Бид спортоос юуг хождог вэ?

Эрүүл биед саруул ухаан оршино.

 Энэ үгийг яагаад ч юм хүн болгон л мэддэг. Энгийн гэж хэлж болох энэ үг зүгээр ч нэг хүн болгоны чихэнд хадаагүй нь ойлгомжтой. Ямар нэг илүү гүн гүнзгий утга байгаа ч юм шиг. Спортоор хичээллэж бие бялдараа эрүүл чийрэг хөгжүүлэхийн зэрэгцээ, оюун ухаанаа хурцлан саруул ухааныг олж авах гэх утгыг давхар агуулж байж болох юм.

Ялангуяа ёс суртахуун, зөв хүмүүжлийг спортоос олж авдаг мэт санагдана. Саяхан л интернэтээр “Ёс суртахуун” гэх сэдэвтэй нэвтрүүлэг олон хүний анхаарлыг татаад авсан билээ. Тэрхүү нэвтрүүлэгт ёс суртахуун гэж юу вэ, өөрт хэрхэн бий болгох зэргийн талаар ярьж байсан билээ. Ёс суртахуун гэх үнэт зүйлийг хүмүүс бид спортоос олж авах боломж өндөр байдаг юм биш биз. Спортоор хичээллэдэг хэн бүхэн үүнтэй санал нийлэх болов уу.

download

Минй хувьд сайн мэддэгээрээ хөлбөмбөгөөр жишээ авъя гэж бодлоо. Хөлбөмбөгт ”Fair play” буюу “шударга тоглолт” гэсэн нэр томъёо бий. Жишээлбэл өрсөлдөгч багийн тань тоглогч гэмтсэн тохиолдолд та хичнээн ашигтай байрлалд байсан ч гэсэн бөмбөгөө гарган тухайн тоглогчид тусламж үзүүлэх боломжийг гаргаж өгөх үйлдэл юм. Мэдээж өөрийн багт ашигтай байхад бөмбөгөө талбайгаас гарган “шудрага тоглолт” үзүүлэх үгүй нь 100% тухайн тоглогчоос хамаардаг.

Энэ нь наад захын жишээ бөгөөд үүнээс ярвигтай байдал үүсэх тохиолдол нилээдгүй олон. Тийм учраас шууд л бөмбөгөө гаргаад тусламж үзүүлнэ гэдэг бол тийм ч амар биш. Хэрвээ баг чинь хожигдож яваад танд 100% бөмбөг оруулах боломж байсан бол та яах вэ? Тэр тоглолт тань бүр аваргын төлөөх тоглолт байсан бол гээд бодоод үзвэл шийдвэр гаргахад улам л хэцүүхэн байх болов уу.

Илүү ойлгомжтой болгохын тулд хэд хэдэн бичлэгийг та бүхэнд үзүүлье.

“Шударга тоглолт”-ын дүрмийн дагуу бол багийн тань тоглогч эмчийн тусламж авсны дараа бөмбөгтэй байсан багт бөмбөгөө буцааж өгдөг. Энэхүү бичлэгт дүрмийн дагуу буцааж өгөх гэж байсан боловч санамсаргүй байдлаар гоол оруулчихаж байгаа юм. Энэхүү үйлдлээ тухайн баг буруу гэдгээ хүлээж зөвшөөрч эсрэг багтаа гоол хийх боломж өгч байгаа нь ёс суртахуунтай байгаагийн илрэл билээ. Эсрэгээрээ иймэрхүү байдлаар гоол хийчихээд тэр чигтээ тоглолтыг үргэлжлүүлсэн тохиолдлууд ч олон бий.

Дараагийн видео маань бид бүхний сайн мэдэх Германы шигшээ багийн бүх цагийн үеийн болон дэлхийн аваргын мэргэн бууч Мирослав Клозегийн гаргасан тоглолт юм.

“Сериа А” лигийн тоглолтын үеээр түүний гараараа хүрж оруулсан бөмбөгийг шүүгч гоол гэж тооцсон ч гэсэн энэхүү гоолоо гар буюу алдаа хийж оруулсан гэдгээ өөрийн биеэр хүлээн зөвшөөрсөн юм. Ингэснээр шүүгч шийдвэрээ буцаан түүний багийн оруулсан гоолыг хүчингүйд тооцсон билээ. Өөрийн хийсэн гоолоо сайн дураараа үгүйсгэнэ гэдэг тийм ч амар зүйл биш нь мэдээж. Энэхүү тоглолтонд түүний баг 1 гоолын зөрүүгээр хожигдсон нь түүнд хүндхэн байсан болов уу.

Харин дараагийн бичлэг бол мөн л бидний сайн мэдэх Аргентины хөлбөмбөгч Марадоногийн бичлэг юм. Түүний алтан гарт хочтой болсон түүх нь энэхүү бичлэгтэй холбоотой билээ.

Таны харсанчлан яг л Клозетэй адил гараараа гоол хийсэн байгаа биз. Гэвч тэрээр энэхүү үйлдлээ хүлээн зөвшөөрөөгүй учир шүүгч шийдвэрээ өөрчлөөгүй. Мэдээж шүүгч ч гэсэн хүн учраас хол байгаа зүйлийг нарийн харна гэдэг тийм амар биш. Ийнхүү түүний баг ялалт байгуулснаар дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараагийн шатанд оролцох боломжтой болсон билээ.

Дээрхи хоёр жишээ маань тэмцээний түвшингийн хувьд нилээдгүй ялгаатай ч гэсэн домог болсон тоглогчид маань үнэнээ хүлээх хоншоор байгаагүй гэж үү. Тиймээ, Марадоно сүүлд энэхүү үйлдлийнхээ хариуд олон нийтийн өмнө уучлалт гуйсан билээ.

Ямар ч үед үнэнч шударгаар шийдвэр гаргадаг байх нь “ёс суртахуун” гэдэг зүйл юм болов уу гэж би хувьдаа бодно. Зөвхөн хөлбөмбөг гэлтгүй бүх л спортын төрөл таны хүмүүжилд эерэгээр нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна. Тийм учраас бид өөрсдөө болон үр хүүхдүүдээ цааш цаашид нь спортоор хичээллүүлж олон зүйл зааж сургах нь зүйтэй. Эрүүл бие, саруул ухаан, ёс суртахуун, багийн ажиллагаа, анд нөхөд гээд спортоос олж авч болох үнэт зүйлс маш олон билээ.

Ийнхүү нийтлэлийнхээ төгсгөлд та бүхэнд спортын гайхамшгийг харуулсан нэгэн бичлэгийг хүргэж байна. Бага зэрэг урт ч гэсэн танд урам өгнө гэдэгт итгэлтэй байна.

   Мейрамбек
Шиншү ИС, Инжинерийн факультет 2-р курс

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles

IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*