Жендэрийн эрх тэгш байдал

   Сүүлийн жилүүдэд ихээр сонсогдох болоод буй жендэрийн эрх тэгш байдлын асуудлын талаар та ямар ойлголттой явдаг вэ? Магадгүй олон хүмүүс энэхүү асуултанд “Нийгэм дэх эмэгтэйчүүдийн асуудал” хэмээн хариулах биз ээ. Гэвч энэ бол ташаа ойлголт ба таны хүйс эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай та жендэрийн асуудалд өртөж болох боломжтой объект юм. Олон улсын тодорхойлолтоос авч үзэхэд :

  “Жендэр хэмээх ойлголт нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын харилцааг түүнд нөлөөлж байгаа улс төр, нийгэм, эдийн засгийн олон хүчин зүйлүүдийн хүрээнд авч үзэх”  хэмээн бичсэн байдаг.

Яг энэхүү   тодорхойлтоос “Жендэр” хэмээх нэр томъёо нь дан ганц эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эр эм хэмээх хүйсэн дээр тулгуурлах асуудал бус нийгэм дэх хүчин зүйлүүдийн нөлөөтэйгөөр үүсэх хүйсийн асуудал гэдгийг ойлгож болох юм.

“Хүйс” ба “Жендэр” хоорондын ялгаа

 

Screen Shot 2014-11-30 at 3.39.03 PM

Гэвч ихэнхи тохиолдолд яагаад зөвхөн эмэгтэйчүүд жендэрийн асуудлын гол бай болдог вэ?

   Эрт дээр үеэс хүүхэд, эмэгтэйчүүд, хөгшчүүд нь аль ч улс, соёл иргэншилд нийгмийн “сул” буюу “хүчгүй” давхаргад харъяалагддаг байсан. Энэ нь ямар ч нийгэмд эмэгтэйчүүдэд эрэгтэй хүмүүстэй адил эрх мэдэл, хүчин чадал гаргах нийгмийн оноосон үүрэг, хүлээн зөвшөөрсөн байр суурь байгаагүйтэй холбоотой. Харин он цаг хөврөхийн хэрээр хүн төрөлхтөн эрх чөлөөт, даяарчлагдсан нийгэмтэй золгон, түүнтэй зэрэгцэн оюуны хүчин чадалтай эмэгтэйчүүд нийгэм дэх тогтолцоог өөрчлөн, эмэгтэйчүүдийн байр суурийг тодорхойлох нь хүний эрхийн асуудал адил тэгш эрх хэмээн үзэж түүний төлөө тэмцэж эхэлсэн.

  Энэхүү дэлхий нийтийн дунд яригдах болсон жендэрийн эрх тэгш байдлын асуудал нь 1960-аад оны үеэс эхлэн нухацтайгаар хөндөгдсөн. Улмаар Нэгдсэн Үндэсний Байгууллага /НҮБ/-ын хөгжлийн анхны 10 жилийн үеэс эхлэн эмэгтэйчүүдийн асуудал түүний анхаарлын төвд байх болсон бөгөөд 1975 онд НҮБ-аас Эмэгтэйчүүдийн асуудлаарх анхдугаар бага хурал Мексик хотод зохион байгуулагдаж, 1980 онд Копенгагенд 2-р бага хурал, 1985 онд Найробид 3-р бага хурал , 1995 он Бээжинд 4-р бага хурлууд болж, эмэгтэйчүүдийн хүний эрх, жендэрийн тэгш эрхийн талаарх асуудалтай холбоотойгоор өөр бусад олон улсын хурлууд ч мөн зохиогдож байсан бөгөөд одоо ч мөн зохиогдсоор байгаа билээ.

  Олон жил үргэлжилж буй жендэрийн эрх тэгш байдлын асуудал нь өнөөдөр ч мөн адил үргэлжилсээр байгаа нь нийгэмд, нийгмийн хөгжилд хүнийг хүйсээр нь ялгаварлан гадуурхах үзэгдэл байсаар буйг илэрхийлж байгаа билээ. Хүйсийн ялгаварлан гадуурхлын талаарх хамгийн бодит энгийн жишээ бол эмэгтэйчүүдийн улс төр, шийдвэр гаргах түвшин дэх оролцоо туйлын хангалтгүй байгаа. Түүнчлэн аливаа албан байгууллага дахь эмэгтэй удирдлага, манлайлагчдын эзлэх хувь, ажлын байран дахь хүйсийн ялгавартай харьцаа болон хүүхэд төрүүлэн ажлын байрнаас хөндийрч буй эмэгтэйчүүдийн байдал зэрэг нь асуудал болсон хэвээрээ л байна.

