Гадаадад сурахын утга учир юу вэ?

1990 оны Ардчилсан хувьсгалаас хойш, гадны улсыг зорин эрдэм номын мөр хөөх залуучууд үй олон болжээ. Залуучууд бид яагаад юуны төлөө эх орондоо биш гадаад орныг зүглэн эрдэм номын мөр хөөхөөр явж байгаа билээ. Мэдээж илүүг мэдье, зорьё, суралцъя гэсэн бодолтой, дээрээс нь зарим эцэг эхчүүд ”Монголд сураад юу олж долоох билээ, гайгүй мэдлэг боловсролтойнууд нь гадаадад явж сураад байна, чи бас тэр гадагшаагаа зорьж юм үзэж нүд тайлаад ир” гэх мэтээр хэлэн тархинд нь гадаад явах гэсэн хүсэл эрмэлзэлийг бий болгодог бизээ. Мөн хавь ойрын найз нөхөд нь эхнээсээ гадагшаа яваад эхэлмэгц би ч бас явмаар байна шүү дээ гэсэн хүсэл хэн хүнгүй л төрдөг биз. Мэдээж гадаад улс оронд очиж суралцана гэдэг зүйлд муу юм ганц ширхэг ч байхүй билээ. Харин ч ёстой нөгөө бодсон санаснаа биелүүлэх бөөн бөөн боломж гадаад орнуудад байдаг. Харин тэр их боломжуудыг та, чи, бид бүхэн хэр их, хэр сайн ашиглаж байна вэ гэдэг л хамгийн чухал билээ. Нэг л их гадаад явсан нэр зүүчихээд цаг хугацааг энгийн мэт өнгрөөвөөс тэр нь эх орноосоо гарч, хэдэн жил элгээ өвтгөн байж ээж, ааваасаа хол байсны утга учир болох уу? Яаж ч бодсон үгүй билээ. Тиймээс адилхан гадаад оронд сурж, суралцаж буй миний зүгээс өөрийн туршлагыг үндэслэн хэдэн зөвлөгөө өгөхийг зорилоо.

