Сэрүүлэгнээсээ өмнө

sd

Сэрж сурах, эхний ДОЛООН алхам

“Laura Vanderkam’s What the Most Successful People Do Before Breakfast” – “Хамгийн  амжилттай хүмүүс өглөөний цайнаасаа өмнө юуг хийж амжуулдаг вэ” номноос сурч болох хамгийн чухал долоон санаа.

Өнөөдөр залуус олон арван шалтгаанууд тоочиж шөнө унтдаггүй, өглөө сэрдэггүй буруу зуршилтай болж байна. Үүнийг буруу гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг ч бодит байдал дээр энэ зуршлаасаа салахыг хүсэхгүй байгаа нь өөрөө бидний алдаа юм биш биз. Бид өглөө сэрэх нь хэрэгтэй гэж мэдсээр байж яагаад өглөө сэрж чадахгүй байгаа нь магадгүй доорхи долоон зүйлсийг амьдралдаа хэвшил болгож чадахгүй байгаагаас байж мэдэх юм.

  1. Өглөөний тухай сөрөг бодлоосоо сал

Юун түрүүнд өглөөг үзэн яддаг, өглөө эрт босохыг тамтай ажил гэж боддог сэтгэлгээнээсээ одоохон салах хэрэгтэй. “Би өглөөг үзэн ядаж байна” гэсэн пост “нүүр ном”-оос олж хараад “би ч бас” гэж бодон “лайк” товч дардаг бол энэ үйлдлээ яаралтай зогсоох хэрэгтэй. Та өглөө эрт босохын тулд эхлээд эерэг, сайхан бодолтой болох хэрэгтэй.

  1. Төсөөллөө бодит болго

Өглөө босоод юу хиймээр байна вэ? Халуун кофе ууж, дасгал хийж,  ном уншиж, гадуур алхаж байна гэж өөрийгөө төсөөлж байгаа бол яг тэр зүйлсээ өглөө сэрээд бодит болгох хэрэгтэй. Зургаар баталгаажуулж ч болно.

  1. Төлөвлөгөөгөө бусадтай хуваалц

Хэрэгжүүлж, бодит болгож, туршиж үзсэнийхээ дараа бусадтайгаа төлөвлөгөөгөө хуваалц. Энэ нь хийж эхлээгүй байж амлахаас илүү үр дүнтэй гэдгийг, бодитоор хэрэгжүүлж эхэлснийхээ дараа та анзаарах болно.

  1. Өчигдөрт биш маргаашдаа төвлөр

Та өчигдөр, түүнээс өмнө эрт босож чадаагүй бол тэр л биз. Одооноос өнгөрсний тухай биш маргааш өглөө эрт сэрнэ гэдэгтээ анхаарлаа төвлөрүүлээд, илүү тав тухтай сэрэхийн тулд сэрүүлгээ босох ёстой цагаасаа 15-30 минутын өмнө байхаар тааруулаарай. Өдөр өдрөөр босох ёстой цагаа улам эрт болгосоор байх хэрэгтэй. Өглөө сэрүүлэггүй сэрж чаддаг болтлоо цагаа 15-30 минутын өмнө түүнээс эрт байхаар тааруулах нь үр дүнтэй.

5.Заавал цочин байж сэрэх албагүй

Сэрүүлэгний дуунд дургүй хүмүүс олон байдаг. Тэгвэл сэрүүлгээр биш радиогоор, өдөр бүр өөр өөр хамтлаг дуучдын дуугаар сэрж болно. Аль нь илүү танд тохирохыг та өөрөө сонгоорой.

 

6.Бэлтгэлээ сайн ханга

Хичнээн төлөвлөж өглөө эрт босно гэж бодсон ч гэсэн сэрүүлгээ унтраачихаад буцаад унтчихдаг үе байдаг. Ийм үед унтчихсаныхаа дараа өөрийгөө алгадаад авмаар санагддаг уу? Гэхдээ таны буцаад унтчихдаг шалтгаан бол өглөө сэрээд юуг хамгийн түрүүнд хийх ёстойгоо тодорхой төлөвлөөгүй учраас юм.

Өглөө сэрээд кофе ч юмуу халуун цай ууна гэж бодож байгаа бол шууд сэрсэн даруйдаа гал тогооны хэсэг рүүгээ яв. Хэрвээ танай гэр өглөө хүйтэн байдаг бол сэрээд шууд өмсөөд явах гэрийн халатаа бэлдэж орныхоо хажууд тавих зэргээр өглөө эрт босох бэлтгэлээ өөрийнхөөрөө хангаарай.

  1. Үр бүтээлгүй бол өглөө сэрэх гэсний хэрэг юу вэ?

Өглөө сэрээд та юу хийж бүтээж амжив? гэдэг хамгийн чухал. Өглөө та дутуу ажлаа хийхээр, төлөвлөгөөгөө давуулан биелүүлэхээр, шинэ зүйл бусдаас түрүүлж мэдэж авахаар, өдөр амжуулж чаддаггүй зүйлсээ амжуулахаар сэрж байгаа гэдгээ ухамсарлаж, түүнийгээ хэрэгжүүлэх нь таны өглөө бүр эрт босох шалтгаан болох ёстой юм шүү. Өглөө эрт сэрдэг болох нь таны амьдралын хэв маягийг зөв тийш нь залуурдаж байгаа гэдэгт та өөрөө эхлээд итгэх хэрэгтэй.

Эцэст нь “Өөрийгөө ялан дийлэх нь өглөө эрт сэрж сурахаас эхэлнэ”.

Г.Чимэдлхам
Обирин Их Сургуулийн  төгсөгч

2014.11.25

Ашигласан материал: http://www.lifehack.org/articles/productivity/10-simple-strategies-wake-early.html

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles

IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*