Ариунболдын Лхагвасүрэн: “Номыг кинотой зүйрлэвэл зохиолч нь киноны найруулагч, уншигч та өөрөө зураглаач нь юм   

BeFunky_null_1.jpg  width=Нэр: Ариунболдын Лхагвасүрэн
Төгссөн сургууль: Иватэ их сургууль

Одоо хийж буй ажил?

“Заг” ХХК-д төслийн эдийн засагчаар ажилладаг. Төгсөж ирээд сая 8 сараас ажиллаж эхэлсэн.

Ямар чиглэлийн компани билээ?

Барилга угсралтын компани. Манай компани 1991 оноос хойш барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэлээр голчлон үйл ажиллагаа явуулж ирсэн ч ойрын жилүүдэд хүрээгээ тэлж уул уурхай, аялал жуулчлал, боловсрол, хөрөнгө оруулалтын салбаруудад үйл ажиллагаагаа явуулж байгаа.

Нэг өдрийн хэмнэл?

Ажлын өдрүүдэд өглөө бүр 7 гэж босоод 8 гэхэд гэрээсээ гардаг. Ажил гэр хоёр нэлээн зайтай тул ажилдаа яг л 9 дөхүүлээд очно. Ажил маань ерөнхийдөө оффисд сууж ажилладаг болохоор гарах нь ховор. Хааяадаа хөрөнгө оруулагч, захиалагч нартай уулзах уулзалтанд оролцохоор явдаг. Орой ажил 6 гэж тарна. Харьж ирэх гэсээр байтал яагаад ч юм 8,9 болчихдог. Тэгээл хоол цайгаа ууж, жаал амарч байж байгаад хажуулддаг даа.

Амралтын өдрүүдээр гадаа дулаахан гоё байвал гарч орно, найзуудтайгаа уулзана, хүйтэн байвал харин гэртээ л байх дуртай хэхэ. Гэрээ цэмцийлгэчээд телевизор үзэж, гоё хоол хийж идээд амрах ч бас гоё шүү.

Сонирхдог зүйлс?

Маш олоншд хэхэ. Сагс, Волейбол, ширээний теннис зэрэг хөдөлгөөн шаарддаг спортын төрлүүдэд дуртай. Хөгжим сонсох, мөн хөгжмийн зэмсгэнд дуртай. Одоогоор сайн тоглож чадахгүй ч гэсэн хийл, гитар, аман хуур зэрэг хөгжмийн зэмсгүүд байгаа. Цаашдаа төгөлдөр хуур, бөмбөр, үлээвэр хөгжим авна гэж боддог. Бас ФМ радио сонсох их дуртай. Ялангуяа гэр бүлийн радио 104.5-ийг их сонсдог байлаа. Нэг хэсэг бүр өдөр алгасалгүй сонсож, тэрнийгээ бичиж тэмдэглэж авдаг байлаа шүү дээ (инээв) Аа тийн шинэхэн хобби гэх юм бол ойрдоо дууны үг орчуулах сонирхолтой болоод байгаа.

Мөрөөдөл?

Сэлж сурахыг мөрөөддөг (инээв). Зааза тоглосон юм. Мөрөөдөл гэвэл ирээдүйд тогтсон байр сууриа олоод өөрийн гэсэн бизнес хийгээд явахыг хүсдэг. Тэгэхийн тулд биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг шиг эхлээд өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй гэж бодож байна.

Номны талаар?

Миний хувьд хамгийн анхны ном гэх юм бол “Үүлэн бор”. Уншиж сурчихаад хэдэн арван удаа уншсан юм бүү мэд. Одоо хүртэл бараг бүх үлгэрийг нь мэднэ. Түүнээс хойш 10 жилдээ утга уран зохиолын номонд нугасгүй дурлаж цөөнгүй хэдэн ном уншсан. Цухас дурдахад, адал явдал сонин хачнаар дүүрэн Марк Твен, Жюль Верний зохиолууд, нууцхан хайр дурлал, эмэгтэй хүний дотоод сэтгэлийн илэрхийлэл тэр чигээрээ харагдах Жэйн Остиний зохиолууд, нийгмийн анги давхарга, хүмүүсийн дотоод сэтгэлийн ялгааг харуулсан Виктор Гюгогийн зохиолууд, мөн эр зориг, эрх чөлөө, хайр дурлал, атаа жөтөө бүгдийг нь өгүүлэх Майн Ридийн зохиолуудыг шимтэн уншиж байлаа. Майн Ридийн “Морь унасан толгойгүй хүн”-ийг уншхаасаа өмнө их айж байлаа.  Яагаад гэвэл кино нь их аймар учраас. Гэтэл киноноосоо тэс өөр дэндүү гоё зохиол байсан. Дахиад нэг өөр “Морь унасан толгойгүй хүн”-ийг уншсан юм шиг л санагдсан. Ер нь номыг кинотой зүйрлэвэл зохиолч нь киноны найруулагч, уншигч нь өөрөө зураглаач нь юм болов уу гэж боддог.

Одоогийн залууст хандаж хэлэхэд?

