Жижиг гэхдээ том -1

Бид өдөр тутмын амьдралдаа жижиг дунд үйлдвэрийг дэмжих, хөгжүүлэх зэрэг “Жижиг дунд үйлдвэр”-тэй холбоотой мэдээ мэдээллийг их сонсдог билээ. “Засгийн газраас жижиг дунд үйлдвэрийг онцгой анхаарч ажиллахаар боллоо”, “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо” гэх мэт.

Жижиг дунд үйлдвэр (цаашид ЖДҮ гэх) гээд бодохоор өрх гэрийн хэмжээний жижигхэн үйлдвэрлэл гэх төсөөлөл байдаг ч яг ямар аж ахуйн нэгжийг хэлдэг, эдийн засагт ямар ач тустай гэдэг талаар тодорхой ойлголтгүй явдаг хүн цөөнгүй байх. Хар ухаанаар бодож үзээд, хүмүүс өөрийн гэсэн үйлдвэрлэл явуулж, түүнээсээ орлого олж амьдралаа дээшлүүлэхийг дэмжих нь жижиг дунд үйлдвэрийг дэмжих гэсэн үг юм гэдгийг хүн бүр гадарлах байх. Гэхдээ үүнийг арай илүү тодорхой авч үзье.

Манай улсад “ЖДҮ тухай хууль” гэж байдаг бөгөөд энэ хуулиар ЖДҮ гэж юуг хэлэх вэ, Засгийн Газраас ямар бодлого баримтлах вэ гэдгийг энэ хуулинд зааж өгсөн байдаг.

9

Жижиг дунд үйлдвэрлэлийн ангилал болон түүний хамрах хүрээ

2Жижиг дунд аж ахуйн нэгжийн эзлэх хувь 2011 онДээрх хүснэгтээс өрхийн үйлдвэрлэлээс эхлэн нилээд өргөн хүрээнд жижиг дунд үйлдвэрийн тухай авч үздэгийг харж болно. (Жижиг дунд үйлдвэрийн тухай хууль)

Манай орны хувьд 1-9 ажилчидтай бичил аж ахуйн нэгж дийлэнх хэсгийг эзэлж байна.

Манай оронд ЖДҮ эрхлэгчид маань улсын ДНБ-ы 18% , нийт ажлын байрны 30%-ийг бий болгож байна.

ЖДҮ явагдаж буй салбар
(ЖДҮ-н хөгжил, санхүүжилтын байдлын талаархи Монгол банкны судалгаа 2011)

3

Үйл ажиллагааны хүрээгээр ЖДҮ ангилсан байдал
(ЖДҮ-н хөгжил, санхүүжилтын байдлын талаархи Монгол банкны судалгаа 2011)

4

Дээрх үзүүлэлтээс харахад ЖДҮ эрхлэгчдийн дийлэнхи нь өөрийн аймаг, орон нутгийн хүрээнд үйл ажиллагаагаа явууж байна.

Иргэд өөрсдийн гэсэн аж ахуй, үйлвэрлэлийг явуулж, түүгээрээ дамжин орлогын эх үүсвэрээ бий болгож байгаа нь иргэд өөрөө өөрсдийнхөө ажлын байрыг бий болгож байгаа гэсэн үг юм. Энэ ч утгаараа энэхүү салбар нь ажилгүйдлийг бууруулах, ажлын байр бий болгох тал дээр эдийн засгийн томоохон ач холбогдолтой юм.

Мөн үндэсний үйлдвэрлэл хөгжих үндэс суурь нь болох юм. Дэлхийд нэртэй Тоёота, Хонда, Сони гэх мэт Японы том том үйлдвэрлэгчид анх жижиг үйлдвэрлэгчээс өсөн дэвжсэн. ЖДҮ өсөн дэвжих орчинг бүрэлдүүлж чадсанаар ирээдүйн томоохон үндэсний үйлдвэрлэгчдийг бэлтгэх эхний алхам болно.

