Япон маягийн улс төр – Абэ Шинзо

 2014 оны 11 сарын 18-нд Япон Улсын ерөнхий сайд Абэ Шинзогийн хэвлэлийн бага хурал болсныг та бүхэн мэднэ.

“Гадаад орнуудад хийсэн айлчлал, Олон улсын байгууллагуудын уулзалт хурлаас эх орондоо буцаж ирээд Абэ Шинзо хоёр танхимт парламентынхаа Төлөөлөгчдийн танхимыг тараахаар шийдсэнээ зарлаж байна.

 Японы ерөнхий сайд парламентаа тараах эрхтэй, өөрийнх нь явуулж буй бодлогод бүрэн дэмжлэг байхгүй байвал парламентаа тараачихна, шинээр сонгууль явуулна, ингэж ард түмэн өөрийнх нь бодлогыг дэмжиж байгаа эсэхийг шалгана. Өөрийнх нь зөв байвал ард түмэн түүний талд ялалтыг өгнө. Эрсдэлтэй алхам бөгөөд өөртөө итгэлтэй хүний хийх ажил. Абэ Шинзо өөртөө их итгэлтэй байна. “Хэрвээ энэ сонгуульд эрх баригч эвсэл ялалт байгуулахгүй бол “би огцорно” хэмээн чанга хэлж байна” гэж Япон судлаач Төмөрбаатар гуай өөрийн фейсбүүк хуудаснаа бичжээ.

 Япон улс нь эдийн засгийн хүчээрээ АНУ болон БНХАУ-ын дараа дэлхийд 3-т жагсах ч 1990 оноос хойш эдийн засгийн өсөлт нь зогсонги байсаар ирсэн. Хоёрдугаар дайнаас хойш өндөр үсрэлттэй хурдаар хөгжиж чадсан Япон магадгүй хөгжлийн эцэс гэж байдаг бол түүндээ хүрсэн ч байж  болох. Төр улс хуримтлагдсан татвар, орлогыг ард түмэнд тэгш хувиарлахын тулд шууд бэлэн мөнгө тараах бус төсвийн хөрөнгө оруулалт хэлбэрээр дэд бүтэц, нийгмийн сайн сайхны төлөө бүтээн байгуулалт өрнүүлэх нь үнийн өсөлт, үнийн уналтаас сэргийлэх боломжтой байдаг. Харин АНУ, ОХУ, БНХАУ зэрэг том гүрнүүдийн хувьд тэр их “ашиг” гэж хэлж болох хуримтлалыг цэрэг дайн, зэр зэвсэгт их хэмжээгээр нь зарцуулан үрэн тарааж, ажлын байр, хөдөлмөрийн гэрээгээр хувиарлалт хийн эдийн засаг, мөнгөний чанараа хадгалдаг. Харин Япон нь Үндсэн Хуулийн 9-р заалтын дагуу зэр зэвсэг гэлгүй, Япон улсынхаа хөгжлийг маш нягт хөгжүүлж чадсан. Зам харгуй, байшин барилга, төмөр зам гээд дэд бүтэц үнэхээр гайхмаар.

“Япон Улсын Үндсэн Хууль”-ийн 9-р заалт:

“Япон улсын иргэн бол шударга ёс, дэг журмыг эв санаа болгож, олон улсын энх тайван байдлыг чин сэтгэлээр эрхэмлэх, төрийн эрх мэдлээр дайны гал асаах, зэр зэвсгээр айлган сүрдүүлэх эсвэл зэр зэвсэг ашиглах, зэр зэвсгийг олон улсын хагаралыг шийдвэрлэх арга хэрэгсэл болгохыг үргэлжид татгалзах болно

⚪︎2 Өмнөх заалтын зорилгыг биелүүлэхийн тулд, газар, тэнгис, агаарын хүчин болон бусад дайны зэвсэгт хүчийг эзэмшихгүй байх. Япон улсад дайнд оролцон дайтах эрх байхгүй.”

“Япон Улсын Үндсэн Хууль”-с Б.Тэлмэн орчуулав.

 Абэ гуай яагаад парламентаа тараах шийдвэрт хүрсэн бэ гэдгийг хэд хэдэн цаад шалтгааныг энгийнээр тайлбарлах гэж оролдъё. Японд сүүлийн жилүүдэд иргэдийн худалдан авах чадвар муудан, үнийн уналт үргэлжилсээр ард түмний амьдрал бага зэрэг хүндэрч байгаа. Бүтээн байгуулалт багассан болоод ч тэр үү, 2000 оноос бүтээн байгуулалтад тусгах төсвийн зарцуулалт 2000 оноос 2012 он гэхэд 50 хувиар буурсан. Японы нийгэмд бий болж буй бас нэг эдийн засгийн дарамт нь өндөр настанд зарцуулах нийгмийн халамжийн дүн жилээс жилд ихэсч байна. Тэр их зардлыг нөхөх арга нь мэдээж татвар, өр тавиад яваад байж болохгүй. Япон улсын өр ДНБ-тэй нь харьцуулахад 231 хувь. Харин Монголын өр 60 хувь орчим байна. Эдийн засгийн хүндрэлээс гарах Абэномикс буюу “Гурван сум” бодлого нь “Зоримог санхүүгийн бодлого”, “Уян хатан төсвийн бодлого”, “Иргэдийн хөрөнгө оруулалтыг сэрээх стратеги” юм. Ерөнхий сайд Абэ эдийн засгийн уналтыг зогсоож, “Японыг буцаан авчирна” хэмээн гарч ирсэн боловч төдийлөн үр дүн харагдахгүй байна гэсэн шүүмжлэлтэй тулгараад байгаа. Гол шүүмжилэлд өртсөн нь “Нууцын тухай хууль” болон “Хамтралын нөхцөлөөр өөрийгөө хамгаалах эрх” Хэрэглээний татварыг нэмэх “Татварын тухай хууль”-тай холбоотой юм. Ажил төлөвлөгөөний дагуу бус явагдаж, төлөөлөгчдийн танхимд орохоороо гацаад байсан нь танхимаа тараах шийдвэрт хүргэсэн бололтой. Японы хэрэглээний татвар энэ оны 4 сараас 5-аас 8 хувь болж өссөн. Энэ оны 3-р улирлын (7, 8, 9 сарын) Японы ДНБ-ний дүн гарсан боловч харамсалтай нь төдийлөн сайн үр дүн авчирсангүй. Нэрлэсэн Дотоодын Нийт Бүтээгдэхүүн 0.4 хувийн өсөлттэй болов ч бодит ДНБ ▲0.4 хувийн уналттай гарчээ. 3 хувиар хэрэглээний татвар өсөхөд Японы эдийн засагт том нөлөө авчирсангүй. Иен суларч, жуулчид дундажаар 20 хувиар нэмэгдсэн нь үйлчилгээний салбарт тодорхой хэмжээний нөлөө үзүүлж байгаа болов уу.

