Автомат жолоодлоготой машин хаяанд иржээ-2

2014 оны 10-р сарын 23-ны нийтлэлдээ автомат жолоодлоготой машины тухай тун товчхон бичээд өнгөрсөн билээ. Тиймээс энэ удаадаа түүний үргэлжлэл болгож, энэхүү машин маань хэрхэн өөрөө өөрийгөө жолоодох тухай техник талаас нь дэлгэрэнгүй авч үзье. Та юуны өмнө эхлээд өмнөх нийтлэлийг маань уншсан нь дээр байх.

Автомат жолоодлоготой машин хаяанд иржээ-1

За тэгэхээр шууд л нарийн тайлбар уруугаа оръё.

Жолоо барихад үндсэндээ 3 чухал зүйл байдаг. Эдгээр нь “хүлээн авах, шийдэх, үйлдэл хийх” юм. Жишээлбэл, машины урдуур хүүхэд гэнэт гарч ирэх үед, эхлээд та хүүхэд байгааг олж харна (ХҮЛЭЭН АВНА), дараа нь хэт ойрхон тул тормоз гишгэнэ гэж бодох (ШИЙДЭХ), тэгээд тормозоо гишгинэ (ҮЙЛДЭЛ ХИЙХ).

Тэгвэл автомат жолоодлого маань хэрхэн ажиллах вэ?
Ямар ч байсан хүний нүдийг орлох камер юм уу, урдаа байгаа зүйлийг мэдрэх багаж хэрэгтэй. Тэгээд үүнийгээ ашиглаж урдаа байгаа зүйлээ мэдрэх (ХҮЛЭЭН АВАХ). Дараа нь урдаа байгаа зүйлээ хэр хол байгааг болон өөрийн болон урдаа байгаа зүйлийн хурд зэргийг тооцоолон тормоз авах эсэхээ шийдэх (ШИЙДЭХ). Эцэст нь шаардлагатай бол хурдаа хасна (ҮЙЛДЭЛ ХИЙХ).

Тэгвэл компьютер маань эргэн тойрноо ажиглах, нөхцөл байдалд яг таг таарсан шийдвэр гаргах тал дээр хүнээс муу ч, нэгэнт шийдсэн үед үйлдэл хийх хугацаагаараа бол хамаагүй хурдан юм. Жишээ нь “тормозлох” гэсэн шийдвэр гаргасны дараах хүний тормозоо гишгэх хүртэлх хугацаа нь машины өөрөө зогсох хурднаас харьцангуй удаан юм. Цаашлаад андуурч гишгэх, аюултай гэж бодон хэт их тормозлох зэрэг тал дээр хүн төрөлхтөн бид компьютероос дутагдалтай.

Автомат жолоодлогын бусад давуу талыг өмнөх нийтлэл дээр бичсэн байгаа билээ. Тиймээс энэ удаагийн нийтлэлдээ техникийн талаас нь тайлбарыг бага зэрэг хийж, ямар зүйл дээр асуудалтай байгааг танилцуулъя. Машин нь эргэн тойрноо таних үндсэн 2 арга зам байдаг. “Өөрөө төвтэй” ба “Нэгдсэн сүлжээтэй”. Өөрөө төвтэй гэдэг нь, өөрөө замаа мэдрээд, урд юм гарч ирвэл хурдаа хасах эсвэл эргэх зэрэг зохих арга хэмжээг авна. Өөрөөр хэлбэл машин хооронд болон хүн машин хоорондын мэдээлэл солилцоо гэж байхгүй. Харин “Нэгдсэн сүлжээтэй” гэдэг нь, бүх машинууд хоорондоо холбогдоно гэсэн үг юм. Мөн гудамжинд байрлуулсан мэдрэгчээр явган зорчигчдын мэдээллийг ч авна. Ингэснээр жишээ нь манайхаар бол, баруун 4 зам түгжрээтэй байгааг урьдчилан мэдэж Гэсэр сүмээр явах гэсэн сонголтыг хийх юм. “Гүүгл” компани маань голдуу өөрөөрөө мэдрээд өөрөөрөө явах тал руу судалгаа хийж байгаа бол Японы “Тоёота” компани энэ хоёрыг хослуулсан машины судалгааг хийж байна.

Өөрөөсөө мэдэрдэг технологийн жишээ аль хэдийн энгийн машинд суурилагджээ. Энэ нь автомат тормоз юм (AAC: Adaptive Cruise Control). Та доорх бичлэгийг үзээд л ойлгоно байх.

Энэхүү 2 арга замыг хэрэгжүүлэхэд дараах асуудлууд тус тус дэвшигдэж байгаа юм.

Өөрөө төвтэй

  • Volvo-self-driving-car-537x353Бороо цас болон бусад цаг агаарын хүнд нөхцөл, мөн шөнийн цагаар эргэн тойрноо мэдрэх хүндрэлтэй байгаа.
  • Яг эгц хажуунаас машин болон хүн гэнэт гарч ирэхэд арга хэмжээ авах тодорхой цаг байхгүй. Өөрөөр хэлбэл буланд байгаа зүйлийг мэдрэхгүй.

Нэгдсэн сүлжээтэй холбогдсон тохиолдолд 

  • google_carБүх машиныг сүлжээнд хамруулах шаардлагатай.
  • Бүх замыг уг сүлжээнд холбоно гэвэл асар их зардал гарна. Тиймээс одоогоор түгжрэл ихтэй хэсэг, сургуулийн бүс гэх мэт хэсэг замд л хэрэгжүүлбэл ашигтай.

Ямартаа ч асуудал бол тийм ч олон биш байгаа бөгөөд шийдэх хангалттай боломжтой байгаа юм. Энэхүү 2 асуудлыг бүрэн шийдэж өгвөл, бидэнд үнэндээ жолооны курс хэрэггүй болох юм. Гэхдээ мэдээж хуулиар зөвшөөрөгдөх гэж бас удна байх.

Одоогийн байдлаар, машинд зориулсан автомат технологи нь бага багаар суурилагдаж эхлээд байна. Хэрвээ энэхүү чиглэл нь улам хөгжвөл, жолоо барих чадваргүй хүмүүсийг жолоо барих боломжтой болгохоос гадна ослын тоог ч эрс багасгаж чадах юм.

Эцэст нь, техник технологи хэр хол хөгжвөл зүгээр вэ? гэдэг асуултыг өөрт тань үлдээе…

И. Өгөөмөр

2014.11.20

Ашигласан материал:

  1. “Newton” сэтгүүл, 2014 оны 1-р сарын дугаар, хуудас 14-21
  2. Volvo Developing Accident-Avoiding Self-Driving Cars for the Year 2020
    http://inhabitat.com/volvo-developing-accident-avoiding-self-driving-cars-for-the-year-2020/
  3. Blind man drives Google’s self-driving car
    https://www.powderkegwebdesign.com/blind-man-drives-googles-self-driving-car/

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles

IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*