Уураг бүхнийг чадна

 Уураг бол 20 төрлийн амин хүчлийн хэлхээ бөгөөд амьд биед бүтэц, үйл ажиллагааны үүрэгтэйгээр оршино. Өмнөх нийтлэлдээ уургийн хүнсэн дэх шим тэжээлийн үүргийн талаар дурдаж байсан билээ. Тэгвэл энэ удаагийн нийтлэлдээ амьд биед юу хийдэг, ямар үүрэгтэйгээр оршдог талаар бэлтгэлээ. Юуны өмнө уургийг үүргээр нь 7 ангилж болно. Ангилал тус бүрийг доор дурдъя.

  1. Уураг бол энзим

Энзим гэдэг нь химийн урвалын катализатор буюу хурдасгагч юм. Хүний биед явагдах бараг бүх урвал энзимийн тусламжтайгаар явагдана. Үүнд гурван жишээ дурдъя.

  • Амилазэ (Amylase): Энэ нь та бидний шүлсэнд агуулагдах бөгөөд хоол боловсруулах үүрэгтэй. Будаа, гурил болон бусад хүнсэнд агуулагдах цардуул зэргийн нүүрс усыг задлах үүрэгтэй таслагч машин юм. (Зураг 1)
  • 12-01

Зураг 1. Цардуулыг таслах амилазэ

  • АТФ синтазэ (ATP synthase): АТФ гэдэг нь өндөр энергит бодис бөгөөд эсэд явагдах аливаа урвалыг явуулахад АТФ-ийн энерги ашиглагдана. Өөрөөр хэлбэл гал түлж, цай чанах процессын түлш болох нүүрс нь эсийн хувьд АТФ юм. Синтазэ гэдэг нь нийлэгжүүлэх гэсэн утгатай тул АТФ нийлэгжүүлэх энзим гэсэн үг юм. Энэ митохондриа (эс доторх эрхтэнцэр)-н дотоод бүрхүүлд оршино. АТФ синтазэ нь протон (нэмэх цэнэгтэй бөөм)-ы гаднаасаа дотогш урсах, гүйдлийн энергиэр 3 эргэж, нэг АТФ нийлэгжүүлнэ. (Видео 1)

Видео 1. АТФ синтазэ

  • ДНХ полимеразэ (DNA polymerase): ДНХ эсийн бөөмөнд хадгалагдах амьд биеийн генийн мэдээлэл бөгөөд 4 төрлийн нуклейн хүчлийг хэлхсэн маш том молекул юм. Эс нь амьдралынхаа турш 4 шатыг дамжан орших бөгөөд үүнийг эсийн мөчлөг(cell cycle) гэнэ. Эсийн мөчлөг нь гэсэн G1(эс томрох), S(нийлэгжлийн), G2(эс томрох), M(хуваагдлын) гэсэн 4 шаттай. ДНХ полимеразэ нь эсийн мөчлөгийн зөвхөн S шатад л ажиллана. Энэ үедээ уг энзим нь ДНХ-г нэгээс хоёр болгож олшруулна. Ингэснээрээ S шатны дараа ирэх М шат буюу хуваагдлын шатандаа бэлдэж байгаа юм. Нэг ёсондоо ДНХ полимеразэ нь ДНХ-н хувилагч машин юм. (Видео 2)

Видео 2. ДНХ полимеразэ

  1. Уураг бол зөөвөрлөгч

 Уураг нь бусад бодистой холбоо үүсгэж нэг газраас нөгөө газар уруу уг бодисыг зөөвөрлөнө. Жишээ нь цусанд агуулагдах хемоглобин (hemoglobin) нь хүчилтөрөгчийг, албумин (albumin) нь өөх тосыг, трансфэрин (transferrin) нь төмрийг тус тус зөөвөрлөнө. Энэ дундаа хемоглобиныг тайлбарлая.

 Хемоглобин нь цусны улаан эсэд агуулагдах бөгөөд 2 ш α гинжин хэлхээ, 2 ш β гинжин хэлхээ буюу нийтдээ 4 гинжин хэлхээгээс бүрдэнэ. Хэлхээ тус бүр нь дотроо нэмэх 2 цэнэгтэй төмрийн ионыг агуулна. Энэхүү төмрийн ионыг агуулах хэсэгт хүчилтөрөгч холбогдоно. Хүчилтөрөгчтэй холбогдсон хемоглобиныг оксихемоглобин, холбогдоогүйг нь дезоксихемоглобин гэнэ. Оксихемоглобин нь улаан, дезоксихемоглобин нь улаан хүрэн өнгөтэй. Хемоглобин нь хүчилтөрөгчийн концентраци өндөртэй уушгины эсэд хүчилтөрөгчтэй нэгдэж, нүүрсхүчлийн хийн концентраци өндөртэй бусад биений эсэд нүүрсхүчлийн хийтэй нэгдэх журмаар хүчилтөрөгчийг зөөвөрлөнө. Гэхдээ хүчилтөрөгчөөс илүү нүүрстөрөгчийн дан исэл болох СО-тэй нэгдэх чадвар өндөр. Тиймээс СО-гоор амьсгалах юм бол хемоглобины хүчилтөрөгчийн зөөвөрлөлтийг саатуулдаг юм. (Зураг 2)

