Зоригтын Энхмөнх: “Хүн ер нь сүнснийхээ, сэтгэлийнхээ хэрэгцээгээр л ном уншдаг гэж боддог. “

10754944_10152894874188856_752812756_n
Copyright: Mareike Gunsche

Нэр: Зоригтын Энхмөнх

Ажил: Үндсэн ажил медиа группэд борлуулалт маркетингийн менежер. Хажуугаар нь “Гэрэг” сэтгүүлийн хөгжмийн буланд нийтлэл бичиж, өөрийнхөө “Kush & Oyuka”  хамтлагт дуулдаг.

Үндсэн мэргэжил юу вэ?

Морин хуурч, хөгжмийн онолоор мэргэшcэн. Нэг хэсэг бас морин хуурын багш хийсэн.

“Гэрэг” сэтгүүлд хэр удаан бичиж байгаа вэ?

“Гэрэг” байгуулагдаад удаагүй байгаа. Байгуулагдаж эхэлснээс нь хойш, ойролцоогоор нэг жилийн турш бичиж байна. Өмнө нь “Гоодаль” сэтгүүлд бичдэг байсан. Тэгээд “Гэрэг” сэтгүүлээс санал тавьсан. Гэхдээ одоо нэг хэсэгтээ жаахан бичихгүй, завсарлага авъя гэж бодож байгаа.

Яагаад?

Зүгээр л шатахгүй байна шүү дээ. Дулаанаа жаахан хадгалах янзтай л байна.

Дотор байгаа хамаг зүйлээ гаргачихаар хоосорчихоод байдаг. Тэгж байна уу?                                 

Мэдэхгүй. Түүнийг бол ёстой яагаад тэгснийг мэдэхгүй байна.

Танай хамтлаг жазз урсгалын хамтлаг, яагаад жазз урсгалыг сонгосон бэ? Жазз урсгалын хөгжим илүү сонсдог уу?

Би маш олон төрлийн хөгжим сонсдог. Эхэндээ ихэвчлэн классик сонсдог байсан. Классик бол миний бодлоор хөгжмийн хамгийн том суурь нь. Сууриасаа дээшлэх тусам салбар жанруудад хуваагдаад нарийсаад ирдэг. Одоо бол ихэвчлэн рок, медитерраниан хөгжим сонсож байгаа. Турк хөгжмүүдэд дуртай. ­Ер нь Ойрхи Дорнодын хөгжим гэх юмуу даа. Жазз бол маш бага хувийг эзэлдэг. Шинэ содон юм юу гарсан байна, хүмүүс юу хийж байна гэдэг талаас нь л сонирхож судалдаг.

 Урлагийг сонгох үед ямар нэгэн эргэлзээ ч юмуу аль эсвэл өөр сонголт байсан уу?

