MRJ-тэй хамт Ирээдүй Өөд Нисэцгээе

Врайтын ах дүүс
Врайтын ах дүүс

1903 оны 12-р сарын 7, одоогоос бараг 111 жилийн өмнө Врайтын ах дүү 2, хүн төрөлхтний түүхэнд нэгэн том зүйлийг туршиж нээсэн юм.(1) Яг одоо та тэнгэр лүү хараад үз, тэр дээр онгоц нисч байна уу? Тэгэхээр наад онгоц гэгч зүйл маань 111 жилийн өмнө итгэхийн аргагүй зүйл байсан юм шүү дээ. Энэхүү Врайтын ах дүү 2 бид бүхэнд нэг тивээс нөгөө тивийн хооронд хэдхэн цаг зорчих, цаг хэмнэх асар их боломж бололцоог нээн үлдээжээ. Одоо үед онгоцгүйгээр амьдралыг төсөөлөхгүй биз.

Дэлхийд онгоц үйлдвэрлэлтээр толгой цохиж буй 2 компани бол АНУ-ын Боинг болон Европын улсуудын нэгдэл Эйрбас нар. Манай тээвэрлэгч МИАТ ХК болон Хүннү Эйр ХХК маань 2ланг нь ашигладаг.(2)(3)

МИАТ ХК-ний Эйрбас A767-300 онгоц
МИАТ ХК-ний Эйрбас A767-300 онгоц

Тэгвэл зөвхөн энэ 2 компани л бүх зорчигч тээврийн онгоцыг үйлдвэрлэдэг гэвэл үгүй. Одоо үед бага түлш ашигладаг, зорчигчийн тоог нарийн тооцсон онгоцны эрин үе ирсэн гэх өнөө үед Японы Mitsubishi компани нь Японы анхны зорчигч тээврийн онгоц болох MRJ онгоцоо саяхан буюу энэ оны 10-р сарын 18-ны өдөр олон түмэнд танилцуулах үйл явдал болсон. Тэгвэл яагаад Боинг болон Эйрбас гэсэн томоохон 2 үйлдвэрлэгчээс бус, дотооддоо онгоц үйлдвэрлэх шийдвэр гаргасан юм бэ? Энэ удаагийн нийтлэлдээ Mitsubishi Regional Jet (MRJ-г Монгол хэлнээ буулгавал Мицүбишигийн Бүс нутгийн Онгоц гэсэн утгатай) хэмээх зорчигч тээврийн онгоцны тухай танилцуулахаар шийдлээ.

MRJ Танилцуулах үйл явдал дээр
MRJ Танилцуулах үйл явдал дээр

Нэн тэргүүнд уг онгоцны товч танилцуулгыг бичье. 2017 онд нисэхэд бэлэн болгох зорилготой байгаа ба, уг онгоц нь 70-90 хүний суудалтай, богино зайн нислэгт тохиромжтой онгоц. Ойролцоогоор (онгоцны хэмжээ зэргээс хамаарч) 1500-3300 км зайг туулах чадвартай.

Дэлхийн 2-р дайны дараагаас тухайн үеийн Холбоотон улсуудын эрх баригчид Японд онгоц үйлдвэрлэхийг хориглосон нь Япон улс онгоц үйлдвэрлэлтээрээ дэлхийн төвшнөөс хоцрох шалтгаан болсон гэж үздэг. Тэр утгаараа зорчигч тээврийн онгоц бүтээж байсан түүх байдаггүй. Хоцорсон гэвч 1964 онд Японы онгоц үйлдвэрлэгч маань сэнсэн хөдөлгүүрт онгоц болох YS-11-г бүтээж байсан, мөн 4 жилийн өмнө Honda компани нь бизнес чиглэлийн онгоц болох Honda Jet онгоцыг үйлдвэрлэсэн. Гэвч зорчигч тээврийн Жет хөдөлгүүрт анхны онгоц нь MRJ болж байгаа юм.

Хонда Жет онгоц
Хонда Жет онгоц

MRJ нь үндсэн 2 төрөл байгаа ба 35.8 метр урттай MRJ90 ба 33.4 метр урттай MRJ70 нар юм. Тэгвэл MRJ нь бусад онгоцоос юугаараа илүү гэж?

Үндсэндээ 3 зүйлээрээ бусад онгоцоос давуу талтай юм. “Түлш зарцуулалт”, ”Бага дуу болон Бага хий ялгаруулалт”, ”Тохилог зорчигчийн танхим”. Ижилхэн хэмжээний бусад онгоцтой харьцуулахад 20% бага түлш зарцуулдаг ба, үүнийгээ дагаад нүүрсхүчлийн ялгаруулалт нь 20% бага юм байна. Энэ нь нэг онгоцонд оногдох онгоцны жилийн зарцуулалтаасаа 15’000’000 Америк доллар бага зарцуулна гэсэн үг юм. Энэ нь эдийн засагт асар их ашигтай нь мэдээж. Хөөрөх үед дуу гардаг ба уг дууг энгийн онгоцноос 40% багасгаж чадсан гэж байгаа юм байна. Мөн ялгаруулах хий нь олон улсын стандартаас N2O 50%, CO 70%, CH 85%, тортог 75% тус тус бага юм. Мөн зорчгигчийн танхим нь, босоод зогсоход толгой дээр тань 56х45х25 см3-ийн зай байх ба, жижиг онгоц гэхэд сул чөлөөтэй зайтай юм.

img_cabin

Мицүбиши нь хамгийн орчин үеийн том онгоц болох Боинг 787 (2011 онд танилцуулагдсан) онгоцны том буюу гол далавчыг хийсэн юм. Боинг 787 онгоцны хувьд та бүхэнд дараагийн нийтлэлдээ дэлгэрэнгүй танилцуулах ч, энгийн онгоцноос ялгаатай нь 50% нь CFRP (Carbon fiber–reinforced polymer буюу Монголоор орчуулбал нүүрстөрөгчийн нэгдэл хуванцар гэх болов уу?)

