Гоц хүн болгон амжилтанд хүрдэг үү?

Та төрөхдөө л гоц ухаантай төрж, аливаа зүйлсийг бусдаас илүү хурдан сурч, илүү оновчтой шинэ санаануудыг олон, хими, физикийн гүнзгий онолуудыг дунд сургуульдаа судалж эхэлснээр ирээдүйд амжилтанд хүрч чадах уу? Энд гоц хүн гэдэг нь төрөлхийн заяасан авъяас чадвар, эсвэл удамшлаас өвлөгдөж ирсэн яг л компьютер шиг хурдан тооцоолол хийж чаддаг хүмүүсийг багтаах юм. Өөрөөр хэлбэл энэхүү нийтлэлдээ дэвшүүлж буй асуудал нь “Таныг төрөхөд амжилтанд хүрэх эсэх тань шийдэгдсэн байдаг эсэх” юм.

Дэлхийн хамгийн өндөр АйКюү(IQ=Intelligence quotient)-тайд тооцогдох Америкийн иргэн Крис Ланган болон Дэлхийн 2-р дайны үед цөмийн бөмбөг бүтээн байгуулах багийг удирдаж байсан Роберт Оппенхеймерийн тухай түүхийг дурьдая.

imageimage

/Роберт Оппенхеймер/                                                              /Крис Ланган/

Крис Ланган нь 4 хүүхэдтэй ядуу айлын хамгийн том нь байв. Энгийн хүний АйКюү 100, Эйнштейнийнх 150 байсан гэдэг бол Крисийнх 195 байв. Крисийн хувьд тэрээр 6 сартайдаа хэлд орж, 5 настайдаа өвөөгөөсөө бурхны тухай асуун дунд сургуульд байхдаа математикийн тухай эрдэмтдийн хийсэн том судалгаануудыг сонирхдог байжээ. Тэрээр улирлын турш хичээлдээ суудаггүй байсан бөгөөд ганцхан шалгалтын үеэр л хичээлдээ ирдэг байж. Түүний дүүгийн дурьдсанаар тэрээр бүх л улиралд үзсэн хичээлээ 2 хоногийн дотор нөхдөг байсан ба ангидаа хамгийн дээд оноог торох юмгүй авдаг байсан хэмээн дурссан байдаг. Гэвч түүний хийж байсан ажлын түүхээс үзвэл тийм ч гоц хүн мэт санагдахгүй болов уу. Тэрээр төлбөрөө төлж чадахгүйгээс үүдэн коллежээсээ гаран, барилгын ажил, загасчины завь, үйлдвэр, төрийн албанд дандаа хар хүчний ажлууд амьдралын эрхээр хийсээр иржээ. Тэрээр сүүлд баарны хамгаалагч хийдэг байсан бөгөөд ажил хийхийнхээ зэрэгцээгээр математик болон физикийн онолын судалгаагаа идэвхтэй хийдэг нэгэн байв. Гэвч коллежид хагас жилээс илүү сураагүй. Түүнийг ухаантай гэдгийг батлах юу ч үгүй байсан тэрээр нэг ч судалгаагаа сонин сэтгүүлд нийтлүүлж байгаагүй юм. Одоо тэрээр Миссури-д морины фермдээ эхнэртэйгээ амьдардаг юм. Тэрээр нэгэн удаа “Хэдийгээр нийтлэгчид надаас татгалзаж байсан хэдий ч үнэндээ би тийм ч сайн тэдний хойноос хөөцөлдөөгүй юм” гэж хэлж байжээ. Тэрээр өнөөдөр нам гүмхэн амьдарч байгаагийн шалтгаан магадгүй энэ биз ээ. Тэрээр бүрэг, дотогшоогоо талдаа бөгөөд өөрийнхөө бүтээлийг олонд хүргэх тийм ч сонирхолгүй хүн юм. Өөрөө хийж буй зүйлдээ сэтгэл хангалуун ба түүнийгээ үргэлжлүүлэн хийх дуртай юм. Үүнийг түүний дутагдал гэж хэлж болохгүй. Гэхдээ түүний түүхээс харж болох зүйл бол та бидний хувьд улиг болсон толгой сайтай хүн л амжилтанд хүрч тушаал ахидаг гэх ойлголтыг үгүйсгэж байгаа юм.

