Ёс зүй

Европын нэгэн оронд амьдарч байгаа танил эгч маань ийнхүү ярьж байна:

“ Хүү маань энд төрөөд эндээ цэцэрлэг сургуульд явсаар Монгол орчноосоо тасраад байна. Мэдээж хүүгээ монгол хэл, соёлоо бүү мартаасай гэж хүсдэг. Түүний төлөө аав бид хоёр нь бүх хүчээ дайчлан анхаарч байгаа. Гэвч тэглээ гээд Монголд нүүж ирье гэсэн бодол огт төрөхгүй юм. Муу санаа, худал ярих гэж юу байдаг тухай ойлголт ч байхгүй хүмүүсийн дунд өсч хүмүүжиж байгаа хүү маань өнөөгийн Монголын энэ ёс зүйгүй нийгэмд, ийм ёс зүйгүй монгол хүмүүстэй яаж нийцэн зохицож амьдрах юм бэ гэдэгт би санаа зовоод байгаа юм. Хаа сайгүй хууран мэхлэхийг оролдсон, ашиг хонжоог хайсан, жижиг зүйл дээр ч бусдын боломжоос хумслах гэсэн ийм нийгэмд шүү.”

Энэ нь жижигхэн зүйл дээрээс л харагддаг. Монгол улсын их дэлгүүр орлоо. Бүхэл бүтэн манай улсын их дэлгүүр гэсэн мөртлөө миний худалдаж авсан барааг нэг аятайхан уутанд хийгээд өгчих сэтгэл байхгүй тэр дэлгүүр. Авсан бугуйвчийг минь надаас асуулгүйгээр алгын чинээ хэврэг цаасан хайрцганд хийж өгсөнийх нь төлөө би кассан дээр очоод 2500 төгрөг нэмж төлөх ёстой хэнэггүй үйлчилгээтэй манай улсын их дэлгүүр.

Тэгээд бүр гадаадаас оруулж ирсэн бараа гэх нэрийдлээр хамгийн хямд гэсэн гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг “хамгийн сайн, хамгийн үр дүнтэй” нь гэж худлаа яриад үнийг нь монгол мөнгөөр хэд дахин нэмээд тавьчихсан. Монгол хүмүүс, монгол эмэгтэйчүүд ийм л юм хэрэглэж байвал таарна гэсэн шиг ямарч шалгуургүй авчирч тавьсан тэр хачин гоо сайхны бараануудыг нь ээ… Үйлчилгээний байгууллага мөртлөө ариун цэврийн өрөө нь төлбөртэй…

Эсрэгээрээ мөн их хотын иргэд нь ариун цэврийн өрөөгөө ёс журмаар нь цэвэрхэн ашиглачихгүй юм. Хөөрхий үйлчлэгч эгч нар цаг тутамд цэвэрлээд байгаа мэт харагдавч аль ч үйлчилгээний байгууллагуудын ариун цэврийн өрөөнүүд бохир эхүүн үнэрээсээ салаагүй л байдаг.

KONICA MINOLTA DIGITAL CAMERA

Монголд итгэж болох хүн байхгүй, эсвэл бие биендээ итгэхээ байсан талаар бяцхан жишээг хэлье… Ихэнхи супермаркет руу орохдоо өөрт байгаа уут тор цүнх гээд нүхтэй сүвтэй бүх л юмаа үүдний цоожтой саванд орхиод орох ёстой болж. Яарч ядан явахад цүнхээ орхиод ор, зөвхөн түрүйвчээ л авч орж болно гэсэн хачин үйлчилгээтэй, яхир худалдагчтай газруудтай олон таарлаа. “Би тийм хулгайч шиг харагдаад байна уу?” гэж өөрөө өөрийгөө сэрдэхэд хүрлээ. Бараагаа аваад бичүүлэхэд байсан мөнгө минь дутаад хэдэн бараа буцаая гэж гуйтал … “Манай касс буцааж болдоггүй касс, заавал төл, яах гэж авч яваа мөнгөнөөсөө илүү бараа авсан юм …” гэж зандрах худалдагч охин. Бараагаа сонгохдоо тооны машинаараа тоо бодоод яваагүй миний тэнэгийнх юм байж…

Үндэсний үйлвэрлэлээ дэмжчих санаатай монгол бараа нь хаана вэ гээд асуухаар харваас хятад шошигтой бараа барьчихаад монгол гэж уурлах худалдагч. Хэдэн ажил дээгүүр доогуур бүтээчих санаатай явахаар дан танил талаараа л яриулж бялдуучлахгүй бол наашаа харна аа гэж нэг үгүй төрийн албан хаагч нар.

