Салхины хүчийг ашигласан, гэхдээ сэнс биш бас нэгэн энергийн үүсгүүр

Цахилгаан автомашинд нарны зай(зураг.1), цэнэглэх станц(зураг.2)-аас гадна өөр нэгэн төхөөрөмжөөр эрчим хүч хуримтлуулж болохыг Солонгосын их сургууль(Korean university) болон Самсунгийн инженерүүд танилцуулжээ. Энэхүү төхөөрөмж нь “хийсдэг” материалаас үрэлтийн нөлөөг ашиглан эрчим хүч үүсгэх ба үйлдвэрлэлд автомашины дээвэр дээр байрлуулах хэлбэрээр нэвтрүүлж болох аж. Эрчим хүч хуримтлуулах зарчим нь нэг ёсондоо үрэлтийн нөлөө буюу хивсэн дээр хөлөө чирж алхсаны дараа тог цохидог, шилэн савааг торгоор үрсэний дараа цэнэг хуримтлагдаж цаасыг татдаг зэрэг үзэгдлүүдтэй адил ба тийм ч учраас уг төхөөрөмжөө “Салхин үрэлтийн үүсгүүр” гэж нэрлэжээ.

solar-roof-panels-blue-car-electric-vehicles-climate-change
Зураг.1 Автомашины дээвэр дээр байрлуулсан нарны зай.
charge-blog480
Зураг.2 Цахилгаан автомашины цэнэглэх станц.

Салхин үрэлтийн үүсгүүр нь хатуу тефлон гадаргуу болон салхинд хийсэн гадаргууг үрэх сүлжмэл даавуу гэсэн энгийн системээс бүрдэнэ(зураг.3). Тефлон нь политетрафлороэтилен(PTFE) гэсэн шинжлэх ухааны нэршилтэй, нүүрстөрөгч, фторын өндөр молекулт нэгдэл бөгөөд бат бөх хатуу болон өндөр температурт тэсвэртэй чанараар нь та бидний мэдэх наалддаггүй хайруулын тавгийг түүгээр бүрсэн байдаг юм. Энэхүү электрон өгөх материал болох даавуу болон электрон хүлээн авах материал болох тефлоны хоорондох үрэлтээс үүдэн системд цэнэгийн тэнцвэргүй байдал үүсч цахилгаан гүйдэл үүсэх ажээ. Туршилтын дүнд 55 км/цаг-ийн хурдтай салхинд ойролцоогоор 5 см*8 см харьцаатай дээрх систем 200 В хүчдэл үүсгэж, 60 мкА гүйдэл гүйлгэсэн байна. Энэ хэмжээний эрчим хүчээр зөөврийн цахилгаан төхөөрөмж болон конденсаторуудыг цэнэглэж болно хэмээн зохион бүтээгчид үзжээ.

tumblr_inline_ncd6j0a3vW1rpydpj
Зураг.3 Салхин үрэлтийн үүсгүүр.

Тэд эрдэм шинжилгээний бүтээлдээ: “Салхин үрэлтийн үүсгүүр нь гэрийн гаднах цахилгаан төхөөрөмжийг үр ашигтай агаад байгальд хоргүй замаар цэнэглэж чадах давуу талыг өөртөө агуулах ба сэргээгдэх эрчим хүчний салбарт маш ирээдүйтэй технологи юм. Мөн их хэмжээний энерги хуримтлуулах системд ч хялбархан хэрэгжүүлж болох ба хамгийн гол давуу тал нь хямд өртөг хийгээд бага жингээр үйлдвэрлэж чадах явдалд оршино.” хэмээжээ. Мэдээж судалгааны түвшиндээ байгаа энэхүү технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх явдал олон жилийн хөдөлмөр шаардах процесс хэдий ч, сэргээгдэх эрчим хүчний бас нэгэн сонирхолтой салбар болон хөгжих нь дамжиггүй биз ээ.

Мөн үүнтэй адил үрэлтээс эрчим хүч үүсгэх судалгааг АНУ-н Жеоржиагийн технологийн институтид хийдэг ба миний бие өмнөх нийтлэлүүддээ хүний алхаанаас энерги үүсгэх систем болон бичил хөдөлгөөнөөс эрчим хүч үүсгэх арга зэргийн талаар цухас дурдаж байсан билээ‌‌‌.  Сонирхвол энд дарна уу.

Э.Өнөболд
2014.10.14

Мэдээллийн эх сурвалж᠋᠋᠋:

  1. Web page named Txchnologist sponsored by GE.
    http://txchnologist.com/post/98237458365/cars-rooftop-device-makes-electricity-from-rushing
  1. Nature Communications 5, 4929, ‘Flutter-driven triboelectrification for harvesting wind energy’

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*