Газрын тосны үнийн шинэ эрин үе

   Үргэлжид үнэ нь өсч, хэрэглэгчид бидний халаасыг хайр найргүй хүүлж байдаг газрын тосны үнэ өнөөдөр цаг хугацаатай уралдан унасаар байна. Монголчууд бидэн шиг шатахуунаа гаднаас импортолдог оронд бол үүн шиг сайхан зүйл гэж юу байхав. Өдөр болгон биднийг шаналгадаг үнийн хэт өсөлт хэсэгтээ зогсох төлөв бий болох нь сайхан мэдээ юм. Тэгвэл олон улсын газрын тосны зах зээл дээр яг юу болоод газрын тос үнэ огцом унаад байгааг энэхүү нийтлэлдээ тодорхой болгоё.

WTI (West Texas Intermediate-Америкийн Баруун Теxaст олборлож буй газрын тос. Өндөр чанартай, 5%-с бага хүхрийн агууламжтай, хөнгөн тос. Энэхүү газрын тосыг жишиг болгон олон улсын газрын тосыг үнэлдэг.) маркын хөнгөн газрын тосны үнэ нь 7 сарын сүүлээр 1 баррель нь 100 доллар орчимд худалдагдаж байсан бол 10 сарын эхэнд 90 доллар болж, 12.01-нд 69.38 (Central Time цагийн бүсээр 12.01 өдрийн 15:28 байдлаар) доллар болтлоо буурав. 4 жилийн дараа газрын тос ийнхүү хамгийн доод түвшиндээ очиж байгаа юм.

WTI маркын газрын тос - Нэг жилийн үнийн өөрчлөлт
Зураг 1. WTI маркын газрын тос – Нэг жилийн үнийн өөрчлөлт

Brent маркын газрын тос ч (Brent Crude Oil. WTI-тай адил олон улсын газрын тосны үнийн жишиг индикатор. Норвеги, Дани, Англи зэрэг Хойд Тэнгисийн орнуудаас нийлүүлдэг, 0.2-1%-ийн хүхрийн агууламжтай.) мөн адил 72.93 (Central Time цагийн бүсээр 12.01 өдрийн 15:33 байдлаар) доллар болтлоо буурав.

Brent маркын газрын тос-Нэг жилийн үнийн өөрчлөлт
Зураг 2. Brent маркын газрын тос-Нэг жилийн үнийн өөрчлөлт

  Энэхүү газрын тосны үнийн бууралтанд үндсэн 2 шалтгаан бий.

Зураг 3. Эрэлт D-с D1 рүү шилжсэнээр өөрөөр хэлбэл эрэлт буурснаар үнэ P-c P1 рүү унав)

  Нэгдүгээрт, эрэлтийн уналт.

Эрэлт нийлүүлэлтийн хуулиар эрэлт буурвал үнэ буурна. (Зураг 3-г харна уу) Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, улмаар газрын тосны эрэлт унаж эхлээд байна. Дэлхийн эдийн засаг сайн үзүүлэлттэй байвал газрын тосны хэрэглээ өсөж, үнийн өсөлт явагддаг. Эсрэгээрээ дэлхийн эдийн засаг сайнгүй болбол үйлдвэрлэл хангалттай явагдахаа больж, улмаар газрын тосны эрэлт унана. Том эдийн засагтай орнуудын эдийн засаг сайжирвал, газрын тосны үнэ өсдөг хандлага бий.

 Гэвч АНУ болон Хятадын өсөлт удааширах дүгнэлт гарсан нь газрын тосны цаашдын эрэлтийг унагах төлөвт орууллаа. Consumer Confidence (АНУ-ын Эдийн Засгийн Судалгааны Институтаас сар болгон тооцон гаргадаг индекс. 5000 хүнээс өнөөгийн болон 6 сарын дараах эдийн засгийн төлөв байдлыг асуун индексэлнэ. Энэхүү индекс нь одооноос 6 сарын дараах эдийн засгийн төлөв байдлыг илэрхийлэх хүчирхэг индекс тул шинжээчид ирээдүйн эдийн засгийн төлвийг гаргахад ашигладаг. ) индекс тооцоолж байснаас доогуур үзүүлэлттэй гарсан нь ч эрэлтэнд шууд нөлөөллөө. Түүнчлэн Eвропын эдийн засгийн сайнгүй байдал болон Eвроп дахь дефлиацийн нөлөөнөөс болж газрын тосны эрэлт унаад байна. Үнэ буурна гэх хэрэглэгчдийн хүлээлт үүсч, худалдан авалт зогсонги байдалд орон, үйлдвэрлэгчид үйлдвэрлэлдээ хөрөнгө оруулалт хийхээ болих нь газрын тосны эрэлтийг шууд бууруулж байгаа юм. Том зах зээлийн нэг болох Хятадын ДНБ ч унах хандлагатай байгаа нь газрын тосны эрэлтийн удаашралттай ч мөн нягт холбоотой.

