Г.Цэндмаа: Монголын ирээдүйг маш гэгээлгээр харж байна

Калифорниа мужийн “Long Beach” их сургуулийг эдийн засаг, бизнесийн удирдлага мэргэжлээр төгсөөд эх орондоо ажиллаж амьдарч буй Г.Цэндмаа жирийн л Монгол бүсгүйчүүдийн нэг. Тэрбээр Монголдоо ирээд хоёр жил гаруй болжээ. Одоогоор “Melbury” компанид мэргэжилээрээ ажиллахын зэрэгцээ “ТED” арга хэмжээг зохион байгуулдаг. Сурагч байхаасаа л хичээлээс гадуурх нийгмийн сайн дурын ажилд оролцдог байсан тэрбээр энэ ажлаа орхиогүй юм. Арваад жилийн өмнө “Шинэ Монгол” ахлах сургуульд суралцдаг байхдаа Г.Цэндмаа асрамжийн газрын хүүхдүүдэд сайн дураараа хичээл заадаг байв. Сайн дурын ажилд оролцдог болсон түүх ингэж эхэлнэ. Тухайн үед асрамжийн газар уруу чиглэсэн үйл ажиллагаа одоогийнхтой харьцуулбал бараг байдаггүй байсан гэхэд болно. Хүмүүст ч ийм санаа төдийлөн төрдөггүй байсан нь нууц биш. Харин Г.Цэндмаа сургуулийнхаа сайн дурын бүлгэмд элсэж, хэсэг найзынхаа хамт хичээлийн бус цагаараа асрамжийн газрын хүүхдүүдэд математик, гадаад хэл, Монгол хэл зэрэг хичээл заадаг байжээ. Хүн байхын утга учир, удирдах чадварыг Г.Цэндмаа аль арваад жилийн өмнө ухаарч хэрэгжүүлж эхэлсэн байна

Тэр ахлах сургуулиа амжилттай төгсөж АНУ-ыг зорив. Эхлээд хөл хөдөлгөөн багатай нэгэн жижиг хотын сургуульд тэтгэлэгтэйгээр элсчээ. Гэвч удалгүй тэтгэлэгтэй сургуулиа орхиж, Калифорниа мужийн зүг хүлгийн жолоог залав. Зөвхөн гадаадад сурсан нэр зүүхийн тулд биш, илүү ихийг үзэж, суръя гэсэн бодолтой байсан биз. Их сургуульд орсныхоо дараа, сайн дурын ажилд бүр ч идэвхтэй оролцох болжээ. Тэр дундаа өсвөр насныханд чиглэсэн сайн дурын ажилд түлхүү оролцдог байсан талаараа ярьсан. Америкт өсвөр насныхны дунд асуудал болоод буй үг хэлээр нэгнээ дайрч доромжлох, сэтгэл зүйн дарамт учруулах явдлын эсрэг үйл ажиллагаа явуулдаг бүлгэмийн гишүүн байсан аж. Залууст зөв амьдарч нэгэндээ хүндлэлтэй хандах талаар суртал ухуулгыг эрчимтэй явуулахын зэрэгцээ энэ үйл ажиллагаагаар дамжуулж олон шинэ санаа сэдлийг олж авчээ. Түүний нэг нь Монголд залуусын дунд танигдаж эхэлсэн “Тed” илтгэлийн арга хэмжээ юм. Нөлөө бүхий хүмүүс өөрсдийн шинэ санаа, хийсэн бүтээснээ бусадтай хуваалцаж нийгэмд эерэг өөрчлөлт авчрах зорилготой энэ арга хэмжээ 1982 оноос хойш зохион байгуулагдаж ирсэн юм. Арга хэмжээг зохион байгуулж эхэлж байх үед тулгарч байсан бэрхшээл болон Монголын өнөөгийн нийгмийг хэрхэн хардаг талаар ярилцав.

Та зохион байгуулдаг “TED” арга хэмжээнийхээ талаар дэлгэрэнгүй ярина уу?

-Нийгэм хөгжихийн хэрээр янз бүрийн асуудал, түүнийг шийдэх шинэ санаа гарах болсон. Энэ нь зөвхөн нийгэмд тулгарах асуудлаар хязгаарлагдахгүй, технологи, эдийн засаг, өвчин эмгэг, шинжлэх ухаан, боловсрол гээд л маш өргөн цар хүрээтэй. Шинэ санаа гаргаж, амжилттай хэрэгжүүлж байгаа эсвэл шинэ санаа олсон хүмүүсийг хооронд нь уулзуулж, мэдлэгийг нь тэлэх зорилготой “TED” арга хэмжээ нийгэмд бага ч болов эерэг нөлөө авчирдаг. Үүнийг арга хэмжээнд оролцсон илтгэгч нар, сонсогчидын санал хүсэлт, хүлээлтээс харж болно. Америкийн нэг хотод зохиодог байсан арга хэмжээ дэлхийн олон оронд түгсэн. Энэ нь өөрөө сайн дурын, ашгийн бус байгууллага. Гэвч дэлхий нийтэд танигдсан нэр хүндтэй арга хэмжээ учир зохион байгуулах эрхийг нь авах гэж багагүй ажил болдог. Монголд анх зохион байгуулах эрхийг 2011 онд Мэнд-Орших гэдэг залуу авч, би зохион байгуулах багт орчуулагчаар оролцож байсан.

