Хэтэвчгүй таны “ХЭТЭВЧ”

2014 оны 10 сарын 20 өдрөөс эхлэн “Apple” компани “Apple Pay” хэмээх шинэ төлбөрийн системээ АНУ-д ашиглалтанд оруулж эхэлж байна. “Apple Pay” гэдэг нь “iPhone 6” болон “iPhone6 Plus”-ыг ашиглан маш түргэн хугацаанд төлбөр хийх найдвартай төлбөр тооцооны систем юм. Мөн ирэх жилийн эхээр гарах ухаалаг бугуйн цаг “Apple Watch”-ыг ашиглавал “iPhone5”, “iPhone5C”, “iPhone5S”-ээр ч төлбөрөө хийх боломжтой. Мөн энэ сарын 16-нд шинээр зарлагдсан “iPad Air 2”, “iPad Mini 3” дээр ч ашиглах боломжтой. Энэхүү үйлчилгээг авахын тулд та утасныхаа үйлдлийн системээ iOS8.1 болгож шинэчлэхэд л хангалттай. (одоогоор зөвхөн “iPhone 6”, “iPhone 6 Plus”-д л ашиглагдана.) “iPhone6” болон “iPhone 6 Plus” -аар жирийн дэлгүүрүүд болон онлайн худалдаанд төлбөр хийх боломжтой. Харин “iPad”-аар зөвхөн онлайн худалдаанд (аппликэйшн дотор) төлбөр хийнэ.

 “Apple Pay” нь дараах давуу талтай.

  1. Аюулгүй

Утсан дээрээ та өөрийн кредит картны мэдээллээ байршуулан, хурууны хээгээрээ нууцлана. Жирийн төлбөрийн картыг ашиглахад картны дугаар болон шаардлагатай мэдээлэл бусдад алдагдах магадлал маш өндөр байдаг. Жишээлбэл, таныг картаа гаргаж байхад хажуугийн хүн чинь дугаарыг харах, нууц кодоо алдах, картаа дэлгүүрт мартаад явах зэрэг аюул бий. Харин “Apple Pay” нь төлбөр хийхэд таниас картын дугаар, нууц үг, гарын үсэг зэргийг шаардахгүй. Утсан дээр бүртгэгдсэн картын мэдээллийг тусгай кодоор долгион хэлбэрээр дамжуулах тул картын мэдээлэл алдагдах магадлал тун бага. “Apple Pay” нь төлбөр тооцооны тухай мэдээлэл, хувь хүний нууцыг тухайн дэлгүүрийн мэдээллийн системд хадгалахгүй тул таны мэдээлэл цаашаа алдагдана гэх аюул байхгүй. Хэрвээ утсаа алдвал “Find iPhone” (утсаа алдсан тохиолдолд утасныхаа байршлыг тогтоох, утсаа алсаас цоожлох аппликэйшн) руу ороод утсан дээрх картаа устгаж болно.

  1. Түргэн шуурхай

Жирийн төлбөрийн картыг ашиглах бол түрийвчээ гаргаж ирэх, картаа уншуулах, кодоо хийх эсвэл гарын үсэг зурах гэсэн шат дараалалтай байдаг бол “Apple Pay”-д энэ бүхэн хэрэггүй. Төлбөр хийхийн тулд та ердөө гар утсаа зориулалтын машинд ойртуулахад л хангалттай. Карт уншуулах хэрэг байхгүй. Ямар нэгэн товчлуур дарах ч хэрэг байхгүй.

Өдгөө Apple Store, Macy’s, McDonald’s, Wal-Mart, Disney Store гээд 220 мянга гаруй дэлгүүрүүд болон American Express, Master Card, Visa зэрэг кредит картнаас авахуулаад 500 гаруй банк энэхүү үйлчилгээнд хамрагдаад байна.

Screen Shot 2014-10-19 at 11.00.31 PMБанкууд картаа уг үйлчилгээнд бүртгүүлсэнээр “Apple”-д гүйлгээ тутамд тодорхой хэмжээний шимтгэл төлнө. Харин “Apple Pay”-н энгийн хэрэглэгч (бид нар) үйлчилгээ ашигласны төлөө нэмэгдэл үйлчилгээний хураамж төлөхгүй. “Apple Pay” ашиглалтанд орсоноор “Apple” 2015 онд 118 сая долларын орлого, 2016 онд 310 сая долларын орлого олох таамаглалтай байна. “Apply Pay”-н орлогын томоохон эх үүсвэр нь аппликэйшнээр хийгдэх онлайн худалдаа юм. Үнэндээ аппликэйшнээр онлайн худалдаа хийхэд хувийн болон картын мэдээллээ нэг нэгэнгүй оруулах хэрэгтэй байдаг. Энэхүү цаг үрсэн системийг “Apple Pay” байхгүй болгож байгаа юм. (“Amazon” компанийн онлайн худалдаан доторх “one-step checkout”-тай адил.)

