дээрх үйлчилгээний чанарын шаардлагыг нэмэгдүүлж аялагчдыг сэтгэл хангалуун аялаад буцахад анхаарах хэрэгтэй. “Монголд ирсэндээ баяртай байна”, “Дахиад хэзээ нэгэн цагт заавал ирнэ” гэж хэлүүлж чадвал зорилго биелжээ гэж үзэж болно.
  3. Тээврийн хэрэгсэл
    Аялж явахдаа юугаар хаашаа явах вэ гэдгийг анхаарах хүн цөөнгүй. Манай орны хувьд өргөн уудам нутаг дэвсгэртэй учир машинаар явахад ядарч зутрах хандлага бий. Төмөр зам тавина гэвэл нүсэр их ажил болох тул хамгийн тохиромжтой нь бага оврын онгоц юм. Бага оврын онгоцуудаар жуулчдыг зөөдөг болвол аяллын агууламжийн хувьд ч баялаг болж болох юм. Мэдээж машинаар явахыг илүүд үзэх хүмүүс бий гэхийг үгүйсгэхгүй.
  4. Үнэ өртөг
    Аяллын нийт өртөг хэт өндөр биш, хамгийн тохиромжтой түвшинд байвал зохистой

гэхчлэн аялал жуулчлалын салбар нь үйлчилгээ, зам тээвэр зэрэг маш олон салбартай уялдаа холбоотой учир цогц, нэгдсэн байдлаар шийдэх шаардлагатай. Энэ ч утгаараа аялал жуулчлал нь төрөөс ихээхэн ач холбогдол өгч тусгай бодлого баримталж дэмжих ёстой салбаруудын нэг гэж би боддог. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж чадсанаараа дэлхийн олон орны хүмүүс манай оронд ирж Монголын түүх соёлтой танилцсанаар Монгол орон маань өөрөө дэлхийд танигдах юм.

Мэдээллийн эх сурвалж:

  1. Тайван дахь хөрөнгө оруулалтын хөтчийн цахим хуудас
    http://investtaiwan.nat.gov.tw/library/main_jpn_general.jsp
  2. Соёл, спорт, аялал жуулчлалын яамны цахим хуудас
    http://mcst.gov.mn/p/107
  3. Дэлхийн орнуудын ДНБ-н ранк жагсаалт
    http://ecodb.net/ranking/imf_ngdpd.html
  4. Тайван улсын хөрөнгө оруулалтын мэдээ
    japandesk.com.tw/pdffile/219P3-4.pdf

Ц. Баасандорж
Иватэ их сургууль, 4-р курс
2014/10/14

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles
Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*