Дайчин-1

Их спортын ертөнцөд өөрийн байгалиас заяасан авъяас билиг, нөр их хүч хөдөлмөрийнхөө үр дүнд бусдаас ялгарч, бүхний тэргүүнд оргилд хүрсэн тамирчид, үлгэр жишээ супер одууд өөр хоорондоо харилцан адилгүй цэгээс амжилтын гараагаа эхэлсэн байдаг. Нэг өдрийн идэх хоолоо яая даа гэж толгой гашилгах ядуу тарчиг айлд төрж өсч, амьдралын хатуу элдүүрт нухлуулан тэмцэж, бие махбодь хийгээд сэтгэлзүйн хувьд юунаас ч эмээхээргүй хүчирхэг болж, түүнийхээ хүчээр спортод өндөр амжилт гаргасан нэг хэсэг дайчид байхад, улс төрчийн, бизнесмений гэх мэт хангалуун гэр бүлд өсч торнин, эргэн тойрныхоо хүмүүсээс үлгэр дуурайлал авч, хөдөлмөрч занг биедээ шингээн амжилтанд хүрсэн нэг хэсэг дайчид ч байдаг. Энэ мэтчилэн эхэлсэн цэг нь харилцан адилгүй байх авч, эдгээр дайчдын амжилтын замд нэг нийтлэг зүйл хэзээд оршиж байдаг юм шиг. Тэр нь юу вэ гэвэл, бусдыг манлайлан, өндөр амжилтанд хүрэхийн тулд туулах ёстой зам нь хэзээ ч тэгш дардан байдаггүйд байгаа юм. Тэнд үргэлж өөрөө өөртэйгөө хийх дуусашгүй тулаан, хүнд бэрх даваанууд хүлээж байдаг. Тийм тамирчдын өөрийгөө хэрхэн ялан дийлж, хүнд бэрх даваануудыг гэтэлгэж, амжилтын оргилд хүрч буй талаар бодит түүх, баримт нотолгоонууд уншигч таны амжилтын төлөөх тэмцэлд ч багагүй урам зоригийг өгөх болов уу хэмээн 2015 оны анхныхаа нийтлэлээр ДАЙЧИН цуврал бичвэрээ эхлүүлж байна аа. ДАЙЧИН маань зүгээр нэг уйтгартай намтар зохиол биш юм. Харин бодит түүх, сонирхолтой болсон явдлуудыг бүтэн жилийн турш уншигч таньдаа би хүргэх болно.

  Яг одоо манай гариг дээр, ямар ч жингийн тамирчнаас илүү (pound for pound) гэгдэх хөнгөн жингийн дэлхийн 10 удаагийн аварга, мэргэжлийн бокст ялагдалгүй босоо, “мөнгө” хочит Флойд Мэйвэдэр, зүрх өндрөөс чухал (heart over height) гэж хэлж байсан, 175 см өндөртэй ч NBA-н тохолтын тэмцээний 3 удаагийн аварга, Крипто-Нэйт хочит Нэйт Робинсон гээд олон олон бие махбодоосоо давсан амжилтанд хүрсэн тамирчид амьдарч байна. Тэр дундаас бага залуудаа сагс тоглох бие хаагүй хэмээн гологдож явсан ч яг одоо NBA-н хамгийн халуун ярианы сэдэв болоод буй, энэ улирлын хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн фаворит “хүүхэд царайт алуурчин” (baby-faced assassin) хочит Степен Варделл Курригийн амжилтын замын дэгэн догоны талаар ДАЙЧИН цувралынхаа эхний анги болгон сийрүүлэхээр шийдлээ.

