Ялагдашгүй-3. Нагаяма Кооки: “Бидний хувьд бэртсэн ч тэвчээд дуусгана гэсэн сэтгэлийн бэлтгэлтэй байж тоглолтонд ордог.”

“Тэсэхийн аргагүй өвдөлт, саад тотгорын дундуур, энэ тоглоомын балмад шинж чанарын дундуур манай баг улам хүчирхэг болдог. Өөрсдийгөө агуу болж чадна гэж чин сэтгэлээсээ итгэсэн хүмүүс л агуу болж чадна.”

Колин Кайперник San Francisco 49ers


IMG_0057

Зочин: Нагаяма Кооки, нас 21, Акита их сургуулийн махчид багийн капитан, хувийн дугаар 7, 2014-2015 оны Японы зүүн хойд бүсийн бүх одод, шилдэг дамжуулагч, арга барил: өөрөө раш хийх чиглэлийн QB, 173 см, 75 кг.

Сайн байна уу? Юуны өмнө өөрийгөө товч танилцуулаач.

Миний бие Акита их сургуулийн Америк хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Нагаяма Кооки байна. Инженер, баялгийн факультетын харьяа, геологийн тэнхимийн 3-р курсын оюутан. Геологи, газрын шинэ энергийн эх үүсвэрийг илрүүлэхийн төлөө хичээн суралцаж байна.

IMG_0058

Америк хөлбөмбөгийн шигшээ багийнхаа талаар танилцуулаач.

Манай багийн нэр нь Akita University Ogres (Акита их сургуулийн махчид). Одоогийн байдлаар 27 тамирчин, 8 менежер, нийлээд 35 хүний бүрэлдэхүүнтэй. Долоо хоногт 4 удаа бэлтгэл хийдэг. Өнгөрсөн 7 хоногт улирлын сүүлийн тоглолтоо хийж өрсөлдөгчөө ялснаар, ирэх улирлаас Японы зүүн хойд бүсийн их сургуулиудын америк хөлбөмбөгийн лигийн 1-р дивизонд дэвшиж тоглохоор болсон.

IMG_0059

Дэвшин тоглох болсон танай багийнханд баяр хүргэе. Нэг удаагийн бэлтгэл хэдэн цаг үргэлжилдэг вэ?

Баярлалаа. Нэг удаагийн бэлтгэл талбай дээр 3 цаг, дээр нь видео анализын 2 цаг, нийлээд 5 цаг үргэлжилдэг.

Видео 2 цаг гэдэг нь?

Тухайн өдрийн 3 цагийн бэлтгэлийг бүхэлд нь бичиж аваад, 2 цагийн турш нэг бүрчлэн багаараа үзэж, энэ нь болж байна, тэр нь болохгүй байна гэдгээ ярьж, анализ хийдэг юм. Мөн өрсөлдөгч багийнхаа тоглолт дээр очиж авсан бичлэгээ үзэж, тэдний талаар бүрэн хэмжээний анализ хийн, тэдний эсрэг ямар тактикаар тоглохоо боловсруулдаг.

Их нарийн ажиллагаатай байдаг юм байна шүү. Долоо хоногт 4 удаа талбай дээр бэлтгэл хийдэг гэлээ, тэгвэл хүчний бэлтгэлээ хэрхэн хийдэг юм бэ?

Хүчний бэлтгэлийн хувьд өөрсдийн бололцоогоороо, дунджаар 7 хоногт 2 удаа бэлтгэлийн өрөөнд хийдэг. Тэгэхээр талбайн бэлтгэлтэй нийлээд 7 хоногийн 6-г багийнхаа төлөө, америк хөлбөмбөгт зориулдаг гэсэн үг юм уу даа. /инээв./

Мундаг юм аа. Тэгвэл үлдсэн 1 өдөрт нь?

Биеэ амраадаг.

Тийм байлгүй дээ, ямар робот биш дээ гэж бодож суулаа./инээв/ За сэдвээ жаахан өөрчилье. Америк хөлбөмбөгийн спорт Японд хараахан өндөр түвшинд хүртэл хөгжөөгүй байна, багийн спортоос Бэйсбол, Хөлбөмбөг үндэсний спорт болтлоо хөгжжээ. Энэ дундаас Кооки яагаад Америк хөлбөмбөгийн сонгов? Хэзээнээс сонирхож эхлэв?

Би уул нь их сургуульд ороод, эхэндээ бэйсболын секцэнд орно гэсэн бодолтой, бэйсболын секцийн элсэлтийн хуудсанд нэрээ биччихсэн байсан юм. Тэгсэн санаандгүй Америк хөлбөмбөгийн секцийн танилцуулгыг олж хараад, гоё ч юм уу гэж бодоод, бэлтгэлийг нь очиж үзтэл, сэнпай(номын ах) нар нь үнэхээр сайн хүмүүс байсан. Тэгээд л багийнхандаа татагдаад, амархаан яваад орчихсон доо. Тэрнээс хойш 3 жил өнгөрсөн байна. Америк хөлбөмбөгөөр хичээллэсэндээ маш их баяртай байдаг.