 Би сонголттой, сонголтгүй байсан гэж хоёр хариулт хэлнэ. Сонголт байгаагүйн шалтгаан нь, аав ээж хоёр маань хоёулаа хөгжмийн хүмүүс болохоор бараг автоматаар хөгжим бүжгийн коллежид орчихсон. Тэгээд тэр замаараа явсаар байгаад, арван жил төгсөх үедээ хүн боддог доо. Одоо яах билээ?, ийх билээ?, би ер нь юунд дуртай юм бол? гээд… Тэр үед жинхэнэ сонголтоо хийсэн. Тэр үед ч бас өөр сонголт байгаагүй. Яагаад гэвэл би хөгжмөөс өөр зүйл сонирхож, өөр зүйлд өөрийгөө хөгжүүлээгүй байсан. Тоондоо бол яахав гайгүй л байсан тэгэхдээ яг өөр юм жишээлбэл хууль ч гэх юмуу өөр зүйлийг сонирхох зав надад ерөөсөө гараагүй. Тэгээд хөгжмийн салбараасаа ямар нэгэн зүйлээр дагнахаар болсон. Морин хуур тоглохоос илүү бичих юмандаа би арай гайгүй байсан. Яг төгсөх үедээ гэнэт л тийм болсон. Морин хуур бол зах зээл сайтай, дээрээс нь маш их өрсөлдөөнтэй. Би бол сонгодог хөгжимд дуртай, морин хуураараа сонгодог хөгжим тоглох сонирхолтой. Миний дотор байдаг хөгжим нь өөрөө ардын хөгжим биш сонгодог тал руугаа байсан. Тэр талаар эмхэтгэл гаргаж байсан.Төгсөх шалгалтаа бол маш их бэлдэж, давтаж өгнө. Гэхдээ түүн  дээр би хамгийн сайн нь байхгүй гэдгээ мэдэж байсан. Харин бичвэр, дипломны хамгаалалтан дээрээ би бут авна даа гэж бодож байсан. Жазз хөгжмийн хувьд гэвэл би “Их Талын Жазз” гээд төрийн бус байгууллагад байдаг. Тэнд 2008 оноос хойш сайн дурын ажил хийж байгаад, үйл ажиллагааг нь зохион байгуулалцаж, удирдах зөвлөлд нь орж том том фестиваль зохион байгуулах зэрэг ажилд нь оролцдог байсан. Түүнээс болоод жаззад орсон.

 Одоо сонголтуудаа хийчихсэн тэгээд харамсах үе байдаг уу?

Харамсдаггүй шүү дээ /инээв/

 Өөр юм хиймээр санагдаж байна уу?

Өөр юм хийж байгаа шүү дээ /инээв/. Сонирхолоо дагаад өөр юм хийж байгаа. Би гэхдээ өөрийгөө хожуу олсон гэж боддог. Манай найзууд зарим нь хорин хэдтэй. Би бол хорийн сүүл мушгиж байгаа. Гэтэл тэд маань дөнгөж хорь гараад өөрийгөө эрт олчихсон хийж бүтээгээд явж байгаа. Тэд нартай харьцуулахад би өөрийгөө сүүлд олсон гэж боддог. Гэхдээ үүнд би цаг хугацааг буруутай гэж хэлэхгүй.

Хэзээнээс эхэлж ном уншиж эхэлсэн бэ?

Их ичмээр. Би бараг худалч хүнд 2 жилийн өмнөөс л ном уншиж эхэлсэн. Арван жилдээ арав хүрэхгүй ном уншсан гээд бод л доо. Хэзээ ч утга зохиолд дуртай байгаагүй. Азаар манай Монгол хэлний багш сайн багш байсан болохоор ядаж л алдаагүй бичдэг ч юмуу тэр тал дээрээ арай гайгүй байсан. Би нэг хэсэг онгоцны үйлчилэгч хийдэг байсан. Өөр зүйл хийж үзье гэж бодоод цэвэр сонирхлоороо хийсэн. Тэгээд онгоцны үйлчилэгч хийхэд ядардаг ч гэсэн надад илүү их цаг гардаг байсан. Нислэгтээ яваад, бусад цагт нь фестивалийн ажил, хамтлагийнхаа ажлуудыг амжуулдаг байсан. 4 жил хийсэн. Тэр үед сонин их уншдаг байсан. Өнөөдөр сонин, Үндэсний шуудан гээд сонингууд ерөнхийдөө хэвлэлүүдээс хамгийн гайгүй нь л даа. Мөн хамтлагийн ажлаар маш сайн сайн сэтгүүлчид надтай ярилцлага хийдэг байсан учраас танилцаж найзууд болж байсан. Хамгийн түрүүнд бол сонин маш их нөлөөлсөн, түүний дараагаар утга зохиол руу орсон. Сэтгүүл зүй, утга зохиол хоёр бол миний сонирхолыг маш их татсан. Сэтгүүл зүй бол миний дотор угаасаа анхнаасаа байсан ч гэх юм уу…, тийм болохоор одоо бас бичдэг байх.

