Амьд харилцаа хааш одов? – Интернет, сошиал нетворк давалгаан дунд үүсэх харилцааны эмгэг

Токио (2008)

tokyocity11x1772dpi-194x300zbKaJtADtMMdYOPj8u1lAOONDzh-300x168

Энэхүү зураг бол Токио хэмээх киноны хэсгээс авсан зураг. Тус кино нь ерөнхийдөө гурван хэсгээс бүрдэх ба киноны гурав дахь хэсгийн үйл явдал тус зурагт бууж. Гурав дахь хэсгийн гол дүр болох энэхүү залуу хикикомори буюу гэрээсээ огтхон ч гарч хүмүүстэй харилцахгүй өөрийгөө гадаад орчноос тусгаарладаг болоод нилээн хэдэн жилийг ардаа орхижээ. Хоол хүнс, ахуйн хэрэглээний зүйлсээ бүгдийг нь интернэтээр эсвэл утсаар захиалж авна. Хэрэглээний мөнгө нь хүртэл тогтмол гэр бүлийнхнээс нь шуудангаар хүргэгдэж ирнэ. Хэнтэй ч уулзахгүй, хэнтэй ч юу ч ярихгүй, орчин тойронд нь хэн ч байхгүй цор ганцаараа олон жилийг үднэ гээд боддоо  ? Уншигч танд төсөөлөхөд бэрх байж магадгүй ч энэ амьдралыг тэр өөрөө сонгосон.

Харин тэр нэг өдөр гэрт нь пицца хүргэж ирсэн охинтой гэнэтийн газар хөдлөлтөөс болоод юм яриад зогсохгүй охиныг гэртээ оруулж орхидог. Залууд хэдэн жилийн турш тохиолдоогүй зүйл нь тохиолдож, зориглож чаддаггүй байсан үйлдлээ өөрийн мэдэлгүй хийж орхисноор амьдралаа өөрчлөх сэдэл төрж эхэлнэ. Охинд дурласнаар, хикикомори амьдралаа дуусгахаар шийдэж маш их зориг гарган гэрээсээ гарна. Тэр үед харин хотын гудамж нэг ч хүнгүй, дэлхий дээр хамгийн их хүн зөрөлддөг шибүяа  дүүргийн алдарт гарцаар ч ганцаархнаа алхана. Бүх хүн хикикомори болж, дурлалын эзэн охин нь хүртэл тийм шийдвэр гаргасныг тэр олж мэднэ.

Тус киног Япон иргэн бус 3 хүн найруулсан бөгөөд, Шэйкин Токио буюу сүүлийн хэсгийг Бон Жүн Хо гэх солонгос найруулагч найруулсан байна. Тэр ч утгаараа японд болж буй зүйлсийг дотроос нь биш гаднаас нь харж, илэрхийлж чадсан юм болов уу гэлтэй.

shaking-tokyo-6-703126-300x168

Итгэхэд бэрх хачирхалтай, үлгэр мэт санагдаж магадгүй ч япон улсын нийгэмд тулгамдаж буй асуудлыг ил гарган хүмүүст цочрол өгсөн кино юм. Хикикомори гэгч зүйл бодитоор оршдог ба яг одоо япон улсад хэдэн мянган хүн гэрээсээ гарахгүй, нийгмээс тасарч хикикомори болсон гэж тооцогдож байна.

Цаг хугацаа өдөр хоног ээлжлэн солигдож, унтаад сэрэхэд нэг шинэ зүйл биднийг хүлээж байх цахим ертөнцөөр бид амьсгалж эхэлснээс хойш нилээдгүй олон жил ард үлджээ. Энэ олон жил бидэнд сайн муу олон зүйлийг өгч, тэр бүрийг нь бид мэдрээд, шүүн тунгаагаад байхаа больж. Техник дизайн, өнгө, хурд, үйлчилгээ, шинэ содон байдлыг эрэлхийлэн түүнрүү өөрийн мэдэлгүй тэмүүлдэг болж.

Бид жаахан байхдаа байрныхаа хүүхдүүдтэй хөөцөлдөж, баавгайн чихдэж, дээс үсэрч тоглодог байсан бол, одоо жаахан дүү нар маань ухаалаг гэгдэх утас таблет зэргээр тоглож орондоо түүнийгээ тэврээстэй унтах нь олширч.

 Хилийн чанадад суугаа аав ээж ахан дүүс, амраг хайрттайгаа нэг минутын ч зөрөөгүй үг сольж, сонин хачинаа хуучилна гэдэг бол харин маш том аз завшаан ололт амжилт юм. Энэ мэт олон сайн тал цахим ертөнцөд байгаа болохоор хэр баргийн хүн хир халдаахыг хүсдэггүй.

