Амжилттай амьдралын түлхүүр IQ биш EQ ?

   Колумбын их сургуулийн (Columbia University) сэтгэл судлалын эрдэмтэд нэгэн туршилтыг 4 настай хүүхдүүд дээр хийсэн байна. Судлаач нар хүүхдүүдийг нэг нэгээр нь энгийн нэг өрөөнд оруулж суулгаад, нэг ширхэг чихэр урд нь тавьжээ. Дараа нь хүүхдүүдэд “Намайг түр гарчихаад ирэх хүртэл энэ чихрийг идэхгүй хүлээж байвал би эргэж ирээд дахиад нэгийг өгье.” гэж хэлээд гарсан юм. Зарим хүүхдүүд түүнийг гарсан даруйд нь идчихсэн бол, зарим нь жаахан хүлээж байгаад идчихлээ. Харин үлдсэн нь хүлээхээр шийдсэн бололтой, чихрийг идэхгүйн тулд нүдээ дарж үзлээ, дуулж ч үзлээ. Зарим нь бүр унтсан юм. Судлаач нар орж ирэн тэдний хүсэн хүлээсэн хоёр дахь чихрийг өгөөд, тэр хүүхдүүдийг том болохыг хүлээсэн байна.

  Тэднийг ахлах сургуульд орох үед сонирхолтой үр дүн ажиглагдсан юм. 4 настайдаа хоёр дахь чихрийг хичээнгүйлэн хүлээсэн хүүхдүүд ерөнхийдөө илүү дасан зохицох чадвартай, өөртөө итгэлтэй, найдвартай, шинийг эрэлхийлсэн болж. Харин эсрэгээрээ тэр үед хүлээж чадаагүй нь илүү ганцаардмал, хялбархан уцаарладаг, зөрүүд болсон байлаа. Мөн тэдний зарим нь SAT (монголоор ЭЕШ гэж хэлж болно) шалгалтыг өгсөн бөгөөд эхний бүлэг хүүхдүүд бусдаасаа дунджаар 210 оноо илүү авчээ.

   Ангийн хамгийн онц сурдаг нь яагаад хамгийн баян болдоггүй юм бол, зарим хүмүүсийг бид анх хараад л итгэж болох эсвэл найдваргүй гэж дүгнэдэг нь яагаад юм бол? Бид тайлбарлаж чаддаггүй ч гэсэн хэн нэгнээс мэдрэгддэг тэр чанар юу юм бол? Бид шинийг эрэлхийлж, удирдан бууж өгөлгүй хичээх зэрэг нь амжилтанд хүргэдэг гэж үргэлж ярьдаг. Тэгвэл эдгээр зан чанар хаанаас гарч ирдэг юм бол? Нэг үгээр, ямар төрлийн чадвар хэн амжилтанд хүрэхийг тодорхойлоод байна вэ?

1101951002_400   Тэрхүү IQ-н тестэнд илэрдэггүй чанарыг бид EI (Emotional Intelligence) буюу сэтгэл зүйн ухаан (СЗУ) гэж нэрлэдэг. Харин сэтгэл зүйн ухааны түвшинг бид EQ гэж нэрлээд байгаа юм. EQ нь анх TIME сэтгүүлийн 1995 оны 10-р сарын 2-ны дугаар дээр гарснаараа олон нийтэд танилцуулагдаж байжээ. Өдийг хүртэл олон эрдэмтэд өөрсдийнхөөрөө тодорхойлсоор ирсэн ч хамгийн ойлгомжтой, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн нь Оксфорд их сургуулийн (Oxford University) судлаач Эндрю Колмэнгийх (Andrew Coleman) юм. Тэрээр “өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг хянаж, тэдгээр төрөл бүрийн сэтгэл хөдлөлүүдийг хооронд нь ялган салгаж, зохистойгоор дугаарлах чадвар болон бодол санаа, үйл хөдлөлөө чиглүүлэх зорилгоор сэтгэл хөдлөлөө ашиглах чадварыг сэтгэл зүйн ухаан юм” хэмээн дүгнэжээ.

