Их гүрнүүдийн хүчний тэнцвэр – Батлан хамгаалах салбар ба ирээдүйн дайн

“So long as there are men there will be wars.” – Albert Einstein

Цөмийн цэнэгт хошуу эзэмшиж буй улс орнууд

   Xүн төрөлхтөн түүхэндээ аймшигт 2 том дайны нүүр үзээд байгаа билээ. 1914-1918 оны Дэлхийн Нэгдүгээр дайнд нийтдээ 9 сая хүн үрэгдэж, 21 сая хүн шарxдаж, 7 сая хүн ор сураггүй алга болсон гэх аймшигт тоо баримт үлджээ. Цаашлаад Дэлхийн Хоёрдугаар дайн (1939-1945) 61 улс,  дэлхийн хүн амын 80 хувийг хамраад барахгүйгээр дайнд амь үрэгсдийн тоо өмнөх дайныхаас 7 дахин их буюу 60 саяыг давсан. Тэдгээр амь үрэгсдийн талаас дээш хувь буюу 37 сая нь энгийн иргэд байв. Түүнчлэн Дэлхийн Хоёрдугаар дайны төгсгөлд түүхэнд хамгийн анх цөмийн бөмбөг ашиглагдсан. Үр дүн нь ямар байсан, юунд хүргэсэн гэдгийг мэдэхгүй хүн үгүй биз.

   Xарин нийтлэлийн эхэнд буй дэлхийн газрын зураг бол өнөөгийн байдлаар хэзээд харвагдахад бэлэн цөмийн цэнэгт хошууг эзэмшигч улс орон болон эзэмшилд нь байгаа цэнэгт хошууны нийт тоог харуулж буй зураг юм. 1945-1989 он хүртэл 44 жил үргэлжилсэн Хүйтэн дайн дууссаны дараагаар АНУ болон ОХУ хоёрын дундах “Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээ”(Strategic Arms Reduction Treaty) -ний үр дүнд хоёр тал өөрсдийн цэнэгт хошууныхаа тал хувийг нь устгасан. 1986 онд дэлхий дээр 70.000 байсан цөмийн цэнэгт хошуу өнөөгийн байдлаар 16.000 болтлоо буураад байгаа ч дэлхийг бүхэлд нь хэдэн арван удаа үнсэн товрого болгож чадахуйц хэмжээнийх одоо хүртэл байсаар л байна. Үүнээс 8000 нь манай хойд хөрш ОХУ-д, 7300 нь АНУ-д, 300 нь Францад, Хятадад 250 нь байна.

    Энэ тооноос харахад үнэхээр Дэлхийн Гуравдугаар дайн нь цөмийн дайн болно гэж үү?

   Дайны гол хүч болсон зэвсэгт хүчний тоог улс орноор нь авч үзье. Нэгт, мэдээж хэрэг манай урд хөрш Хятад 2 сая 300 мянган цэргээр тэргүүлж байгаа бол хоёрт, АНУ 1 сая 500 мянган цэрэгтэй, Гуравт, Энэтхэг 1 сая 300 мянган цэрэгтэйгээр орж байна. Онолоор бол дайн эхлүүлэх буюу эзлэн түрэмгийлэхээр зэхэж буй улс, бай улсаасаа 3 дахин их цэргээр довтолж байж ялалтанд хүрнэ гэж үздэг.

    Мөн батлан хамгаалах салбартаа зарцуулах нэг жилийн төсвөөр нь эхний 10 орны байдлыг авч үзье. (2013 оны байдлаар)

Батлан хамгаалах салбарын төсөв (улс орнуудаар)

    Нэгт орж буй АНУ-н нэг жилийн төсөв нь 640 тэрбум ам доллар буюу жил ирэх тусам цэргийн хүчээ зузаатгаж байгаа Хятад, Орос гээд бусад улсад гүйцэгдэхээргүйгээр хол давжээ. Энэ ч утгаараа сүүлийн үеийн цэрэг дайны өндөр дэвшилтэт техникууд АНУ-д зохиогдож байна.

                                                   “When the rich wage war, it’s the poor who die.” – Jean-Paul Sartre

    Ингээд төсөв, цэргийн тоо, ур чадвар, нөөц боломж, техник хэрэгсэл зэрэг үзүүлэлтүүдийг дундажаар нь жагсааж үзвэл, Дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн АНУ түүний дараа манай хойд, урд хөршүүд орж байна.