CFRP бүтэц
CFRP бүтэц

гэх материалаар хийсэн явдал юм. Өөрөөр хэлбэл онгоцны тал нь хуванцар гэсэн үг. Мицүбиши нь тэрхүү туршлагаа ашиглан MRJ онгоцны арын чиглүүлэгч буюу жижиг далавчийг тэр чигт нь CFRP материалаар хийжээ. Онгоц хөнгөн болох тусам түлшний зарцуулалтыг хэмнэж чаддаг билээ. Цаашлаад гол буюу том далавчийг хэзээ ч байгаагүйгээр урт нарийнаар хийжээ (урт өргөний харьцаа буюу аспект нь 10). Далавчны эзлэх талбай том байх тусам илүү амархан нисдэг ч, далавчны гадаргуу дээрх агаарын хурд алдалтыг зохицуулах хэд хэдэн сүүлийн үеийн технологийг ашигласны үр дүнд ийнхүү эзлэх талбайг багасгаж чаджээ. Энэ нь мөн л хөнгөн болгож чадсан гайхалтай дэвшил. Бага дуутай, бага түлш ашигладаг болгоход хамгийн том асуудал бол мэдээж хөдөлгүүр. Хөдөлгүүргүйгээр онгоц хөөрнө гэж байхгүй. Тэгэхээр MRJ нь АНУ-ын A United Technologies Company-н дуу багатай Pure Power PW1200G жет хөдөлгүүрийг ашиглажээ. Энэ компани нь Эйрбас A320 онгоцны хөдөлгүүрийг хийж байсан туршлагатай юм.

PW1200G Хөдөлгүүр
PW1200G Хөдөлгүүр

За тэгэхээр сүүлд нь өөрийн санаагаа товч бичье. MRJ онгоц нь Япон улсын эдийн засагт эерэг нөлөө авчрах байх гэж найдаж байна. 2014 оны 9-р сарын 26-ны байдлаар дотоодын болон АНУ, Мянмарын 5 авиа компани нийт 375 онгоцны захиалга өгчихөөд байгаа юм байна. Мицүбиши нь ойрын 20 жилд 5000-с олон тоог үйлдвэрлэнэ гэсэн зорилго тавьчихаад байгаа.

Монголдоо механик эд анги нийлүүлдэг том үйлдвэртэй болох юмсан. Нэг онгоц үйлдвэрлэхэд асар их эд анги, цаг хугацаа шаардлагатай. Бид одоо ч эхэлсэн бай MRJ, Boeing 787 Dreamliner, Airbus A380-н эд ангиас хийлцэж амжих мэт санагддаг юм. Магадгүй дараагийн шинэ төрлүүдийг ч бас. Тийнхүү нэгэн мөрөөдлөө бичин үлдээгээд, MRJ-ийн уриа болох “Flying Into The Future” гэсэн үгээр нийтлэлээ дуусгая гэж бодож байна. Анхаарал тавин уншсан танд баярлалаа. Дараа дараагийн хэд хэдэн нийтлэл онгоцны тухай байх болно…

И. Өгөөмөр

2014.12.04

Ашигласан материал

  1. Врайтын ах дүү 2-ын тухай
    http://en.wikipedia.org/wiki/Wright_brothers
  2. Миат Компанийн тухай
    http://www.miat.com/airplanes.php?lang=mn&pageId=52
  3. Хүннү Эйр Компаний Тухай
    http://www.hunnuair.com/mn/park
  4. Жет хөдөлгүүрийн тухай
    http://www.pw.utc.com/Content/PurePowerPW1000G_Engine/pdf/B-1-1_PurePowerEngineFamily_SpecsChart.pdf
  5. “Newton” сэтгүүлийн тусгай дугаар “注目のハイテク35” (Монголоор анхаарал татаж буй 35 Хайтек технологи) хуудас 4-8
  6. “航空ファン”(Монголоор онгоцны фен) сэтгүүл, 2015 оны 1-р сарын дугаар, хуудас 50-58

Зургуудыг

  1. http://firstflight.open.ac.uk/
  2. https://www.flickr.com/photos/vasilykuznetsov/5825028579/
  3. http://www.reuters.com/article/2014/10/18/us-japan-mrj-rollout-idUSKCN0I704P20141018
  4. http://en.wikipedia.org/wiki/Honda_HA-420_HondaJet
  5. http://www.mrj-japan.com/cabin.html
  6. http://www.aviationnews.eu/31188/pratt-whitney-purepower-pw1200g-engine-takes-to-the-skies/

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles
IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*