Миний зүгээс бол ном их унш, хичээлээ сайн хий, бага унт, бага ид тэгвэл чи мундаг болно гэх мэт зүйлсийг бол хэлэхгүй. Учир нь манай уншигчид маань аль хэдийн төлөвшил тогтоод, өөрсдийн хүсэл сонирхол, ухамсраараа энэ бүхнийг ойлгодог болчихсон байгаа гэдэгт итгэлтэй байна. Харин энд нэг л зүйлийг маш товчхон хэлье гэж бодлоо. “Манай үеийнхэн өмнөх үеийнхтэйгээ харьцуулахад асар их боломжоор хүрээлүүлж байгаа гэж ойлгодог. Тийм болохоор бид тэдгээр боломжуудыг эрэлхийлж, олж харж нэгийг нь ч болсон шүүрээд авах хэрэгтэй” л гэж хэлье даа.

Ирээдүйд ямар хүн болохыг хүсч байна?

Би өөрөө доороо 3 эрэгтэй дүүтэй айлын том л доо. Тийм болохоор айлын сайн охин, дүү нарын сайн эгч, цаашлаад хүний сайн эхнэр, хүүхдийн сайн ээж, эх орондоо сайн эмэгтэй хүн болохыг хүсч байна. Хэдий би одоо ээж аавын эрх охин, дөнгөж ажилд орсон юу ч мэдэхгүй шинэхэн ажилчин хэдий ч ирээдүйд эмэгтэй хүний дээрх шинж чанаруудыг өөртөө агуулсан тийм л эмэгтэй байхыг хүсдэг.

Уншигчдад санал болгох ном?

Уншигчид маань бүгд өөр өөр сонирхолтой хувь хүмүүс гэдэг үүднээс нь түүх, намтар, утга уран зохиол, шинжлэх ухаан, шашин зэрэг бүх л салбарын хүрээнд өөрийн зүгээс хэдэн ном санал болгоё гэж бодож байна.

 nuuts towchoo xx 1. Монголын нууц товчоо: Хамгийн түрүүнд уншаарай гэж зөвлөх ном бол яах аргагүй мөн. Бид түүхээ мэдэж байгаа цагт бид өөрсдийгөө мэдэж эхлэнэ.
 ダウンロード xx 2. Б.Сарантуяагийн “Сорхугтани”: Монголын түүхэнд эрдэм мэдлэг, хол ч ухаанаараа шагшигдах торгууд угсааны Сорхугтан бэхи хатныг Их Эзэн хааны отгон хүү Тулуйн гэргий гэдгийг бид бүхэн сайн мэдэх билээ. Тэрээр залуу Монголын эзэнт гүрний 4 зүгт эзэрхэн суусан Их хаадыг өсгөж хүмүүжүүлсэн хүчирхэг эмэгтэй билээ. Ирээдүйд мундаг эмэгтэй, эхнэр, ээж болох уншигчиддаа заавал уншаарай гэж зөвлөх ном бол яах аргагүй мөн.
pci2 xx 3. Л .Өлзийтөгс “Үзэхийн хязгаар”: Зарим хүмүүс Өлзийтөгсийг гайхалтай гэцгээдэг. Харин миний хувьд тэр өөрийн болон бусдын доторх мэдрэмжүүдийг чөлөөтэй илэрхийлж чаддаг хамгийн энгийн нэгэн. Түүний “Үзэхийн хязгаар” нь хамгийн их таалагдсан. Хүмүүний амьдралыг бүхэлд нь дурандсан мэт.
 2e5laig xx  4. Александр Дюмагийн “Монте Кристо гүн”: Утга уран зохиолын төрлийн ном хамгийн их уншдаг байсан болохоор хэд л бол хэдээр нь хэлмээр санагдавч ахлах сургуульд орохоосоо өмнө уншиж байсан энэ гайхалтай 3 боть номыг хүн бүр уншаасай гэж боддог. Нэг талаас атгаг хорон үйлийнхээ хор уршгийг амсагчид, нөгөө талаас өшөө авах сэтгэлийг амьдралынхаа зорилго болгосон нэгэн бүхний эцэст өшөөгөө авч дуусахад нэг тийм зорилгогүй хоосон нэгэн болж үлдэх мэт.
 ダウンロード (1) xx 5. Стивен Хокинг. “Цаг хугацааны товч тvvх” : Шинжлэх ухааны холбогдолтой гэвэл энэ номыг уншаад үзэхэд илүүдэхгүй. Гэхдээ тодорхойгүйн онол, утасны онол гэх мэт ойлгоход бэрх зүйл их. Хүмүүс Оросын эрдэмтэн Барашенков гуайн “Электрон доторх ертөнц”-г илүү ойлгомжтой гэдэг юм байна лээ.
 horvoo delhii uujim hiih ajil ih xx 6. Ким Ү Жүний “Хорвоо дэлхий уужим хийх ажил их байна”: Хувь хүний хөгжилдөө зориулж уншсан хоёрдох ном. Хамгийн анх Дейл Карнегигийн цуврал номыг уншиж байсан л даа. 5-р ангидаа уншсан ном гэхэд сэтгэлд маш тод үлдэж.
 41OgOIZBVPL._SY344_BO1,204,203,200_ xx 7. How to See Yourself As You Really Are By His Holiness the Dalai Lama: Дөнгөж уншиж эхлүүлээд байгаа ном. Энэ ном нь бурхан шашин шүтдэг, сэтгэлийн амар амгаланг олохоор зорьж буй хүмүүс төдийгүй энгийн бидэнд ч бас өөрийгөө олж, бусдыг ойлгоход хэрэгтэй их зүгээр ном шиг санагдсан. Хараахан уншаагүй байгаа болохоор дуусгачаад сэтгэгдлээ хуваалцъя.

Баярлалаа

 

   Ярилцсан: Д.Дуламсүрэн

   Юнимедиа ХК

   2014.10.19

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles

IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*