130408-steph-curry

  Степийг NBA-н шилдэг холын зайн мэргэн буучдын нэг байсан Дел Курригийн хүү гэдгийг спорт сонирхогчид андахгүй билээ. Дэл Курри өөрийн 16 жилийн NBA-н карьерт 1,200 гаран холын зайн шидэлтийг амжилттай болгосон мэргэн бууч бол түүний хүү өчигдөрхөн Пэйсэрсийн эсрэг карьерынхаа 1000 дахь холын зайн шидэлтийг амжилттай болгож, ердөө 7-хон улирал тоглохдоо аавынхаа амжилтын шилийг хараад эхэлсэн байгаа юм. Степийг төрсний дөнгөж дараахан Дел, Шарлот хотын Хорнетс багтай гэрээ хийж, өөрийн амжилттай карьерын замыг тавьж байжээ. Тиймээс Степ аавынхаа ид үеийг үзэж, сагсан бөмбөгт хайртай нэгэн болж өссөн байна.

89a2c-currybabyface

  Гэсэн ч түүний тамирчин болох гараа дардан байсангүй ээ. Ахлах ангийн 2-р ангид байхдаа Степ ердөө 167 см өндөр, 57 кг жинтэй чөрийсөн хүү байлаа. Хүч нь хүрдэггүй байсан учраас холын зайн шидэлтийг бэлхүүснээсээ өргөж гаргаж шиддэг байжээ. Ахиад хоёрхон улирлын дараа коллежид орох ёстой байтал, Степ дөнгөж ийм түвшинд байгаа нь үнэхээр хангалтгүй байлаа. Үүнээс үүдэн скаутууд түүнийг сагсан бөмбөгийн ертөнцөд “Хол хэвт” (long shot) хэмээн нэрлэж байв. Тийм ч учраас өөрийн ур чадвараа дээшлүүлж, тэдний буруу гэдгийг баталж, мөрөөдлийнхөө үзүүрээс атгахын тулд, зуныхаа амралтын турш тэрээр аавтайгаа олон цагаар шидэлтийн дасгал хийсэн байна. Сагсан бөмбөгийн стандарт ойлголт болох толгой дээрээсээ гаргаж шидэх шидэлтийг бүрэн эзэмшихийн тулд Степ бүхэл шөнөжин шиддэг байв. Эхэндээ шидэлтээ гартаа оруулж чадахгүйдээ уйлж, шантарч, асар их дарамтыг өөр дээрээ хүлээж авдаг байжээ. Ингэж их хөдөлмөрлөсний эцэст дараагийн улирал тэрээр багтаа 19 оноо дундчилж, коллежийн сагсан бөмбөгийг тоглох чадвартай тоглогч гэдгээ харуулж байв. Ирэх улирлын дараа коллежид орно гэсэн Степийн сэтгэлд, Америкын коллежийн сагсан бөмбөгийн акулууд болох Хойд Каролина, Вэйк Форест зэрэг сургуулиуд л байлаа. Гэсэн ч цаг нь ирэхэд, тэдний аль нь ч Степийг багтаа авах саналыг тавьсангүй. Бүгд л түүний жижиг, туранхай бие бялдрыг голж байлаа. Тэр дундаа түүний аав Дел Курригийн төгссөн Виржиниа тек Степийг багтаа авахыг зөвшөөрсөн хэдий ч, ямар ч тэтгэлэг, гарааны эрхийг санал болгоогүй байна. Энэ явдал түүнд маш том зорилго, хүслийг өгсөн гэж тэр дурссан байдаг.