   Магадгүй анзаардаггүй байж болох ч, бид өдөр тутам СЗУ-аа ашиглаж байдаг. Та сэтгэлээр унасан үедээ эсвэл нэг л сэтгэл санаа тань “биш” санагдсан үедээ амттай юм иддэг ч юм уу, гэрээ цэвэрлэдэг тийм үү?  Энэ бол хааяа бид өөрсдөө анзааралгүйгээр СЗУ-аа ашиглаж байгаагийн нэг жишээ юм. Юу гэсэн үг вэ гэхээр, та өөрийн сэтгэл хөдлөлөө мэдэрч, түүнийгээ эерэг болгохын тулд үйлдэл хийж байна гэсэн үг юм. Мөн “би угаасаа үүнийг хийж чадахгүй юм байна”, “үүнд ямар ч арга алга” гэх мэт бодлоор дүүрч үйлдэл хийх боломж нь хаагдан, сэтгэл санаагаа засаж чадахгүй байгаа байдлыг СЗУ нь сул байна гэж хэлж болно. Нөгөөтэйгүүр EQ өндөртэй хүн бол “үүнийг хийх ямар нэгэн арга байх л ёстой”, “чи чадна, сэргээрэй залуу минь” гэх мэтээр өөдрөгөөр сэтгэж, өөрийгөө зоригжуулан дараагийн үйлдлээ эхэлдэг. Өөрөөр хэлбэл, тухайн нөхцөлд мэдэрч буй зүйл дээрээ тулгуурлан хэрхэн бодол санаа, үйл хөдлөлөө хянан, удирдах вэ гэдэг нэн чухал болж байгаа юм.

“Хэн ч уурлаж чадна, энэ үнэхээр амархан. Харин зөв хүндээ, зөв хэмжээгээр, зөв цагт, зөв зорилготойгоор, зөв замаар уурлана гэдэг хэцүү.” Эндрю Колмэн.

gretel-ella-smith-emotional-intelligenceDiagram of emotional intelligence

   Ажлын талбар дахь амжилтанд ч мөн адил EQ том нөлөөтэй. Харвардын их сургуулийн (Harvard University) сэтгэл зүйч Роберт Розенталь (Robert Rosenthal) хэсэг хүмүүс (мөн хүүхдүүд) дээр нэгэн сонирхолтой туршилт явуулжээ. Энэ нь үг яриа ашиглахгүйгээр илэрхийлэгдэж буй сэтгэл хөдлөлийг мэдрэх чадварыг шалгасан туршилт байлаа. Тэр хүмүүст нэгэн эмэгтэй хайр, уур хилэн, баяр хөөр, атаархал гэх мэт сэтгэл хөдлөлөө илэрхийлж буй бичлэгийг үзүүлэв. Гэвч түүний нүд, ам эсвэл бие гээд зарим хэсгийг нь санаатайгаар далдалсан байсан учраас, туршилтад оролцогч хүмүүс илүү нарийн зүйлүүд дээр үндэслэн мэдрэх хэрэгтэй болсон юм. Ингээд энэ туршилтын үр дүнд өндөр оноо авсан хүмүүс ажил дээрээ болон хайр дурлалын харилцаан дээрээ ч амжилттай байдаг ба хүүхдүүдийн хувьд, илүү олон найзтай, илүү амжилттай суралцдаг гэдэг нь батлагдсан юм.

   Тухайн хүний EQ-г орлоготой нь холбовол ямар холбоо гарах бол гэж сонирхож байна уу? Өндөр EQ-тэй хүмүүс EQ султай хүмүүсээс ойролцоогоор жилд 29000 доллароор илүү цалин авдаг гэсэн судалгаа байдаг байна. Мөн судалгаанаас үзвэл EQ-н оноо нэгээр ахих бүрт жилийн цалин нь дунджаар 1300 доллароор нэмэгддэг ажээ. Судлаачид өдийг хүртэл ажилчдынх нь EQ болон цалингийн хэмжээ нь холбоо хамааралгүй ажлын салбарыг одоог хүртэл олоогүй байгаа юм.