S
Зураг 4. Hийлүүлэлт S-с S1 рүү шилжихэд өөрөөр хэлбэл нийлүүлэлтийг бууруулахад үнэ P-c P1 рүү өсөв)

Газрын тосны эрэлт буурвал ОПEК (Organization of Petroleum Exporting Countries-газрын тосны нийт нийлүүлэлтийн 40%-г эзэлдэг.) газрын тосны нийлүүлэлтээ бууруулж үнийг тогтворжуулдаг. (Зураг 4-г харна уу.) Гэвч ОПEК -ын гол орон болох Саудын Араб 2014.10.02-д газрын тосны экспортынхоо үнийг бууруулах шийдвэр гаргасан нь олон улсын зах зээл дээрх газрын тосны үнэ бууралтанд жинтэй нөлөө үзүүлсэн юм. Эрэлт нь буурч буй зах зээл дээр зах зээлээ авч үлдэхийн тулд тэд ийнхүү газрын тосны үнээ бууруулав. Үүнээс улбаалан 2014.11.27-д ОПEК нэгдсэн уулзалтаараа газрын тосны нийлүүлэлтээ хэвийн байлгаж, багасгахгүй гэж зарлав (өдөрт 30 сая баррель газрын тос нийлүүлнэ). Улмаар нэг баррель газрын тосны үнэ 70 доллараас доод түвшинд буурах хэмжээнд нөлөөлөв. Нийлүүлэлт хэвийн байхад эрэлт буурахад зураг 3-н адилаар үнэ буурна.

 

Хоёрдугаарт, хэт нийлүүлэлт.

S right
Зураг 5. Hийлүүлэлт S-с S1 рүү шилжихэд өөрөөр хэлбэл нийлүүлэлтийг ихэсгэхэд үнэ P-c P1 рүү унав)

 Эрэлт нийлүүлэлтийн хуулиар нийлүүлэлт нэмэгдвэл үнэ буурна. Үүнтэй “Америкийн шейл тосны хувьсгал=Занарын хувьсгал” салшгүй холбоотой. Энэхүү хувьсгал гарснаар АНУ өөрийн газар нутаг дээрээ асар их хэмжээний “газрын тос” (газрын тосыг орлох бүтээгдэхүүн) олборлох боломжтой болж гадаадаас импортлох бус бүр экспортлох хэмжээнд хүрсэн юм. Үнэндээ АНУ-ын нөөц нь 21-р зууны АНУ-ын байгалийн хийн хэрэглээг хангахуйц хэмжээний нөөц баялаг аж. Өдгөө АНУ байгалийн хийн баялгаараа Оросыг хаяад дэлхийд нэгт бичигдэж, байгалийн хийн хэрэглэгч орон байсан бол экспортлогч орон болоод байна. Улмаар олон улсын зах зээл дээр АНУ гэгч том нийлүүлэгч гарч ирэв. 2005 онд АНУ-ын дотоод дахь экспортын газрын тос 60%-ийг эзэлж байсан ч, 2016 онд 25% болтлоо буурах төлөвтэй байна. Нийлүүлэлт нэмэгдсэнээр эрэлт нийлүүлэлтийн дагуу үнэ буурдаг жамтай. (Зураг 5-г харна уу.)

Занарын хийн олборлолт (улс орнуудаар)
Зураг 6.Занарын хийн олборлолт (улс орнуудаар)

Газрын тосны үнэ буурснаар эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө
  Ер нь газрын тосны үнэ буурснаар үйлдвэрлэгчид болон хэрэглэгчдэд очих дарамт багасч эдийн засагт үр нөлөө сайтай. Гэхдээ хэт ихээр унавал санхүүгийн зах зээл түүнийг дэлхийн эдийн засгийн хямрал хэмээн хүлээн авч хувьцааны үнэ унаж эхлэн эдийн засаг хямрах аюултай.
Мөн нэг аюул нь инфляцийг бууруулж, дефляцийг үүсгэх аюултай. Газрын тосны үнэ өссөнөөр инфляци бий болдог. Газрын тосны үнэ буурснаар дефляци үүсдэг. Манайх шиг 12.1% (2014 оны 10 сарын байдлаар)-ийн өндөр инфляцид зовж байгаа улсад “тодорхой хэмжээнд” дефляци шиг хүсүүштэй зүйл байхгүй. Харин өндөр хөгжсөн Eвроп, Япон, Америк зэрэг 2 хувь орчим инфляцийг зорьж байгаа том эдийн засагтай оронд дефляци нь асар их саад авчирах нь гарцаагүй. Дефляци болох төлөвтэй болбол хэрэглэгчид бараа бүтээгдэхүүний үнэ улам унахыг хүлээн худалдан авалт хийхээ больж, үйлдвэрлэгчдийн орлого ч багасан үйлдвэрлэлдээ хөрөнгө оруулалт хийж чадахаа болин улмаар эдийн засаг зогсолтонд орох том аюултай. Хүнтэй зүйрлэвэл бидний амьдрахад зайлшгүй шаардлагатай шим тэжээл, бодисыг түгээж байдаг цус нь эдийн засгийн хувьд мөнгө юм. Цус эргэлдэхээ болиход үхэлд хүрдэгтэй адил эдийн засагт мөнгө эргэлдэхээ боливол эдийн засаг “үхэл”-д хүрнэ. Үүнийг хөдөлгөгч нь дефляци юм.