  Харин түүнд сагсан бөмбөгийн тэтгэлэг олгон өндөр итгэлийг хүлээлгэсэн нэг сургууль байсан нь гэрээс нь ердөө 20 минутын зайд байх Либерал Артаар төрөлжсөн жижигхэн коллеж Давидсон байлаа. Түүний коллежийн сагсан бөмбөгийн гараа ч амар эд байсангүй. Анхны тоглолтоо Мичиганы хүчирхэг багийн эсрэг хийж эхний хагаст л 9 бөмбөг алдалт хийж, багийн дасгалжуулагч Боб Макиллоп түүнийг цаашид гараанд гаргах ёстой эсэхдээ эргэлзэж байсан гэдэг. Гэхдээ дасгалжуулагч Степээс, хүчирхэг бие хаа байхгүй хэдий ч бусдаас өвөрмөц байгалиас заяасан сагсан бөмбөгийн авъяасыг олж харсан учраас, түүнд үргэлжлүүлэн итгэл хүлээлгэж багийнхаа гарааны холбогчоор тоглуулсаар байсан гэж хэлсэн байдаг. Дасгалжуулагч Боб Степт итгэдгээ илэрхийлэн, түүний эцэг Делд “Хүү чинь мэргэжлийн түвшинд сайн тоглож, их мөнгө олох болноо.” гэж хэлдэг байв. Харин Делл Курри хүртэл хүүгээ NBA-д тоглож чадна гэдэгт эргэлзэн, “Магадгүй хилийн чанадад байж болох юм.” гэж хариулдаг байжээ.

ncb_g_curry1x_400

  Коллежийн 2-р курст орсон жилдээ Степ 190 см өндөртэй, бие бялдар нь гүйцсэн дунджаас дээгүүр холбон тоглогч болсон байв. Улмаар 2008 оны 3 сарын галзуурлын (March Madness-Америкийн коллежийн сагсан бөмбөгийн улирлын шувтаргын нугалааны тоглолтууд) үеэр Степен Курри тэсрэлт хийжээ. Степ үзэгчдийн суудалд суусан эцэг эхийнхээ өмнө Гонзагагийн эсрэг 40 оноо аван тэднийг тэмцээнээс мулталж, 2 хоногийн дараа Жеорж Тауны хүчирхэг бүрэлдэхүүний эсрэг 30 оноо авч байжээ. Тэр тоглолтын дараа эцэг эх нь итгэж ядсандаа гэр рүүгээ явах замдаа хоорондоо юу ч яриагүй гэдэг. Тус жилийн НСАА-н тэмцээний супер од болж чадсан Степ, тэмцээний турш 32 оноог дундчилж багаа элит 8 буюу тус жилийн Америкын шилдэг 8 коллежийн нэг болгож байлаа. Дараа улирал нь ч түүний амжилтын буухиа үргэлжилж, тэрээр улирлын турш 29 оноо дундчилж бүх Америкын коллежийн мэргэн бууч болж байв. Иймдээ ч тэрээр тус ондоо NBA-н драфтад нэрээ оруулж, та бидний мэдэж байгаачлан Алтан мужийн дайчид (Golden State Warriors) баг түүнийг эхний тойргийн 7 дахь сонголтоор багтаа элсүүлэв.

stephen-curry-elite-daily-800x400

  Зорьж байсан зүйлдээ хүрч, NBA-д драфтлагдаж чадсан ч түүний мэргэжлийн карьер мөн л дардан эхэлсэнгүй. Эхний улиралдаа шилдэг шинэ цэргийн шагналд (Rookie of the year award) Тайрик Эванст ялагдан 2-р байрт орсон бол, дараагийн 2 улирал түүнийг алдарт баруун хөлийн шагайны бэртэл ороож, бүхэл бүтэн 48 тоглолт өнжүүлэн, 2 мэс засалд оруулжээ. Тэр үед ёстой л үсрээд газардахад нь уулга алдаж, хүн болгон шагайных нь талаар асуудаг байв. Ямар сайндаа л “шилэн шагайт Курри” хоч зүүхэв дээ. Ингээд 2012 оны улирал эхлэхэд, зуны турш бэртлээ илааршуулж, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн Степ Курри багтайгаа эргэн нийлсэн юм. Тамирчин хүний хамгийн том дайсан болох бэртэл, гэмтэлтэй улаан хугацааны турш тэмцэн, хат суусан Курри тус улиралдаа NBA-н нэг улирлын амжилттай холын зайн шидэлтийн рекордыг эвдэж, багтайгаа 4 жилийн 44 сая долларын гэрээний сунгалтыг хийж, хүчирхэг өрнөд бүсийн плэй-оффт багаа шалгаруулан тухайн үедээ хүчирхэг байсан Дэнвэр Наггетсыг мултлан алмайруулж байлаа. 2013-2014 оны улиралд ч Степийн тоглолт улам сайжирч, анхныхаа бүх оддын тоглолтын гарааны тавд нэрлэгдсэн юм.

