“Хайртай гэж хэлж байгаа бол түүнийгээ батал”

niitlel

/Гэрэл зургийг Ц.Шувуу/

Гудамжны бүжигчин Т.Саруул-Төгс. 23 настай, “Aim4R” продакшны гишүүн, “Aim4R” бүжгийн студийг үүсгэн байгуулагч, СУИС-ийн соёл урлагийн менежментийн ангийн 3-р курсын оюутан.”

  “Хөгжмөө жаахан аяархан болгочих манайхаан” хэмээн Саруул-Төгс зaхирангуй бас шийдэмгий хоолойгоор сурагчиддаа хэлсэн даруйд бүжиг бэлтгэлийн танхимыг нам гүм угтан авлаа. Ийнхүү бидний ярилцлага эхлэв.

Сонголт

Миний үеийн залуусын олонх нь эрсдэлгүй, баталгаатай амьдралын замыг сонгосон. Гэтэл би гудамжны бүжиг гээч зүйл Монголд танигдаа ч үгүй байхад энэ мэргэжлийг сонгож, үүгээр амьдарна гэсэн шийдвэр гаргасан. Аав, ээж мэдээж хамгийн түрүүнд эсэргүүцсэн. Гэхдээ би “Монголд бүжиг, өөр олон зүйлс нээгдээгүй байна. Энэ урлагаар дамжуулж гадаадын залуус олон зүйлсийг ойлгож сурч мэдээд байна. Бид үүнээс хоцорч болохгүй. Хэрвээ би үүний анхдагч байж чадвал энэ нь алдаа гэхээс илүү ашигтай нүүдэл байж болох юм”  гэсэн бодолтой байсан. Мэдээж би үүнийг чаддаг, дуртай байсан нь энэ сонголтыг хийхэд нөлөөлсөн.

Хариуцлага

Би 19-тэй байхдаа студиэ байгуулж, гэр бүлтэй, хүүтэй болсон. Үеийнхнээсээ эрт хүүхэдтэй болсон болохоор ч тэр юм уу хариуцлагыг илүү эрт ухаарсан юм шиг санагддаг. Хүүхэдтэй, гэр бүлтэй болно гэдэг маш том хариуцлага гэсэн үг. Магадгүй би тэр үед ханьтайгаа учирч, хөөрхөн хүүгээ өлгийдөн аваагүй бол шоудаж, олсон мөнгөө юунд зараад байгаагаа ч ойлгохгүй амьтан байх байсан биз. Хүү минь төрсний дараа мөрөөдөл гэж байхгүй бүх зүйл зорилго, төлөвлөгөө болж хувирсан. Миний эцэг эх багаас минь хариуцлага, биеэ даах чадварыг яс маханд минь шингэтэл ойлгуулсан гэж боддог. Аав минь намайг 10 настайгаас эхлээд зун болгоны амралтаар хаашаа ч хамаагүй хөдөө явуулчихдаг байсан. “Энэ зун Баян-Өлгий рүү яваарай. Тэнд чамайг тийм нэртэй хүн тосч авна шүү. Амралтаа сайхан өнгөрүүлээрэй” гээд л унаанд суулгаад явуулчихна. Би хүмүүстэй танилцаж, геологи, антропологийн багийнхантай хайгуул хийж, майханд хонон зуныг өнгөрүүлдэг байсан. Энэ бүхэн намайг биеэ даах, хариуцлагатай байхад сургасан, олон зүйлийг шинээр эхлүүлэхэд тус дэм болсон гэж боддог. Би ханьтайгаа ямар азаар учирсан юм болдоо гэж боддог. Тэр минь надаас ч хатуу чанга үзэл бодолтой. Намайг ямар ч сайн бүжиг дэглэж, амжилт гаргасан ч магтахын оронд “Aхиад ийм зүйл нэмбэл улам сайн болно, энэ хэсэг нь арай болохгүй байна”  гэж хэлнэ. Энэ нь намайг улам хатуужуулж, илүү их амжилтын төлөө зүтгэх хөшүүрэг болдог.

Бие даах чадвар

Аавын илгээлтийн ачаар гадаадад суралцах үед ямар ч хүндрэл гараагүйн дээр илүү олон зүйлийг амжуулж сурсан. Сургалтын төлбөрөө олох, аялах, бүжиглэх гээд цагийг үр бүтээлтэй ашигладаг болсон байлаа. Биеэ дааж сурсны ачаар би өөрөө л хичээхгүй бол хэн ч миний өмнөөс хийхгүй гэдгийг ойлгосон. Хүн сайн явж байхад найз мундахгүй. Харин муу явахад найз олдохгүй. Тиймээс биеэ дааж, бүхнийг өөрөө хийх нь л чухал гэж боддог. Хүн болгонд боломж бий. Харин тухайн боломжийг цаг тухайд нь ашиглаж хэргийг нь гаргаж чадах уу, үгүй юу гэдгээс бидний ирээдүй шийдэгдэж байдаг юм болов уу.