Тэгвэл ердөө 3-хан жилийн хугацаанд Японы зүүн хойд бүсийн шилдэг QB(quarter back: дамжуулагч), бүх одод тоглогч болтлоо дэвжжээ?

Сүртэй зүйл биш л дээ…./нүүр улайв./

IMG_0061

Сайн сэнпай нарын нөлөө их байж ээ? Мөн 1-р курстээ ч гэсэн ийм чийрэг, баки бие хаатай байсан уу?

1-р курстээ ердөөсөө ийм байгаагүй. Туранхай залуу л байсан даа. 3 жилийн турш хүчний бэлтгэл хийж 10 гаран хил нэмсэн.

Ахлах сургуульдаа Бэйсболоор хичээллэж байсан юм уу?

Тийм. Манай сургууль тийм ч хүчтэй багтай байгаагүй болохоор хөнгөхөн хичээллэдэг байсан.

Одоо секцийнхээ бүтэц, үйл ажиллагааны талаар яриач. Тухайлбал дасгалжуулагч байдаг эсэх, сургуулийн зүгээс яаж дэмждэг, бэлтгэлээс гадна ямар нэгэн үйл ажиллагаа байдаг гэх мэт?

Дасгалжуулагчийн хувьд байдаг боловч, тэр болгон бэлтгэл болгон дээр ирээд байдаггүй, ерөнхийдөө бид нар өөрсдөө багаа босгоод явах гэсэн системтэй байгаа. Их сургуулиас мэдээж хэрэг талбай, бэлтгэлийн өрөөнүүд болон бичлэгтээ анализ хийх, эд хэрэглэлээ хадгалах өрөө зэргээр хангадаг. Мөн бага хэмжээний мөнгийг тодорхой хугацаанд зарцуулаарай гэж өгдөг. Тийм учраас ийш тийшээ тэмцээнд явах зэрэгтээ голдуу өөрсдөө зохицуулдаг. Манай багийн хувьд дотроо фондны мөнгө цуглуулдаг. Бусад секцийнхэн, багийнхны хажууд өндөр байж магадгүй юм, манайх нэг хүн сарын 5000 иэн(85000 төгрөг) хураалгадаг байгаа.

Монголын их сургууль, ахлах сургуулийн багуудыг харж байхад дасгалжуулагч байдаг хэдий ч, менежер ер харагддаггүй. Танай баг бүр 8 менежертэй юм байна. Багийн менежерийн үүрэг ер нь юу юм бэ?

Бид нарын хувьд менежер гэдэг хүн маш том үүргийг гүйцэтгэдэг юм. Тэдний үүрэг нь ерөнхийдөө тоглогчдын биеийн байдлыг хянах явдал юм. Ямар нэгэн байдлаар тоглогч гэмтэхэд, шалбарсныг боохоос эхлээд анхны тусламж үзүүлэх, гэмтлээс урьдчилан сэргийлэх боолтуудыг хийх, тэмцээний турш тамирчдыг уух юмаар хангах гэх мэт. Мөн тухайн өдрийн бэлтгэлийн менюг яг таг болгож, бэлтгэлийн турш бичлэг хийх гээд маш чухал үүргийг гүйцэтгэдэг дээ.

Тэгвэл ерөөсөө үргэлж хамт явдаг байх нь ээ?

Тэгэлгүй яахав, тамирчинтай ижил хэмжээний чухал үүрэгтэй хүмүүс юм шүү дээ.

Маш их ажилладаг байх нь ээ. Тэгээд менежер ч гэсэн фондны мөнгө хураалгах уу?/инээв/

Менежерийн хувьд фондны мөнгө хураалгадаггүй байгаа. Бид нартай л адил оюутнууд шүү дээ. Тийм байхад мөнгө хураагаад, ажил хийлгээд байвал хэн ч орж ирэхгүй шүү дээ. /инээв/

Багаараа бэлтгэлээс гадна ямар нэг үйл ажиллагаа зохиодог уу?

Тэмцээнд хожсоныхоо дараа үргэлж бага хэмжээний үдэшлэгийг зохиодог. Мөн 1-р курсын дүү нарыгаа анх орж ирэхэд багаараа хоолонд орохоор явдаг. Бусад секцүүдийг бодвол, харьцангуй бага ууж иддэг, тоглолтондоо гол анхаарлаа төвлөрүүлдэг дээ./инээв/

Сэдвээ жаахан өөрчилье. Кооки гэдэг хүнийг капитан хийж байх үед буюу энэ жил Махчид маань зүүн хойд бүсийн 1-р дивизон руу дэвшээд, Кооки өөрөө ч бүх оддын тоглолтын дамжуулагчаар сонгогдоод байна. Тийм учраас өөрийн чинь тухай бага зэрэг ярилцъя. NFL(Хойд америкын үндэсний хөлбөмбөгийн лиг) ер нь үздэг үү?