Алхам тутамдаа анхаарал болгоомжтой байхгүй л бол “замын нөхөөс” эсвэл тахир дутуу болох магадлал тун өндөр Улаанбаатар хотын зам тээвэр. Улаанбаатарт ёс журмаараа ажиллаж байгаа гэрлэн дохио гэвэл их дэлгүүрийн урд талын гэрлэн дохио л арай дээр байж магадгүй. Явган зорчигч гарцаараа амар тайван гарцаар гарчихаж чадахгүй айдас хүйдэстэй… Бие биенээсээ мөнгө, цаг хожчих санаатай эргэн тойрныхон… Бага сургуулийн хүүхдүүд дунд ч, том болсон хүмүүс дунд ч энэ аймар үйлдэл нь ажиглагдсаар байдаг. Чин үнэнээ хэлэхэд монголд зуны гуравхан сар ирээд буцах бүртээ сэтгэл эмтэрсээр, энд амьдрах итгэлээ алдсаар буцдаг. Монголд сайхан амьдрахын тулд хүн ёсны чанараа далдын далдуур нуугаад, алхам тутамдаа хууран мэхлэх арга замыг сонгох хэрэгтэй болдог. Тэгж чадахгүй бол өөрийн хөдөлмөрөө бусдад мөлжүүрсээр хамаг боломжоо алдах гэсэн зам л байдаг…

Монголд боловсролтой хүн байхгүй байна уу? Ёс суртахуунтай хүн байхгүй байна уу?

Аристотель

“Сайн хүн болоход эрдэм мэдлэг тун бага нөлөөтэй, бүр огт нэмэргүй ч байж мэднэ”

(Ажиа Гэгээн “Цагийг бэлгэдэгч наран чөлөө” Уб., 2009 номын 66 дугаар тал)

Бурхан багшийн бидэнд сургасан зүйлс юу вэ хэмээвээс: Бүхий л амьтныг өөрийн эх мэтээр хайрла, бүхий л амьтныг Барамидын зургаан үзлээр энэр хэмээдэг. Тэр зургаа нь юу вэ гэвэл өглөг, ёс зүй, хүлцэл, зүтгэл, бясалгал, билиг ухаан болно.

  1. Өглөг хэмээх нь өөрийн чадах хамаг сайн сайхан зүйлээр нийт олонд туслах явдал юм. Өөрийнхөө тухай огт бодолгүйгээр бусдад өгнө гэсэн үг.
  2. Ёс зүй бол зөвхөн лам хүний сахилаа дагахын нэр бус, харин үргэлж ухаантай байж, хувийн атгаг бодлоо дарж, нүгэл үйлдэхийг тэвчихийг хэлнэ.
  3. Хүлцэл бол тэвчээр, уучлал хоёр. Өөрт чинь хэчнээн таагүй байлаа ч амгалан оршиж, хүлцэн өнгөрүүлэхэд суралцах ёстой. Хүн бүхэн хүлцэж чаддаг сан бол энэ хорвоо юутай амгалан байхсан.
  4. Зүтгэл бол бусдын тусын тулд урамтайгаар хичээн ажиллахын нэр.
  5. Бясалгал хэмээхүй нь завилж суугаад оюун санаагаа амрааж буй ламын төрх толгойд буудаг. Үнэн хэрэгтээ бясалгана гэдэг нь оюун санаагаа сайн муу үйлийн үрийн аль алинд төвлөрүүлж, эргэлзээ тээнэгэлзээг үгүй болгох  үйл явц юм.
  6. Билиг ухаан нь аливаа юмын мөн чанар, учир шалтгааныг олж, шинжлэх ухаанчаар, бодитой, учир зүйн холбоостой хандаж сурсан цагт бий болно. Билиг ухаанаар хүн аливаа юмс үзэгдлийн уялдаа, үнэн чанар, шалтгаан үр дагаврын холбоог ойлгодог.