Уналт

Хүнд муу зүйл тохиолдож болно. Итгэл байх хэрэгтэй. Ямар нэг муу зүйл тохиолдоход сайн зүйл заавал ирнэ. Анх ажлаа эхлүүлээд явж байхад хүмүүсийн хандлага миний урмыг маш их хугалдаг байсан. Жишээ нь, би интернэтэд бичлэг байрлуулахад аймшигтай сэтгэгдлүүд үлдээсэн байдаг. Би эвгүй сэтгэгдэл уншаад гэрээсээ гармааргүй, хийж байгаа бүхэн маань утгагүй санагдах үе байв. Залуус Монгол Улсаа хөгжүүлмээр байна гэж ярьдаг ч,  хөгжүүлэх гэж хичээж байгаа нэгнээ доош нь хийж, өөлж гоочилдог. Гэвч зорилго тавьсан бол уналтад орж болохгүй. Бусад хүн чадаагүй болохоороо чамайг чадахгүй гэж хэлдэг. Хийж үзээ ч үгүй юмаа бусдыг чадахгүй гэж тулгадаг. Миний бодлоор хийх гэж байгаа хүнд хэн ч чи чадахгүй гэж хэлэх эрх байхгүй. Чиний хамгийн эхний хийх ёстой зүйл бол өөртөө итгээд, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмц. Бусдаас сонсох нь зөв ч тэр дунд чиний өөрийн бодол гээгдэх ёсгүй гэдгийг давхар санах хэрэгтэй. Өөрийгөө чадна гэж итгэж, түүндээ үнэмшилтэйгээр ажиллах ёстой юм байна гэдгийг уналтаасаа суралцсан гэж боддог.

Сэтгэлгээ

Тухайн зүйлийн талаар ямар нэг ойлголтгүй хүн шинийг хүлээж авахдаа муу байдаг юм шиг санагддаг. Ялангуяа хөгжиж буй манайх шиг оронд. Жишээ нь, хип хоп бүжиг огт сонирхдоггүй, урлаг ойлгодоггүй хүн гудамжны бүжгийг анх хараад “ямар муухай юм бэ, одоогийн залуус болохоо байж ” гэж хүлээн авна. Харин урлаг судалдаг, шинийг эрэлхийлдэг залуус үүний сайн, муу тал аль алинийг нь харахыг хичээнэ. Бид, ялангуяа залуус сэтгэлгээний энэ хайрцагнаасаа яаралтай гарах шаардлагатай. Би ийм хүнтэй л ярина, би ийм хүнийг л хүлээн зөвшөөрнө гэх мэтээр өөрийгөө бусдаас тусгаарлан хана босгох нь сэтгэлгээний хайрцаг үүсгэж байгаагийн нэг илрэл. Харин сэтгэлгээгээ тэлж, шинэ мэдээллийг түвэггүй хүлээж авах эхний гарц бол бусдаас үг сонсож сурах. Эхлээд сонсож, бодож байж үзэн ядах үгүйгээ шийдэх хэрэгтэй.

Бүжгийн студийн талаар

2009 онд “Aim4R” бүжгийн студиэ хэсэг найзынхаа хамт байгуулж, түүнээс хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Би арван жилийн сургуулиа төгсөөд хэсэг хугацаанд Солонгос, Япон, Хятадаар хэл сурч аялж явсаар 19 нас хүрлээ. Аялах хугацаандаа би бүжгийн амьдралтай салшгүй холбоотой болсон. Гадаадад бүжгийн урлагийг тэр дундаа гудамжны бүжгийг хүндэлдэг, түүнийг амьдралынхаа нэг хэсэг болгосон залуус олон. Тэнд 40, 50 нас хүрчихсэн мөртлөө гудамжны бүжгээ орхилгүй хичээллэдэг. Түүнийг хараад Монголдоо энэ урлагийг хөгжүүлж, залууст таниулах хүсэлд автсан.  Аялж ирээд Монгол Улсын Их Сургуулийн хуулийн сургуульд хэсэг хугацаанд суралцсан. Гэвч бүжгийн амьдралтай минь огт нийцэхгүй байсан учир жилийн чөлөө авч тэр хугацаандаа, бүжгийн студиэ байгуулж, бүжгийн багш хийж үзэв. Тэгээд энэ л миний сонгох ёстой зам юм байна гэдгийг ойлгож бүжгийн урлагаар тууштай явахаар шийдсэн.