Дээр дурьдагдсан АйКү гэгч нь илүү онол талдаа таны төрөлхийн оюуны чадварыг шалгах шалгуур билээ. Үүнийг өөрөөр “Аналитик ухаан” (Аналитик гэдэг нь англиар дүн шинжилгээний гэсэн утга бүхий үг юм). Гэхдээ хүн гэдэг төрөөд олон зүйлтэй уулзаж учран, олон янзын хүмүүсээр хүрээлэгддэг билээ. Энэхүү хүн төрөөд туршиж, туршлагажиж олж авсан чадварыг тодорхойлон хэмжих нэгж байхгүй ч үүнийг ерөнхийд нь “Практик оюун ухаан”, манайхны ярьдагаар бол “Амьдралын ухаан” юм. Эх сурвалж болгож буй “Амжилтийн түүх” номонд үүнийг “хэнд, хэзээ, юуг хэлэхээ мэдэх ухаан” хэмээн бичжээ. Яг энэ ухаан хосолсон хүн бол дэлхийн 2-р дайны үеэр атомын бөмбөгийг бүтээх төслийг удирдаж байсан эрдэмтэн Роберт Оппенхеймер юм. Тэрээр багаасаа гоц нэгэн байсан бөгөөд чинээлэг хувцас загвар зохион бүтээгчийн гэрт мэндэлсэн нэгэн юм. Тэрээр мөн л Кристэй адил аливаа шинжлэх ухаан, утга зохиолыг торох юмгүй ойлгодог байсан бөгөөд гуравдугаар ангидаа лабораторийн туршилт хийн 5-р ангиасаа хими, физикийг идэвхтэй судалж эхэлжээ. Тэрээр Харвардын их сургуулийг дүүргэсэн бөгөөд үүнийхээ дараагаар физикийн чиглэлээр Кэмбриджийн их сургуулийн докторын зэргийг хамгаалсан юм.

Тэрээр 38-хан насандаа дээр дурьдсан атомын бөмбөгийг байгуулах “Манхаттэн” төслийг удирдах ажилд сонгогдсон юм. Тэрээр тухайн албан тушаалд тохирох хүнийг хайж байсан генералыг анхны уулзалтаараа ярих чадвар, оюун ухаанаараа гайхшруулж чадсан юм. Крисээс өөр зүйл нь түүнд практик оюун ухаан болон аналитик оюун ухаан хоёулаа хамтдаа хөгжсөн байсан юм. Багаасаа эцэг эхийн саналаар завсар зайгүй өөрийгөө хөгжүүлэх процессон дунд хүүхэд насаа өнгөрүүлсэн гэдэг. Мөн хотдоо нилээн томдоо тооцогдох ёс зүйн сургуульд ч суралцаж байжээ. Үүгээрээ тэрээр Крисээс ялгагдаж байгаа юм. Роберт нь төрөлхийн ухаантай төрсөн төдийгүй түүнд амьдралаас их зүйлийг олж авах боломж олдсон. Харин Крисийн хувьд мөн адил төрөлхийн оюун ухааны чадамж өндөртэй байсан боловч түүний завгүй, хатуу хүйтэн амьдрал нь түүний боломжийг харах нүдийг нь хааж орхижээ. Магадгүй тэрээр харсан байсан боловч боломжийг гартаа оруулах гал эрмэлзэл байгаагүй ч байж мэдэх юм.

Үүнээс хийж болох дүгнэлт бол мэдээж хэрэг төрөлхийн авъяас оюун ухаан гэдэг бол таны ирээдүйд маш том тус болох зүйлс юм. Гэхдээ ганцхан та оюуны чадамж өндөртэй байгаад амжилтанд хүрэхгүй гэдгийг Крисийн түүхээс харж болно. Үүнийгээ та амьдралын турш таньд тохиолдох адал явдал, алдаа, оноонууд болон бэрхшээлүүдээс олж авсан туршлагатайгаа хослуулж байж жинхэнэ амжилтанд хүрэх болов уу. “Авъяас 1%, Хөдөлмөр 99%”. Энэ үгнээс бид таны ирээдүйг хөтлөх хүн нь ТА ӨӨРӨӨ юм гэдгийг ойлгож болно. Мөн өөрт буй авъяас чадварыг танин мэдээд, түүнийгээ тохирсон боломжид тохижуулан бэлдэхээ хэзээ ч мартаж болохгүй. Учир нь аль нэг нь байхгүйгээр энэ зүйл нь хэзээ ч 100% болохгүй билээ. Өөрийгөө олон зүйлд соригтун! Амьдрал гэдэг баян. Дэлхий маш том бас тэр аяараа сонин хачин таныг хүлээж байна. Та бэлэн үү?

М.Эрдэнэ-Очир
Шиншюү их сургуулийн
Эдийн засгийн факультет, 2-р курс
2014.12.08

Ашигласан материал:

  1. “Outliers:Success story” by Malcolm Gladwell

Мальколм Гладвэллийн “Амжилтын түүхүүд” 2008 он

Хуваалцах
Мооёо
About Мооёо 21 Articles

Эдийн засгаар сурч буй том мѳрѳѳдѳлтэй энгийн нэгэн оюутан.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*