Анхны арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Оюун, Ч.Ганхуяг гээд хүндтэй хүмүүс оролцож сонирхолтой илтгэл тавьж байсан. Тухайн үед Монголчууд энэ арга хэмжээний талаар ямар ч ойлголт байгаагүй ч та бүхэн маш чадварлаг зохион байгуулсан нь “Youtube” тавигдсан бичлэг болон илтгэгч нарын ярианаас харагддаг. Анх зохион байгуулж байсан үеэ дурсвал?

-Энэ арга хэмжээг зохион байгуулах эрхийг хувь хүн авч, сайн дурын багийн оролцоотойгоор зохион байгуулдаг. Мөнгө, хөрөнгөтэй байгууллага эрхийг нь авч болохгүй гэсэн үг. Бид танхимаас эхлээд ирсэн зочдыг уйдаахгүй байлгах, өндөр хэмжээнд зохион байгуулах гээд олон зүйлийг шийдэх ёстой байв. Мэдээж тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө босгох шаардлагатай болсон. Эхлээд Монгол дахь байгууллагууд “ТED”-ийн талаар ямар ч ойлголтгүй, үйл ажиллагаагаа танилцуулахад “Энэ юу вэ, Teddy бамбарууш гэж байгаа юм уу” гээд л үл ойшоосон байдалтай хүлээж авдаг байв. Гэвч сайн тайлбарлаж, ойлгуулж чадсанаар дэмжиж туслах байгууллагын тоо нэмэгдсэн. Одоо бол байгууллагууд өөрсдөө туслая гэсэн санал ирүүлдэг болсон. Илтгэгч нарыг сонгоод, сайн илтгэл тавиулахад бэлдэх нь бас нэг асуудал. Гэхдээ зохион байгуулалт, багийн ажиллагаа сайн байсан учир бүх ажил төвөггүй бүтсэн. Ер нь ийм төрлийн арга хэмжээ зохион байгуулахад хамгийн чухал нь сайн төлөвлөж, багаараа зохион байгуулалттай байх явдал. Жил ирэх бүр арга хэмжээний цар хүрээ, оролцох сайн дурын гишүүн олон болж байгаа нь Монгол дахь “ТED” арга хэмжээний амжилтыг илтгэх болов уу. Зохион байгуулах явцад хүмүүс хэрхэн хүлээж авах вэ гэдэг бас нэг асуудал. Жишээ нь, Монголд манлайлагч эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлж, эмэгтэй манлайлагчдыг нийтэд танилцуулах зорилгоор “ТEDxWomen” арга хэмжээг зохион байгуулж байсан нь саяхных. Энэ үйл ажиллагааг эхлээд хүмүүс “Бас л нөгөө хүчирхийлэл үү, гэр бүлийн дарамт уу” гэцгээж байв. Гэвч агуулга нь зүгээр л эмэгтэйчүүд ч бас манлайлж чаддаг, эрэгтэйчүүдтэй адилхан амжилттай ажиллаж байгаа юм шүү гэсэн утгатай байсан.

Нийгэм рүү чиглэсэн сайн дурын ажил нэг үеэ бодвол Монголд нэлээд олон болсон байна. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Намайг сурагч байх үетэй харьцуулахад Монголчууд сайн дурын ажилд идэвхтэй оролцдог болсон нь зөвхөн надад ч биш олон хүнд анзаарагдаж байгаа болов уу. Найз нөхөд, нийгмийн сүлжээгээр нэгдэж, зовж зүдэрсэн нэгэндээ туслах нь олон болжээ. Миний туршлага, зөвлөгөө өгнө гэж юу байхав. Гэхдээ өдийг хүртэл оролцож ирсэн үйл ажиллагааны туршлагаасаа үзвэл маш сайн төлөвлөх хэрэгтэй болов уу.
Энэ ажиллагааг зохион байгуулж байгаа нь юуны төлөө вэ, ямар зорилготой вэ гэдгээ сайтар тодорхойлох хэрэгтэй. Зарим сайн дурын үйл ажиллагааг анзаараад байхад зохион байгуулж байгаа хүмүүс нь ч, оролцож байгаа хүмүүс нь ч яг ямар зорилготойгоо мэдээгүй байдаг. Сайн төлөвлөгөө байхгүй, зорилгоо тодорхойлоогүй учраас туслах хүн ч олдохгүй. Тэгээд зорилтот бүлгээ онодоггүй. Тийм учраас сайн дурын ажил зохиох гэж байгаа бол эхлээд хүчтэй баг бүрдүүлж, зохион байгуулалттай ажиллах нь хамгийн зөв шийдэл. Хэн нь мөнгөө цуглуулах вэ, хэнд туслах вэ, хаанаа зохиох вэ гэх мэтчилэн ажлаа хувиарлах хэрэгтэй.

Танай сайн дурын байгууллагад нэг удаадаа хэдэн хүн, ямар зохион байгуулалттай ажилладаг вэ?