Бүжигтэй холбогдсон нь

Сурагч байхдаа урлагийн үзлэгээр бүжиглэдэг байсан. Нэгдүгээр дунд сургуулийн математикийн ангид суралцдаг, ноомой хүүхэд байв. Бага зэрэг бүжиглэдэг ч бүжгийн урлагаар явна гэж хэзээ ч төсөөлж байгаагүй. Гэвч гадаадад сурч байх хугацаандаа бүжгийн урлагаар хичээллээд үзтэл бүжиг бол миний амьдралын минь нэг хэсэг гэдгийг ойлгосон. Бүжгийн урлагаар хичээллэх бүрт урлаг хүнийг хэрхэн өөрчилж болох вэ гэдгийг би ойлгодог. Спортод, урлагт зүтгэж байгаа хүмүүс хамгийн шилдэг нь байхын тулд хичээцгээдэг. Тамирчин хүн Олимпийн алтан медалын төлөө бэлтгэлээ хийдэг шиг би ч гэсэн энэ салбартаа шилдэг нь байхын тулд хичээх ёстой юм байна гэсэн бодол намайг хурцалж өдий хүргэсэн. Харин урлаг, спортоос өөр мэргэжлүүд том зорилго тавихыг шаарддаггүй юм шиг санагддаг. Монголд эдийн засагчаар төгсөөд ажиллаж байгаа залуус салбарынхаа шилдэг нь тухайн компанийнхаа удирдагч нь байх юмсан гэж бодохоос илүүтэйгээр, зүгээр л өнөөдрийн энэ ажлаа яаж дуусгах вэ гэдэгтээ түүртэж амьдрах нь олон. Магадгүй тэд өөрийн жинхэнэ хайртай зүйлээ олоогүй байж мэднэ. Мөн тэдний сарын цалин, ашиг орлогын талаар бодол, хүсэл эрмэлзлийг нь хааж “миний амьдралын зорилго бол баталгаатай амьдрал” гэсэн аймхай ойлголттой байдгаас дуртай зүйлийнхээ төлөө тэмцэхээс хойш суудаг ч байж болох. Миний хувьд би бүжигт дурласан, хайрласан, хайртай гэдгээ батлахыг хүссэн.

Монгол ба гадаад

Би Япон, Солонгос, Хятад зэрэг Азийн орноос гадна, Европын олон орноор аялж, бүжгийн сургалтад хамрагдаж, гудамжны бүжгийн тэмцээнүүдэд оролцож байв. Гадаадад нэг цагийн бүжгийн хичээл 70 ам.доллар, харин Монголд нэг сарын бүжгийн сургалтын төлбөр 70 мянган төгрөгөөр үнэлэгддэг. Тэдний бүжигт хандах хандлага Монголд эдийн засагч, улстөрч нарт ханддаг хандлагатай адил бол Монголд бүжигчин гэхээр сонин нүдээр харах нь элбэг. Тэр дундаа гудамжны бүжигчин гэхээр… Харин гадаадад бүжгээр хүн амьдардаг бол гайхах хүн байхгүй. Аялах бүртээ гадаад багш нар болон тэдний сурагчдын сурах арга барилыг биширдэг. Магадгүй тэдний багаасаа авсан боловсролтой нь холбоотой байж мэднэ. Монгол сурагчдын нэг дутагдал бол хүнээр заавал шаардуулж байж хийдэг. Энэ нь тэдний буруу биш, бага ангиас нь эхлээд юу хийх, ямар мэргэжил сонгох, ямар хичээлдээ сайн байхыг нь нэг бүрчлэн заадаг багш нарын, эцэг эхийн, Монголын боловсролын системийн буруу юм болов уу. Одоохондоо манай сурагчид гадаадын сурагчидтай адил түвшинд арай очоогүй байгаа учраас аажим аажмаар түвшнийг нь дээшлүүлэхэд анхаарч байгаа. Үүний тулд гадаадаас бүжгийн багш авчрахын зэрэгцээ, өөрөө жил бүр гадаадад ямар нэг бүжгийн сургалтад хамрагдаж байна.

Амжилтын төлөө

Амжилт гэдэг тухайн хүний хийж байгаа зүйлээс шалтгаалаад өөр өөр болов уу. Миний хувьд одоогоор хүсэж тэмүүлж буй амжилт минь хүмүүст гудамжны бүжгийг зөв утгаар таниулах. Монголд гудамжны урлаг хөгжөөгүй байх үед би хэсэг найзтайгаа энэ урлагийг бусдад таниулах гэж хичээж ирсэн. Хичээсээр ч байгаа. Хэрвээ бид буруу хөдөлж, буруу утгаар энэ урлагийг бусдад танилцуулбал цаашдаа Монголд гудамжны урлаг буруу хөгжинө гэсэн үг. Бид шантарч, залхуурч болохгүй. Бүжгийн урлагаар явахыг хүсэж байгаа хүүхдүүдээ хориглодог эцэг эх, эсвэл сонгомоор байвч баталгаагүй цалин, орлогогүй гээд орхидог залуус олон. Харин ирээдүйд энэ бодол өөрчлөгдөж, бүжгийн урлагаар баян хангалуун амьдардаг орчин бүрдүүлэхийн төлөө би хичээнэ. Өөр бусад оронд болоод байхад манайд ч бас болох ёстой. Тийм учраас миний хийж байгаа зүйл маань миний хобби, ажил биш надад ирж буй хариуцлага, зорилго.

Овог нэр:  Г.Чимэдлхам
Харъяалал: Засгийн газрын мэдээ сонин
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*