2zss2uu

  Давааны тоогоор бяр нэмдэг гэдэг шиг, жил ирэх тусам Степ Курригийн тоглолт улам сайжирсаар байна. Ялангуяа энэ улирал түүний тоглолт, түүний баг лигийг алмайруулж байна гэж хэлж болно. Яг одоо 28 хожил 5 хожигдолтойгоор НБА-г хошуучилж буй “Алтан Мужийн Дайчид”-ын тоглолтыг Степ гэж энэ залуу бүх талаар нь удирдаж байна. Энэ улирал 23 оноо, 8 оновчтой дамжуулалт, 5 самбараас бөмбөг авалт дундчилж буй энэ залуугийн нэр 2 сард болох бүх оддын тоглолтын санал асуулгад ч зөвхөн агуу Леброн Жэймсийн доор зуузай холбон давхиж явна. Түүний талаар магтвал үнэхээр хэлэх үг, ярих яриа дуусахгүй билээ. Бид бүгдийн хэлдгээр сагсан бөмбөгийн талбай дээр “гортиг эргэнэ” гэдгийг энэ залуу жинхэнэ утгаар нь үзүүлж чадаж байгаа юм. Уран гоё залалтууд, өөртөө үүсгэх холын зайн зангалттай шидэлтүүд, шидэлтийнх нь нүд ирмэхийн зуур дахь хурдан гаралт, гайхалтай оролтууд гээд залуу тамирчдад түүнээс сурах хөдөлгөөнүүд, ур чадварууд маш их байгаа юм. Ёстой л Дамба багшийн хэлдгээр түүний тоглолт л өөрөө хичээл гэсэн үг юм. Би боддог, энэ улирал үнэхээр “Алтан Мужийн Дайчид”-ын эсрэг тоглох багийн хувьд Степ чухам хэдэн удаа холын зайнаас унагаж, хэдэн шагай мултлах бол гэдэг асуулт хар дарсан зүүд шиг дагаж байгаа байх гэж. Чухамхүү түүний баг плэй-оффт хэрхэн тоглох бол, аваргын цомыг өргөж чадах уу гэдэг л асуултын тэмдэг болон үлдэж байна.

  Степен Курригийн уг түүхээс, хүнд хэдий дутуу дулимаг, сул талууд байлаа ч түүнд бууж өгөлгүй, өөрийн сайн талуудаа зүлгэн тодотгож, тууштай хичээж чадвал ямар ч амжилтанд хүрч болохыг уншигч та нартаа мэдүүлэхийг зорилоо. Ингээд ДАЙЧИН цуврал нийтлэлийн эхний дугаараа Степен Курригийн коллежид байх үеэсээ пүүзэн дээрээ бичин тоглох болсон, өөрийгөө зоригжуулдаг нэгэн үгээр нь дуусгая аа. Дараа дараагийн ДАЙЧИН нийтлэлүүд маань тун удахгүй…

resize

“I Can do all things…” – Би бүхнийг хийж чадна.
Stephen Wardell Curry

 

Э.Өнөболд
Акита ИС 4-р курс
2015.01.09

Ашигласан:

  1. ESPN E:60 Stephen Curry
  2. Basketball-reference.com Stephen Curry
  3. Stephen Curry Twitter: @StephenCurry30, Instagram: Wardell30

Хуваалцах

1 Comment

Leave a Reply

Your email address will not be published.


*