Зэвсэгт хүчин (улс орнуудаар)

Сүүлд нь энэ бүх тоо баримтыг хараад та ямар дүгнэлтэнд хүрсэн бэ?

   Бидний дунд дэлхийг хамарсан дайны гал лалын ертөнцөөс эхэлнэ гэх хандлага түгээмэл байдаг. Гэвч дээрх цэрэг, батлан хамгаалах тал дээрээ хамгийн хүчтэй 10 гүрний 4 нь Азид байхын сацуу жагсаалтанд ороогүй ч багагүй үймээн дэгдээж чадах Хойд Солонгос энүүхэнд нь байна. Цагтаа колончилж, колончилогдож явсан Япон, Солонгос, Хятад гурвын дунд түүхийн болон газар нутгийн маргаантай асуудлууд улам хурцадсаар. Энэтхэг, Хятад хоёрын дунд ч хилийн маргаан үргэлжилсээр. Xоорондын харилцан итгэлцэл нь сулран, нэг нэгэнтэйгээ уралдах мэт цэрэг, батлан хамгаалахын салбараа улс орнууд улам өргөтгөсөөр. Дэлхийн Гуравдугаар дайн үүсэхдээ хүрвэл Ази тивээс эхлэх юм гэж үү?

   Төгсгөлд нь хэлэхэд, шинэ эриний дэвшилтэт технологи, техникүүд эхлээд цэргийн салбарт хэрэгжиж байна. (Бидний өдөр тутмын салшгүй хэрэглээ интернэт гэхэд л анх цэргийн зориулалттай бүтээгдсэн) Бие биенээсээ дутахгүй гэж жил ирэх тусам нэмэгдэх их гүрнүүдийн батлан хамгаалах салбарын төсөв, зардал, цэрэг дайны шинэ зэвсгийн үйлдвэржилтийн өргөжилт гээд… Энэ бүхнээс харахад үнэхээр улс орнууд дэлхийн хэмжээний дайн хийхэд бэлдээд байна уу гэх айдас түгшүүр төрөх мэт санагдана. Нөгөө талаас нь авч үзэхэд, аль аль нь хүчтэй байж хүчний тэнцвэржилтийг хангаснаар хэн нэг нь түрүүлж дайрахаас сэргийлж байна гэж хэлж болохоор. Нэгэнт хохирол багатайгаар ялалт байгуулж чадахаар илт давуу биш л бол дайн эхлүүлнэ гэдэг тэр орны хувьд эрсдэлтэй.  Түүнчлэн өнөө үеийн “дэлхийн цагдаа” гэгддэг Америк бусад орноос цэргийн хүчээр илт давуу байгаа нь аль нэг орон бүс нутгаасаа давсан дэлхийн хэмжээний дайны эхлэлийг тавихын эсрэг том СҮРДҮҮЛЭГ ХҮЧ болж өгч байгаа гэхэд хилсдэхгүй болов уу.

                                  “You know the real meaning of peace only if you have been through the war.” – Kosovar

                                                                                                                                       Э.Xонгорзул
2014.12.08

Ашигласан материал:

  1. Япон Асахи телевиз “Икегами Акира: Дэлхийн голлох орнуудын батлан хамгаалах, цэрэг армийн чадамж, орчин үеийн дайны зэвсгийн талаарх тайлбар ТВ хичээл “ нэвтрүүлэг 2014.11.24
  2. Асан улс төр, бодлогын институт: “Цөмийн зэвсэгт орнууд газрын зураг”
    https://www.behance.net/gallery/21304269/Map-World-nuclear-forces-2014
  3. Стокгольмын олон улсын энх тайвны судалгааны институт: “Цөмийн зэвсгийн өнөөгийн байдал”
    http://www.sipri.org/research/armaments/nuclear-forces
  4. Олон улсын байлдах чадварын харьцуулалт: “Улс орнуудын армийн бие бүрэлдэхүүн “
    http://www.globalfirepower.com/active-military-manpower.asp
  5. Статистик портал: “АНУ- цэргийн зардалд Орос, Хятад хоёр улсын нийлбэр нь ч хүрч очихгүй”
    http://www.statista.com/chart/2162/military-expenditure-in-2013/
  6. Business Insider вэб сайт: “Дэлхийн хамгийн хүчирхэг армитай 35 улс”
    http://www.businessinsider.com/35-most-powerful-militaries-in-the-world-2014-7

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*