Нэрлэсэн ДНБ гэдэг нь тухайн жилд (улиралд) тус улсын эдийн эдийн засгийннутаг дэвсгэр дээр үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүний өртгийг тайлант оны үнээрилэрхийлснийг хэлнэ. Бодит ДНБ нь бүтээгдэхүүнийн өртгийг тухайн суурь оныүнээр илэрхийлснийг хэлнэ

 Гол ярихыг хүссэн зүйл маань, эдийн засгийн олон тоо баримт гэхээс илүүтэйгээр Японы ерөнхий сайдын өөртөө итгэлтэй байгаа байдал, шулуун шударга байгаагаас бид суралцмаар “Ёс зүйн” тухай ойлголт энэ улсад байна. Хэдэн сарын өмнө “Зуун чухал сэдэв-Ёс Зүй”-н тухай улс төрчдийн оролцсон нэвтрүүлгийг үзээд ой гутаж билээ. Хэтэрхий зохиомол, драматик байсан болоод ч тэр юм уу хиймэл санагдсан. Ёс зүйг би энд бас биччихдэг, амархан шүүмжилчихдэг эд ч биш. Гэхдээ улс төрд ёс зүй гэдэг нь үүрэг хүлээж түүнийгээ хариуцлагатайгаар дааж чадах, чадахгүй бол бодит үнэнтэй халз нүүр тулах,    хэлсэндээ хүрч чадахгүй бол түүнийгээ хүлээн зөвшөөрөөд хариуцлагаа хүлээх. Үүнийг л өнгөрсөн долоо хоногт Абэ ерөнхий сайд өөрийн бардам, өөртөө итгэлтэй хэвлэлийн бага хурлаараа харууллаа. “Дефлиацаас (үнийн уналт) гарах боломж одоо л ирж байна, оройтвол бид алдана, хэрэглээний татвар 10 хувь болгож өндөрсгөхийг 18 сараар хойшлуулав, энэ хооронд ийм хэмжээний татвар авч болох эдийн засгийн нөхцөлийг буюу ард түмэнд тээр болохооргүй нөхцлийг манай засгийн газар бүрдүүлнэ, та бүхэн бидэнд итгэж саналаа өг, санал ирэхгүй бол би огцорно” гэж шууд шулуухан хэлж байна. Хийвэл хийсэн шиг хийнэ, унавал унасан шиг унана. Маш ойлгомжтой, юу хийх гэж байгаа нь тодорхой, юу зорьж байгаа нь тодорхой, асуудал биш бодлого, чиглэл ярьж байна. Манайд харин бодлого ярихаас илүү бид бүгдийн мэдэх асуудлууд л ярьцгаадаг. Улс төрч ч гэлтгүй бид бүгдээрээ бодлого угаасаа ярих ч үгүй, асуудал л ярьж бие биенээ сэтгэлээр унагана, тэр нь ч бодлого ярихаас амар байдаг биз.

Дашрамд хэлэхэд, дараагийн сонгууль 12-р сарын эхээр зарлагдаж, 12-р сарын 14-нд санал хураалт явагдах аж. Энэ өдөр Абэ Шинзогийн шинэ Абеномикс цаашид үргэлжилэх, түүний засгийн газар төлөвлөснөө бүтээх боломжтой болох эсэхийг чих тавин ажицгаая.

Б.Тэлмэн
Кочи их сургууль 4-р курс
Кочи аймаг, Япон улс

https://www.facebook.com/telmenb
http://btelmen.blogspot.jp
https://twitter.com/telmen_mgl

Ашигласан материал:

1. Япон судлаач Төмөрбаатар: “Абэ Шинзогийн хэвлэлийн бага хурал”, 2014.11.18
https://www.facebook.com/JapanSudlaachTumurbaatar/posts/379427615550519

2. Quarterly Estimates of GDP: Jul. ~ Sep. 2014 (The First Preliminary Estimates) http://www.esri.cao.go.jp/jp/sna/data/data_list/sokuhou/gaiyou/pdf/main_1.pdf

3. Абэномикс “Гурван сум”

http://www.kantei.go.jp/jp/headline/seichosenryaku/sanbonnoya.html

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*