Цаашлаад хүчтэй ЖДҮ бий болгосноороо том аж ахуйн нэгжүүдийн монополиос /зах зээлд дангаар ноёрхох/  сэргийлэх, өрсөлдөөнийг идэвхижүүлэх боломжтой. Энэ нь эрүүл зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бүрэлдүүлэх чухал хүчин зүйл болно. ЖДҮ-ийг хөгжүүлэхэд төрийн бодлого зайлшгүй шаардлагатай болдог. Яагаад гэвэл томоохон аж ахуйн нэгжүүдтэй харьцуулахад өрсөлдөх чадвар сул, үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай хөрөнгө оруулалт болон зээл олоход ихээхэн асуудалтай байдаг. Үүний үр дүнд үйлдвэрлэлээ эхэлж чадахгүй асвэл удаан хугацаанд үргэлжлүүлж чадалгүй үйл ажиллагаагаа зогсоох аж ахуйн нэгжүүд цөөнгүй. /Манай улсад 73822 бүртгэлтэй аж ахуйн нэгж байгаагаас 40921 нь тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. ЖДҮ-н хөгжил, санхүүжилтын байдлын талаархи Монгол банкны судалгаа/

Ийм учраас төрөөс тусгай бодлогоор дэмжих хэрэгтэй болдог. Манай улсад 2007 оноос Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийг баталж, жижиг дунд үйлдвэрийн бодлогын чиг хандлагыг гаргаж байжээ. Үүнд бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, татварын хөнгөлөлт, зээлийн таатай орчинг бий болгох гэх мэт зүйлүүд багтсан байна. 2010 оноос эхлэн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг байгуулж арилжааны банкуудаар дамжуулан хөнгөлөлттэй зээлд хамрагдуулах бодлогыг хэрэгжүүлж байгаа юм. Гэсэн хэдий ч санхүүгийн асуудал хамгийн том бэрхшээл хэвээр байна.

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгарч буй асуудлууд

5
ЖДҮ-н хөгжил, санхүүжилтын байдлын талаархи Монгол банкны судалгаа

Засгийн газрын хөнгөлөлтэй зээлийн талаархи мэдээлэл хангалтгүй, мөн бусад арилжааны банкуудын зээлийн хүү өндөр, барьцаа хөрөнгөгүй зэргээс санхүүгийн эх үүсвэрээ олж чадахгүй гацах нь элбэг байгаа юм.

Юуны өмнө хөнгөлөлттэй зээл болон засгийн газрын бусад хэрэгжүүлж буй бодлогуудын талаархи мэдээллийг  жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хүргэх нь чухал байгаа юм. Харамсалтай нь өнөөдөр манай “Жижиг Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх Газар”-ын маань цахим хуудас ч хангалттай мэдээллээр шинэчлэгдэж чадахгүй тоосонд дарагдсан байгаа нь бодит байдал билээ. (www.smefund.mn) Мөн ЖДҮ-н талаархи судалгааг явуулж бодит байдал дээр юу тулгамдсан асуудал болж байгаа, түүнийг шийдэхийн тулд ямар бодлого барьж буй зэрэг мэдээллийг олон нийтэд ил тод болгох нь чухал байгаа юм. Хэн нэгний өгсөн богино ярилцлагаас бус ул суурьтай хийсэн судалгаанд үндэслэсэн бодит мэдээллийг олон нийтэд хүргэх хэрэгтэй байгаа юм.

Ц.Баасандорж
Иватэ их сургууль
2014/11/04

Ашигласан материал:

  1. ЖДҮ-н хөгжил, санхүүжилтын байдлын талаархи Монгол банкны судалгаа
    http://www.mongolbank.mn/documents/moneypolicy/SME_negtgel.pdf
  2. Хөдөлмөрийн яам ЖДҮ-н хөгжлийн газар цахим хуудас
    http://www.mol.gov.mn/nodes/view/type:about/slug:small-and-medium-enterprise-development-department
  3. ЖДҮ-н тухай хууль
    http://www.legalinfo.mn/law/details/255

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles
Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*