Шинэ цагийн “Соёлын довтолгоон” үгүйлэгдсээр

Сайн байцгаана уу?

Манай вэб сайтаар зочлон бидний бэлтгэсэн нийтлэлүүдийг сонирхон уншдаг та бүхнийхээ энэ өдрийн амгаланг айлтгая.

Ямартай ч манай нийтлэлийн багийнхан уншигч та бүхэндээ илүү хүртээмжтэй үр өгөөжтэй зүйлсийг хамгийн ойроос хүргэхээр хичээнгүйлэн ажиллаж байна. Манай вэб сайтын өнгө үзэмж ч мөн өөрчлөгдөж илүү хэрэглэхэд хялбар болсоныг та бүхэн мэдэж байгаа байх. Вэб сайтад сайн дураараа ажилладаг техникийн баг, нийтлэлчдийн баг, зохион байгуулагчид гээд  бүх хүмүүс илүү сайн чанарын төлөө өдөр бүр хичээж байна.

Манай вэб сайтын багийнхан маань Япон улсад суралцдаг оюутнууд, төгсөөд Монгол эх орондоо ажиллаж амьдарч байгаа хүмүүс байдгийг та анзаарсан байх. Тиймдээ ч уншигч олондоо гадаадад амьдарч байгаагийнхаа давуу тал болон туршлага дээрээсээ үндэслэн мэдээгүй, анзаараагүй, сонсоогүй өнгөрсөн зүйлүүдийг нь онцлон хүргэж, хамтдаа хөгжиж дэвшихийг эрмэлзэж явдаг юм шүү.

Миний энэхүү нийтлэлийн гарчгийг хараад та юу гэж бодсон бэ? Энэ нийтлэлд юу бичигдсэн байгаа нь бараг л ойлгогдсон байж магадгүй. Би ямар нэгэн дарга цэрэг биш, аль эсвэл шүүмжлэгч, эсэргүүцэгч ч биш зүгээр л Улаанбаатар гэх амьдрал буцалсан том хотын жирийн нэгэн иргэний үүднээс энэхүү нийтлэлээ бичиж байгаа юм шүү.

10723307_780035198707106_131092998_n1-300x232

Гудамжаар алхахад зөрөн өнгөрөх хүмүүс зүгээр л нэг жирийн үйлдэл мэтээр шүлсээ газар хаяна, тэр шүлс нь үсрэнэ, наалдана. Ялангуяа намрын энэ цагт гадуур самар ихээр зарагдаж хотын гудманд самарны хогоо шууд хаяж байгаа хүмүүс ихээр тааралдана. Гудамжинд архи ууж тасраад унтаж байгаа хүмүүс ч бараг жирийн үзэгдэл мэт болж хэн ч түүнд санаа зовохгүйгээр хажуугаар нь өнгөрнө. За тэгээд халаасны хулгайг бол яриад ч хэрэггүй. Ёстой л нэг “гаарсан” асуудал. Ямар сайндаа л намайг хэтэвчээ алдсан өдрийн маргааш нөгөөдөр нь хоёр найз маань дараалан хэтэвчээ алдаж байх вэ дээ. За тэгээд автобуснаас буух үед хүмүүс урдаас буух завдал олгохгүй түрж дайрч орж ирдэг. Арай гэж буугаад явж байтал зам гарах бас нилээд том асуудал болж ирнэ. Ногоон гэрлээр зам гарах ёстой юу, хүлээгээд зогсох ёстой юу гэж эргэлзэхэд хүрмээр өндөр мэдрэмж, техник шаардсан үйлдэл. Үйлчилгээний газруудын худалдагч үйлчлэгч нарын харилцааны соёл ч мөн тун хэцүү, загнуулаад байгаа юм шиг сэтгэгдэлтэй үлдэх нь элбэг.

Энэ бүгд хүн болгоны л мэддэг, өдөр тутамд нүүр тулгардаг, ижил дасал болсон асуудлууд. Үнэндээ асуудал гэхэд асуудал биш ч юм шиг, гэхдээ өдөрт дор хаяж нэг удаа бухимдуулаад авдаг шаггүй зүйлс. Яагаад ийм зүйлс өдөр бүр энэ тэнд хотоор дүүрэн өрнөсөөр байгаагийн учрыг бага сага тайлах гээд оролдоод үзье л дээ.