 Оюутан байхдаа (нэг жилийн өмнө) нэг компанид дадлага хийсэн юм. Анх ороход ажилчид хоорондоо бараг юм ярихгүй тус тусын компьютерийн өмнө ажлаа хийцгээж байлаа. Бусад газрууд ямар байдгийг мэдэхгүй ч төсөөлж байснаас арай л нам гүм дуу шуу багатай “харилцаа багатай” газар мэт санагдав. Хоёр дахь өдрөөс эхлэн ажлын чат руу нэвтрэх эрхтэй болоход харин нөгөө хэд маань тасралтгүй чатлаж, нийтийн чатаар яриа урсаж байлаа. Зэргэлдээ сууж байгаа хоёр ч хоорондоо чатлана. Харин чатаар олон юм ярьсан хүнтэйгээ лифтэнд хамт суусан ч юу ч дуугарахгүй бууна, өглөө таарсан ч мэндлэхгүй.

 Монголдоо ирээд иймэрхүү хүйтэн хөндий ч юм шиг техник хэрэгсэл дамжсан харилцаатай тулгарна гэж бодоогүй байтал аль хэдийн нэвтэрсэн байжээ. Хүмүүст харин нэг их анзаарагдахгүй, харин ч шинэ содон сонирхолтой ч юм шиг санагдаж буй бололтой.

 Хүмүүс хоорондоо уулзаж, юм ярьж суухдаа тус тусдаа утсаа оролдож, өөр хүнтэй чатлан, өөрийн зургаа авч фэйсбүүкдээ хийх, зурган доор харилцан яриа үүсгэх гээд бодит амьдралын ихэнх цагийг цахим ертөнцөд шилжүүлж орхих үзэгдэл энгийн мэт болж, аль хэдийн энэ байдалтай эвлэрээд байна.

 Харилцаа гэж юу вэ?

Харилцаа гэдэг нь хоёр болон түүнээс дээш хүнээс бүрдэх, хоорондоо мэдээлэл солилцох тогтолцоо бөгөөд хүмүүсийн сэтгэл хөдлөлийн илэрхийлэл,харилцан бие биедээ нөлөөлөх харилцагч хүнээ судлах дотоод сэтгэлийн хэрэгцээ юм. Мөн хүн төрөлхтний бүтээсэн агуу их соёл.

 Магадгүй бидний амьдрал харилцаан дээр тогтдог гэдгийг тэр бүр хүмүүс анзаараад байдаггүй байх. Гэр бүл, аав ээж, ах дүүс, найз нөхөд, амраг хайрт гээд энэ хүмүүстэй бид сайхан харилцаатай байж байж л сая хайрлалцаж, ойлголцож өдөр бүрийг аз жаргалтай өнгөрүүлж чаддаг. Сэтгэлийн эмгэг, хямрал, өвчнийг ч харилцаагаар л эмчилдэг шүү дээ.

 Хүнд гадаад орчинтой холбогдох харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэлцэх гэсэн таван мэдрэхүй байдаг ба харилцааны төрлөөс хамаарч энэ мэдрэхүйнүүдийн зарим нь ашиглагдаж, зарим нь ашиглагддаггүй.

 Жишээлбэл, анх танилцаж буй хоёр хүн ярилцахад харах, сонсох, (үнэртэх) мэдэрхүйнүүд зэрэг ажиллана, хэрвээ танилцахдаа гар барьсан бол харах, сонсох, хүрэлцэх, (үнэртэх) гээд гурваас дөрвөн мэдрэхүй зэрэг ажиллана. Ямарваа нэгэн харилцаанд аль болох олон мэдрэхүй зэрэг ашиглагдаж байж тэр харилцаа утга төгөлдөр болоод зогсохгүй, бие биедээ сайхан сэтгэгдэл төрүүлж чаддаг.

 Харин компьютер, гар утасны цаадах шууд бус, амьд бус харилцаанд ямар мэдрэхүйнүүд ашиглагддаг вэ? Харах, магадгүй утсаар ярьж байгаа бол сонсох мэдрэхүй гээд бид сайндаа хоёр л мэдэрхүйг ашиглаж байна.

 Хүнийг сэтгэлийн амьтан гэж тодорхойлох нь бий. Харин тэр сэтгэл гэгч маань харилцаа гэдэг зүйлээр тэтгэгдэж, тэжээгдэнэ. Харилцаа нь таван төрлийн мэдэрхүйгээр дамжиж сэтгэлд хүрдэг бол, тус таван мэдэрхүй ижил тэгш бус зарим нь огт хэрэглэгдэхээ болих үед харилцаанд эмгэг үүсч эхэлдэг. Дээр дурдсан Токио хэмээх кинонд гардаг хикикомори бол харилцааны эмгэгийн нэг тод жишээ юм.

 Танд хэтэрхий хол, амьдралд чинь хэзээ ч тохиолдохгүй мэт санагдаж магадгүй ч, глобалчлал эрчимтэй явагдаж буй өнөө үед энэ байтугай зүйл ч бидэнд тулгарч болзошгүй. Энэ мэт хөгжлийн төлөө хүний гараар бүтээсэн зүйлс, хүнийг байгалиас нь улам холдуулж буй жишээ маш олон байдаг. Бид юу ч зохион бүтээж, юу г ч өөрчилж, ямар ч хэв маягаар амьдарч болох болов ч байгалиас заяасан төрөлхийн шинж чанараасаа холдож болохгүй байх нь хамгийн чухал юм болов уу.

2014.11.12

Д.Дуламсүрэн

Юнимедиа ХК

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles

IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*