Орон нутгийн эдийн засгийг аврах Локал Вэнчюрууд “Local Ventures”

 Хүн ам нэг цэгт төвлөрөх үед эдийн засаг өсөн хөгжихөд амар болдог. Гэвч үүнийгээ дагаад хөдөө орон нутаг болон хотын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ, дундаж цалингийн гэх мэт ялгаа улам тод болж ирдэг хандлага бий. Япон оронд ч гэсэн иймэрхүү ялгаа байдаг ч, манай оронтой харьцуулахад харьцангуй бага юм. Тэр нь хөдөө орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэх тал дээр иргэд болон засаг захиргаа нь эерэг байр суурьтай байдагтай холбоотой юм.

 Саяхан Локал Вэнчюр (Local Venture) гэдэг хэллэг Японд дэлгэрэх болсон. Энэ нь тухайн орон нутгийн байгалийн болон соёлын баялгийг ашиглан үйлдвэрлэл болон үйлчилгээ эрхлэн явуулах компанийг нэрлэсэн нэр юм. Вэнчюр (Venture) гэдэг нь ирээдүйд ашиг олж, өсөх ирээдүйтэй шинээр байгуулагдаж буй компаний ерөнхий нэршил юм.

 Японы антрепренюр (entrepreneur) Маки Дайсүкэ  нь энэхүү Локал Вэнчюруудыг уриалж буй манлайлагчдын нэг юм. Aнтрепренюр (entrepreneur) гэдэг нь шинээр бизнес эрхлэгч гэсэн утгатай үг юм. Aнтрепренюр шинийг бүтээж, ард түмний амьдралыг эд материал болон үйлчилгээгээрээ дамжуулан чинээлэг болгодог. Залуу антрепренюруудыг хөгжүүлэн гаргах нь тухайн орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэхэд амин чухал үйл явц мөн юм. Тэд өөрсдийнхөө өсөж төрсөн нутгийн баялгийг ашиглан бараа үйлчилгээ явуулах Локал Вэнчюруудыг байгуулснаар төрсөн нутагтаа татвар төлөх, ажлын байр бий болгох, мөн тухайн нутаг усныхаа нэрийг гаргах гэх мэтээр хувь нэмрээ оруулж байдаг.

Untitled

 Маки Дайсүкэгийн гол уриа нь “100 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй 1 компани байгуулснаас, 1 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй 100 компани байгуулна” гэсэн байдаг. Тэрээр Японы Окаяма (岡山) аймгийн Нишиавакура  тосгонд “Морино Гакко” (Монголоор “Ойн Сургууль”) Хувьцаат Компанийг байгуулсан.

Untitled1

 Энэхүү компани нь тухайн аймагт арвин элбэг ургадаг ойн модыг ашиглан, зөөврийн модон шал болон албан байгуулгын тавилга зэргийг үйлдвэрлэн, орон нутгийнхаа эдийн засагт хувь нэмрээ оруулж байна. Kомпаний тухай дэлгэрэнгүйд гэвэл 2009 оны 10 сарын 1-нд байгуулагдаж, 2013 оны нийт борлуулалт нь 186 сая 490 мянган иен (3 тэрбум 79 сая орчим төгрөг) болтлоо өссөн байна.

 Энэ мэтчилэн маш олон Локал Вэнчюрууд Японы өнцөг булан бүрт гарч ирж байгаа нь хот хөдөөгийн ялгааг бууруулахад маш бодитой алхам болж өгж байгаа юм. Маки Дайсүкэ нь “Нэг компани хөдөө орон нутагт байгуулахад, түүнийгээ дагаад ресторан, дэлгүүр, зочид буудал гэх мэт жижиг бизнэсүүд нь аяндаа дагаад үүсч эхэлнэ. Улмаар хүн болон хөрөнгө төвлөрснөөр хөдөө орон нутагт хөгжил цэцэглэнэ. Хамгийн чухал нь тухайн орон нутгийн бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ маань инновацийг бий болгохуйц шинэлэг санаа болж чадах эсэх, мөн хангалттай зах зээл олж чадах эсэх нь байгаа” гэжээ.

Untitled2

Untitled3

 Бас нэгэн жишээ нь Фүкүшима аймагт байгуулагдсан “Honey Bee” (Хонгорхон Зөгий) компани юм. Фүкүшима аймагт арвин тариалагддаг тоор болон бусад жимс жимсгэнийг ашиглан зайрмагаар үйлчилдэг энэхүү цайны газар нь эдүгээ хүүхэд залуусын холоос зорин очих газруудын нэг болсон юм.

Untitled4

Untitled5

 Манай орон бол Япон оронтой харьцуулахад ойролцоогоор 4 дахин том газар нутагтай. Манай орны өргөн уудам газар нутагт их хэмжээний баялаг байгаа билээ. Байгалийн өв баялагийн жишээ гэхэд ан амьтан, мал малын гаралтай бүтээгдэхүүн, ховор мод, чулуу, давс гэх мэт. Соёлын өв гэхэд хөдөөгийн уул хад, гол нуур, сүм хийд гэх мэт. Япон улсын энэ жишигээр Монголдоо шинэ Локал Вэнчюруудийг уриалж хөдөө орон нутгаа хөгжүүлэх арвин их нөөц бололцоотой юм.

 Миний бодлоор Монгол оронд маань залуу антрепренюруудыг дэмжих бодлого нэн тэргүүнд хэрэгцээтэй гэж үздэг. АНУ болон зарим нэг бусад орнуудад Антрепренюруудын Академи (Entrepreneur Academy) гэж байдаг. Энэ нь хүүхэд, оюутан залуучуудын бизнес санааг дэмжин хөрөнгө босгоход нь тусалдаг байгуулга юм. Оюутан залуус бизнес санаагаа танилцуулан улмаар хөрөнгө оруулагчидаас хандив, хөрөнгө оруулалт маягаар хөрөнгийн эх үүсвэрээ бүрдүүлэх боломжтой болдог байна. Түүнээс гадна Фүкүшима их сургуульд гэхэд Японы бусад газрын антрепренюрууд ирж оюутнуудад бизнес эхлүүлэх тал дээр лекц болон зөвлөгөөг үнэ төлбөргүй өгдөг.

 Тиймээс хэрэв та ирээдүйн мэргэжилээ хараахан сонгож амжаагүй байгаа бол антрепренюр болох замыг бодолцон үзэхийг, хэрэв та аль хэдий нь бизнест амжилт олсон нэгэн бол өөрийн амжилтынхаа туршлагыг хойч үеийн залуусынхаа сонорт хүргэцгээхийг нийтлэлч миний зүгээс уриалж байна.

С.Одбаяр
Фүкүшима Их Сургуулийн 4-р курс
2015 он 2 сарын 2 өдөр

Ашигласан материал:

  1. “Морино Гакко Хувьцаат Компань”-н цахим хуудас http://nishihour.jp/
  2. Маки Дайсүкэгийн зохион байгуулсан Локал Вэнчюрын талаарх семинарын товчлолhttp://www.etic.or.jp/drive/labo/2859

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*