Ямар ч байсан боловсролтой хүмүүс ийм үйлдлүүд хийхгүй нь тодорхой байх. Боловсролтой хүн гэдгийг энгийнээр их сургууль төгссөн хүн гээд аваад үзчихье.  Гэхдээ тэгэх бас их хэцүү. Яагаад гэвэл манай монгол оронд нийт их сургуульд элсэгчид жил бүр нийт төгсөгчдийн ойролцоогоор 90 хувьтай тэнцүү байдаг. Энэ нь дэлхийд ч нилээн дээгүүр байр эзэлдэг. Тэгэхээр гудамжаар зөрөлдөх тэр их хүний нилээд их хувь нь их сургууль гээчид явж номын дуу сонссон байж таарна. Нийгмийн боловсрол, нийгэмд биеэ зөв авч явах, гудамжинд шүлсээ хаяхгүй байх, хулгай хийхгүй байхыг тэгвэл манай боловсрол зааж өгөхгүй байна уу? Тооны хариуг зөв гаргаж л байвал тэр хүн гудамжинд шүлсээ хаяж байна уу үгүй юу гэдэг нь багшид огт “падлийгүй” асуудал уу? Ямар ч л байсан сургууль гэдэг бидэнд заадгаа зааж, бид сурдагаа сураад боловсрох нь боловсроод хаягдах нь хаягдсан. Тийм учраас шүлсээ хаяж байгаа хүн бүр дээр очиж ямар боловсролтойг нь асуухаас нааш асуудлын шалтгааныг боловсрол гэж гүтгэх аргагүй юм.

Асуудлыг арай бодитойгоор харъя л даа. Яг үнэндээ иймэрхүү асуудалтай тулгарахаар хүн болгон л амны уншлага мэт “хөдөөнийхөн” гэж элдэвлэн хэд хэд харааж аваад ч юмуу дооглож аваад бухимдсан сэтгэлээ тайтгаруулаад өнгөрдөг. Хөдөөнийхөн гэдэг нь сүүлийн үед хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод шилжин ирж суурьшаад байгаа ихэвчлэн мал аж ахуй эрхэлж байсан хүмүүсийг хэлээд байгаа. Нүүдэлчин ахуй, мал аж ахуй гэдэг бидний өвөг дээдсээс уламжлан ирсэн, Монгол гэх улс орон, соёл иргэншил, зан араншин гээд монгол хүнийг бүтээсэн амьдралын хэв маяг юм. Хээр талд эрх дураараа нүүдэллэн амьдарч дассан хүмүүс суурин амьдрал хотын соёлд тийм ч амархан дасахгүй нь ойлгомжтой. Тэр тусмаа монголчууд өөрсдийгөө “Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш” гэж тодотгох дуртай хүмүүс. 1960-аад онд монгол орон даяар шинэ үсэгт суралцах, соёлд хүчээр суралцуулах аян явагдаж хамрах хүрээ ч том байж олон ч хүнийг “соёлжуулсан” тухай яриаг телевиз радио, ээж аавуудын ярианаас бид сонсож байсан. Энэ асуудлыг ямартай ч зөнд нь орхилгүйгээр “соёлоор довтлоод” ч хамаагүй өөрчилж засч залруулах хэрэгтэй гэж бодож байна. Магадгүй Улаанбаатарын утааг арилгахаас ч амархан асуудал байж болно. Нийгэмд биеэ зөв авч явдаг, олон нийтийн эд  хөрөнгийг хайрлан хамгаалж гамтай эдэлдэг, бусдыгаа хүндэлдэг хүмүүс олширвол нөгөө утаа нь ч багасчих юм бил үү хэн мэдлээ. Ямартай ч сайныг дагаж сайн зүйл л ирдэг болохоор иймэрхүү бухимдуулсан асуудлуудтай тулгарахдаа хэн нэгнийг буруутгаж үглэж уурлахаасаа өмнө би тэдгээр хүмүүст яаж үлгэр дуурайлал болж чадах вэ гэж бодоцгоож байя. Шинэ цагийн соёлын довтолгоог бид л эхлүүлж, өрнүүлж, амжилттайгаар дуусгаж чадна.

Д.Дуламсүрэн
Юнимедиа ХХК
2014.10.15

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles
IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*