  1. Түүх соёлоос нь суралц
    Аль ч улс оронд суралцахаар очсон бай, тухайн улс орны хүн ард, соёл заншлынх нь талаар мэдэж авалгүй өнгөрөөж болохгүй. Тухайн улсын түүхээр дамжуулан бид мэдье гэж зорьдоггүй байсан маш чухал зүйлсийг мэдэж, өргөн ухагдахуун, ойлголтуудыг толгойндоо хийдэг. Тэрхүү өргөн мэдлэг нь хүмүүстэй уулзаж элдвийг ярилцахад ч хэрэг болно. Ер нь цөөхөн хоногийн аялалаар ч бай гадаад улсыг зорихдоо зузаан биш танилцуулга номнуудыг эргүүлээд харахад л улам бүр мэдмээр, танимаар болдог шүү дээ. Японд сурдаг миний хувьд Япончуудын нэгэн сайхан чанарыг олж илрүүлсэн нь тэр билээ. Хичээл ч бай, зугаалга ч бай очих гэж буй газрынхаа талаар хийх гэж буй зүйлсийнхээ талаар их ч бай, бага ч бай заавал судалж нэг хуудсыг эргүүлдэг. Тиймээс гадаадад суралцаж буй та ч мөн адил байгаа газар улсынхаа түүхийг нэг уншаад үзээрэй. Ямар гоё газар байгаагаа мэдэж, ямар нэгэн зүйл шинээр хийх хүсэл тань нэмэгдэх ч юм бил үү.
  1. Тухай орныхоо телевиз, сонин зэрэг мэдээлэл түгээх хэрэгслүүртэй найзлаарай.
    Түүхээ мэдэж авсан бол харин одоо орчин үеийн нөхцөл байдалтай нь сайн нөхөрлөж найзлах хэрэгтэй. Амьдарч буй газрынхаа өнөөөдрийн байдлыг мэдэхгүй бол нүдэн балай чихэн дүлий хүн шиг л амьдарч байна гэсэн үг шүү дээ. Наад зах нь ойрд ямар дуу дэлгэрч байгаа билээ, ямар яриа яригдаж, юу асуудал болж, энэ орчлон хорвоо дээр чинь юу  болоод байгаа билээ гэдгээ мэдэж авах хэрэгтэй. Хүн ер нь өөрийнхөө судалж буй мэрэгжлийн хичээлээ л нухаад явж байвал хаана юу болж байна, хэнд хамаатай билээ гэж ер бодож болохгүй. Эсрэгээрээ олон зүйлийг үзэж, сонсож, харж байж л ухаан нь тэлж хийж байгаа зүйлээ илүү үр өгөөжтэй хийдэг байх. Учир нь аливаа зүйл үргэлж бусадтайгаа ямар нэгэн байдлаар уялдаа холбоотой байдаг.
  2. Гадаад найзтай болж , гадаад хүмүүстэй их нийл.
    Байгаа орныхоо хүмүүстэй нийлнэ гэдэг тухайн нийгэмдээ хурдан дасан зохицож чадахуйц болно гэсэн үг билээ. Магадгүй сайн тал муу тал аль алиныг нь нэг дор харах боломж юм. Юм болгонд сайн тал муу тал гэж байдаг шиг аливаа улс орон хүн ардад нь ч мөн адил 2 туйл байгаа нь маргаангүй бизээ. Гадаад хүмүүстэй нийлснээр тэрхүү 2 туйлт чанарыг нь олж харж чадах ба тухайн улс болон өөрийн улсын соёлын ялгааг суралцаж, хоорондоо ярилцан ном, сонин гэх зэрэг зүйлсээс авсан мэдээллээ хуваалцаж илүү ихийг мэдэх томоохон боломж болж чадах юм. Мөн тухайн орны хүн ардынх нь өнцгөөс аливаад дүн шинжилгээ хийж чаддаг болж ч болох юм. Тэгвэл нэг биен дотор 2 хүн оршин буйтай ялгаа юу билээ. Энэ харилцааг улам томоор төсөөлбөл 2 улс хоорондоо бие биенээ ойлгон харилцаж чадах том ухагдахууны эхлэл ч болж болох юм.
  3. Дотоод сэтгэлээрээ Монголоороо харин гаднах биедээ олон улсын чанарыг агуулсан бай.
    Японд “和魂洋才(Ваконёосай)”гэдэг үг байдаг. Энэ нь дээр үеэс хэрэглэгдэж буй үг бөгөөд, эртнээс уламжлагдан ирсэн Япон сэтгэл зүрх ёс заншлаа марталгүй чухалчлангаа Европын соёлоос суралцаж, 2 зүйлийг тохируулах гэсэн утгатай юм. Энэ бол Япончуудын түүхээс өв уламжлагдан ирсэн сэтгэлгээ ба гаднаас сурч, суралцах түүний дээр улс үндэстний ёс заншлаа марталгүй улсаа хөгжүүлэх гэсэн тун зөв арга билээ. Үүний адил бид ч бас гадны улсад суралцаж байгаагийнх сурсан шиг сурч эрдэм номыг өвөртлөөд, дотоод сэтгэлдээ бахдан хайрласаар л буй Монгол улсдаа ихийг бүтээх ёстой бизээ. Гол нь нийгэмд нь ууслаа гээд бие сэтгэлээрээ уусч өөрийн улсыг гоочлон, доромжлох бус яг л Япончуудын энэ үг шиг гадны орныг зорьсон ч сэтгэл зүрхээ өөрчлөлгүй, суралцах зүйлсээ суралцсаар эх орондоо иргэн ирж ихийг бүтээх ёстой болов уу.

Залуу хүмүүс бид аливааг сурсан шиг сурч, мэдсэн шиг мэдэж тэр болгоноо ашигласан шиг ашиглах хэрэгтэй. Тиймээс сониуч, сонирхогч, эрэл хайгуулчин байж нэг минутыг хүртэл өөртөө ашигтайгаар зарцуулдаг байцгаая.

Б. Амина
Токиогийн Олон улсын их сургууль
2015.2.2

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles
Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*