 Ямар үед ямар шалтгаанаар ном уншдаг вэ?, номоо бас ямар шалтгаанаар сонгож авдаг вэ?

 Хүн ер нь сүнснийхээ, сэтгэлийнхээ хэрэгцээгээр л ном уншдаг гэж боддог. Миний нэг жилийн өмнө уншсан ном, сарын өмнө сонссон хөгжим, тухайн үеийн миний сэтгэлийн хэрэгцээ байсан. Нэгэн цаг үеийн сэтгэлийн хэрэгцээ ч гэх юмуу тийм болохоор яг түүнийгээ дагадаг. Нөгөөтэйгүүр өөрийгөө олох, дахиад өөрийгөө эрж хайх, дээрээс нь өөрөө хөгтэй байх тийм л шалтгаануудаар уншдаг байх.

 Ном уншаад хэр өөрчлөгдсөн бэ?

 Өөрчлөгдөлгүй яахав. Би урд нь ингэж боддог байлаа, одоохондоо хэнд ч хэлээгүй л дээ.., хөгжим бол миний хязгаар гэж. Одоо бол харин үг бол миний хязгаар гэж боддог болсон. Миний ертөнцийн хязгаар. Бүх ертөнцөө би хөгжимөөр тайлбарлаж болно гэж боддог байсан гэтэл үг бол тэрнээс илүү хүчтэй. Би үгийг хүн төрөлхтөний хамгийн эртний зүйл байж болох байх гэж боддог тэрүүгээр маш олон юм тээгдэж ирдэг, тэгээд үгээр юуг ч төсөөлж болно, юу г ч илэрхийлж болно, хөгжимнөөс агуу юм байна гэж бодсон. Тийм болохоор ингэж хэлж байгаад уучлаарай, улс төрчид улс орныг авч явдаггүй юм аа, эсвэл бизнесмэнүүд улс орныг авч явдаггүй юмаа, утга зохиол хэл бичигтнүүд улс орныг авч явдаг гэж би боддог болсон. Тэр бол жинхэнэ суурь нь.

 Мөрөөдөл чинь юу вэ?

Хэцүү асуулт шүү, мөрөөдөл үү???…
Хүн үхэхээр хаачдагийг мэдэх хэхэ. Үүнийг мөрөөдөл гэхээр тэнэг сонсогдож байж магадгүй л дээ. Гэхдээ бүх юмны учир утга нь төгсгөлд нь л байдаг шүү дээ тийм ээ. Тийм болохоор эхлэлийн учрыг олох юм бол төгсгөлийн учрыг олно, төгсгөлийнхөө утгыг олвол эхлэлийнхээ утгыг олдог. Эхлэл төгсгөл хоёр ижилхэн гэж би боддог. Тийм болохоор мөрөөдөл гэдэг хоёр утгатай, нэг нь бол физик биеийн, тэр нь биетэйгээ байх үеийн мөрөөдөл, нөгөөх нь бол сэтгэл гэдэг физик биенээсээ хязгааргүй орон зайд орших зүйлийн мөрөөдөл. Биеийн мөрөөдөл бол тэгээд л амьдраад дуусахад зэрэг дуусна. Миний физик биеийн мөрөөдөл бол Парист утга зохиолоор сурах. Гэхдээ биелүүлж амжихгүй байх.

 Биелүүлэхгүй юмуу?

Биелэхгүй л байх л даа. Ямар ч байсан энэ мөрөөдөл яагаад ч юм миний сэтгэлийг маш их хөдөлгөдөг. Саяхан би бас Чинагийн Галсан гуайн хүү Галтайхүү ахтай танилцсан. Германы утга зохиолыг төгссөн юм байна л даа. Маш их зүйл ярилцаад үнэхээр хүндлэх сэтгэгдэл төрсөн.

 Бусдаас өөрийгөө тусгаарлахдаа хэр вэ? Тусгаарлах хэрэгцээг хэр мэдэрдэг вэ?