 НЭМЭЛТ Мэдээлэл

“Шейл тосны хувьсгал=ЗАНАРЫН ХУВЬСГАЛ”

Занарын хийг гаргаж авах технологи
Зураг 7. Занарын хийг гаргаж авах технологи

  Зураг 7 нь Шейл давхарганд (Хурдас чулуулаг) агуулагдаж буй байгалийн хий болон газрын тосыг ухаж гаргах технологийг үзүүлж байна. Газрын гүнд 2000м-т орших шейл давхарга хүртэл алмаз шигтгэсэн өрмөөр өрөмдлөг хийж шейл давхарганд хүрснээр хажуу тийшээ өрөмдлөг хийнэ. Үүний дараагаар газрын гүн рүү өндөр даралттай ус шахаж шейл давхаргын ойр орчимд цууралт үүсгэнэ. Цууралт үүсгэсний дараагаар усыг татан авна. Ус татагдсаны дараагаар цуурсан хананы нүхээр шейл давхарганд агуулагдаж буй байгалийн хий нэвтрэн орж газрын давхарга руу хөөрч гарч ирнэ.

  Шейл давхарганаас байгалийн хий, газрын тос гаргах энэхүү технологи нь одоогийн энгийн газрын тосыг гаргаж авах уламжлалт технологийг бодвол хамаагүй зардал багатай аж. Учир нь шейл давхарганд зайлшгүй байгалийн хий болон газрын тос оршиж байдаг. Энгийн газрын тосыг гаргаж авахын том дутагдалтай тал нь маш их зардалтай ба эрсдэлтэй. Учир нь газрын гүн рүү өрөмдлөг хийсэн ч газрын тос гарч ирэхгүй байх магадлал асар өндөр байдаг учраас. Дашрамд хэлэхэд манай улсад энэхүү занарын нөөц нь урьдчилсан тооцоогоор 700 тэрбум тонн байгаа нь тогтоогдоод байгаа аж.

Монгол дахь занарын хийн нөөц
Зураг 8. Монгол дахь занарын хийн нөөц

О.Баярсайхан
Hult International Business School, Master of Finance
2014.11.27

Ашигласан материал:

  1. DIAMOND онлайн сэтгүүл: “Газрын тосны үнийн уналтын авчрах дефляци болон эрэлтийн уналт”
    http://diamond.jp/articles/-/61626
  2. Business Insider вэб сайт: “Газрын тос сүйрч байна”
    http://www.businessinsider.com/oil-breaks-70-2014-11
  3. NASDAQ вэб сайт: CRUDE OIL үнэ
    http://www.nasdaq.com/markets/crude-oil.aspx
  4. АНУ-ын Энергийн тухай мэдээллийн удирдах алба: “Занарын хийн нөөц”
    http://www.eia.gov/analysis/studies/worldshalegas/pdf/chaptersxx_xxvi.pdf
  5. Газрын тосны мэдээллийн нэгдсэн сан: Газрын тосны “үндсэн төрөл”
    http://www.petroleum.mn/tanin-medehui/1189–qq-.html
  6. “NEWSWEEK-JAPAN”: Газрын тосны үнийн огцом уналт
    http://www.newsweekjapan.jp/stories/business/2014/10/post-3438.php
  7. Эдийн засгийн онлайн хичээл: Эрэлт нийлүүлэлтийн муруйн шилжилтийн зураг
    www.economicsonline.co.uk
  8. Икегами Акира “Эдийн засгийн хичээл”: Газрын тосыг тойрсон геополитик
    http://www.dailymotion.com/video/x25z348_池上彰の経済教室-油を巡る地政学-その3_news
  9. Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо: Инфляцийн түвшин
    http://www.nso.mn

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles

Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*