Хэтрүүлж идээд байна уу???

Та бидэнд өлсөөгүй мөртлөө ч гэсэн ямар нэг зүйл идмээр санагдах үе байдаг. Аль эсвэл, хоолоо идэж дуусаад гэдэс цадсан ч гэсэн сэтгэл цадахгүй юмаа гэх үе байдаг. Танил санагдахгүй байна гэж үү? Энэ бол хэтрүүлж идэхийн үндэс нь юм. Ихэнхи илүүдэл жинтэй хүмүүс, хоол хүнсийг хэтрүүлэн идсэнээс болоод жин нэмэх хандлагатай байдаг. Өөрөөр хэлбэл идэж буй хоол хүнсний хэмжээ, төрөл зүйлээс хамаарч биеийн жин харилцан адилгүй байдаг гэж хэлж болохоор ажээ. Тэгвэл жин багатай туранхай хүмүүс хоол хүнсний талаар ямар бодолтой байдаг вэ? Энэ талаар уншигч та бүхэнд товч танилцуулья.

Жин багатай хүмүүс хоол идэх үедээ, илүүдэл жинтэй хүний хийдэггүй дараах 4 зүйлсийг хийдэг байна.

  1. Өлссөн үедээ л хоол идэх
  2. Өөрийнхөө идэхийг хүссэн зүйлээ л идэх
  3. Хоолоо аажим аажмаар амталж идэх
  4. Ходоод цадсан л бол идэхээ болих

Ердөө эдгээр зүйлсийг л хоол идэх үедээ дадал зуршил болгож заншвал хүссэн хүсээгүй биеийн илүүдэл жин хасагдаж ирэх болно. Тун энгийн байгаа биз.

Одоо харин нэг бүрчлэн авч үзье.

  1. Өлссөн үедээ л хоол идэх

Ихэнхи жин багатай хүмүүс, хоол хүнсний талаар огт бодохгүйгээр ажиллаж амьдардаг. Тэр ч битгий хэл, хоол идэхээ мартчихаж ээ гэж хэлэх хүн ч байдаг байна. Тэдний хувьд өлссөн үедээ л хүссэн зүйлээ идчихдэг болохоор, юм идэх гэдэг тийм ч чухал зүйл биш байдаг. Өөрөөр хэлбэл зөвхөн өлссөн үедээ л хоол иддэг гэсэн үг юм.

  1. Өөрийнхөө идэхийг хүссэн зүйлээ л идэх

Тэд хоол идэхээсээ өмнө, өөрийнхөө биеийг чагнаж юу идэхийг хүсэж байгааг нь сонсож, түүний дараа юу идэхээ шийддэг байна.

  1. Хоолоо аажим аажмаар амталж идэх

Идэж байгаа хоолоо аажмаар амталж, түүнээс олж авч буй эрч хүч, энергийг мэдрэхийг хичээгээрэй. Хэрэв тэгж чадвал, хэдий багахан хэмжээтэй хоол байлаа ч цадаж орхино. Мөн түүнчлэн, хоолыг сайн зажилж идэх нь ходоодонд учруулах ачааллыг бууруулж, хоол боловсруулалт түргэн явагдахад тус нэмэр болдог гэдгийг санахад илүүдэхгүй. Энгийн юм шиг сонсогдох мөртлөө дадал зуршил болгохын тулд нэлээд хэмжээний хүчин чармайлтыг шаардах вий.

  1. Ходоод цадсан л бол идэхээ болих

Хэрэв таны ходоод цадчихсан л бол илүү зүйл идэх гэж шуналтах хэрэггүй. Ихэнхи хүмүүс хоолоо идэж дуусаад цадчихсан мөртлөө л нэмж идэх гээд байдаг. Харин жин багатай хүмүүст нийтлэг ажиглагддаг зүйл бол тэд бараг тийм үйлдэл хийдэггүй байна. Тэдний бодлоор аль хэдийн цадчихсан болохоор илүү идэх хэрэггүй гэж үздэг.

Ердөө дээрхи 4 зүйлcийг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэхэд санаанд оромгүй өөрчлөлт гарах болно гэдэгт итгэлтэй байна. Зөвхөн өлссөн үедээ, өөрийнхөө хүсч байгаа зүйлээ, аажмаар амталж идээд, цадсан л бол идэхээ зогсооход хангалттай. Үр дүн нь эрүүл аргаар бага багаар илүүдэл жингээсээ салах боломжийг бүрдүүлж өгөх юм. Энэхүү нийтлэл маань жингээ хасах юмсан хэмээн бодож буй хэн бүхэнд бага ч болтугай нэмэр болоосой хэмээн нийтлэлч миний бие чин сэтгэлээсээ хүсч сууна. Учир нь би ч гэсэн өөрөө энэ 4 зарчмуудыг бодитоор хэрэгжүүлэхийг хичээж байгаа бөгөөд үр дүн сайтай байгааг энэ дашрамд дуулгая. Уншигч та ч гэсэн заавал туршиж үзээрэй.