Ер нь бол байнга л мэдэрдэг. Өөрийгөө тусгаарлана гэхээр нэг тийм хоолны дэглэм бариад байгаа юм шиг санагдаад байдаг юм. Бодитоор ярих юм бол ганцаараа байх цаг бол яг намайг бий болгох цаг. Маш чухал өөрийнхөө тухай дахиж бодох, өөрийгөө цэнэглэх, хүмүүсийн ярьдгаар бясалгах ч юмуу. Тэр цаг бол маш чухал үнэ цэнэтэй цаг учраас хэн ч миний биений төлөө амьдрахгүй учраас. Би өөрөө өөрийхөө төлөө хариуцлага хүлээх учраас зайлшгүй байх ёстой зүйл л дээ. Тусгаарлаж чаддаг эсэхээс үл хамааран тэрхүү хэрэгцээ надад байгаа биз? Цаанаасаа л тийм хэрэгцээ байсан тэгэхээр угаасаа тусгаарлахаас өөр аргагүй. Гэхдээ “Алсын удирдлага” киноны Ц.Бямба найруулагч нэг ярилцлага дээр тэгж хэлсэн байдаг. Бид нар нийгэмд амьдарч байгаагаа огт мартаж болохгүй гэж. Тэр бол маш үнэн үг. Хичнээн нийгмээс тусгаарлагдъя ч гэсэн нийгэм бас байж л байдаг учраас.

 Хүнд нэг баримталдаг зарчим гэж байдаг даа? Үргэлж тийм зүйлийг л санаж явна ч гэх юмуу, чиний хувьд тийм зүйл чинь юу вэ? Тэгээд тэр өнцгөөсөө одоогийн залуусыг харахад ямар сэтгэгдэл төрдөг вэ?

Миний хүсэл бол өөрийгөө хаяхгүй байх, тэгэхдээ бас өөрийгөө олох, энэ хоёр харилцан байж байдаг зүйл. Хааяа хүмүүсийг хараад харамсах сэтгэл төрдөг. Хүнд ухаарах гэдэг маш чухал шүү дээ тийм ээ? Ухаараагүй өнгөрөөчихвөл тэр амьдрал маш хайран. Ухаарахад хөндлөнгийн хүчин зүйл нөлөөлдөг учраас түүнийг олохын тулд бас хайх хэрэг гарч байгаа юм л даа. Хайхгүй хүмүүс бас хөөрхий, цангахгүй байгаа хүмүүс бас хөөрхийлөлтэй. Би бас өөрийгөө байгаа байдалдаа цадчихвий гэж их санаа зовдог. Тэгээд хэрвээ би хайх юм бол олно, тогшвол онгойно. Сэтгэлийн цангаа гэдэг бас их чухал түүгээрээ ухаарах гэдэг зүйлд хүрдэг.

 Чамд хүчтэй сэтгэгдэл үлдээсэн, бусдад санал бологохоор 5 номыг нэрлэнэ үү. 

Хэн билээ нэг хүн тэгж хэлсэн байдаг. Классик ч бай, ямар ч бай, сайн муу бүгдэнг нь л унш, дахин дахин алийг нь ч алгасахгүй бүгдэнг нь унш. Дараа нь бич гэсэн байсан. Би классик ерөөсөө уншдаггүй, классикаас би үсрээд л Пушкин уншиж байсан. Гэхдээ одоо мартчихсан. Тэгээд би хөгжим дээр бас тэгдэг, би классик хөгжим сонсдог гэхдээ надад модерн илүү таалагддаг илүү ойрхон санагддаг. Жишээлбэл, музей үзэж байхад эртний үеийн хэсгийг үзэж байгаад цаг хугацаа нь ойртоод ирэхээр сонирхолтой санагдаж эхэлдэг шиг. Тэр бас миний нэг мөн чанар л байх. Ном гэвэл би нэг их ном уншаагүй, яруу найраг илүү уншдаг юм уу даа.