   Эхэнд өгүүлсэн туршилтын үед хүүхдүүдийн гаргаж байсан тэвчээр бол яахын аргагүй сэтгэл зүйн ухааны нэг илрэл. Тэгвэл бидний амжилтанд хүрэх эсэх 4 настайд маань шийдэгдчихдэг хэрэг үү гэж бодож байгаа байх. Мэдээж үгүй ээ. СЗУ-г маш олон аргаар хөгжүүлж, дадалшуулж болно.

   Бүх зүйл өөрийнхөө сэтгэл хөдлөл, мэдрэмжийг анзаарч ялган, тодорхой үг болгон гаргахаас эхлэнэ. Хэрхэн анзаарч ялгах вэ гэвэл, өдөр бүр тухайн өдрийн сэтгэл хөдлөлөө эерэг эсвэл сөрөг болон гүн эсвэл өнгөц гэж ялгах хэрэгтэй. Гүн сэтгэл хөдлөл: гайхширах, уурлах, гомдох, уярах гэх мэт харьцангуй тодорхой бөгөөд хурц гэж хэлж болох мэдрэмжүүдийг хэлнэ. Харин өнгөц сэтгэл хөдлөл: эсрэгээрээ илүү тодорхой бус, сонирхох, уйдах, цээж хүнд оргих гэх мэт ерөнхийдөө сулхан мэдрэмжүүд багтана. Жишээлбэл та өнөөдөр өглөө усанд орж гарч ирээд дуртай өглөөний цайгаа уугаад “нэг л” сайхан мэдрэмжтэй байсан бол энэхүү мэдрэмж эерэг бөгөөд өнгөц юм. Харин өдөр нь олон хоног сууж хийсэн ажлыг тань таны багш юм уу дарга хангалттай сайн биш байна гээд буцаачихсан гэж бодъё. Тэгвэл энэ бол сөрөг бөгөөд гүн мэдрэмж гэж ангилж болно.

Plutchik
Платчкийн сэтгэл зүйн дугуй. Robert Plutchik 1980 он

   EQ-г дээшлүүлэхийн тулд та аль болох олон эерэг мэдрэмжээ үг болгон бичих нь чухал. Яагаад гэвэл хаанаас ч хамаагүй эерэг мэдрэмжийг олж гаргаж ирнэ гэдэг нь EQ өндөр байхын гол хүчин зүйл юм. Сонирхуулахад өдрийн эерэг сөрөг мэдрэмжийн харьцаа 3 харьцах 1 үед хүн хамгийн амжилттай бас жаргалтай байдаг байна. Тэгэхээр бидэнд сөрөг мэдрэмж ч бас шаардлагатай байх нь.

   EQ-г шалгах боломжтой тестүүд маш олон байдаг бөгөөд энд жишээ болгоод хоёрыг хавсаргав. Хэрвээ та сонирхвол өөрийнхөөгөө нэг шалгаад үзээрэй. Гэвч өдийг хүртэл EQ-г бүрэн илэрхийлэх чадвартай тест бүтээгдээгүй байгаа юм.

Г.Цэлмэг
Шиншюү их сургууль
Инженерийн факультет, 1-р курс
2014.12.12

Ашигласан материал:

1. TIME сэтгүүл 1995.10.02 өдрийн дугаар 146.

2. “Удирдах чадвар” лекц, профессор Үэно Фүмико. Шиншюү их сургууль.

3. Форбс сэтгүүл: Emotional Intelligence – EQ
http://www.forbes.com/sites/travisbradberry/2014/01/09/emotional-intelligence/

4. Википедиа нэвтэрхий толь: Emotional Intelligence
http://en.wikipedia.org/wiki/Emotional_intelligence

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles
Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*