12-02

Зураг 2. Хемоглобины хүчилтөрөгчийн тээвэрлэлт

  1. Уураг нь бүтцийн үүрэгтэй

Уураг нь эс, эд, эрхтнийг холбож бэхжүүлэх, хэлбэрийг хадгалах бүтцийн үүргийг мөн адил гүйцэтгэнэ. Эсийн дотор бол тубулин (tubulin) нарийн хоолой үүсгэж, актин (aktin) эсийн бүрхүүлийн дотор бүрхэн эсийн хэлбэрийг хадгална. Эсийн гадна бол коллаген (collagen), эластин (elastin) нь яс, шөрмөс зэргийн бүтцэд орно. Мөн кератин (keratin) нь үсний гол бүтцийг үүсгэх уураг юм.

  1. Уураг бол эсийн мотор

Уураг нь эс болон эдийн хөдөлгөөнд оролцоно. Кинэсин (kinesin) нь эс доторх эрхтэнцэрийн хөдөлгөөнд оролцож, динеин (dynein) нь сормуус, шилбүүрийн намилзах хөдөлгөөнд оролцоно. Мөн миозин (myosin) нь булчингийн агших, сунах хөдөлгөөнд оролцож, хүний биеийн бүх хөдөлгөөнд оролцоно.(Зураг 3)

нийтлэл12-1

Зураг 3. Молекулын түвшин дэх булчингийн хөдөлгөөн

  1. Уураг нь генийн мэдээллийн хөрвүүлэлтийг зохицуулах үүрэгтэй

 Уураг тодорхой нэгэн генийн мэдээлэл агуулах ДНХ-н хэсэгт наалдаж, уг генийг ажиллуулахгүй байх, эсрэгээрээ наалдахаа болин салж генийг хөрвүүлэх зэргээр зохицуулалт хийнэ. Жишээ нь бактерт агуулагдах лактоз репрэссор (Lac repressor) нь лактоз (сүүнд агуулагдах дисахарид) задлагч энзим болох лактазэ (lactase)-ийн генийн хэсэгт холбогдоно. Ингэснээрээ тухайн бактер нэг хэсэгтээ л лактозыг задалж чадахгүй гэсэн үг.

  1. Уураг нь сигнал

 Уураг нь мөн хормоны үүргийг гүйцэтгэж, нэг эсээс нөгөө эсэд мэдээлэл дамжуулах үүрэгтэй. Жишээ нь цусан дахь сахарын хэмжээг зохицуулах инсулиныг авч үзье. Инсулин (insulin) нь цусан дахь сахарын хэмжээ ихэсмэгц, нойр булчирхайгаас ялгаран цусаар дамжин биеийн бүх эсэд очиж, цусан дахь сахарыг эс дотор оруулж хэрэглэ гэсэн тушаал өгнө. Ингэснээр цусан дахь сахарын хэмжээ буурна.

нийтлэл12-2

Зураг 4. Инсулины цусан дахь сахарын хэмжээний зохицуулалт

  1. Онцгой үүрэгтэй уураг

 Дээрхээс гадна өөр олон янзын үүрэгтэй уурагнууд байна. Үүн дотроос антибодиг танилцуулъя. Антибоди нь бактер болон вирустай холбогдож, тэднийг устгахад туслана. (Зураг 5)

  нийтлэл12-3

Зураг 5. Бактерын эсрэг дархлааны сисмем

Энэ мэтээр маш олон төрлийн үүрэг, маш олон төрлийн хэлбэртэйгээр уураг нь амьд биед оршдог юм.

Ө.Нарандулам
Иватэ их сургууль, ХАА факультетын 4-р курс
2014.12.11

Ашигласан материал:
1. Биохимийн сурах бичиг

「ホートン生化学(第4版)」 鈴木 紘一ら、 (株)東京化学同人、 2008

  1. Эсийн биологи сурах бичиг

「Essential 細胞生物学(第3版)」 Bruce Albertら、 (株)南江堂、 2011

  1. Wikipedia Japan: Хемоглобин
    http://ja.wikipedia.org/wiki/%E3%83%98%E3%83%A2%E3%82%B0%E3%83%AD%E3%83%93%E3%83%B3

Хуваалцах

1 Trackback / Pingback

  1. Үл үзэгдэх ертөнцийн гайхамшиг цуврал №1- “Эс бол микро үйлдвэр”- – ИХ НҮДЭН

Leave a Reply

Your email address will not be published.


*