Тийм ч их үздэггүй. Харин Японыхоо ИС-н хөлбөмбөгийг их үзнэ. Адилхан ИС-н оюутнууд хэр сайн байна гэх мэт. Ялангуяа Nihon University гэх мэт төвийн бүсийн хүчтэй багуудыг үзэж, хааяа нас адилхан мөртлөө эд нар яагаад ийм сайн байна гэж хүртэл боддог.

Тэгвэл дуртай тамирчин?

NFL-с бол San Francisco 49ers-н Колин Кайперникт дуртай. Нурууны дугаар ижилхэн 7, ижилхэн дамжуулагчийн байрлал дээр тоглодог, түүн шиг болохын төлөө л өөрийгөө зоригжуулж тоглодог доо.

San Francisco 49ers quarterback Colin Kaepernick looks to pass during the first quarter in the NFL Super Bowl XLVII football game in New Orleans

Би ч гэсэн өөрийг чинь Кайперниктэй төстэй тоглолттойм байна даа гэж бодож байлаа. Кайперник өнгөрсөн улиралд гайхалтай байсан боловч, энэ улиралд хараахан хүлээлтэд хүрч чадахгүй байгаа мэт?

Энэ улирал харин сайнгүй байгаа. Бэртэл гэмтэл дээр, бусад багууд түүний тоглолтыг маш их судалж, анализ хийж байгаа нь нөлөөлсөн байх.

За тэгвэл чиний байрлалын талаар, QB дамжуулагч гэж ер нь ямар үүрэгтэй хүн юм бэ?

Америк хөлбөмбөгт дамжуулагчаас довтлогоон эхэлдэг. Довтлогооны бүх тактикыг тэр бодож, бүх довтлогоог удирдаж байдаг. Нэг үгээр багийн уураг тархи болсон хүн л юм даа.

3 жил Америк хөлбөмбөг тоглоход хамгийн хүнд тоглолт ямар тоглолт байв?

Иватэ их сургуулийн хүчтэй багт 30-0 онооны харьцаагаар хожигдож байсан удаа байгаа. Тэр л их хүнд тоглолт байсан, Иватэ их сургууль ер нь тоглогч олонтой, хүчтэй багтай. Гэхдээ тэр тоглолт ч гэсэн их юм бодогдуулж, одоогийн би гэдэг хүн буй болоход тусалсан гэж боддог.

Тэгвэл эсрэгээрээ хамгийн их кайф авсан тоглолт чинь?

Хамгийн их кайф авсан ч гэхиймүү, хамгийн баяртай байсан нь өнгөрсөн удаагийн 1-р дивизонд дэвших эсэхийг шийдэх тоглолт байсан. Хиросакигийн их сургуулийн баг, манай баг хоёрын ялсан нь ирэх улирал 1-р дивизонд тоглох эрхээ авах чухал тоглолтонд манайх 36-30 харьцаатайгаар хожсон. Би өөрөө раш (rush:дамжуулалгүй гүйж оноо авах) хийж 3 тоучдаун(touchdown: Америк хөлбөмбөгийн гоол), дамжуулалтаар нэг тоучдаун хийсэн. Маш их баяртай байсан.

IMG_0064

Манай Монголын спортод багийн спорт хараахан сайн хөгжиж амжаагүй, ер нь л багийн ажиллагаа гэхээсээ илүү жүдо, чөлөөт бөх, буудлага гээд хувийн спортоор гол амжилтуудаа үзүүлдэг. Харин Японы хувьд хөлбөмбөг, сагсан бөмбөг гээд багийн спортоор ч дэлхийд дээгүүр орж байна. Тэгвэл танай багийн хувьд хэрхэн багаар ажиллах чадвараа сайжруулдаг вэ? Кооки капитаны хувьд хэрхэн багаа нэгтгэдэг вэ?

Миний хувьд бэлтгэлээс гадуур ч гэсэн, тоглогчдоо гадуур хоолонд урьж, ахлагч гэхээсээ илүү адилхан тамирчин гэдэг талаасаа, найз гэдэг талаасаа хандаж, америк хөлбөмбөгийн тухай ярьж, багийнхаа коллективыг сайжруулахыг хичээдэг. Тэр коллективоо хүнд бэлтгэлийн явцад ч хадгалж, ахлагчийн хувьд эргэн тойрны тоглогчдынхоо санаа бодлыг сонсож, баг гэдэг утгаараа бүгдээрээ бүрэн хэмжээнд ойлголцож, санаа нийлсний үндсэн дээр цааш дэвжин урагшлахыг зорьдог доо.