18b6c72c706c219fbig
Г.Лхагвадулам “Дотно алс” 2012

 Нэгдүгээрт, Монгол яруу найраг гэвэл би Г.Лхагвадуламыг нэрлэнэ. Би Лхагвадуламтай энэ орчин цагт хамт төрсөндөө маш их бахархдаг. Уг нь надтай чацуу охин. Гэхдээ би тэр хүнийг биширдэг. Миний найз л даа.

 

 

cover-my-name-is-red
Orhan Pamuk “My name is red” 1998

                                    Хоёрдугаарт, би Памукыг (Orhan Pamuk) нэрлэнэ. Би Памукын ганцхан номыг уншсан одоо хоёр дахийг нь уншиж байгаа. Намайг маш их зовоосон. Ийм ухагдахуун байдаг шүү дээ. Аливаа урлагт соён гэгээрүүлэхээс гадна тэр хүнийг зовоон шаналгах увидас байх ёстой. Шаналгахгүй бол тэр сайн ном биш, тэр хөгжим намайг шаналгаж зовоохгүй бол тэр сайн хөгжим биш ч гэх юмуу, тэрүүгээр бас сайн муугийн хэмжээг нь ялгаж болох юм тийм ээ. Тийм болохоор Памук намайг маш их зовоосон гэхдээ би дуусгасан. Памукын ямар ч номыг уншиж болох байхаа.

TheStranger_BookCover3
Albert Camus ” The Stranger” 1942

 

 

Гуравдугаарт, “The Strangers”, Камюгийн (Albert Camus)

Агуу бүтээл, маш богино тууж. Гэхдээ намайг солиоруулсан (инээв). Жижиг тууж атлаа агуулга нь  өргөн.

 

 

f14ed24cc832a17abig
П. Mайнбаяр “Cалхинд гэрэлтэх тэнгэр” 2014

 

 

 

 Дөрөвдүгээрт, дахиад л яруу найргийн ном нэрлэнэ. П.Майнбаярын яруу найргийн ном. Шүлгүүд нь бас сайн. Ном бол ямар ч ном нь байсан болно. Сүүлийнх нь номыг одоо уншиж байгаа.

 

 

 

 

Henryandjune_cover
Anaïs Nin “Henry and June: From A Journal of Love: the Unexpurgated Diary of (1931–1932)”

 Тавдугаарт, “Henry and June” гэдэг киноны зохиолч Anaïs Nin-ийг нэрлэнэ. Номыг нь уншаагүй, тэгэхдээ  зохиолыг нь маш сайн гэж бодож итгэж байгаа. Надад үлдээсэн зүйл нь бусад зохиолчдоос илүү хүчтэй  байсан.

  Би бол ер нь үргэлжилсэн үгийн төрлийн хүн биш юм байна лээ. Нэг үгт нэг мөрт агуу их утга санааг  агуулсан байх нь надад илүү санагддаг. Угаасаа яруу найргийг бүх уран зохиолын охь гэж ярьдаг. Тэр бас  их үнэн санагддаг.

Ер нь Монголчууд Чингис хааны тухай их яридаг, Монголоороо омогшидог хүмүүс их байдаг, чиний хувьд Монгол хүн болж төрсөнөө юу гэж боддог вэ?

Миний бодлоор Монгол хүн яахав Монгол хүн л дээ. Гэхдээ өнөө цагт бид нар илүү манлайлъя гэвэл глобал хүн байх ёстой. Тийм байж байж биднээс жинхэнэ манлайлал гарч ирнэ гэж боддог. Яахав аягүй их омогшидог ч юмуу, тиймэрхүү зүйл байж болно л доо гэхдээ сурах юм зөндөө байна. Явж үзэх газар зөндөө байна. Тийм болохоор Монгол талаасаа нэг их өөрийгөө дөвийлгээд омогшоод байхаар жаахан сонин санагддаг. Яг үнэндээ Чингис гээд ярихаар би ичдэг.

Д.Дуламсүрэн

Юнимедиа ХК

2014.11.23

 

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles

IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*