Энэхүү зургаан үзлийн эхний таваас нь хүн эхийн хайртай адилтган үзэхүйц энэрэл нигүүлсэлд суралцдаг бол сүүлчийн билиг ухаан нь амьд юм бүхний дотоод холбоог тодорхой болгож өгдөг…

Агуу Аристотель ба бурхан багшийн сургааль хоёрыг уншаад үзвэл утга агуулгын хувьд яв цав нийцэж байгааг харж болно. Хүний амьдралд эрхэмлэх ёстой зүйл эрдэм мэдлэгээс илүүтэйгээр сэтгэлийн мөн чанар, сайн хүн байх явдал юм биш үү… Энх тайвны Нобелын шагналт Тереса эхээс дэлхий нийтээрээ энх тайван байхын тулд бид яах хэрэгтэй вэ гэхэд “Гэртээ харь, гэр бүлээ хайрла.” гэсэн маш энгийн хариултыг өгсөн байдаг. Ёс суртахуунтай сайн хүн байхын тулд ч гэсэн энгийн нэгэн зуршил бидэнд хэрэгтэй болов уу? Харин энэ сэдвээр одоо л нэг монголд маань ярьж хэлэлцэж эхэлж байх шиг.

Саяхан нийтэд цацагдсан 100 чухал сэдэв “Ёс зүй” нэвтрүүлэгт юуг санал дүгнэлт болгон хэлэх гэж оролдсон тухай авч үзье. Олон нийтийн дунд шүүмжлэлд өртөж, ёс зүйгүй гэж нэрлэгдээд байсан хүмүүсийг урин оролцуулсанаараа нэг талаараа шүүмж, нөгөө талаараа магтаалд өртөөд байгаа энэ нэвтрүүлэг монголчуудад ямар санаа сэдлийг төрүүлэх гэв ээ?… Ёс зүй гэдэг бол шударга байхаас, уучлал гуйхаас эхэлнэ гэсэн санааг л дамжуулахын тулд байсан болов уу?

Гэвч энэ нэвтрүүлгийн доор бичсэн сэтгэгдлүүдийг ажваас монголчууд маань ёс зүйтэй байхын тулд гэхээс илүүтэйгээр хэн, хаана, юу, яав ийв , оймс, ороолт гэсэн л ховын шинжтэй зүйлст ухаанаа чилээж байгааг нь харж болно…

Хууль дүрэм гэдэг бол хүний ухамсарын хамгийн доод түвшинд тааруулан бий болгосон хэмжүүр гэдэг. Бид ёс зүйг хууль дүрэм, их сургуулийн диплом гэж ойлгодог ч тийм биш юм гэдгийг дээрх нэвтрүүлгээр баталж өгсөн. Бид ёс зүйг эрдэм мэдлэгээс илүүтэйгээр өөрөө өөрөөсөө олж авах, бий болгох ёстой байдаг байна. Ёс зүй нь хүнд төрмөл заяадаг зүйл бөгөөд түүнийг жинхэнэ амьдрал дээр хэрэгжүүлэх нь хувь хүний өөрийнх нь л үүрэг. Гэвч ёс зүйн тухай нэвтрүүлэг үзээд ёс зүйг үгүйсгэж байгаа мэт сэтгэгдэл бичиж, ярьж байгаа хүмүүс твиттер, фэйсбүүкд олон байгааг харахад ёс зүйн талаархи ойлголт монгол хүмүүсийн дунд хэр байгааг анзаарч болно.

Хамгийн сүүлийн нүүдэлчид ба Монголын хамгийн сүүлийн төрмөл ёс зүйтэй хүмүүс эмх замбараагүй хотжилт ихсэхийн хирээр улам л хорогдож байна. Төөрсөн аянчинд хариу нэхэлгүй хоол цай хийгээд өгдөг, гэртээ хоноглуулдаг манай монголын жинхэнэ ёс зүйтэй хүмүүс, тэнд нүүдэллэн амьдарч байна. Тэд бол төрмөл ёс зүйгээ амьдрал дээр хэрэгжүүлэн амьдрагсад…

Г.Чимэдлхам
Обирин их сургуулийн төгсөгч
2014 он 10 сарын 29

 

Ашигласан материал

Ажиа Гэгээн “Цагийг бэлгэдэгч наран чөлөө” Уб., 2009 номын 66 дугаар тал
2/2 = 6 буюу суут жаран сэтгэгч, Улаанбаатар 2005 номын 137 дугаар тал
Монгол тулгатан- Зуун чухал сэдэв, “Ёс зүй” дугаар

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles
IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*