Ихэнхи хүмүүс жингээ хасахын тулд янз бүрийн хоолны дэглэм барьж, бүр зарим нь идэж буй хоол хүнсэндээ хэт хяналт тавьж, идмээр байгаа ч гэсэн идэж болохгүй хэмээн өөрийгөө хүчлэх тохиолдол байдаг. Тэр ч бүү хэл хоолны дэглэмийг хоол сойхтой андуурах хүмүүс ч цөөнгүй бий. Магадгүй та бидний дунд хоолны дэглэм гэдэг бол турахын тулд л барьдаг зүйл мэтээр төсөөлөгддөг байж ч магадгүй. Ер нь хоолны дэглэм гэхээр танд хамгийн түрүүнд юу бодогдож байна вэ?

Хоол хүнсний хязгаарлалт, хяналт гэх мэт ерөнхийдөө сөрөг талын дүр зураг ажиглагдах вий. Гэтэл үнэн хэрэгтээ хоолны дэглэм гэдэг бол зөвхөн турахыг хүсэж байгаа хүмүүсийн барьдаг зүйл биш бөгөөд ердөө л биедээ хэрэгтэй зүйлсийг идэхэд анхаарлаа хандуулахыг л хэлдэг гэхэд буруудахгүй. Тийнхүү биедээ хэрэгтэй зүйлсийг идсэнээрээ хүний бие илүүдэл жингээсээ бага багаар салж эхэлдэг байна. Өөрөөр хэлбэл турж байна гэсэн үг. Хамгийн гол нь хоолны дэглэм барьж байгаа үед сэтгэл ханамж үргэлж дээд цэгтээ байх ёстой. Та идэж байгаа хоол хүнснээсээ өндөр сэтгэл ханамжийг олж авч, түүнээс гарах үр дүнд бие тань эрүүлжиж байгааг мэдрэхэд л болно. Ингээд бодоод үзэхээр хоолны дэглэмийг зөвхөн илүүдэл жинтэй хүмүүс барьдаггүй бөгөөд биеэ эрүүлжүүлэхийг хүсдэг хэн бүхний дадал зуршил хэмээн хэлбэл зохилтой. Тэр ч утгаараа хоолны дэглэм гэдэг зөвхөн эмэгтэй хүмүүстэй холбоотой зүйл биш болно. Нас, хүйс зэрэг нь үнэн хэрэгтээ ямарч хамааралгүй зүйл гэдгийг санаарай. Та хэдэн ч настай байсан, эрэгтэй ч байсан, эмэгтэй ч байсан, биеэ эрүүлжүүлэхийг л хүсэж байгаа бол яг л одооноос идэж буй хоол хүнсээ зөв зохицуулж идэхийг зөвлөж байна.

Та хоолны дэглэм барьж байна гээд идэхийг хүссэн зүйлээсээ татгалзах шаардлага байхгүй. Энэ нь эсрэгээрээ улам бүр шуналтах сэтгэлийг төрүүлнэ. Үнэхээр идмээр санагдвал идэх л хэрэгтэй. Харин хэмжээг нь анхаарахаа мартаваа. Ямар ч хүнс, хүнсний бүтээгдэхүүнийг хэтрүүлэн хэрэглэвэл хор л болно. Тийм болохоор өөрийнхөө гараар биедээ хор учруулах хэрэг юун. Ямар зүйлийг хэр хэмжээтэй идэх вэ гэдгээ бид өөрсдөө л шийддэг. Тийм байхад биедээ муу гэдгийг мэдсээр байж тэдгээр хүнс, хүнсний бүтээгдэхүүнийг идэх нь зөв гэж үү. Өөрийнхөө юу идэхийг захирч чадахгүй байна гэдэг тийм хэцүү зүйл юм гэж үү.  Үүнээс ямар дүгнэлтэнд хүрч болох вэ гэвэл хэтрүүлж идэх гэдэг бол ердөө л та бид өөрсөдтэй минь холбоотой асуудал юм. Үүнийг заавал бүгдийг нь ид гэж хэн ч биднийг шахаж шаардаагүй. Бид өөрсдөө л тийм сонголтыг хийчихээд байгаа хэрэг. Тийм болохоор заавал хэтрүүлж идэх хэрэг юу байна. Ердөө л өөрийгөө удирдаж чадаж байна уу үгүй юу гэдэгтэй л холбоотой асуудал болж таарч байгаа юм. Тийм учраас уншигч та хэтрүүлж идэх асуудалтай тулгардаг бол даваад гарахад тийм ч хэцүү биш гэдгийг бага ч гэсэн ойлгож авсан хэмээн найдаж байна. Мөн зөв хооллолтын 4 зарчмуудыг заавал бодитоор хэрэгжүүлж үзээрэй. Танд амжилт хүсье.

Ч.Туул
Кочи их сургууль
Хүмүүнлэгийн ухааны факультет – Нийгэм эдийн засгийн анги
1-р курсын оюутан
2014 оны 12 сарын 20 өдөр

Ашигласан материал:

  1. BOB SCHWARTZ, KUMIKO NISHIKAWA “DIETS DON’T WORK”, Хоолны дэглэм үр дүнгүй байх нь Хуудас 96-140
  2. Зургийн эх үүсвэр, Спойлт Блог, “Хэтрүүлж идэхтэй хэрхэн тэмцэх вэ?” Нийтлэлийн зураг, http://www.spoiltblog.com/2013/01/beat-bloat-overeating-during-festive.html

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*