Урсгал сөрсөн 20 жил

1980-д оны сүүлч 1990-д оны эхээр Японд хувьцаа болон үл хөдлөх хөрөнгө зэрэг капиталын үнэ тасралтгүйгээр өсч, үүний нөлөөгөөр газар болон хувьцааны бизнэс рүү чиглэсэн хөрөнгө оруулалт асар хурдацтай нэмэгджээ. Эдийн засаг маш хурдацтай тэлж байсан ба энэ тэлэлт нь бодит байдал дээрх өсөлт бус хувьцаа болон газрын үнийн хөөрөгдлөөс үүдсэн тэлэлт байсан учраас дотор тал нь хоосон хөөс мэт эдийн засгийг бий болгосон юм. Үүнийг бид “Хөөсөн эдийн засаг” гэж нэрлэдэг бөгөөд хэт хөөрөгдөлттэй байсан газар болон хувьцааны үнэ огцом буурч хөөс хагарахад эдийн засаг асар том хохирлыг амсдаг. Газар болон хувьцааны бизнест асар их хэмжээний хөрөнгө оруулсан компани, хувь хүн ээлж дараалан дампууралд хүрэх болжээ. Японы эдийн засаг зогсонги байдалд орж дефляци (бараа бүтээгдэхүүний үнэ буурах үзэгдэл) үргэлжлэх болсон ба энэ үеэс хойшхи 20 жилийг Японд “Алдагдсан 20 жил” гэж нэрлэдэг. Дэлхийн 2-р дайны дараа хөл дээрээ босч, богино хугацаанд эдийн засгийн их гүрэн болж япон компаниуд маш олон салбарт тэргүүлж Японыг дэлхий даяар шагшин магтаж  байсан. Япон хэв маягийн менежментийг хамгийн шилдэгт тооцож байв. Гэсэн хэдий ч энэхүү 20 жилийн хугацаанд эдийн засгийн зогсонги байдал, дефляциас болж японы компаниуд нэлээдгүй хүнд үеийг туулж байгаа бөгөөд япон маягийн менежмент нэгэнт үеэ өнгөрөөсөн гэж үзэх нь ч цөөнгүй болсон.

№

 

  Энэхүү 20 жилийн хугацаанд цаг үеийн урсгалыг сөрөн өсч дэвшин ашгаа нэмэгдүүлсээр ирсэн цөөхөн хэдэн компаниуд бий. Түүний дотор ариун цэврийн цааснаас дээд зэрэглэлийн брендийн бүтээгдэхүүнийг нэг дороос худалдаж авах боломжтой жижиглэнгийн худалдаагаар амжилт олсон Дон-Кихот гэх группын талаар танилцуулъя.

-

  Дон-Кихот нь өдөр тутмын хэрэглээний бараанаас эхлэн хүүхдийн тоглоом, хувцас, электрон бараа, бидний мэдэх Louis Vuitton зэрэг дээд зэрэглэлийн брендийн бүтээгдэхүүнийг хүртэл худалдаалдаг их дэлгүүр юм. Дэлгүүрийн уур амьсгал, зарагдаж байгаа бараа, бараагаа өрсөн хэв маяг зэрэг нь ердийн “зах” мэт сэтгэгдэл төрүүлдэг боловч тэр нь эсрэгээрээ үйлчлүүлэгчдийг татах нэг хүчин зүйл болдог.

₮

SONY DSC

 1989 онд анхны салбар нь нээгдэж байсан ба одоо нийт 291 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн зөвхөн Японд бус АНУ-д ч үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Байгуулагдсан цагаасаа хойш борлуулалтын орлого нь тасралтгүй өссөөр ирсэн. Өмнө дурьдсанчлан энэ хугацаанд японы эдийн засаг төдийлэн сайнгүй байсан ч үр ашгаа нэмэгдүүлж үйл ажиллагаа өргөтгөсөөр байгаа UniQlo, Tsutaya зэрэг цөөхөн хэдэн компаниудтай мөр зэрэгцэн Дон-Кихот ч гэсэн өсөн дэвжсээр байгаа юм.
2013 онд Японд ирсэн жуулчдын тоо 10 саяыг давсан ба түүний 50% нь  Дон-Кихот орж худалдаа хийсэн байна. Дон-Кихот-н сонирхолтой засаг чимэглэл, дэлгүүрийн уур амьсгал нь зөвхөн япончуудад бус гадаадын жуулчдад ч гэсэн ихээхэн таалагдаж байгаагийн илрэл юм.