Screen Shot 2014-10-19 at 11.00.38 PM

Дэлгүүрийн хувьд бэлэн мөнгөөр гүйлгээ хийхэд түүнийг тоолох, хянаж бүртгэнэ гэдэг их цаг зарцуулдаг. Тиймээс бэлэн бус мөнгөний гүйлгээ илүү үр өгөөжтэй байдаг. Тийм ч учраас үйлчилгээний байгууллага болгонд картаар гүйлгээ хийх орчинг бүрдүүлсэн байдаг. Казинод хүртэл чип ашигладаг шүү дээ. “Starbucks” зэрэг компаниуд өөрсдийн зориулалтын аппликэйшнээрээ төлбөр хийх системийг бүрдүүлсэн байдаг.

 Бэлэн бус мөнгөөр гүйлгээ хийнэ гэдгийн цаана асар том сэтгэл судлал бий. Бэлэн мөнгөтэй байгаа хүн мөнгөнийхөө хэмжээг бодоод их хэмжээний гүйлгээ хийх нь бага. Харин бэлэн бус мөнгийг ашигласнаар хүмүүст төдийлөн мөнгө үрэгдэж байгаа нь анзаарагддаггүй тул илүү их хэмжээгээр худалдаа хийдэг аж. “Аливаа зүйлийг бэлэн бус мөнгөөр худалдаж авна гэдэг бол маш зугаатай зүйл.” Гэж Чикагогийн их сургуулийн үйл хөдлөлийн эдийн засагч (behavioural economics) Ричард Талер хэлсэн байдаг. Тийм ч учраас бэлэн бус мөнгийг ашигласнаар илүү их хэмжээний орлогыг олох боломжийг дэлгүүрүүд олж авч байгаа юм.

 Мобайл төлбөр тооцоо гарч ирээд төдийлөн олонхын хэрэглээ болж чадахгүй байгаа. Google 2011 онд Андройд үйлдлийн систем дээр ашиглагдах “Google Wallet” нэвтрүүлсэн боловч амжилтанд хүрээгүй. Энэ удаагийн “Apple Pay” мобайл төлбөр тооцоог нэвтрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах байх гэж шинжээчид үзэж байна. Гэхдээ хэрэглэгчдийн хэрэглээ болтол чамгүй цаг хугацаа шаардлагатай болов уу. Хэдийгээр түргэн шуурхай төлбөр хийж чадах ч аюулгүйн тал дээр хэрэглэгчдийн дунд аюулгүйн тал дээр хүлээлт үүсээд байгаа. Үнэхээр баталгаатай байж чадахуу? гэсэн эргэлзээ хэрэглэгчдийн дунд их байна. “Apple” хурууны хээ таних хэсэг “Touch ID”-г танилцуулсаны дараа удаагүй байхад хакерчид үүнийг хакердаж хөлийн хуруу, хөхний толгойгоор хүртэл онгойлгож чадсан. Саяхан “iCloud” хакердуулж оддын нүцгэн зураг олны дунд тархсан. “iPhone 6” халаасанд хийхээр нугаларах зэргээр “Apple”-н сүүлийн үеийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд төдийлөн чанарын шаардлага хангахгүй байна гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа. Тиймээс хэрэглэгчид энэ удаагийн шинэ үйлчилгээ болох “Apple Pay”-д тун болгоомжтой хандах нь зөв болов уу.

О.Баярсайхан
Hult International Business School, Master of Finance
2014 оны 10-р сарын 19 өдөр

Мэдээллийн эх сурвалж:

  1.  Apple албан ёсны вэб хуудас: Apple Pay
    https://www.apple.com/apple-pay/
  2. Apple 10 сарын танилцуулах арга хэмжээ
    http://www.apple.com/apple-events/2014-oct-event/
  3. Wall Street Journal сэтгүүл: Apple Pay Rolls Out, With Holes in System, Wall Street Journal
    http://online.wsj.com/articles/apple-pay-roles-out-with-holes-in-system-1413762943
  4. “Apple Pay” болон “Хэтэвчин утас”-ны ялгаа
    「Apple Pay」「おサイフケータイ」、何が違う?
    http://toyokeizai.net/articles/-/47779?page=2
  5. Мобайл төлбөр тооцоог өөрчлөх үү? “Apple Pay” 10 сарын 20-нд АНУ-д  хэрэгжиж эхэлнэ.
    モバイル決済を変えるか?「Apple Pay」が10月20日に米国でスタート
    http://news.livedoor.com/article/detail/9368923/

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles

Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*