Америк хөлбөмбөгийн спортын хувьд Монголд мөн л хараахан хөгжөөгүй байгаа. Дэлхий даяар хүнд, хатуу гэгддэг энэ спортоор хичээллэж байхад, бэртэл гэмтлээс авахуулаад гэр бүлийнхний зүгээс хорих гээд тамирчдад асуудлууд байдаг байх? Мөн энэ спортыг хөгжүүлэхийн тулд яах хэрэгтэй гэж бодож байна?

Энд би ерөөсөө нэг л зүйлийг зоригтой хэлж чадна. Америк хөлбөмбөг бол хамгийн гоё спорт. Бэйсбол зэргийг бодвол, хурд хүчнээс гадна, тоглолтын тактик, хийгээд ухааныг ч гэсэн хамгийн их тамирчнаас шаарддаг спорт юм. Нэг ёсондоо жинхэнэ эрчүүдийн спорт гэж хэлмээр байна. Бэртлийн хувьд бол, бэртэх хүн бэртэхгүй хүн байна. Би уул нь гайгүй байдаг юм, сая л харин хөлөө жаахан бэртээчихлээ. Бидний хувьд бэртсэн ч тэвчээд дуусгана гэсэн сэтгэлийн бэлтгэлтэй байж тоглолтонд ордог. Энэ нь ч уг спортыг улам сонирхолтой болгодог байх. Тийм учраас Монголын залуучуудыг ч гэсэн энэ спортыг сонирхон хичээллээсэй гэж хүсч байна. Америк хөлбөмбөгийг хөгжүүлэх тал дээр бол, хамгийн түрүүнд уг спортыг, бидний тоглолтыг үзээсэй гэж хүсч байна. Тэгж чадвал хэнийг ч өөртөө татаж чадахаар сонирхолтой спорт юм шүү.

IMG_0062

Яриа маань нилээн хэвийгээд эхэллээ. Тиймээс ирэх улиралд зүүн хойд Японы 1-р дивизонд тоглох болсон танай багийн дараагийн зорилгын талаар асуувал?

Багийн зорилго гэвэл, миний үеийнхний хувьд ирэх жил 4-р курст орох учраас, ирэх улирал хамгийн сүүлийн улирал болно. Тийм учраас, үлдэх дүү нартаа мэддэг бүхнээ заан үлдээж, ирэх улирал бүх хүчээрээ тоглож, 1-р дивизондоо байрлалаа ахиулахыг хичээх болноо.

IMG_0060

Тэгвэл Коокигийн хувийн зорилго юу вэ?

Ирэх улирлын хувьд би капитан байхаа болино. Тиймээс шинэ капитанаа дэмжээд, мэддэг зүйлээсээ зааж зөвлөөд, өөрөө ч гэсэн сэтгэл зүйн хувьд илүү хүчтэй, мөн ялагдашгүй бие бялдартай тамирчин болохын төлөө хичээх болноо.

IMG_0063

Маш сайхан зорилготой байгаа юм байна. Хамгийн сүүлийн асуулт болгож, Японы их сургуульд сурахыг зорьж байгаа Монголын сурагчдад Коокигийн зүгээс ямар зөвлөгөө өгөх вэ?

Их сургуульд ороод мэдээж хэрэг хичээл гэдэг хамгийн түрүүнд тавигдах зүйл гэдгийг мартаж болохгүй. Харин түүний дараа орох нь спорт юм шүү. Хичээл болон спорт, энэ 2 зүйл хүний амьдралд зайлшгүй байх ёстой зүйлс гэж би боддог. Ялангуяа, багийн спортоор хичээллэснээр Япон хүний цусанд байдаг нэгдэл, нягтралын хүч, бүгдээрээ хамт хичээцгээе гэсэн үзэл санааг мэдэрч чадна шүү. Мэдээж хувийн спорт ч гэсэн олон сайн талтай хэдий ч, та бүхнийг нэгэнт Японд ирэх бол багийн спортын секцэнд орж, Япон оюутнуудтай хамт ЯЛАЛТ гэдэг зүйлийн амтыг мэдрээсэй гэж хүсч байна.

Нийтлэлийн маань төгсгөлд маш сайхан үгийг хэлж, дүү нарт маань зөвлөгөө өгсөнд маш их баярлалаа. Яах аргагүй Япон улс хүчирхэг байгаагийн учир нь эв нэгдлийн хүч гэж бодож байна. Энэ удаа цаг гарган, ярилцлага өгсөн чамд баярлалаа, бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч болоорой гэж ерөөе, мөн ирэх улиралд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.

Баярлалаа./инээв/

Э.Өнөболд
Акита ИС 4-р курс
2014 оны 11 сарын 27

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*