-Нэг удаагийн арга хэмжээнд ойролцоогоор 40-60 хүн оролцдог. Олонх нь оюутан залуус. Ихэвчлэн дөрөв, таваар нь нэг багт хувааж баг бүр удирдагчтай байхаар төлөвлөдөг. Ингэснээр хариуцлага тооцох, хурдан ажиллахад хялбар болно. Мөн тогтсон хугацаанд интернэт болон утсаар хурал хийнэ. Бүгд ажилтай, хичээлтэй завгүй ч гэсэн дааж авсан ажлуудаа цаг тухайд нь гүйцэтгээд явахад ямар нэг хүндрэл гараад байдаггүй. Туслахаар ирсэн гишүүддээ үүрэг хариуцлагыг нь сайтар ойлгуулж хэлэх хэрэгтэй. Сайн дурын үйл ажиллагаа учир мэдээж цалин хөлс байхгүй. Тухайн хүний ухамсраар л арга хэмжээ зохион байгуулагддаг. Тийм учраас ойлголцож, ажлыг маш зөв хувиарлах хэрэгтэй.

Гадаадад сайн дурын ажил хийх, Монголд сайн дурын ажил хийхийн ялгаа нь юу вэ?

-Зөвхөн миний зүгээс харахад Монголчууд сайн дурын ажил хийхдээ хэн нэгнийг буруутгах хандлагатай байдаг. Хохирогч уруу чиглэсэн гэхээс илүү, энэ хүн ингэж хохирсонд ийм хүмүүс буруутай гэх мэтээр заавал хэн нэгнийг буруутгах гээд байдаг. Мэдээж бүх үйл ажиллагаанд биш шүү. Харин Америкт хэн буруутай нь хамаагүй зөвхөн хэн нэгэнд туслах нь хамгийн чухал байдаг. Зорилго болон үйл ажиллагааны агуулгаа ч зөвхөн туслахын тулд чиглүүлж чаддаг.

Та өөрийн үеийн залуус болон өнөөдрийн амьдарч байгаа нийгмээ ямар нүдээр харж байна вэ, жирийн Монгол залуу хүний нүдээр харахад Монгол залуусын сайн муу талуудыг юу гэж дүгнэж байна вэ?

– Мэдээж муугаас сайн нь илүү. Миний анзаарснаар 30 хүртэлх насны Монгол залуус нээлттэй, аливааг олон талаас нь хардаг болжээ. Ирснээсээ хойш нэг хэсэг англи хэл заасан маань одоогийн Монгол залуусын үзэл бодлыг бага боловч таньж мэдэх боломж олгосон. Миний анзаарснаар 16-30 насны залуус өөрсдийн гэсэн үзэл бодолтой, бусадтай эелдэг, нээлттэй харилцдаг болсон нь анзаарагддаг. Нэг хэсэг тархиа угаалгах буюу зөвхөн ганц зүгт туйлширдаг үзэгдэл Монгол залуусын дунд нэлээд газар авсан байсан. Харин одоо залуус тийм биш нэг мэдээллийг олон талаас нь харахыг хичээдэг болжээ. Жишээ нь, хэдэн жилийн өмнө залуус гадаад явна гэдэг нь биелэшгүй мөрөөдөл гэж хардаг, гадаад явсан л бол бүх хүн мундаг гэх ташаа ойлголт байлаа шүү дээ. Харин одоо гадаад явах нь биелэшгүй мөрөөдөл биш болсныг харж болно. Мөн энд тэнд ажлаар явж байхад хориод насандаа компанийн захирал болсон залуус олон байдаг. Гадаадад сурч ирээд, эсвэл Монголдоо төгсөөд өөрийн компаниа байгуулж хэдийнээ тогтвор сууршилтай болж, олонд танигдсан залуус олон болжээ. Энэ бүхнээс харахад Монголд залуу үеийнхэн эд хүчээ авч байна уу даа гэсэн бодол төрдөг. Би ч бас тэднээс үлгэр дуурайл авахыг хичээдэг.

Эцэст нь та залуу хүнийхээ хувьд Монголын ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?

– Ардчилсан нийгэмд боловсорч, шинийг сэдэх хүсэл тэмүүлэлтэй болж өссөн Монгол залуусын эрин үе эхлээд байна. Тэд өөрсдийн байр суурьтай, улс орныхоо төлөө, бусдын төлөө гэсэн хүсэл тэмүүлэлтэй болж байгааг харахад сайхан байдаг. Байр суурь гэдгийг баян гэдгээр хязгаарлаж болохгүй. Мэдлэгтэй, аливааг олон талаас нь хардаг, бусдын төлөө гэсэн сэтгэлээр ажиллаж хөдөлмөрлөж буй залуус Монголын нийгэмд олширч байна. Тийм учраас Монголын ирээдүйг маш гэгээлгээр харж байна.

Ярилцлага хийсэн: Сэтгүүлч Г.Чимэдлхам
Оберлин их сургуулийн төгсөгч
Харъяалал: Засгийн газрын мэдээ сонин
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин
2015.02.11

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*