й

ө

Нэгж: 100 сая иен

 Дон-Кихотын эхлэлийг анх Ясуда Такао гэх хүн тавьж байсан юм. Тэрээр японы Кэио их сургуулийн хуулийн факультетийг төгссөн бөгөөд сургууль төгссөнийхөө дараа үл хөдлөх хөрөнгийн компанид орж ажилласан боловч компани нь дампуурснаар ажилгүйчүүдийн эгнээнд нэгджээ. Ажлаа алдсан тэрээр хувиараа бизнес эрхлэхээр шийдэн 1978 онд өдөр тутмын хэрэглэл зэрэг жижиг сажиг зүйл худалддаг жижигхэн дэлгүүр нээн ажиллуулжээ. Дэлгүүрийн нэр нь “Хулгайчийн зах”. Хулгайлж ирсэн зүйлсээ худалдаж байсан бус хүмүүсийн анхаарлыг татахын тулд ийнхүү нэрлэжээ. Дэлгүүрээ нээсэн эхний хэсэг хугацаанд бараа нь олигтой зарагдаж өгөхгүй, өдөр ирэх тусам л өр зээл нэмэгдэж байв. Яахаа мэдэхээ байсан Ясуда өдөр бүр л дэлгүүр дээрээ орой болтол сууж бараануудаа янз янзаар өрж үзэн борлуулалтаа өсгөх ямар нэг арга олохыг хичээж байлаа. Ингэж арга ядан байхдаа тэрээр нэгэн зүйлийг ажиглаж чаджээ. Түүнийг ажил дээрээ оройтоод байж байхад онгорхой байгаа эсэхийг асууж ирэх хүн их олон байв. Мөн энэ үед шөнө оройн цагаар үйл ажиллагаа явуулдаг дэлгүүр их цөөхөн байсан байна.  Өдрийн хугацаанд ирэх үйлчлүүлэгчдээс оройн үйлчлүүлэгчдийг татаж чадах юм бол илүү амжилтад хүрэх юм байна гэж тэрээр тооцоолжээ. Ингээд оройн цагаар дэлгүүрээ ажиллуулах болсон бөгөөд энэ нь ч ихээхэн амжилттай болж орлого нэмэгдэж эхлэв.

obj_donki01

 Үүнээс гадна тэр бас нэгэн зүйлийг олж харсан байсан ба энэ нь барааг ямар аргаар өрвөл хамгийн тохиромжтой вэ гэсэн зүйл байсан. Түүний хариулт нь барааг “эмх замбараагүй тавих” байсан юм. Тогтсон байршил дээр бус “энд тэнд” байснаар үйлчлүүлэгч дэлгүүрт орж ирээд өөрөө бараагаа хайх явцдаа авъя гэж бодож байсан зүйлээсээ өөр зүйлийг ч нэмээд авах нь олон байгааг тэрээр ажиглаж чаджээ. Энэ нь хожим Дон-Кихот-н нэгэн хүчтэй зэвсэг болсон юм.  “Хулгайчийн зах” амжилттай ажиллах болж тэрбээр 1980 онд “JUST” компанийг байгуулав.  Хэд , хэдэн ажилчинтай болж үйл ажиллагаагаа бага багаар өргөтгөж байсан ба 1982 онд “LEADER” компанийг байгуулж, 1983 онд Дон-Кихотын анхны салбарыг байгуулжээ.  Одоогоор Дон-Кихот нь групп болтлоо өргөжиж олон салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд группын нийт хөрөнгө нь 21 тэрбум 366 сая иен , 5282 ажилчинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

 Дон-Кихот нь нийгмийн ажилд  ихээхэн хувь нэмэр оруулж байгаа бөгөөд түүний дотор боловсролын салбарт мөн хөрөнгө оруулалт хийдэг. Дон-Кихот байгуулагдсаны 25 жилийн ой болгон 2004 онд Ясуда Такаогийн нэрээр Ясуда тэтгэлгийн байгууллага гэж байгуулагдсан бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс японы их дээд сургуулиудад суралцахаар ирсэн гадаад оюутнуудад тэтгэлэг олгодог юм. Энэхүү Ясуда тэтгэлгийн байгууллага нь Шинэ Монгол ахлах сургуулийн томоохон ивээн тэтгэчдийн нэг бөгөөд Шинэ Монголоос жил бүр 2 хүүхэд тогтмол энэхүү тэтгэлэгт хамрагдаж байна.  Мөн зөвхөн Шинэ Монгол ч бус өөр шугамаар японд суралцаж буй монгол залуус маань энэ тэтгэлэгийг хүртэж байна. Өдийг хүртэл энэхүү тэтгэлгээр 22 монгол хүүхэд японд суралцаад байна.

Баасандорж
Иватэ их сургууль
2014/12/09

 

 

Ашигласан материал:

  1. Дон-Кихот группын цахим хуудас : http://www.donki.com/group/
  2. Google public data Japan GDP: http://www.google.co.jp/publicdata/directory?hl=ja&dl=ja
  3. Ясуда тэтгэлэгийн байгууллагын цахим хуудас http://yasuda-zaidan.or.jp/

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles

Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*