   Япон улсын жендэрийн эрх тэгш байдлын талаарх жишээг авч үзэхэд:

  Япон улсын тооллоор Шёова 41(1966) онд ихэнхи эмэгтэйчүүд ажлын байран дээр цай болон кофе зөөх, бичиг баримт хэвлэх болон цэгцлэх гэсэн үүргийг л биелүүлдэг байж. Эрэгтэй хүмүүстэй адил албан тушаалтай эмэгтэй хүн байсан ч эмэгтэй гэдэг утгаараа бага цалин хөлс авдаг байсан байна. Мөн хүүхэд төрүүлсэн тохиолдолд ажлаас нь шууд халах тогтолцоог хэрэгжүүлдэг байжээ. Мэдээж хэрэг одоо үеийн Япон улсын хүйсийн эрх тэгш байдал сайжирсан боловч дэг журмыг юун түрүүнд баримталдаг энэ ард түмний дунд эмэгтэй хүнийг ажлын байран дээр “сул” давхаргынх хэмээн ялгаварлах үзэл одоо ч мөн сэмхэн үргэлжилсээр л байна.

Дээрх графикаас  Японы УИX-ийн гишүүдийн дунд эзлэх эмэгтэйчүүдийн хувь нь 2010 оны байдлаар 11,3% байна.
Дээрх графикаас Японы УИX-ийн гишүүдийн дунд эзлэх эмэгтэйчүүдийн хувь нь 2010 оны байдлаар 11,3% байна.

   Энэ мэтээр эмэгтэй хүмүүс нь сул дорой гэсэн хүйсийн ялгаварлан гадуурхалтанд өртөж, нийгмийн тогтолцоо, ажлын талбар дээрх хангалттай хүлээн зөвшөөрөлт байхгүйн улмаас жендэрийн асуудлын гол объект болдог . Хамгийн эмгэнэлтэй нь байгалиас олж авсан эрх үүргийнхээ дагуу үр хүүхдээ тээн төрүүлсний төлөө нийгэм дэх ажлын байрнаас халагдах явдал нь нийгмийн эрх тэгш байдлын хамгийн гажууд систем хэмээн бодож байна. Япон улсад эмэгтэйчүүд нь хүүхэд төрүүлэх эсвэл ажиллах гэсэн хоёр сонголтын зааг дээр амьдарч байх шиг санагддаг. Манай Монгол улсад энэ мэт асуудал нь Японтой харьцуулахад бага боловч сүүлийн үед өсөх хандалага ч мөн ажиглагдаж байна. Сүүлийн жилүүдэд манай улсад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ажил хөдөлмөр эрхлэлт, боловсролын болон эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдаж буй бодит байдалд тэгш бус, шударга бус хандлага буйг анзаарахгүй өнгөрч болохгүй. Эрэгтэй хүн, эмэгтэй хүн өөр өөрийн гэсэн байгалиас заяасан онцлог зан чанар өвөрмөц хандлага, хэрэгцээтэй байдаг. Өнөөдөр бид улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын салбаруудын хөгжлийг хамтад нь хөгжүүлэхийн тулд эрэгтэй эмэгтэй хүйсийн тэгш эрх байдал, жендэрийн үзэл баримтлалыг бодлогод тусган хөгжүүлэх ёстой xэмээн бодож байна.

Б. Амина
Токиогийн Олон Улсын Их Сургууль
Олон улсын харилцааны 3-р курсын оюутан
2014.11.24

Ашигласан материал:

  1. Ерөнхий мэдээлэл → Жендэрийн үндэсний хороо “Жендэрийн агуулгатай бодлого үйл ажиллагаа” гарын авлага 2008он, http://gender.gov.mn/mn/ном-хэвлэл
  2. График → “Жендэрийн тухай ойлголт“ 2014 оны 10 сарын 2-ны өдрийн хичээлийн материалаас хавсаргав.

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles
Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*